Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2021/0487

 

“Х Х Б” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 399 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Х Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 399 дүгээр шийдвэрээр: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2 дахь хэсэгт зааснаар “Х Х Б” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/344 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х Х Б” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/571 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багатойруугийн гудамж, МУИС-ын хичээлийн 2 дугаар байрны урд талд, Мэдээлэл технологийн үндэсний паркын хойд талбайд байршилтай 2175.22 м.кв газраас “У Х Б” ХХК-ийн эзэмшлийн 1200 м.кв талбайтай газарт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл бичгээр гарсан өдрөөс нь хойш  долоо хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж ....” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С давж заалдах гомдолдоо: “... “Х Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлээд 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 399 дугаартай шийдвэр гаргасныг нэхэмжлэгч бүхэлд нь дараахь үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэг. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/157 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй тухай

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж заасны дагуу нэхэмжлэгчид 2012 онд газар эзэмшүүлсэн шийдвэрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоолыг зөрчсөн гэх үндэслэлээр 2019 онд хүчингүй болгосныг шүүх зөвтгөж шийдвэрлэжээ.

Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн тус 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасныг шүүх огтхон ч дурдаагүй бөгөөд уг заалтын дагуу “У Х Б” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргаснаас хойш 5 жилийн дотор л тухайн компанид эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг 2017 оны дотор хүчингүй болгох үндэслэлтэй болохыг харгалзаж үзэлгүйгээр хуулийг буруу хэрэглэжээ.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/571 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалт , хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, таслан зогсоох талаар өөр өөр зохицуулалтыг нэг зэрэг хэрэглэсэн байгааг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтад зааснаар А/571 дүгээр захирамжийг “утга агуулгын илэрхий алдаатай” гэж үзэх, улмаар захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх үндэслэл болох ёстой байтал шүүх үүнийг үл хайхран захиргааны актын үндэслэлд дурдсан зөвхөн нэг үндэслэлийг сонгон авч, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон илт хууль бус захиргааны актыг зөвтгөсөн хууль бус дүгнэлт байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс шүүхийг үл хүндэтгэж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар өөрийн тайлбарыг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх удтал хүлээлгэсэн ба нотлох баримтыг албадан гаргуулах талаар шүүх өөрийн санаачлагаар холбогдох арга хэмжээ авах ёстой байсан боловч нотлох баримтыг гаргуулж аваагүйгээс шалтгаалж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолд дурдсан газар нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхцалтай эсэхийг нарийн тодорхой тодорхойлоогүй. Гэтэл шүүх энэхүү газар нь давхцалтай гэх таамгийг хөдөлшгүй тогтоолгүйгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасан “нийтэд илэрхий үйл баримт” гэдэгт хамааруулан дүгнэсэн нь үндэслэлгүй. Нийтэд илэрхий үйл баримт гэдэг нь мэргэжлийн хүний оролцоо, эрх бүхий байгууллагаас гаргасан дүгнэлтгүйгээр ч ердийн хүн ойлгож тогтоох боломжтой үйл баримтыг хэлэх ёстой байтал нарийвчилсан солбицол, кадастрын зурагт үндэслэн тогтоох ёстой үйл баримтыг нийтэд илэрхий үйл баримт гэж үзэх боломжгүй.

Хоёр. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын “Сүхбаатар аймгийн 8 дугаар хороо, Багатойруугийн гудамж, МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны урд талд, Мэдээлэл технологийн үндэсний паркийн хойд талбайд байршилтай 2175.22 м.кв газраас У  Х Б - ны эзэмшлийн 1200 м.кв талбай”-тай газарт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухай

Анхан шатны шүүх дээр дурдсан даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлдээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газартай холбоотой шийдвэр гаргахад Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчтэй урьдчилан тохиролцох, гэрээ байгуулах үүрэггүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/571 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг “У Х Б” ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр анх шүүхэд гаргасан бөгөөд маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн байдаг . Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлснээр нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид тухайн газрын эзэмшигч хэвээр үлдсэн ба түүнийг нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд ашиглах тохиолдолд Нийслэлийн Засаг даргын зүгээс нэхэмжлэгчтэй урьдчилан тохиролцож, гэрээ байгуулах үүрэгтэй байсан.

