Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2021/0399

 

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2021/0399

Улаанбаатар хот

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х ХХК /У ХХК-ийн эрх залгамжлагч/

Хариуцагч: Н З д, Н и Т Х Т 

Нэхэмжлэлийн шаардлага: Н З д 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/571 дүгээр захирамж, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/344 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Н и Т Х Т-ийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багатойруугийн гудамж, МУИС-ын хичээлийн 2 дугаар байрны урд талд, Мэдээлэл технологийн үндэсний паркын хойд талбайд байршилтай 2175.22 м.кв газраас У-ны эзэмшлийн 1200 м.кв талбай-тай газарт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Н и Т Х Т-д даалгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Н З д-ын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/208 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд орчны тохижолттой олон давхар газар доорх гараж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалттай 1200 м.кв газрыг 2 жилийн хугацаагаар У-д эзэмшүүлсэн. Газар доорх олон давхар гаражийн барилгын ажил нүсэр хэмжээтэй ажил бөгөөд үүнийг 2 жилийн хугацаанд хийх боломжгүй тул газар эзэмших эрхийг 2016 онд сунгуулахдаа 15 жилээр сунгуулсан ба Н З д-ын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар сунгаж, газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байдаг. Уг газарт аливаа хашаа, хайс бариагүй, нийтийг ашиглах боломжоор хангах хүрээнд хөрш залгаа газар эзэмшигчтэй хамтран газар дээрх авто зогсоол болгон тохижуулж, газрын арчлалт хамгаалалтыг хариуцан ажиллаж ирсэн. Мөн газар доорх байгууламж баригдсаны дараа ч газар, түүний гадарга нь цэцэрлэгт хүрээлэн хэлбэрээр нийтийн ашиглалтад байх юм. Эндээс үзвэл газар нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэгдсэн нь аливаа хууль тогтоомжийг зөрчөөөгүй, нийтийн ашиг сонирхол хөндөгдөөгүй тул хариуцагч маргаан бүхий актыг гаргаснаар нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн.

Газрыг эзэмшүүлсэн зориулалт нь зөвхөн газар доорх байгууламж барьж ашиглах бөгөөд гадарга дээр нийтэд зориулан цэцэрлэгт хүрээлэн, тохижилтын ажил хийх төслийн онцлог болон нийслэлийн хэрэгцээг харгалзан тодорхойлсон зориулалт юм. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь газар дээр барилга байгууламж барих, газрын гадаргыг ашиглах төлөвлөгөө бөгөөд харин газрын гадаргыг нийтийн эзэмшилд байх тохиолдолд уг төлөвлөгөө зөрчигдөхгүй гэдгийг захиргааны байгууллага тухайлан харгалзаж газрын зориулалтыг тодорхойлсон учир хориглосон газарт газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь Н З д 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/463 тоот захирамжид үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших эрхийн 000321494 дугаартай гэрчилгээг эзэмшсэн бөгөөд 2 жилийн хугацаа 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө үүсэх боломжгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.

У нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны газрын төлбөрийг улирал бүр төлж байсан бөгөөд газрын гэрчилгээний хугацаа сунгагдаж, гэрчилгээ гарсны дараа 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2017 оны 2-4 дүгээр улирлын төлбөрийг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2018 оны газрын төлбөрийг жилээр тооцон төлсөн байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл үүсээгүй гэж үзэж байна.

Газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон захирамж хууль тогтоомжид нийцээгүй, хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэл бүрдээгүй гэж үзэхээр байна. Газрын тухай хуульд заасан ямар зүйл, заалтыг зөрчсөн эсэх нь тодорхойгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасантай нийцэхгүй байна.

Иймд Н З д-ын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/571 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Б.А нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... Маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй байхад НИТХТ-ийн 126 дугаартай тогтоол гарч, нэхэмжлэгчийн эзэмшлийн 1200 м.кв газрыг нийтийн эдэлбэр газар болгон өөрчилж байгаа нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн. Ингэхдээ нэхэмжлэгчид мэдэгдэж, оролцоог хангаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй.

Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцолгүйгээр, нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг нийтийн эдэлбэр газар болгон өөрчилсөн нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна.

