Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 37

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                           Хэргийн индекс 132/2016/0030/Э

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Н.Баярхүү, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Г.Баяраа

           Шүүгдэгч                                                   Л.Д 

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                           Ж.Гантулга

            Иргэний нэхэмжлэгч                                    Д.Наран

           Нарийн бичгийн дарга                             С.Гончигбал нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолтой Л.Д-д холбогдох 201506000323 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Л-ийн Д.

 

   Шүүгдэгч Л.Д нь ХААН банкны Булган аймгийн Гурванбулаг суман дахь тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ХААН банкны Гурванбулаг суман дахь тооцооны төвийн илүүдэл 71.233.000 төгрөг, Дашинчилэн суман  дахь тооцооны  төвийн илүүдэл 104.000.000 төгрөг, Баяннуур суман дахь тооцооны төвийн илүүдэл 40.888.000 төгрөг, нийт 216.942.000 төгрөгийг ХААН банкны кассын үнэ бүхий зүйлийн газарт хүргэхээр авч яваад улмаар өөрийн бусдаас зээлсэн зээлийн төлбөрөө төлж, бусдын эд хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан  Б овогт Л-ийн Д-ыг хөрөнгө завших гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Л.Д-ыг гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.Д-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Д-ын цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

 

Хэрэгт Ж.Б-ийн 5.000.000 /таван сая/ төгрөгийг, А.Б-ийн 2.600.000 /хоёр сая зургаан зуун мянга/  төгрөгийг, Б.Д-ын 900000 /есөн зуун мянга/ төгрөгийг, Д.Д-ийн 2.999.000 / хоёр сая есөн зуун ерэн есөн мянга/ төгрөгийг, Ц.С-ын 2.349.900 /хоёр сая гурван зуун дөчин есөн мянга есөн зуу/ төгрөгийг, Д.Ч-гийн 9.000.000 /есөн сая/ төгрөгийг, Д.Б-ын 1.000.000 /нэг сая/ төгрөгийг, Б.Б-ийн 5543850 /таван сая таван зуун дөчин гурван мянга найман зуун тавь/ төгрөгийг, Ж.Б-ийн 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг, Д.П-ын 1.000.000 /нэг сая/ төгрөгийг битүүмжилсэн дансны битүүмжлэлийг тус тус хүчингүй болгож, дээрхи нэр бүхий хүний дансан дахь нийт  31.692.750 /гучин нэгэн сая зургаан зуун ерэн хоёр мянга долоон зуун тавь/ төгрөгийг ХААН банкинд олгож, иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Л.Д-ын эзэмшлийн 491 м2 газартай 150 м2 талбай бүхий хувийн орон сууц, 53 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, 1578 м2 газрыг тус тус төлбөрт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, эд мөрийн баримтаар ирүүлсэн хоёр ширхэг СД-г хэрэгт хавсаргаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Д-аас гэмт хэргийн шууд хохиролд 143.826.250 /нэг зуун дөчин гурван сая найман зуун хорин зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөг, шууд бус хохиролд 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөг нийт 147.126.250 /нэг зуун дөчин долоон сая нэг зуун хорин зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч ХААН банкинд олгож,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгч Л.Д давж заалдах гомдолдоо:

... Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх надад холбогдох шүүн хэлэлцэж 30 дугаар тогтоолоор Ч.Ш-ыг надад холбогдох хэрэгт шалга гэсэн дүгнэлт гаргасан байсныг хэрэгжүүлээгүй хэргийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шийтгэх тогтоол гаргасан нь миний хохирол төлөгдөх боломж хязгаарлагдаж миний эрх зүйн байдал дордсон. Энэ бүх мөнгийг Ч.Ш авсан энэ хэрэгт холбоотой тухай хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд удаа дараа тавьж байсан боловч түүнийг олж хэрэгт холбогдуулан шалгалгүй анхан шатны шүүх хууль зөрчиж шийдвэр гаргасан.

... Анхан шатны шүүхээс Л.Д намайг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т заасан гэм буруутайд тооцож 3 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол гаргасан. Би Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч ХААН банкинд учруулсан 216.942.000 төгрөгийг төлж барагдуулах чин эрмэлзэлтэй байсан. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд миний өмчлөлийн 4 объектыг 3 удаа үнэлж үнэлгээнүүд нь зөрүүтэй гарч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй тохиролцож чадалгүй төлбөрийн үлдэгдэл 147.126.250 төгрөгийг ХААН банкинд төлөхөөр шийтгэх тогтоолд заасан.

104 дүгээр шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүх “Тод үнэлгээ “ХХК-ний шинжээч С.Э-ыг гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шийдвэр гаргасан тул тус компаний үнэлгээ 112.388.000 төгрөгийг бодитой гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн дүгнэлтээр гарсан 147.126.250 төгрөгөөс нотлох баримтаар 112.388.000 төгрөгийг хасч үлдэгдэл 34.737.550 төгрөгийг төлж барагдуулах болно... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т заасан хэрэгт торгох, хорих гэсэн сонгон авах ялаас надад хорих ялыг оногдуулсан нь хууль эрх зүйн үндэслэлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Миний хохирол төлөх чин хүсэл эрмэлзлэлийг харгалзан үзэж хорих ялыг торгох ялаар өөрчилж өгөхийг хүсье … гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдолдоо:

…Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчин хууль зүйн үндэслэлгүй шийтгэх тогтоол гаргасан байна…Л.Д Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Оюунбилэгтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан, түүнтэй хамт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ирсэн. Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэхэд Л.Д эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 4-д зааснаар өмгөөлөгч Б.Оюунбилэгээс татгалзаагүй байхад, түүнийг өмгөөлөгч Б.Оюунбилэгтэй хуралд оролцох эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна… хэргийг шүүхээр хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Л.Д-ын өмгөөлөгч Б.Оюунбилэгийг оролцуулалгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5.д заасан заалтыг зөрчиж шийтгэх тогтоол гаргасан.