Хариуцагч дээр дурдсанаар нэхэмжлэгчид бий болсон эрх зүйн түр хамгаалалтыг зөрчиж, нэхэмжлэгчийн зөвшөөрөл, тохиролцоогүйгээр түүний эзэмшил бүхий газартай холбоотой шийдвэр гаргасан яах аргагүй нэхэмжлэгчид чиглэсэн шийдвэр болох ба тухайн шийдвэрийн улмаас маргаан эцэслэн шийдвэрлэгдэх үед шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болох эрх зүйн ноцтой үр дагавар бүхий шийдвэр тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 126 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хангах нь нь анхан шатны нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг сэргээх, хариуцагчийн зүгээс актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг эс тоож буй хариуцлагагүй үйлдлийг хязгаарлах нөхцөл бий болох ёстой байсан.

Гурав. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/344 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээж авахаас татгалзсан нь процессын болон материаллаг эрх зүйн зохицуулалт зөрчсөн тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт шүүх захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргах шийдвэрийн төрлийг тодорхой заасан бөгөөд үүний дотор “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох” гэсэн шийдвэрийн төрөл байхгүй.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэрийг "захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаана” гэж заасан байхад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах асуудлыг захирамжаар биш, шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн нь процессын хуулийн ноцтой зөрчил юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасан нь шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэдийд ч гаргаж болох тухай заасан болохоос биш хэргийг шийдвэрлэсэн шийдвэрт дурдах замаар тус хуулийн 106.3 дахь хэсэгт заасан шийдвэрийн төрөл мэтээр шийдвэрлэх эрхийг олгоогүй юм.

Шүүгч урьд нь огт талуудын мэтгэлцээгүй нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах асуудлыг шүүхийн шийдвэрт тусгаж шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлд заасан журмаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийн талаар тусгайлан гомдол гаргах боломжгүй болж байна.

Түүнчлэн хуулийн 122 дугаар зүйлийн 122.7 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авах эсэх талаар гаргасан захирамжийг хэлэлцсэн шийдвэрлэсэн тогтоол нь эцсийн байх учиртай. Гэтэл анхан шатны шүүх захирамжаар шийдвэрлэх ёстой асуудлыг шүүхийн шийдвэрт тусгасан энэхүү хууль бус практик нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байсан эсэх маргааныг 3 шатны шүүхийн маргаанаар хэлэлцүүлдэг болгож , хууль хэрэглээний буруу практикийг тогтоох юм.

Шүүх Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/344 дүгээр захирамжийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн дээрх байдлаар процессын хуулийг зөрчсөнөөс гадна шийдвэрийн үндэслэл нь мөн хуульд нийцэхгүй байна.

Тухайлбал, шүүхийн шийдвэрт Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/344 дүгээр захирамжаар Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хэмжээнд батлагдсан 32 байршлын нийтийн эдэлбэрийн газрыг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж, “Нийтийн эдэлбэр газрыг хамгаалах, тохижуулах талаар хамтран ажиллах тухай” гэрээг боловсруулж, батлуулах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгасан нь захиргааны актын шинжийг хангахгүй гэж үзээд тус захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/344 дүгээр захирамжийн талаар нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлд уг захирамж нь ямар байдлаар нэхэмжлэгч рүү чиглэж байгаа тухай тодорхой дурдсан. Энэхүү захирамжийн үр дүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид бий болсон эрх зүйн түр хамгаалалт буюу захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг зөрчсөн шийдвэр болсон юм.

Дөрөв. Шүүхийн шийдвэрийн бичвэр алдаатай тухай

Энэхүү гомдолд дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрт шүүгчийн захирамжаар шийдвэрлэх ёстой асуудлыг шийдвэрлэсэн зөрчил гаргасан билээ. Гэтэл үүгээр зогсохгүй шийдвэрийн тогтоох хэсгийн 3-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэх захирамжид гомдол гаргах эрхийг дурдсан бөгөөд шүүхийн шийдвэртэй холбогдуулан гомдол гаргах боломжгүй мэт заажээ. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.5 дахь хэсэгт заасан тогтоох хэсэгт тавигдах шаардлагыг хангахгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг алдагдуулсан. Иймд анхан шатны шүүх олон тохиолдолд хуулийг буруу хэрэглэснээс гадна процессын хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдлыг давах заалдах болон хяналтын шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх заалт, 121.3 дахь хэсгийн дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Х Х Б” ХХК-иас “Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/571, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/344 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багатойруугийн гудамж, МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны урд талд, Мэдээлэл технологийн үндэсний паркын хойд талбайд байршилтай 2175.22 м.кв газраас “У Х Б” ХХК-ийн эзэмшлийн 1200 м.кв талбай”-тай газарт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг гарган маргаж байна.

1. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/571 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 2 дугаар байрны урд талд байрлах нийтийн эдэлбэрийн оюутны талбай бүхий 1200 м.кв газрыг эзэмшүүлэхдээ захиргааны байгууллага хориглосон газарт газар эзэмшүүлж эрхийн гэрчилгээг олгосон, нөгөө талаар газар эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар захирамжийн 52 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцож, “У Х Б” ХХК-ийн “Орчны тохижилттой олон давхар газар доорх гарааш бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалттай” газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга дээрх актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно:”, 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж заасан хуулийн заалтуудыг үндэслэл болгосон байна.

Гэтэл нэхэмжлэгчээс тухайн газар доорх олон давхар гараашийн барилгын ажил нь барилгын төслийн инженерийн шийдэл, нарийн судалгаа, тооцоолол шаардлагатай нүсэр хэмжээтэй ажил тул их хэмжээний, удаан хугацаатай санхүүжилтийн шийдэл шаардлагатай, 2013 оноос 2018 он хүртэлх газрын төлбөрийг зохих ёсоор хугацаанд нь бүрэн төлсөн байсан хэмээн тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01-09/2095 албан бичгээр ирүүлсэн лавлагаа бүхий “Газар эзэмших, ашиглах гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт протокол”-д нэхэмжлэгч буюу тухайн үед “У Х Б” ХХК нь маргаан бүхий газарт 2014-2018 он хүртэл газрын төлбөрийн үлдэгдэлгүй ба харин 2019 оны тухайд 234.345 /хоёр зуун гучин таван мянга гурван зуун дөчин тав/ төгрөгийн дутуу үлдэгдэлтэй хэмээн тодорхойлсон нотлох баримтаас үзвэл маргаан бүхий актын үндэслэл болсон хоёр жилийн хугацаанд газрын төлбөр төлөөгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д” Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасанчлан захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа тухайн шийдвэрийн үндэслэл болсон нөхцөл байдлыг бүрэн тогтоож, нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй атал хариуцагч нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй талаарх баримтыг бүрдүүлээгүй, энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн тайлбарлаж, нотлож чадаагүй байх тул маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон актын хууль зүйн үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

Гэхдээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны урд тал, Мэдээлэл технологийн үндэсний паркийн хойд талын оюутны байр гэх байршил бүхий 0.18 га газрыг Улаанбаатар хотод эзэмшил ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоосон байхад нэхэмжлэгчид анх уг газрыг 2012 онд эзэмшүүлэх шийдвэр гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Иймд тус тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 болон Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар газрын тухай хуулийг зөрчиж, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн шийдвэр гаргасан албан тушаалтан өөрөө тус актыг хүчингүй болгосон үйлдэл байх тул Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/571 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч нийслэлийн Засаг даргаас хэдийгээр уг нөхцөлд хамааралгүй Газрын тухай хуулийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалтуудыг баримтлан шийдвэр гаргасан боловч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчмын дагуу нэгэнт тухайн газрыг цуцлах хууль зүйн үндэслэл бүрдсэн, тухайн шалтгааныг үндэслэл болгосон байгаагаас үзвэл тухайн актыг хүчингүй болгох боломжгүй учир анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг цуцлах үндэслэл бүрдсэн бол захиргааны актыг гаргаснаас хойш таван жилийн дотор хүчингүй болгох ёстой байтал 2012 онд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй хэмээн тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь энэ тохиолдолд анх Нийслэлийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/493 дугаар захирамжаар Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар болон нэхэмжлэгчид Монгол Улсын их сургуулийн урд талын оюутны талбай бүхий 0,12 га газрыг 5 жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэхээр эзэмшүүлсэн боловч тухайн захирамжийн үйлчлэл дуусгавар болж, сүүлийн байдлаар 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар захирамжаар 1200 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан байх тул 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш таван жилийн дотор эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг эрх бүхий албан тушаалтан цуцлах

эрхтэй байхаар ойлгоно.

Нөгөөтэйгүүр, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д захиргааны акт утга илэрхий алдаатай бол захиргааны акт гарсан цагаас эхлэн илт хууль бус байх хуулийн зохицуулалтыг заасан. Харин энэхүү маргааны хувьд нэхэмжлэгчээс тус актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд актад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо шаардлагагүй хуулийн зохицуулалтыг нэмж хэрэглэсэн нь тухайн актыг илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй.