Уг тогтоолыг үндэслэн Н ЗД 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр А/344 дугаартай захирамжийг гаргасныг олж мэдлээ. Дээрх захирамжийг гаргахдаа ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй болно. Энэ нь Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийг зөрчсөн, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.  Уг захирамжийн агуулга нь өөр этгээдтэй гэрээ байгуулах замаар маргаан бүхий газрын хамгаалалт, тохижилтийг өөрчлөх, одоо байгаа газрын байдалд өөрчлөлт оруулах, эвдлэх, засварлах, дээр нь өөр төрлийн бүтээн байгуулат хийх замаар өөрчлөх боломжийг олгосон захирамж байна. Энэ захирамж нь өмнө нь гарсан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх захирамжтай зөрчилдөж байгаагийн дээр нэхэмжлэгчид тогтоосон эрх зүйн түр хамгаалалтанд халдсан шинжтэй захирамж болсон гэж үзэж байна.

Иймд НЗД-ын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/344 дүгээр захирамжийг хүчингүй болгож, НИТХТ-ийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багатойруугийн гудамж, МУИС-ын хичээлийн 2 дугаар байрны урд талд, Мэдээлэл технологийн үндэсний паркын хойд талбайд байршилтай 2175.22 м.кв газраас Улаанбаатар хотын банкны эзэмшлийн 1200 м.кв талбайтай газарт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Н и Т Х Т-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н ЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... У-ны газар эзэмших эрхийн хугацаа 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд энэ хугацаанд тухайн газрыг газар эзэмшигч ямар нэгэн хэмжээгээр эзэмшиж, ашиглаагүй болно. НЗ д-ын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар захирамжаар тухайн газрын эрхийн хугацааг 15 жилээр сунгасан бөгөөд өнөөдрийг хүртэл гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй хэвээр байна.

Газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 болон гэрээний үүргээ зөрчсөн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар мэдэгдэж шийдвэр гаргах ажиллагаатай холбоотой тайлбар, санал, баримт ихрүүлэн боломжтой талаар 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр мэдэгдсэн. У 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тайлбар, санал ирүүлсэн ба уг тайлбарт 2012 оноос хойш маргаан бүхий газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй нь ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаар тайлбар, баримт ирүүлээгүй тул Н З д-ын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/ 571 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Тухайн газар нь НИТХТ-ийн 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор тогтоосон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж, ашиглуулахыг болон барилга байгууламж барихыг хориглосон байршилд хамаарч байгаа ба НИТХТ-ийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолоор нийтийн эдэлбэрийн газар хамаарч байна.

Тухайн газрыг анх олгохдоо нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий зам талбайг орчны тохижилт бүхий олон давхар газар доорх гараж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 6.2.3-т заасныг болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолыг зөрчсөн бөгөөд энэ нөхцөл байдлыг газар эзэмшигч мэдэж байсан, хүлээн зөвшөөрч байсан учраас 2012 оноос хойш эзэмшил газраа бусдын эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх талаар гомдол санал гаргаж байгаагүй болно.

Маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчид ямар нэгэн хохирол учраагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байна. Газар эзэмшигч тухайн газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй, цаашид эзэмшиж ашиглах боломжгүй нийтийн эдэлбэрийн зам, гудамж, талбай болох нь нийтэд илэрхий үйл баримт тул тухайн шийдвэрийг гаргахад нөхцөл байдлыг шинжлэн судпах, тодруулах шаардлагагүй бөгөөд хуулийн этгээдэд эзэмшүүлэх нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ба нийтийн эзэмшлийн зам талбай хэвээр байлгах нь нийтийн ашиг сонирхолд нийцэх тул сонсох, тайлбар авах шаардлагагүй болно.