 

… Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч Л.Д-д холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах 30 дугаар тогтоол гаргасан. /2 дугаар хавтас хэргийн 163-171 хуудас /.

Анхан шатны шүүхийн 30 дугаар тогтоолын тодорхойлох хэсэгт .... шүүгдэгч Л.Д Булган аймгийн Гурванбулаг сумын нэр бүхий хүмүүсээр зээл авахуулан н.Ш-д өгч байсан. Мөн дээрхи сумдын тооцооны төвийн илүүдэл болох 216.942.000 төгрөгийг ХААН банкны кассын үнэ бүхий зүйлийн газарт хүргэхээр авч яваад Улаанбаатар хотод Ш-тай ярилцаж тохиролцоод уг мөнгийг өмнө нэр бүхий хүмүүсээр авахуулсан зээлийн төлбөрт төлсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул гэмт хэргийг үйлдэгдсэн санаа зорилго хэзээ, хаана үүсэж гэмт хэргийг хаана үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд Шинэтуулын үйлдэл оролцоо байгаа эсэхийг нарийвчлан шалгаж тогтоох... гэж заажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1-д зааснаар анхан шатны шүүхийн 30 дугаар тогтоолын заалт заавал биелэгдэх эрх зүйн зохицуулалттай. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч Л.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт н.Ш-ын үйлдэл оролцоо байгаа эсэхийг нарийвчлан шалгаж тогтоох зорилгоор, байцаан шийтгэх тодорхой ажиллагааг явуулан, түүнийг эрэн сурвалжлан олж сэжигтэн, яллагдагчаар татах ажиллагааг хийлгүй шүүхийн тогтоол биелэгдээгүй байхад, анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй шийтгэх тогтоол гаргасан байна

 

Анхан шатны шүүх 104 дүгээр шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ... энэ хэрэгт Ч.Ш-ын оролцоо байгаа эсэхийг шалгаж тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан, шүүхийн тогтоолд заасны дагуу хийгдсэн ажиллагаагаар Ч.Ш-д холбогдох 201626030537 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, энэ хэргийн хохирогчоор шүүгдэгч Л.Д тогтоогдож өгсөн мэдүүлэг зэрэг авагдсан байх ба түүний мэдүүлэг болон өөрийн нэр дээр Л.Д-д зээл өгч байсан гэрчүүдийн мэдүүлгээр Ч.Ш-ын үйлдэл, оролцоо нотлогдож тогтоогдоогүй байна... гэж дүгнэсэн.

 

Шүүгдэгч Л.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт Ч.Ш-ын үйлдэл оролцоо байхгүй байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгч Л.Д-ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, түүнд оногдуулах ял шийтгэлд нөлөөлж эрх зүйн байдлыг дордуулсан байна…Л.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-д заасан хэрэгт, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4, 39.8 дугаар зүйлийн 1.5-д заасан заалтыг зөрчин, хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д заалтыг үндэслэн, хэргийг анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлтэй байна. … гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

… Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна..., шүүгдэгчид оногдуулсан ял түүний гэм бурууд тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна… гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх Л.Д-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүгдэгчийн мэдүүлэг шүүгдэгч болон өмгөөлөгч Ж.Гантулгын давж заалдах гомдлоос үзвэл:

 

- Шүүгдэгч Л.Д нь мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч Б.Оюунбилэгийг авч түүнтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байхад анхан шатны шүүх шүүгдэгч нь түүнээс татгалзсан эсхүл гэрээгээ цуцалсан эсэх нь тодорхой бус байхад өмгөөлөгч Б.Оюунбилэгийг оролцуулалгүй шүүх хуралдаан хийсэн,

- Дээрхи байдлыг тодруулаагүйгээс шүүгдэгчийг өөрөө өмгөөлөгчөө сонгох түүнчлэн шүүх түүнийг өмгөөлөгчөө сонгох боломжоор хангах мөн тодорхой хүний нэр зааж өөр өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулжээ.

 

Энэ нь      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.д  заасан “ … сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь өмгөөлөгчөө өөрөө сонгоно…” , мөн 5.2 дугаар зүйлийн 3.д заасан   “… шүүх шүүгдэгчийг өмгөөлөгчөө сонгох боломжоор хангана…, ...шүүгч тодорхой хүний нэр зааж тулгаж болохгүй...” гэснийг зөрчсөн байна.

 

 Иймд өмгөөлөгч Ж.Гантулгын давж заалдах гомдлын “… анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангаагүй…, өмгөөлөгчөө сонгох боломжоор хангаагүй..., тодорхой өмгөөлөгчийн нэр заасан...” гэсэн хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай Хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.,  39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож Л-ийн Д-д холбогдох, 201506000323 дугаартай, 4 хавтас бүхий, эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Л.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ТУЯА

 

                          ШҮҮГЧ                                                      Н.БАЯРХҮҮ

     

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ё.БЯМБАЦЭРЭН