Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 216/МА2017/00003

 

С.М нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай  

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 134/ШШ2017/00004 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш овогт С М /РД:  нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Б овогт Б М /РД: , / холбогдох 

 

24 227 029 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.М гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.М,

нарийн бичгийн даргад А.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.М 2012 оны 10 дугаар сараас хамтын амьдрал зохиохоор шийдэж, “Т х к-тай тохиролцон Улаанбаатар хот, Б дүүргийн  дүгээр хорооны  тоотод байрлах,  өрөө,  м.кв орон сууцны урьдчилгаанд өгөхөөр 2014 оны 08 сарын 22-ны өдөр аав П.-Э 3 өрөө байрыг Хаан банкинд барьцаалан 18 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай зээлж, Б.М  тоот Хаан банкны дансанд шилжүүлсэн. С.М миний бие тус зээлд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Бид таарч тохирохгүй, мөн хадам ээжийн дарамт шахалтаас болж хамтран амьдрах боломжгүй болж, 2016 оны 04 сараас тус тусдаа амьдарч байна. Үүнээс хойш миний бие түрээсийн байр хөлслөн амьдарч байна. 2014 оны 08 сарын 22-ны өдрөөс хойш хамт амьдарч байх хугацаандаа зээлийн төлөлтийг хамтран төлж, мөн өөрийн аав, ээжийн туслалцаагаар 4-5 сар орчим төлөлтийг хийлгэж байсан. Учир нь Б.М нь өвлийн улиралд ажилгүй, орлогогүй байдаг. Үүний зэрэгцээ байраа тохижуулах, хоол, хүнс, байрны дулаан цахилгааныг төлж байсан билээ. Б.М нь байрны төлөлт хийж байсан ба байраа авч үлдэх сонирхолтой байгаа учраас би хохирч байна. Б.М нь цөөхөн төлөлт хийсэн ба хугацаандаа төлөлт хийгээгүй учраас хар данс даруулж, дахин зээл авах боломжгүй нөхцөлд орсоноос гадна цаашдын амьдралд хохиролтой байна. Иймд Б.М өгсөн 18 000 000 төгрөгийг банкны хүү 6 227 029 төгрөгийн хамт, нийт 24 227 029 төгрөг нэхэмжилж байна. Миний бие банкны хүүг тооцохдоо Хаан банктай байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг үндэслэн хүүгээ тооцож нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Мл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид хамт амьдарч байх хугацаандаа байртай болох зорилгоор хадам аавын нэр дээр зээл авахуулж, 18 000 000 төгрөгийг байрны төлбөрт өгсөн. Миний хувьд 2014 оны 07 сараас эхлэн “Т х к” ХХК-ийн газар шорооны ажлыг хийж, орон сууцыг бартераар буюу төлбөрийг элс, хайрга зөөх гэх мэт хэрэгтэй зүйлийг нийлүүлж авахаар тохирсон юм. Манай байрны гэрчилгээ одоо тус компанийн захирал болон миний нэр дээр гарсан. Байрны төлбөр 60 000 000 төгрөгөөс 14 000 000 төгрөг үлдсэн. 2014 оны 08 сараас хойш банкнаас авсан 18 000 000 төгрөгийн төлбөрийг би төлсөн. Сүүлийн 2-3 сарыг хугацаа хэтрүүлж, хагас дутуу төлсөн. Бид хоёр хамт амьдарч байсан болохоор ихэнх дансны хуулга нь С.М нэр дээр гарч ирнэ. Учир нь би С.М мөнгө өгч банкинд зээлийн төлөлт хийлгэдэг байсан. Би бичиг цаасны ажилд хайхрамжгүй ханддаг болохоор зээлийн төлөлтөө биечлэн хийсэн нь цөөхөн. Мөн гэр бүлийн хүмүүсээрээ төлөлт хийлгэсэн удаа байгаа. С.М нь тогтмол цалинтай. Миний цалин тогтмол биш ч гэсэн хэрэгцээндээ хангалттай хүрдэг.  С.М нь сайн дураараа гэрээсээ явсан. Хэзээ ч ирээд байрандаа байж болно. Тийм учраас байр түрээслэн амьдарч байгаа хохирол нь надад хамаагүй. Мөн хоолны зардал нь хэрэгт ач холбогдолгүй тул ярьмааргүй байна. Би С.М мөнгө өгөхөөр бүх зүйлийг зохицуулдаг байсан. Миний олсон орлого байрны элс, хайрга, банкны төлөлтөнд орж байсан. Салсанаас хойш сүүлийн 2-3 сарын зээлийн төлөлтийг тал, талаар нь хийсэн учраас 4 сарын төлөлтийг бүтэн хийсэн гэж үзэж байна. Зээлийн төлбөрийг төлж байсан тул одоо 10 000 000 төгрөгийг төлөөд эвлэрэх саналтай байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д зааснаар хариуцагч Б.М 21 509 029 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.М олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 718 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279 085 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М улсын тэмдэгтийн хураамжид 265 495 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.М олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Иргэн С.Мн нэхэмжлэлтэй Б.М миний биед холбогдох иргэний хэргийн хариуцагчийн хувиар дараах гомдлыг гаргаж байна. Уг иргэний хэргийг Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 134/ШШ2017/00004 тоот шийдвэрээр хянан шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Учир нь анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийг хэтэрхий нэг талыг барин хянан шийдвэрлэсэн байх тул гомдолтой байна. Үүнд:

