Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 71

 

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 8-12 тоотод оршин суух, 1973 онд төрсөн, эмэгтэй, РД:ОЗ73071708, Таргууд овогт Жаргалын Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт холбогдох,

      Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн Б/37 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэжидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Оюунцэцэг миний бие улсад 13 жил, үүнээс Хөдөлмөрийн хэлтэст сүүлийн 3 жил 9 сар тасралтгүй ажилласан ба энэ хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Ажлаас чөлөөлөх тушаал гараагүй байхад тэтгэмж олгох тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Миний бие нь өрх толгойлсон эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, Хаан банкинд 7.000.000 төгрөгийн цалингийн зээлтэй, оюутан хүүхэдтэй энэ байдлаа даргад танилцуулсан боловч энэ бүхнийг харгалзан үзэлгүй ажлаас чөлөөлж миний оронд гаднаас шинээр үйлчлэгч авсан нь хууль бус гэж үзэж гомдолтой байгаа тул Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/37 тоот тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Би 2016 оны 9, 10 дугаар сард Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт үйлчлэгчээр ажиллаж цалин авч байсан” гэжээ.

    Хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогт-Очир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Танай шүүхэд нэхэмжлэл гаргасан Хөдөлмөрийн хэлтэст үйлчлэгчээр ажиллаж байсан Ж.Оюунцэцэгийн нэхэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасны дагуу дараах тайлбарыг хүргүүлж байна.

1. Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог баталсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаалын хавсралтаар үйлчилгээний ажилтан 4 байхаар заасан. Иймд тухайн байгууллагын үйлчилгээний онцлог, үйл ажиллагааны чиг үүрэг, ачааллаас хамааран дараах 4 ажилтан зайлшгүй байх шаардлагатай гэж үзсэн.

  1. Угтах үйлчилгээний ажилтан -1 /дээд боловсролтой/
  2. Нярав-1
  3. Жолооч-1
  4. Үйлчлэгч /цэвэрлэгч/-1

Үйлчлэгчээс бусад 3 үйлчилгээний ажилтан мэргэжил, ур чадвар шаардагдах ажлын байр болно. Орон тоо, бүтцээр 1 үйлчлэгч ажиллах боломжтой. Гэтэл Хөдөлмөрийн хэлтэст 1, Нийгмийн Халамжийн үйлчилгээний хэлтэст 1, нийт 2 үйлчлэгч ажиллаж байсан. Хуулийн хүрээнд орон тоо нь цөөрсөн тул Хөдөлмөрийн хэлтэст үйлчлэгчээр ажиллаж байсан Ж.Оюунцэцэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн өгсөн.

2. Үйлчлэгчээр үлдэж буй Буянжаргал овогтой Пагма нь НХҮХ-т үйлчлэгчээр ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сард жирэмсний болон амаржсаны амралтаа авсан. Одоо 2 сартай нярай хүүхдээ асарч байгаа болно. Иймд Б.Пагмааг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 100 дугаар зуйлийн 100.1 дэх хэсгийг үндэслэн ХХҮГ-т үйлчлэгчээр үлдээсэн.