Хэдийгээр тус компанид газар эзэмших эрх олгосон эерэг нөлөөлө бүхий захиргааны акт боловч газар эзэмшигч болон гаргасан шийдвэр нь Газрын тухай хуулийг зөрчиж байгаа тул  Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасны дагуу газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/571 дүгээр захирамж хүчин төгөлдөр үйлчилж байна. Нэхэмжлэгчийн маргаан бүхий гэх газар нь төрийн өмч бөгөөд нийтээр ашиглах нийтийн эдэлбэр газар тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй байна. Уг захирамжаар Улаанбаатар хотын банкны газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болж газар эзэмших эрх нь дуусгавар болсон. Маргаан бүхий газрын эзэмшигч нь Улаанбаатар хотын банз биш тул захиргааны акт гаргах үйл ажиллагаанд оролцогчоор оролцуулах, нийтийн эдэлбэр газраар тогтооход урьдчилан тохиролцож гэрээ байгуулах тухай ойлголт байхгүй.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/344 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан захиргааны акт биш буюу дотогш чиглэсэн акт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасан нөхцөл тогтоогдсон байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

У ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн эрх залгамжлагчаар Х ХХК-ийг тогтоосон болно.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ. гэж зааснаар тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/571 дүгээр захирамж, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/344 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багатойруугийн гудамж, МУИС-ын хичээлийн 2 дугаар байрны урд талд, Мэдээлэл технологийн үндэсний паркын хойд талбайд байршилтай 2175.22 м.кв газраас Улаанбаатар хотын банкны эзэмшлийн 1200 м.кв талбай гэсэн газарт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэрэгт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/493 дугаар захирамжаар Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, У ХХК-д Монгол улсын их сургуулийн урд талын оюутны талбай бүхий 0,12 га газрыг 5 хугацаатай төсөл хэрэгжүүлэхээр эзэмшүүлсэн байна. 

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307 дугаар захирамжаар төрийн байгууллагад иргэн, хуулийн этгээдтэй хамтруулан газар олгож байсан буруу практиктйш таслан зогсоох зорилгоор төрийн байгууллагатай хамтран газрын эрх авсан этгээдэд газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэн шилжүүлэх ажлыг дуудлага худалдааны анхны үнийг ногдуулан тодорхой хугацаан тогтоож төлүүлсний дараа дуудлага худалдааны анхны үнийг төлсөн газрынх нь хэмжээгээр газрын эрхийг олгож, газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулахыг үүрэг болгож шийдвэрлэжээ.

Тус захирамжийн дагуу газар эзэмших, ашиглах эрхийн анхы үнийг нийслэлийн төсөвт бүрэн хэмжээгээр төлсөн У ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/975 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орчны тохижилттой олон давхар газар доорх гараж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 2 жилийн хугацаагаар, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/208 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд Орчны тохижилттой олон давхар газар доорх гарааш бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалттай 1200 м.кв газрыг 2 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар захирамжаар 1200 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан байна. 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/571 дүгээр Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 2 дугаар байрны урд талд байрлах нийтийн эдэлбэрийн оюутны талбай бүхий 1200 м.кв газрыг эзэмшүүлэхдээ захиргааны байгууллага хориглосон газарт газар эзэмшүүлж эрхийн гэрчилгээг олгосон, нөгөө талаар газар эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул У ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч тус захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлээ Тухайн газар доорх олон давхар гараашны барилгын ажил нь Монгол Улсад урьд өмнө хийгдэж байгаагүй, барилгын төслийн инженерийн шийдэл, нарийн судалгаа, тооцоолол шаардлагатай нүсэр хэмжээтэй ажил тул их хэмжээний, удаан хугацаатай санхүүжилтийн шийдэл шаардлагатай тул үүнийг 2 жилийн хугацаанд барих боломжгүй... У нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны газрын төлбөрийг улирал бүр төлж байсан бөгөөд газрын газрын газрын гэрчилгээний хугацаа сунгагдаж, гэрчилгээ гарсны дараа 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2017 оны 2-4 дүгээр улирлын төлбөрийг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2018 оны газрын төлбөрийг жилээр тооцон төлсөн... гэж тодорхойлсон байх бөгөөд хариуцагч ...2012 оноос хойш маргаан бүхий газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй нь ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаар тайлбар, баримт ирүүлээгүй байх тул Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/571 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн... нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээнд заасан газрын төлбөрөө төлж байсан талаар дурдаж бусад үүргээ хэрхэн хэрэгжүүлж, эрхээ хэрхэн эдэлж байсан талаар дурдаагүй, нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчид ямар нэг хохирол учраагүй, эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байна гэж маргаж байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй., Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ., 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.,Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй.  гэж заажээ.

Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захирамжид газар эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийг дурдсан боловч хариуцагч нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар газрын төлбөрөө төлөөгүй нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримтыг хэрэг бүрдүүлсэн талаарх тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд газрын төлбөрийг төлөөгүй гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

У ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар захирамжаар сунгасанаас хойш Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/571 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг цуцлах хүртэл Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.9-д Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусах бөгөөд хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна. гэж зааснаар 2 жилийн хугацаа дуусаагүй боловч нэхэмжлэгч 2012 оноос хойш эзэмшиж байсан газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байсан гэх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч нөхцөл байдлыг тогтоох, нотлох үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй тул маргаан бүхий захирамжид дурдсан газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм. 

Гэвч нэхэмжлэгчид 2012 онд анх газар эзэшүүлэхээс өмнө Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг МУИС-ын хичээлийн 2 дугаар байрны урд тал, Мэдээлэл технологийн үндэсний паркийн хойд талын оюутны байр гэх байршил бүхий 0.18 га газрыг Улаанбаатар хотод эзэмшил ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын хэмжээ, байршлаар тогтоосон бөгөөд дээрх байршилтай газар нь нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газартай давхцалтай болох нийтэд илэрхий тул дахин нотлох шаардлагагүй байна.

Тус тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/571 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар захирамжийн 52 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: ... 48.2.2.бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн;, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж заасныг зөрчөөгүй байх тул Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/571 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэлгүй.

Хариуцагч маргаан бүхий 2019 оны А/571 дүгээр захирамждаа Газрын тухай хуулийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалт, хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, таслах зогсоох талаарх өөр өөр зохицуулалтыг нэг зэрэг хэрэглэсэн нь ойлгомжгүй боловч шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай тогтоолоор Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 20/19 дүгээр тушаалыг тус тус үндэслэн Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоож баталсан бөгөөд тогтоолын хавсралтын 20-д Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруугийн гудамж, МУИС-ын хичээлийн 2 дугаар байрны урд талд мэдээлэл технологийн төвийн хойд талбайд байршилтай 2176.22 м.кв газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоож, газрын байршил, талбайн хэмжээ, хил заагийн солбицлын цэгүүдийг заажээ.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/571 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосноос хойш тухайн байршил бүхий газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглуулахаар тогтоол гарсан тул нэхэмжлэгчид мэдэгдэж сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй байна. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болсонд тооцсон Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/571 дүгээр захирамж хууль зөрчөөгүй гэж шүүхээс шийдвэрлэсэн тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй юм. 

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, урьд газар эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болсонд тооцсоноор нэхэмжлэгчийг газар эзэмшигч гэж үзэхгүй тул Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан урьдчилан тохиролцох, гэрээ байгуулах үүргийг хариуцагч нар хүлээхгүй тул нэхэмжлэгчийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багатойруугийн гудамж, МУИС-ын хичээлийн 2 дугаар байрны урд талд, Мэдээлэл технологийн үндэсний паркын хойд талбайд байршилтай 2175.22 м.кв газраас Улаанбаатар хотын банкны эзэмшлийн 1200 м.кв талбай-тай газарт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/344 дүгээр захирамжаар Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хэмжээнд батлагдсан 32 байршлын нийтийн эдэлбэрийн газрыг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж, Нийтийн эдэлбэр газрыг хамгаалах, тохижуулах талаар хамтран ажиллах тухай гэрээг боловсруулж, батлуулах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. гэж заасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/344 дүгээр захирамж нь хуулийн дээрх заалтад заасан нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн байх шинжгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 54.1.1.захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;..., 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. гэж зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/344 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. 

 

Захиргааны   хэрэг   шүүхэд   хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2 дахь хэсэгт зааснаар Х ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/344 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас  татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/571 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багатойруугийн гудамж, МУИС-ын хичээлийн 2 дугаар байрны урд талд, Мэдээлэл технологийн үндэсний паркын хойд талбайд байршилтай 2175.22 м.кв газраас У-ны эзэмшлийн 1200 м.кв талбай-тай газарт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл бичгээр гарсан өдрөөс нь хойш  долоо хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.ДАМДИНСҮРЭН