1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирээгүйгээс хэргийн материалтай шүүх хуралдаан болох өдөр танилцсан, нотлох баримт бүрдүүлэх болон  хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой ямар нэгэн хүсэлт гаргаагүй гэж дурджээ. Хариуцагч миний бие хэдийгээр Говьсүмбэр аймагт бүртгэлтэй ч гэсэн тэнд оршин суудаггүй, Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг юм. Энэ нь анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн харьяалал зөрчсөн байж магадгүй нөхцөл байдалд хүргэсэн. Ийм ч учраас шүүхээс нэг ч удаа шүүхийн мэдэгдэх хуудас, шүүх хуралдааны товыг биечлэн мэдэгдэж байгаагүй юм. Иймд шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т “ хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх” гэж заасан  журмыг зөрчсөн гэж үзэхэд хүргэж байгаа юм.

 

2. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт миний биеийг нэхэмжлэгч С.М зээлийн гэрээ болон түүний хүү болох 21 509 029 төгрөг төлөхөөр тогтоосныг ойлгохгүй байна. Уг зээлийг нэхэмжлэгч С.М аав П.БЭ байрыг барьцаалан авсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийг ч мөн ирэн П.Б-Э төлдөг байсан. Өөрөөр хэлбэл бид нэхэмжлэгчийн ааваас мөнгө зээлсэн болохоос иргэн С.М мөнгө зээлээгүй. Нэхэмжлэгч С.М байр авахад хөрөнгө оруулалт хийгээгүй харин түүний аав хийсэн учраас түүнийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.

 

3. Шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч зээлийн эргэн төлөлтийн талаар болон хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаа хариуцагч тайлбарлаагүй нотлоогүй гэж дүгнэсэн байна. Гэтэл шийдвэрийн тодорхойлох хэсэгт  хариуцагч миний бие зээлийг хэрхэн төлж байгаа хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар тодорхой дурдсан байдаг. Энэ нь хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тайлбар байх бөгөөд хэдийгээр хариуцагч өөрийн тайлбар татгалзлаа нотлох баримтаа гаргаж өгөөгүй ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, ....“ гэж заасны дагуу зээлийн эргэн төлөлтийн талаар нэхэмжлэгч, хариуцагч нарын дансны хуулгыг шүүхийн журмаар бүрдүүлж болох байсан журмыг зөрчсөн байна. Иймд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 134/ШШ2017/00004 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.              

ХЯНАВАЛ :

 

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх  дүгнэлээ.

 

Учир нь хэргийн материалаас үзэхэд: нэхэмжлэгч С.М нь хариуцагч Б.М холбогдуулан 24 227 029 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас төлвөл 10 000 000 төгрөг төлнө гэсэн  тайлбар гарган маргажээ.

 

  Нэхэмжлэгч С.М, хариуцагч Б.М нар  хамтран амьдарч байх хугацаандаа орон байртай болох зорилгоор Улаанбаатар хот Б  дүүргийн дүгээр хороо  дүгээр байрны  тоотод “Т х к ”ХХК-тай тохиролцон  м.кв бүхий  өрөө орон сууцны урьдчилгаа төлбөрт   нэхэмжлэгч С.М нь аав П.Б-Э цалинг барьцаалан зээл авч 18 000 000 төгрөгийг хариуцагч Б.М ХААН банк дахь  тоот дансанд шилжүүлсэн.

