Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 134/ШШ2017/00005

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1989 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, 154-3-37 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Боржигин овогт Гонгорбаатарын Батболдын /РД:ЕЙ89010617, утас:90153939, 95999129/ нэхэмжлэлтэй

 

 Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт /Хуулийн этгээдийн РД:9018522, утас:99239703/ холбогдох

 

онгоцны тийзний зардал 1 311 050 төгрөг, эрүүл мэндийн даатгал 49 920 төгрөг, сайн дурын нийгмийн даатгал 138 240 төгрөг, өдрийн хоолны мөнгө 534 240 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 522 288 төгрөг, нийт 2 555 738 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Улаанхүү, түүний өмгөөлөгч П.Наранхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Батболд нь хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан онгоцны тийзний зардал 1 311 050 төгрөг, эрүүл мэндийн даатгал 49 920 төгрөг, сайн дурын нийгмийн даатгал 138 240 төгрөг, өдрийн хоолны мөнгө 534 240 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 522 288 төгрөг, нийт 2 555 738 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 

       Нэхэмжлэгч Г.Батболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гонгорбаатар овогтой Батболд миний бие нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажилд орж ТЗ-6-1-д зааснаар цалинждаг байсан. 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/30 дугаартай тушаалаар Г.Батболд намайг  ажлаас үндэслэлгүйгээр халсан. Би дээрх тушаалыг эс зөвшөөрч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 553 дугаартай магадлалаар Говьсүмбэр аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Г.Батболд намайг Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын, Газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн томилсон. Миний бие Г.Батболд нь Улаанбаатар хот дахь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан гомдол гаргаад Америкийн нэгдсэн улс руу 6 сарын хугацаатай аялалын журмаар явсан байсан. Намайг Америкийн нэгдсэн улсад аялж байх үед Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 553 дугаар магадлал гарсан. 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Улаанхүү намайг Америкийн нэгдсэн улсад аялж байхад миний фейсбүүк хаягаар шүүхийн шийдвэр гарч таныг ажилд тань буцааж томилохоор болсон гэсэн. Би Америкийн нэгдсэн улс руу 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нислэг хийж 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Америкийн нэгдсэн улсаас БНХАУ-ын Бээжин хот, Бээжин-Улаанбаатар чиглэлээр ирэхээр тийзээ авсан байсан. Уг шугамаар 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр буюу цагаан сарын баярын шинийн хоёрны өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор Монгол улсад ирж Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Улаанхүүгийн гар утас руу нь залгаж эхэлсэн. 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б.Улаанхүү даргатай очиж уулзахад таныг ажил тасалсан үндэслэлээр ажлаас тань халсан гэж хэлэхэд нь би ажлаасаа халагдсан болохоо мэдсэн. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны Б/07 дугаар тушаалаар намайг ажлаас халсан байсан. Би Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар ажилгүй болоод Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдөж 522 288 төгрөг авсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 553 дугаар магадлал гарснаар 522 288 төгрөгийг Нийгмийн даатгалын газарт буцааж төлөхөөр болсон. 2015 оны 06 дугаар сараас, 09 дүгээр сар, 2016 оны 02-03 дугаар сарыг хүртэл сайн дурын даатгалд сар бүр 23040 төгрөгийг төлж байсан. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 553 дугаар магадлалаар цалин бодохдоо миний өдрийн хоолны мөнгийг бодож олгоогүй, мөн цалин бодож олгохдоо миний цалингаас нийгмийн даатгалын шимтгэл 10 хувийг суутгаж авсан боловч, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байсан. Би 2016 оны 03 дугаар сард бие өвдөн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх болж эрүүл мэндийн даатгалд 49920 төгрөг төлсөн, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/30 дугаар тушаал, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/07 дугаар тушаал шийдвэрээс бол миний бие цаг хугацаа, явдал чирэгдэл, хөрөнгө мөнгөөр хохирсоор байна. Би 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн төрсөн дүү болох Гонгорбаатарын Баттулгад миний нэрийн өмнөөс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэгчийг төлөөлж анхан шат, давж заалдах шат, хяналтын шат, нэхэмжлэгч этгээд эдэлдэг бүрэн эрхийг эдэлж, нэхэмжлэлийн зарим хэсгээс буюу эсхүл бүхэлд нь татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэлийн зүйлийг өөрчлөх, эвлэрэх, шүүхийн шийдвэрт давж заалдах, шүүхийн шийдвэрээр олгосон мөнгө, эд хөрөнгийг гаргуулан авах гүйцэтгэх бичиг баримтыг нэхэж авах зэрэг хуульд заасан бүрэн эрхийг олгож итгэмжлэл үлдээсэн байсан. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/07 дугаар тушаал гарсныг надад Америкийн нэгдсэн улсад байхад мэдэгдсэн бол өөрийн төрсөн дүү болох Г.Баттулгаар нэхэмжлэлээ гаргуулж Америкийн нэгдсэн улсад 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл байж болох байсан. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг надад мэдэгдээгүй учраас Монгол улсад ирэх нисэх онгоцны тийзний зардал 650 доллар болон англи хэл сурч боловсрох нөхцөл байдлаар хохироод байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны Америкийн нэгдсэн улсаас Монгол улсад ирсэн нисэх онгоцны тийзний зардал 650 доллар буюу 1 311 050 төгрөг, эрүүл мэндийн даатгалд 49 920 төгрөг, сайн дурын даатгалд 138 240 төгрөг, өдрийн хоолны мөнгө 2015 оны 05 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацааны мөнгө 305 280 төгрөг, 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 06 дугаар сар хүртэлх өдрийн хоолны мөнгө 228 960 төгрөг, Говьсүмбэр аймгийн нийгмийн даатгалын газарт төлөх 522 288 төгрөг, нийт 2 555 738 төгрөгийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар тус тус нэхэмжилж байна гэжээ.

