Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 10

 

 

Ж.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 71 дүгээр шийдвэртэй, Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт оршин суух Таргууд овогт Жаргалын Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэжидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Б/37 дугаар тушаалыг  хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Ж.Оюунцэцэг миний бие улсад 13 жил, үүнээс Хөдөлмөрийн хэлтэст сүүлийн 3 жил, 9 сар тасралтгүй ажилласан ба энэ хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Ажлаас чөлөөлөх тушаал гараагүй байхад тэтгэмж олгох тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Би 2016 оны 9, 10 дугаар сард Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт үйлчлэгчээр ажиллаж цалин авч байсан Намайг ажлаас чөлөөлж, миний оронд гаднаас шинээр үйлчлэгч авсан нь хууль бус гэж үзэж гомдолтой байгаа тул Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/37 тоот тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог баталсан Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаалын хавсралтаар үйлчилгээний ажилтан 4 байхаар заасан. Орон тоо, бүтцээр 1 үйлчлэгч ажиллах боломжтой. Гэтэл Хөдөлмөрийн хэлтэст 1, Нийгмийн Халамжийн үйлчилгээний хэлтэст 1, нийт 2 үйлчлэгч ажиллаж байсан. Хуулийн хүрээнд орон тоо нь цөөрсөн тул Хөдөлмөрийн хэлтэст үйлчлэгчээр ажиллаж байсан Ж.Оюунцэцэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн өгсөн. Үйлчлэгчээр үлдэж буй Буянжаргал овогтой Пагма нь НХҮХ-т үйлчлэгчээр ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сард жирэмсний болон амаржсаны амралтаа авсан. Одоо 2 сартай нярай хүүхдээ асарч байгаа болно. Иймд Б.Пагмааг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 100 дугаар зуйлийн 100.1 дэх хэсгийг үндэслэн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт үйлчлэгчээр үлдээсэн. Иймд Ж.Оюунцэцэг нь үйлчлэгчээр үлдэх боломжгүй, манай байгууллагад Ж.Оюунцэцэгт таарах тухайлсан мэргэжил, ур чадвар шаардахгүй өөр сул, чөлөөтэй ажлын байр байхгүй тул байгууллагаас болон нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийг цаг хугацаанд нь олгуулахаар шийдвэрлэсэн. Жирэмсний болон амаржсаны амралттай байгаа Б.Пагмаагийн эргэж ажилдаа орох хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.3, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь зүйлийг үндэслэн Цэрэн овогтой Цэвээнгэрэлийг түр үйлчлэгчээр ажиллуулж байна. Ж.Оюунцэцэг нь Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/07 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байсан. Намайг ажил авах үед Хөдөлмөрийн хэлтэс 25, Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэс 60, нийт 85 орон тоотойгоор ажил үйлчилгээ явуулж байсан ба Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газраас баталсан орон тоо нь Б/21 тоот тушаалын хавсралтаар 52 байхаар тогтоож ирүүлсэн нь 33 ажилтны ажлын байр байхгүй болж байгаа юм. Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс нь 4 мэргэжилтэн, 1 дарга 5 орон тоотой байхаар батлагдсаныг шүүх хуулийн хүрээнд харгалзан үзэх шаардлагатай байна. Дээрх зүйлүүдийг үндэслэн Ж.Оюунцэцэгийн нэхэмжлэлийг хангах боломжгүй.” гэжээ.

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01  дүгээр сарын 18-ны өдрийн 71 дүгээр шийдвэрээр: “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн Б/37 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Оюунцэцэгийг Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Ж.Оюунцэцэг нь ажлаас чөлөөлөгдсөн тэтгэмжээ байгууллагаас авсан нь өөрөө ажлаас чөлөөлөгдсөнийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг болно. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Ж.Оюунцэцэгт тэтгэмж олгох тухай Б/37 тоот тушаал нь агуулгын хувьд захиргааны акт гэж үзэх үндэслэл бий. Захиргааны актыг илт хууль бус гэж үзэж хүчингүй болгох нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд харьяалах маргаан биш. Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Ж.Оюунцэцэгийн орон тоо /үйлчлэгч/ цөөрсөн, хасагдсан гэх үндэслэлүүдийн аль заалтаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь тодорхойгүй гэсэн байна. Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог баталсан Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 тоот тушаалын хавсралтийг тус шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 100 тоот бичгээр хүргүүлсэн тайлбарт хангалттай тайлбарлаж тодруулга өгсөөр байтал ойлгомжгүй мэтээр ойлгож нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн гомдол гаргаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх зохигчдын дунд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримт болон эрх зүйн харилцааг үндэслэлтэй тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцжээ.

 

Хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Ж.Оюунцэцэгт тэтгэмж олгох тухай Увс аймгйин Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Б/37 дугаартай тушаал нь агуулгын хувьд захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул илт хууль бус гэж иргэний хэргийн шүүх хүчингүй болгох үндэслэлгүй ба Ж.Оюунцэцэг нь ажлаас чөлөөлөгдсөнөө хүлээн зөвшөөрч тэтгэмжээ авсан мөртлөө тус захирамжийг ямар үндэслэлээр хүчингүй болгуулах талаараа нэхэмжлэлийнхээ шаардлагаа дэмжсэн тайлбар гаргаагүй нь хариуцагч талд ойлгомжгүй ба Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 тоот тушаалыг хавсралтын хамт хүргүүлж хангалттай тайлбар өгсөөр байхад орон тоо цөөрсөн, хасагдсан үндэслэлүүдийн аль заалтаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь тодорхойгүй гэх үндэслэлээр нэг талыг барьж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй” гэжээ. 

Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/07 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар /хх 44 дүгээр тал/ Ж.Оюунцэцэгийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж цалингийн сангийн хамт шинээр зохион байгуулагдсан Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлснээр мөн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн Б/98 дугаар тушаалаар /хх 45 дугаар тал/ Ж.Оюунцэцэгийг захиргаа, санхүүгийн албаны үйлчлэгчийн ажилд томилжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д заасан “эрх бүхий байгуулага шаардсан”, тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “аж ахуйн нэгж, байгуулага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” нөхцөл байдал тогтоогдоогүй үед мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-дэх заалтыг үндэслэн Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нь  2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/37 дугаар тушаал[1] гаргаж, Ж.Оюунцэцэгт ажлаас халагдсаны тэтгэмж олгожээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар зохигчдын дунд үүссэн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй буюу ажил олгогч нь  нэхэмжлэгч Ж.Оюунцэцэгийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй байхад түүнд ажлаас чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэмж олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасантай нийцэхгүй байна.

 

Шүүх нэг талыг барьсан, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 71 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний  газар нь төсвийн байгууллага тул давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.3-т зааснаар чөлөөлөгдөнө.

   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-т  заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 71 дүгээр шийдвэрийг хэвээр  үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Увс  аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР                        

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

 


[1] Хавтаст  хэргийн 3 дугаар  хуудаст.