 

 Зохигч талууд хоорондын таарамжгүй харьцааны улмаас хамт амьдрах боломжгүй болж 2016 оны 04 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа гэх бөгөөд тэд хамт амьдарч  байх хугацаандаа буюу 2014 оны 08 дугаар сарын 22-ноос хойш зээлийн төлбөрийг хамтран болон гэр бүлийн бусад гишүүд, төрөл садангийнхаа туслалцаатайгаар төлж байсан болох нь хэрэгт авагдсан талуудын тайлбар, С.М, П.Б-Э нарын барьцаат зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь/хх- 23-25/, П.Б-Э  депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-6-19,20-22,46-53/ зэргээр тогтоогдож байна.

 

Гэхдээ анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн 6-19, 20-22, 46-53 дугаар талуудад авагдсан нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн П.Б-Э гэгчийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг үндэслэл болгож улмаар хариуцагч Б.М төлбөрт шилжүүлсэн мөнгөн дүнг 2 718 000 төгрөг гэж тооцсон байх боловч хэргийн 6, 53 дугаар талд авагдсан 2014 оны 08 сарын 26-нд  данснаас  140 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 01-нд мөн данснаас 684000 төгрөгийг П.Б-Э дансанд “орлого” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлэгдсэн  эдгээр мөнгөн дүнг хариуцагчаас төлбөрт шилжүүлсэн  гэх мөнгөн дүнд оруулж тооцолгүй  орхигдуулсан.

 

 Мөн хариуцагч Б.М нь анхан шатны шүүх хуралдаанд /хх-62/ “миний хувьд З, Х нараар дамжуулан зээл төлөлтөө хийж байсан” гэсэн тайлбар гаргасан,  хэрэгт авагдсан дээрх депозит дансны хуулгаас үзэхэд 2016 оны 01 дүгээр сарын 04-нд  шилжүүлэг Х 400 000 төгрөг/хх-17,47-р тал /, 2016.04.08-нд Хо 400 000 төгрөг /хх-18,47/-ийг тус тус   П.Б-Э дансанд “орлого” гэсэн гүйлгээний утгаар шилжигдэн орсон  байтал дээр дурдсан тайлбар болон нотлох баримтуудыг  анхаарч хооронд нь харьцуулан үзэж тухайн хэрэгт  хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй,  энэ талаар талуудаас тодруулаагүй, улмаар Хонгорзул гэгчээс шилжүүлсэн дээрх мөнгөн дүн нь хариуцагч Б.М зээлийн төлбөрт төлсөн мөнгөн дүнд хамаарч тооцогдох эсэх нөхцөл байдлыг анхаараагүй.

 

Хэргийн 6, 53 дугаар талд авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 2014 оны 08 дугаар сарын 19-нд Б.М П.Б-Э данс руу 1 200 000 төгрөг шилжүүлсэн байх ба уг мөнгө нь  орон сууцны урьдчилгаа төлбөрт хамааралтай эсэх, мөн хариуцагч Б.М төлөх төлбөрт хамааруулж тооцох эсэх зэрэг нөхцөл байдлуудыг  талуудаас тодруулж  эдгээрийн талаар үндэслэл бүхий  дүгнэлт хийгээгүй  байна.

 

   Түүнчлэн хэргийн 33 дугаар талд зохигчдод эрх, үүрэг тайлбарласан тухай баримт /бар №5/,  54 дүгээр талд  хэрэг танилцуулсан баримт/бар №6/-ууд авагдсан байх ба шүүх 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр буюу шүүх хуралдааны өмнө  хариуцагч Б.М хэргийн материалыг танилцуулсан,

 

 мөн маргааны гол зүйл болох уг зээлийн төлбөрт зохигч нарын хэн нь хэдэн төгрөг төлсөн талаарх хоорондын тооцооны маргаантай байгаа асуудлыг  өөрсдөөр нь тооцоог гаргуулж тодруулах, нотлуулах ажиллагааг бүрэн хийж талуудыг мэтгэлцэх боломжоор бүрэн хангаагүй нь тэдэнд эрх, үүргийг  бүрэн танилцуулж  сайн ойлгуулсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу үнэлж чадаагүй,  нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн эсэхийг анхаараагүй, мөн шийдвэрийн үндэслэл нь хуульд заасан шаардлагад нийцээгүйгээс давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжгүй байх тул хариуцагчийн гаргасан “... зээлийн эргэн төлөлтийн талаар зохигч талуудын дансны хуулгыг шүүхийн журмаар бүрдүүлж болох байсан хуульд заасан журмыг зөрчсөн“ гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12  сарын 28-ны өдрийн 134/ШШ2017/00004 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд  буцаасугай .

 

2. ИХШХШТХуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.М давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265495  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

       

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ТЭГШСУУРЬ

                                         ШҮҮГЧ                               Х.БАЙГАЛМАА

                                          ШҮҮГЧ                               Н.БОЛОРМАА