 

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г.Батболд эргээд ажилдаа орно гэсэн ойлголттой Америкийн Нэгдсэн Улсаас Монгол улс руу зорчин ирсэн. Ингээд 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б.Улаанхүүгийн гэрт очиж уулзахад ажил тасалсан учир таныг ажлаас халсан гэж хэлсэн. Энэ тухай 2016 оны 02 дугаар сарын 08-аас өмнө хэлсэн бол нисэх онгоцны билетээ 2016 оны 05 дугаар сар хүртэл хугацаагаар хойшлуулах боломжтой байсан. Ирээд ажилдаа орно гэж бодож байсан учраас нисэх онгоцны билетийн мөнгөөрөө хохирч санхүүгийн хүнд байдалд орсон. Иймд Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн болохоор 650 долларыг нэхэмжилж байгаа. Мөн эрүүл мэндийн даатгалын хураамж 49920 төгрөг нэхэмжилсэн. Энэ нь шүүхээс шийдвэр гарч нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг цалингаас нь суутган авч бичилт хий гэж Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосон боловч Америкийн Нэгдсэн Улсаас Г.Батболд ирээд бие нь өвдөөд эмнэлэгт үзүүлэхээр 2016 оны 02 дугаар сард очиход эрүүл мэндийн даатгалын 49920 төгрөг төлөгдөөгүй байсан тул өөрөө 49920 төгрөгийг төлсөн. 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/30 дугаартай тушаалаар ажилгүй болсон учраас нийгмийн даатгал тасалдана гэсэн үүднээс сайн дурын даатгалд 138240 төгрөгийг төлсөн. Үүнийг Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын буруутай үйл ажиллагаанаас болоод хохирсон гэж үзэж нэхэмжилж байгаа. Мөн өдрийн хоолны мөнгө 534240 төгрөг нэхэмжилсэн. Энэ нь Г.Батболд Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт байгаль орчны хяналтын байцаагч хийж байхдаа өдрийн хоолны мөнгө гэж дунджаар сард 40.000 гаруй төгрөг байсан. Уг мөнгийг Баянтал сумын Засаг даргын Тамгын газар гаргаж өгөх ёстой байсан боловч цалин бодох явцад уг мөнгийг гаргаж өгөөгүй. Зөвхөн үндсэн цалингаар бодсон. Нэмэгдэл мөнгө болох хоолны мөнгийг тооцоогүй. Мөн ажлаас халагдсаныхаа дараа Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж авсан. Гэтэл шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэж орохоор гарсан учраас 2016 оны 12 дугаар сард 522 288 төгрөгийг буцааж төлсөн. Үүнийг Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын буруутай үйл ажиллагаанаас болж ажлаас халагдаж, хохирсон гэж үзээд уг байгууллагаар төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэв.

 