  1. Ж.Оюунцэцэг нь гаднаас шинээр үйлчлэгч авсан нь хууль бус гэж үзэж байна гэжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас бүтцийн өөрчлөлтөөр орон тоо нь хасагдсан, цөөрсний улмаас цомхотголд орсон ажилтнуудын овог нэр, албан тушаалын жагсаалтыг үндэслэн байгууллагаас олгох тэтгэмжийн асуудлыг нэмэлт санхүүжилтийн журмаар шийдвэрлэж өгсөн. Иймд Ж.Оюунцэцэг нь үйлчлэгчээр үлдэх боломжгүй, манай байгууллагад Ж.Оюунцэцэгт таарах тухайлсан мэргэжил, ур чадвар шаардахгүй өөр сул, чөлөөтэй ажлын байр байхгүй тул байгууллагаас болон нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийг цаг хугацаанд нь олгуулахаар шийдвэрлэсэн. Жирэмсний болон амаржсаны амралттай байгаа Б.Пагмаагийн эргэж ажилдаа орох хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.3, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь зүйлийг үндэслэн Цэрэн овогтой Цэвээнгэрэлийг түр үйлчлэгчээр ажиллуулж байна.
  2. Ж.Оюунцэцэг нь Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/07 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байсан. Намайг ажил авах үед Хөдөлмөрийн хэлтэс 25, Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэс 60, нийт 85 орон тоотойгоор ажил үйлчилгээ явуулж байсан ба ХХҮЕГ-аас баталсан орон тоо нь Б/21 тоот тушаалын хавсралтаар 52 байхаар тогтоож ирүүлсэн нь 33 ажилтны ажлын байр байхгүй болж байгаа юм. Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс нь 4 мэргэжилтэн, 1 дарга 5 орон тоотой байхаар батлагдсаныг шүүх хуулийн хүрээнд харгалзан үзэх шаардлагатай байна. Дээрх зүйлүүдийг үндэслэн Ж.Оюунцэцэгийн нэхэмжлэлд дурдсан шаардлагыг байгууллагын зүгээс хангах боломжгүй гэж үзлээ” гэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэжидмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх ажлын хүрээнд Увс аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар шинээр зохион байгуулагдаж ажилласан. Энэ нь Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон Увс аймгийн Нийгмийн халамжийн хэлтсийг татан буулгасны дараа Увс аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нэртэй болсон. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолоор шинэчлэн өөрчлөн байгуулагдсан. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн даргын Б/21 тушаалаар Увс аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог хавсралтаар Б/21 тушаалаар хавсарсан байгаа. Үйлчилгээний 4 ажилтанд угтах ажилтан, нярав, үйлчлэгч, жолооч гэсэн ажлын байр байгаа. Угтах ажилтны хувьд ажлын байрны шаардлагаар дээд боловсролтой байх шаардлагатай. Нярав, жолоочийн хувьд тодорхой хэмжээний мэргэжил ур чадвар шаардсан ажил, харин үйлчлэгч мэргэжил, ур чадвар шаардахгүй. Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтэст 1 үйлчлэгч Увс аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст мөн 1 үйлчлэгч байсан тул ажлын байранд зайлшгүй бүтцийн өөрчлөлт оруулах шаардлагтай болсон. Бүтцийн өөрчлөлтөд орж байгаа ажлын орон тооны хувьд хэнийг нь бүтцийн өөрчлөлтөд болох үед Нийгмийн халамж үйлчилгээний газарт үйлчлэгчээр ажиллаж байсан Буянжаргал овогтой Пагма ээлжийн амралттай байгаад үргэжлүүлээд жирэмсний болон амаржсаны амралтын чөлөөг авсан байсан. Энэ үед Б.Пагмаад бол жирэмсний болон амаржсаны чөлөөний хуудас олгосон тушаал шийдвэрүүд байж байгаа Б.Пагма одоо бол хүүхэд асрах чөлөөтэй байгаа 3 дугаар сарын 1 хүртэл чөлөөтэй байгаа юм. Ийм учраас Б.Пагмааг ажилд үлдээгээд Хөдөлмөрийн хэлтсийн үйлчлэгчээр ажиллаж байсан Ж.Оюунцэцэгт орон тоо цөөрүүлсэн байгууллага нь татан буулгдаж орон тоо цөөрсөн гэдэг үндэслэлээр 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдлийг 45 хонгийн өмнө буюу 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх мэдэгдлийг Ж.Оюунцэцэгт хүргүүлсэн. Энэ мэдэгдлийн үндсэн дээр Ж.Оюунцэцэг ажлаас чөлөөлөгдсөн тул тэтгэмж олгох тушаал гарсан. Тэгэхээр тэтгэмж олгох тушаал бол ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж олгох тушаал болохоос Ж.Оюунцэцэгийг ажлаас чөлөөлсөн тушаал биш юм. Энэ тушаалыг хууль бус гэж үзэж тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага өөрөө хууль бус гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Яагаад гэвэл Увс аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар өөрөө Увс аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний хэрэгжүүлэгч агентлаг, төрийн захиргааны байгуулага юм. Төрийн захиргааны эрх бүхий албан тушаалтнаас гарч байгаа акт бол захиргааны акт болно. Энэ актыг иргэний хэргийн шүүхэд хууль бус гэж үндэслэл гаргаж нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын тушаалаар чөлөөлөөд шинээр байгуулагдаж байгаа Увс аймгийн Хөдөлмөр халамжийн үйчилгээний газрын мэдэлд шилжүүлсэн байдаг. Тухайн үед Хөдөлмөрийн хэлтэс 25 хүний орон тоотой, Нийгмийн халамжийн хэлтэс 60 хүний орон тоотой байсан. Нийлээд 85 орон тоотой ажиллаж байсан. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар бүтэц 52 хүний орон тоотой батлагдаж ирсэн ба 33 хүний орон тоо хасагдсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

       Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг нь хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн Б/37 тоот тушаалыг хүчингүй болгож, Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     Нэхэмжлэгч 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтэст захиргаа, санхүүгийн албаны үйлчлэгчээр ажиллаж байгаад 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн үйлчлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжсэн нь тогтоогдож байна.

        Мөн нэхэмжлэгч Ж.Оюунцэцэгт 2016 оны 9, 10 дугаар саруудад цалин олгожээ.

     Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Ж.Оюунцэцэгт ажлаас чөлөөлсөн тухай мэдэгдэл өгч, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/37 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Аймгийн Засаг даргын Аймаг, нийслэл, дүүргийн Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Аймаг, нийслэл, дүүргийн халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай 2016 оны Б/21 тоот тушаал зэргийг үндэслэн “Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн үйлчлэгч ажилтай Жаргал овогтой Оюунцэцэгт 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний ажлаас чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэмж олгосугай” гэж шийдвэрлэжээ.

     Хариуцагч нь “орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэх үндэслэлүүдийн аль заалтаар Ж.Оюунцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь тодорхойгүй байгаагаас гадна хариуцагч нь “Ж.Оюунцэцэгийг ажлаас чөлөөлсөн биш, харин ажлаас халагдсаны тэтгэмж олгосон” гэх тайлбар гаргасан атлаа урьд өмнө нь ажлаас чөлөөлөгдсөн иргэнд дахин ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг өгсөн, тухайн мэдэгдлийн хугацаа дуусмагц “ажлаас чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэлэг”, ээлжийн амралтын болон холбогдох бусад тооцоог хийж дуусгахыг даалгасан шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна.

     Энэхүү тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг баримтлан Ж.Оюунцэцэгийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн үйлчлэгчийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон агуулгатай байх тул энэ өдрөөс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзэж, нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

    Дээрх нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч Ж.Оюунцэцэгийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн түүнийг ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/37 тоот тушаал нь хууль зүйн болон агуулгын хувьд зөрчилтэй гарсан нь нотлогдож байна.

      Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/37 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Оюунцэцэгийг Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

    Б.Пагмын жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас, Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оныы 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/60 тоот тушаал, хөдөлмөрийн гэрээ, Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оныы 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/96 тоот тушаал, Хаан банкны барьцаат зээлийн гэрээ зэрэг баримтууд нь хэрэгт хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Ж.Оюунцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас 70.200 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн Б/37 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Оюунцэцэгийг Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.БОЛОР