Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 00174

 

 

                               Ж.Батжаргалын нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 1202 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ж.Батжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Эрдэнэбилэгт холбогдох

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хариуцагч Л.Эрдэнэбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхсувдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж.Батжаргал

Хариуцагч Л.Эрдэнэбилэг

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхсувд

Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.Эрдэнэбилэгтэй 2005 онд найзаар нь дамжуулан танилцаад 2006 онд гэр бүл болж 2009 онд охинтой болж гэрлэлтээ батлуулж амьдрах хугацаандаа таарч тохирохгүй байнга ар, гэрийнхэн нь амьдралд оролцоод ойр ойрхон салж нийлдэг амьдралтай явсаар, 2014 оны 07 дугаар сард салж одоогоор 2 талд хүнтэй сууж амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрийн асрамжиндаа авч, охиндоо тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би охиноо асран асран халамжлах боломжтой, би өөрийн гэсэн орлого болох 5 сая төгрөгийг хүүтэй зээл гаргадаг, хүүнийнх нь мөнгөөр өөрийн бодит орлого хийдэг. Миний нөхөр болох Д.Нямдаваа нь Жүр үр ХХК-д ажилладаг. Иймд Л.Эрдэнэбилэгийн ар гэрийнхэн болон Л.Эрдэнэбилэг охинд маань таагүй хандаж эцэг Л.Эрдэнэбилэг нь охиноо сүүлд хамраас нь цус гартал зодсон байсны улмаас би охиноо аваад тэр хүний гэрээс нь явж гэр бүл салсан. Иймд тэр хүнд охиноо өгөх хүсэлгүй байна гэжээ.

Хариуцагч Л.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Эрдэнэбилэг миний бие 2005 онд Ж.Батжаргалтай танилцаж, 2009 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр охин Б.Од-Эрдэнэ маань төрсөн. Бид хоёр 6 сар гаруй хугацаанд тус тусдаа амьдарсан юм. Ж.Батжаргал нь 2014 оны 06 дугаар сард гэрээсээ явсан. Явахдаа охиныг маань аваад явсан. Намайг охинтой маань уулзуулдаггүй, утсаар ч яриулдаггүй юм. Харин охин Б.Од-Эрдэнийгээ Ж.Батжаргалын асрамжид үлдээх хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ж.Батжаргал нь аавындаа амьдарч байгаа, саяхан төрсөн нялх хүүхэдтэй, гэртээ хүүхдээ асраад сууж байгаа. Хоёр бага насны хүүхдийг харахад хүндрэлтэй. Тэрээр зан суртахууны хувьд хүүхэд сайн үлгэр дууриалал үзүүлж чадахгүй, хүүхээ сайн харж ханддаггүй, анхаарал сул тавьдаг байсан, мөн тогтвор сууршилтай ажил төрөл эрхэлдэггүй байсан зэргээс дүгнэхэд охиноо түүнд үлдээмээргүй байна. Иймд Л.Эрдэнэбилэг би охиноо өөрийнхөө асрамжинд авч үлдэх хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1202 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ж.Батжаргал,Л.Эрдэнэбилэг нарын гэрлэлтийг цуцалж, Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасаныг баримтлан  2009-04-11-ний өдөр төрсөн охин Б.Од-Эрдэнийг эх Ж.Батжаргалынх нь асрамжинд үлдээж,мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-т зааснаар бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг Л.Эрдэнэбилэгээр нь сар бүр тэжээн тэтгүүлж, Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдаж, Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Ж.Батжаргалын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Эрдэнэбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхсувд нар давж заалдсан гомдолдоо:

Ж.Батжаргал нь 2014 оньг 6 дугаар сард охиноо аваад явснаас хойш Эрдэнэбилэгийг охинтой нь уулзуулдаггүй. Охин Б.Од-Эрдэнэ “...Билэгээ аав минь намайг зоддог, архи уухаараа дандаа хамраас минь цус гарган зоддог байсан, Билэгээ аавын дүү, том эгч, эмээ бас зоддог, бас Билгээ аавын эхнэр нь 1 хүүхэдтэй гэсэн. Тэр хүүхэд нь 3 дугаар анги гэсэн, миний ээжийн гэдэс рүү хутгалж байсан...” гэж 2016-09-02-ны өдөр шүүхээс санал асуухад /ХХ-24,25 хуудас/ ярьсан нь бодит үнэнтэй нийцээгүй гэдэг нь XX-, 54, 55, 58, 61, 88, 89 дүгээр хуудсанд авагдсан баримтуудаар болон шүүх хуралдаан дээр Ж.Батжаргалын өөрийгөө хутгалж байсан болон хүн зодож байсан тухайгаа хүлээн зөвшөөрсөн тайлбаруудаар үгүйсгэгддэг. 2012-05-25-ны өдөр Ж.Батжаргал өөрийгөө хутгалах үед охин нь хажууд нь байгаагүй, тэгээд ч тэр үед охин 3 настай байсан.

Мөн 2016-09-22-ны өдрийн санал асуусан тэмдэглэл /ХХ-85,86 хуудас/-д “...Билэгээ аав ээжийг Төгөл дээр байхад агсам согтуу тавьдаг байсан” гэхэд чи тэгэхэд байсан юм уу? гэж асуухад “Байгаагүй, ээж тэгж хэлсэн...” зэргээс харахад охинд хэлэх үгийг нь ээж нь зааж өгсөн нь тодорхой байна. Нэгэнт охинд эцгийнх нь талаар буруу ойлголт төрүүлсэн тул охин ээжтэйгээ хамт байх санал өгөх болсон гэж дүгнэж байна. Л.Эрдэнэбилэгийг архи уудаг, эхнэрээ зоддог гэж байгаа боловч энэ талаар нотолсон баримт хэрэгт байхгүй юм. Аав нь байнга архи уудаг, бас ээжийг нь зоддог, ээжийг нь хутгалж байсан, охиноо зодож хамраас нь цус гаргасан, архи уудаг гэх мэтээр огт болоогүй үйл баримтыг болсон мэтээр охинд ойлгуулж, эцэг нь муу хүн гэх сэтгэгдлийг охиндоо төрүүлсэн нь охины хэлж, ярьсан зүйлүүд болон хэрэгт авагдсан баримтуудаар харагддаг.

Шүүх охины саналыг харгалзан үзэж охиныг эхийнх нь асрамжид үлдээсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон тул охиныг эцэг Л.Эрдэнэбилэгийн асрамжид үлдээж, эх Ж.Батжаргалаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ж.Батжаргал нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Л.Эрдэнэбилэг охин Б.Од-Эрдэнийг өөрийн асрамжиндаа авна гэж маргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, Гэр бүлийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж гэрлэгсдийн гэрлэлтийг цуцлаж, охин Б.Од-Эрдэнийг эх Батжаргалын асрамжинд үлдээж, хариуцагчаас хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагч Л.Эрдэнэбилэг нь нэхэмжлэгч Ж.Батжаргалыг хувийн байдал болон зан араншингийн хувьд доголдолтой охин Б.Од-Эрдэнийг өөрийн асрамжиндаа авах боломжгүй гэж тайлбарлаж холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай тогтоол, нөхөртөө хутгалуулсан талаарх эмнэлгийн хуудас, зэрэг баримтаас үзэхэд нэхэмжлэгчийг зан суртахууны хувьд өөрийн төрсөн охиныг өсгөн хүмүүжүүлэх боломжгүй гэж үзэх боломжгүй юм. Учир нь нэхэмжлэгчийн гаргасан буруутай үйлдэл нь хүүхдийн хүмүүжил, ёс суртахуун, түүний хэвийн аж төрөх нөхцөл байдалтай огт хамааралгүй ба охин Б.Од-Эрдэнэ нь ээжтэйгээ хамт амьдрах талаар өөрийн санал бодлоо илэрхийлсэн байх тул шүүхээс хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээсэнг буруу гэж үзэх боломжгүй юм.

Талууд хүүхдийн асрамжийн талаар маргаж буй тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 -д “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно” гэж заасны дагуу хэргийн оролцогчдын хүсэлтээр хүүхдийн асрамжийн талаар зохих мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулахаар зохицуулагдсан ба зохигчид энэ талаар ямар нэг хүсэлт гаргаагүй байна.

Харин шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр охин Б.Од-Эрдэнийг эцэг, эхийнхээ хэнийх нь асрамжинд үлдэх талаар санал авахдаа гэр бүлийн байдал болон эцэг, эхийнх талаар дэлгэрэнгүй асууж мэдүүлэг авсан нь зохимжгүй  тул  цаашид  энэ талаар анхаарах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ж.Батжаргал нь охин Б.Од-Эрдэнийг өсгөн хүмүүжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хүүхдийн ёс суртахуунд нөлөөлэхүйц зан суртахууны доголдол гаргасан эсхүл охин Б.Од-Эрдэнэ эцгийн асрамжинд байх талаар санал гаргаж тодорхой хугацаанд эцэгтэйгээ хамт амьдарсан тохиолдолд хариуцагч Л.Эрдэнэбилэг тухайн үед хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан “ шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, охин Б.Од-Эрдэнийг эцгийн асрамжид үлдээж, нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” тухай давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1202 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Л.Эрдэнэбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхсувдын нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.УРАНЧИМЭГ

 

                  ШҮҮГЧИД                             Б.БАТТӨР

                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