    Хариуцагчийн төлөөлөгч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Улаанхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад ирсэн нисэх онгоцны билетийн зардлыг нэхэмжилж байна. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 553 дугаартай давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Г.Батболдыг хуучин эрхэлж байсан ажилд нь томилсон. Тухайн өдөр Г.Батболдод мэдэгдсэн боловч өөрөө ирээгүй. Г.Батболд хэзээ ирэх талаараа надад хэлээгүй. Тийм учраас ажлаас халж, ажлын шаардлагаар дараагийн хүнийг ажилд томилсон. Энэ нь ажилд томилсон шийдвэрийн дагуу ирсэн болохоос биш ажлаас халсан шийдвэрийн дагуу ирж хохирол учирсан зүйл биш юм. Ажилд томилсон шүүхийн шийдвэрийн дагуу ажил олгогч ажилд нь томилоход өөрөө 1 сарын дараа ирсэн. Энэ нь Г.Батболдын өөрийнх нь буруутай үйлдэл болохоос биш ажил олгогчийн зүгээс гарсан буруутай үйлдэл биш юм. Мөн эрүүл мэндийн даатгалын мөнгө 49920 төгрөг болон сайн дурын даатгал 138240 төгрөгийн хувьд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 553 дугаартай давж заалдах шатны шүүхийн магадлалаар нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлж нөхөн бичилт хийлгэх, ажиллаагүй хугацааны цалинг олго гэсэн шийдвэр гарсан. Үүний дагуу уг шийдвэрийг биелүүлсэн. Ийм учраас уг мөнгийг Баянтал сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэх ёсгүй, нийгмийн даатгалын байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хоолны мөнгө 534240 төгрөгийг нэхэмжилсэн. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 4-т хоолны мөнгө цалин хөлсний бүрэлдэхүүнд орохгүй гэж заасан байгаа. Мөн Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т зааснаар төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлсний бүрэлдэхүүнд хоолны мөнгө гэж ороогүй. Тийм учраас хоолны мөнгийг олгох үндэслэлгүй. Ажилгүйдлийн тэтгэмж 522288 төгрөгийг Г.Батболд өөрөө авсан. Ажилгүйдлийн тэтгэмжийг шүүхийн шийдвэр гарахаас өмнө авч явсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтэлийг Г.Батболдод төлсөн. Тийм учраас нийгмийн даатгалаас авах ёстой мөнгийг авсан. Ажил олгогчийн зүгээс ажилгүйдлийн тэтгэмжийг бүтэн өгсөн учраас нийгмийн даатгалд төлөх эсэх нь тухайн хүний өөрийнх нь асуудал юм. Үүнийг тамгын газар төлөх ёстой мөнгө биш гэсэн тайлбарыг хэлмээр байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Батболд нь хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан онгоцны зардал 1 311 050 төгрөг, эрүүл мэндийн даатгал 49 920 төгрөг, сайн дурын нийгмийн даатгал 138 240 төгрөг, өдрийн хоолны мөнгө 534 240 төгрөг, Говьсүмбэр аймгийн нийгмийн даатгалын хэлтэст төлөх 522 288 төгрөг, нийт 2 555 738 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бурмаа нь ажилгүйдлийн тэтгэмж 522 288 төгрөгийн шаардлагын үндэслэлээ ...2016 оны 12 дугаар сард энэ мөнгийг Говьсүмбэр аймгийн  Нийгмийн даатгалын хэлтэст буцаан төлсөн учраас ажлаас халсантай холбоотой хохирол гэж үзэж нэхэмжилнэ хэмээн тайлбарлав. 

 

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.

 

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь түүнийг ажлаас үндэслэлгүй халсаны улмаас учирсан хохирлыг арилгуулахтай холбоотой шаардлага байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулинд хөдөлмөрийн гэрээний зөрчлийн улмаас ажилтанд учирсан хохирлыг арилгах зохицуулалт тусгагдаагүй тул Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3-д заасан хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ гэсэн зохицуулалтыг үндэслэн Иргэний хуулийн ерөнхий ангийн 227 дугаар зүйлд заасан үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагын зохицуулалтыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндэслэл нь:

 

1.Онгоцны тийзний зардал болох 1 311 050 төгрөг гаргуулах шаардлагын хувьд:      

          Уг шаардлага нь ажил олгогчийн буруутай шийдвэртэй холбоотойгоор ажилтанд учирсан хохиролд хамаарахгүй байна. Учир нь нэхэмжлэгч Г.Батболд нь  түүнийг ажлаас халсан шийдвэр гарсаны дараа аялалын журмаар Америкийн Нэгдсэн Улсад зорчиж байх хугацаанд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан болох нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 553 дугаар магадлалаар тогтоогдож байна. Энэ шийдвэрийн талаар нэхэмжлэгч Г.Батболд нь мэдсэн үедээ ажилдаа орохоор Монгол Улсад буцаж ирсэн бөгөөд ийнхүү түүний буцаж ирсэн зардлыг ажил олгогч хариуцан төлөх үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа хугацаанаасаа өмнө буцаж ирэх шаардлагагүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр  өөрийн хүсэл сонирхлын дагуу гадаад улсад аяласан, өөрөөр хэлбэл ажил олгогчтой холбоотойгоор гадаад улсад зорчоогүй тул замын зардлаа хэзээ буцаж ирэх, шүүхийн шийдвэр хэрхэн гарснаас үл шалтгаалан өөрөө хариуцах үүрэгтэй.

2.Эрүүл мэндийн даатгалд төлсөн 49920 төгрөг гаргуулах шаардлагын хувьд:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 553 дугаар магадлалаар ...Г.Батболдын ажилгүй байсан хугацааны дундаж цалин  хөлстэй тэнцэх олговрыг хууль тогтоомжид заасны дагуу тооцон олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийхийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын  Засаг даргын Тамгын газарт даалгажээ. Гэтэл нэхэмжлэгч Г.Батболд нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр түүнд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг тооцож олгосны дараа эрүүл мэндийн даатгалд 49 920 төгрөг нэмж төлсөн явдалд ажил олгогч буруугүй, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрээр даалгасан дээрх үүргийг ажил олгогч гүйцэтгэж, түүний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутгаж, үлдсэн цалин хөлсийг олгосон болох нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар төлбөрийн хүсэлт, цалингийн тооцооны хүснэгт зэргээр тогтоогдож байна. Иймд Г.Батболд нь илүү төлсөн шимтгэлээ эрүүл мэндийн даатгалын байгууллагаас буцаан шаардах эрхтэй болохоос хариуцагч байгууллагаас шаардах эрхгүй.

 

3.Сайн дурын даатгалд төлсөн 138 240 төгрөг гаргуулах шаардлагын хувьд:

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тодорхой хөдөлмөр эрхлээгүй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуульд заасан болзол, журмын дагуу энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, 4 дэх заалтад дурдсан даатгалд сайн дураар даатгуулж болно хэмээн зохицуулсан. Г.Батболд нь ажлаас үндэслэлгүй халагдсан гомдлоо шүүхэд гаргасан хэдий ч дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэлд 138 240 төгрөгийг төлсөн байна. Хуулийн дээрх зохицуулалт нь  иргэн өөрөө хүсвэл, сайн дурын үндсэн дээр шимтгэл төлж болохыг зохицуулсан зохицуулалт бөгөөд ийнхүү өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр төлсөн шимтгэлийг ажил олгогч хариуцан арилгах боломжгүй. Харин ажил олгогчийн хувьд ажлаас үндэслэлгүй халсан буруу шийдвэр гаргасныхаа төлөө ажилтны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, түүнээсээ шимтгэл тооцон нийгмийн даатгалын санд төвлөрүүлсэн байна.

 

4.2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сар хүртэл хугацааны хоолны мөнгө нийт 534 240 төгрөг гаргуулах шаардлагын хувьд:   

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 553 дугаар магадлал, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 113/ШШ2016/0007 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2016/ дугаар магадлал зэргээр Г.Батболдыг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож олгохыг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т зааснаар төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэх тул ажил олгогчоос олгосон хоолны мөнгө нь нэмэгдэл цалинд хамаарахгүй. Түүнчлэн Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын  2005 оны 05 дугаар сарын 05–ны өдрийн 55 дугаар тушаалаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баталсан бөгөөд уг журамд зааснаар ажлаас буруу халсан ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлох ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд унаа түлш, байр, хоолны хөнгөлөлтийг оруулахгүй байхаар зохицуулсан тул энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

 

5.Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст буцаан төлсөн ажилгүйдлийн тэтгэмж 522 288  төгрөгийг гаргуулах шаардлагын хувьд:

 

Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд зааснаар Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж 522 288  төгрөг авсан болох нь ажилгүйдлийн тэтгэмж тогтоолт, тэтгэмж олголтын хуваарь зэргээр тогтоогдож байх бөгөөд уг тэтгэмжийг 2016 оны 12 дугаар сард Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст буцаан төлсөн үндэслэлээр хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна. Учир нь ажил олгогч ажилтныг хууль бусаар ажлаас халсан шийдвэр гаргасан хариуцлагаа хүлээж түүнд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх цалин олговрыг нөхөн олгосон тул нэмж ажилгүйдлийн тэтгэмжийг давхардуулан олгох үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.Батболд нь ажилгүйдлийн тэтгэмжийг буцаан төлснөөр түүнд ямар нэгэн хохирол учраагүй болно.

 

 Ийнхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 55 842 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар Г.Батболдын нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох онгоцны тийзний зардал 1 311 050 төгрөг, эрүүл мэндийн даатгал 49 920 төгрөг, сайн дурын нийгмийн даатгал 138 240 төгрөг, өдрийн хоолны мөнгө 534 240 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 522 288 төгрөг, нийт 2 555 738 /хоёр сая таван зуун тавин таван мянга долоон зуун гучин найман/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Батболдын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 55 842 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.НАРАНЧИМЭГ