2. Харин Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан бөгөөд маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/344 дүгээр захирамж нь Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хэмжээнд батлагдсан 32 байршлын нийтийн эдэлбэрийн газрыг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж, Нийтийн эдэлбэр газрыг хамгаалах, тохижуулах талаар хамтран ажиллах тухай гэрээг боловсруулж, батлуулах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэсэн захиргааны акт байна.

Энэ тохиолдолд тухайн актыг гаргахад үндэслэл болсон буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/571 дүгээр захирамж болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлагын дагуу захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэж байхад түүний хэрэгжилтийг хангуулах зорилгоор гаргасан нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/344 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлийг анхан шатны шүүх хянан шалгаж, зохих дүгнэлтийг хийх ёстой байсан гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл тус актын хууль зүйн үндэслэлтэй эсэх тухайд шүүх дүгнэлт хийх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэв нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн бол түүнийг хамгаалах, сэргээх, эсхүл сэргэх эрх, ашиг байхгүй, шүүхийн шийдвэр бодитоор биелэгдэх аливаа нөхцөл байдал үүсэхгүй бол  анхан шатны шүүх холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн маргаанаас салган хүлээн авахаас татгалзах шаардлагагүй болно.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/344 дүгээр захирамжийн тухайд маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/571 дүгээр захирамж болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор гаргасан шийдвэр байх бөгөөд өмнө дүгнэсэнчлэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлтэй тул шүүхээс уг захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/344 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар “Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай” тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоож баталсан бөгөөд тогтоолын хавсралтын 20-д Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруугийн гудамж, МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны урд талд мэдээлэл технологийн төвийн хойд талбайд байршилтай 2176.22 м.кв газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоож, газрын байршил, талбайн хэмжээ, хил заагийн солбицлын цэгүүдийг заажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д “хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх” гэж зааснаар хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Газрын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор нийтийн эдэлбэр газраар тогтоосон газруудыг бүртгэлжүүлэх, хамгаалах, зориулалтын дагуу тохижуулах, шинээр газар олгохгүй байх, барилга байгууламж барихыг хориглох ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргад даалгах бүрэн эрхтэй бөгөөд аливаа хууль зөрчиж гарсан шийдвэр биш байна.

Учир нь өмнө дурдсанчлан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/571 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн эрхийн гэрчилгээг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасан нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэлээр хүчингүй болгосон байхад нэхэмжлэгчийг газар эзэмшигч гэж үзэхгүйн зэрэгцээ хариуцагч захиргааны байгууллагыг Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар шийдвэр гаргах ажиллагааны журам баримталсан байхыг шаардахгүй.

Мөн давж заалдах гомдолд захиргааны актыг түдгэлзүүлсэн хугацаанд тухайн актыг гаргасан хэмээн тайлбарлах боловч захиргааны актыг түдгэлзүүлэх нь нэхэмжлэгчид хэрэг маргааныг шийдвэрлэх хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн газар эзэмших үйл ажиллагаанд болон өөр гуравдагч этгээдээс эрх зүйн түр хамгаалалт олгох ойлголт болохоос биш тухайн газар эзэмших эрх хүчин төгөлдөр хэвээр үргэлжилнэ гэж ойлгохгүй бөгөөд захиргааны байгууллагаас өмнө гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулах зорилгоор шийдвэр гаргахаас хамгаалах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Үүнээс гадна анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн сүүлийн хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл бичгээр гарсан өдрөөс нь хойш  долоо хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.” гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд хэргийн оролцогч гомдол гаргах нөхцөлийг тайлбарласан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасан шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заах шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг зөрчсөн үйлдэл болжээ.

Гэсэн хэдий ч энэ нь шүүхийн шийдвэрийг гаргахад эндүүрсэн бичвэрийн механик алдаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гэж үзэхгүй учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрт бичвэрийн алдаа гаргасныг засах болон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 399 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 20 дугаар зүйлийн 20.1.1, 46 дугаар зүйлийн 46.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х Х Б” ХХК-ийн нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/571 дүгээр захирамж, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/344 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багатойруугийн гудамж, МУИС-ын хичээлийн 2 дугаар байрны урд талд, Мэдээлэл технологийн үндэсний паркын хойд талбайд байршилтай 2175.22 м.кв газраас “У Х Б” ХХК-ийн эзэмшлийн 1200 м.кв талбайтай газарт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг 2 гэж дугаарлан, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА