Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Батчимэг |
Хэргийн индекс | 135/2016/01658/и |
Дугаар | 135/шш2017/00084 |
Огноо | 2017-01-16 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 135/шш2017/00084
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01658/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* баг, ******* хороолол, ****** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймгийн ******** газарт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дархан-Уул аймгийн НААҮГ-т ахлах байцаагчаар 2014 оны 11 дүгээр сарын 06-нд ажилд орсон. Намайг ажил хүлээж авахад ахлах байцаагчийн хариуцсан аж ахуй нэгж байгууллагуудаас авах хог тээврийн хураамжийн өр авлага 9 сая орчим байсныг барагдуулж тухайн оны нийт орлогын төлөвлөгөөг 100 хувь биелүүлж байсан. 2015 онд өөрийн хариуцсан аж ахуй нэгж байгууллагаас 3.234.920 төгрөгийн үлдэгдэлтэй байсан нь төсөвт байгууллагууд зардал байхгүй гэсэн шалтгаанаар өр авлага үүсгэсэн. Мөн тухайн онд нийт орлогын төлөвлөгөөг 98.9 хувиар биелүүлсэн. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр намайг орлогын төлөвлөгөөг тасалдуулсан гэх шалтгаанаар ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна.
******** газар нь тусгай зориулалтын шахдаг 6 ширхэг, өөрөө буулгагч Зил 130 машин 7 ширхэг, нийт 13 автомашинаар хог тээврийн үйлчилгээ үзүүлдэг.
Үүнээс хамгийн их даацтай буюу 9м3 хог ачдаг тусгай зориулалтын шахагч автомашин 4 сард, 1 рейсдээ 7.5 м3 хог хаягдал тээвэрлэдэг тусгай зориулалтын автомашин 6 сард тус тус эвдэрч бүрэн зогссон ба бусад автомашинуудад байнгын эвдрэл гэмтэл гарч, сэлбэгийн зардалгүй гэх шалтгаанаар машинуудыг засварлахгүй удсанаас аж ахуй нэгж байгууллагуудын хог хаягдлыг гэрээний дагуу татан зайлуулж чадаагүй. Дээрх шалтгаанаас болж аж ахуй нэгж байгууллагуудаас орох хог тээврийн хураамжийн орлого эрс багасч, аж ахуй нэгж байгууллагууд нь танай байгууллага гэрээнийхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэхгүй байна гэх шалтгаанаар тайлант хугацаанд төлбөрөө шилжүүлэхгүй асуудал үүссэн. 2016 оны хавар ногоон байгууламжийн ажилд өөрөө буулгагч автомашинуудыг их дайчилснаас гэр хороололд хог тээврийн үйлчилгээ үзүүлдэг автомашинууд айл өрхүүдээс графикийн дагуу хог ачилт хийгээгүйгээс гэр хороолол хариуцсан байцаагч нарын орлого багассан. Улс орны эдийн засгийн хямрал ард иргэдийн амьдралд хүндээр тусч хог тээврийн хураамжийн төлөлт урьд онуудтай харьцуулахад эрс багасах хандлагатай болсон.
Дээрх шалтгаануудаас 2016 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар нийт 328.000.000 төгрөгийн орлогын төлөвлөгөөтэйгээс 288.906.143 төгрөг буюу 88.8 хувийн биелэлттэй байна. Мөн миний хариуцсан аж ахуй нэгж байгууллагуудаас 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 83.300.000 төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс 77.000.000 төгрөг буюу 92.4 хувийн биелэлттэй байсан. Аж ахуй нэгж байгууллагын төлөвлөгөөг он дуусахад 100 хувьтай биелүүл гэж тухайн үед намайг хурлаар оруулж арга хэмжээ авах үед хэлж байсан.
******** дарга ******* нь 2016 оны 07 дугаар сарын 29-нд эргэж ажилдаа орсоноос хойш ажлаас халах элдэв шалтгаан хайж, ажил үүргээ гүйцэтгэж байх үед надаас шалтгаалахгүй зүйлүүдээр намайг буруутгах хандлагууд их ажиглагдаж байсан. 2016 оны 09 дүгээр сарын 26-нд үүрэг даалгавар биелүүлэхгүй байна гэх шалтгаанаар сануулах арга хэмжээ авсан. Шарилж устгалын үеэр энд тэнд овоолсон шарилжийг ачуул гэдэг үүрэг өгсөн. Машин тэрэгний хүрэлцээгүй үед явж байгаа автомашинуудыг өдөр өдөрт нь хуваарь хийн ажлаа төлөвлөн ажиллаж байхад хуваарьт ороогүй ачилт хий гэж үүрэг өгдөг. Тухайн үед нь ачих машин байхгүй дараагийн хуваарьт оруулсан байгаа гэхэд тайлбар тавилаа, үүрэг даалгавар биелүүлсэнгүй гэж арга хэмжээ авсан.
Би 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирэхэд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дахин хурлаар оруулж арга хэмжээ авах саналыг ******* дарга гаргасан. Тухайн хурал дээр хамт олны саналаар ажлаас халах шалтгаан байхгүй, арга хэмжээ авах шаардлагатай бол шат дараалсан арга хэмжээ болох цалингийн арга хэмжээ ав гэсэн санал гарсан боловч үл ойшоон 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас халах тушаал гаргасан. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүний нөөцийн менежер ******* надад ажлаас халсан тушаал танилцуулсан бөгөөд би Дорждэрэм даргатай уулзаж намайг үндэслэлгүйгээр хууль зөрчин ажлаас халж байна, хуулийн байгууллагад хандана гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажлаа хүлээлгэн өгч байгууллагатай тооцоо дуусган тушаалаа авахад надад танилцуулж байсан өмнө гарсан тушаалаа өөрчилсөн байсан. Анх гаргасан тушаалд аж ахуй нэгж байгууллагын төлөвлөгөөг 14.457.776 төгрөгөөр тасалдуулсан тул ажлаас хал гэсэн тушаал гарсан бөгөөд тус 14.457.776 төгрөгийн 9.664.200 төгрөг нь 2016 оны 10 дугаар сарын 25-нд аж ахуй нэгж байгууллагуудад тавьсан нэхэмжлэлийн дүн юм. Би ажиллаж байх хугацаандаа хариуцсан ажилдаа идэвхи зүтгэлтэй, үнэнч шударга байж хамт олныхоо дунд нэр хүнд сайтай ажиллаж байсныг миний хамт олон гэрчилнэ.
Иймд ажилд эгүүлэн тогтоогох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.*******г ахлах байцаагчийн ажлаас чөлөөлсөн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/108 тоот тушаал нь холбогдох хууль тогтоомжийг зөв хэрэглэсэн хууль зүйн үндэслэлтэй тушаал гарсан гэж үзэж байна.
1. Орлого төлөвлөгөөг тасалдуулсан талаар: М.******* нь 2016 онд өөрийн хариуцсан аж ахуй нэгж байгууллагаас нийт 92.117.020 төгрөгийн орлого цуглуулж төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байснаас 77.659.244 төгрөгийн орлого цуглуулж орлогын төлөвлөгөөг тасалдуулсан. М.******* өөрөө үүнийг хүлээн зөвшөөрсөн байна. Харин М.******* төлөвлөгөө тасалдуулсан шалтгааныг өөрөөсөө зайлуулж хог хаягдал тээвэрлэдэг тусгай зориулалтын автомашинуудыг эвдэрч зогссон гэж бичсэн нь үндэслэлгүй. Машинууд удаан хугацаагаар саатсан зүйл байхгүй. Төлөвлөгөө тасалдсан асуудал нь байцаагчийн ажлын хариуцлагатай шууд холбоотой, байцаагч нь харилцагч байгууллага хүмүүст цаг тухайд нь шаардлага тавьж, хог тээвэрлэсний хөлсийг цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс орлогын төлөвлөгөө тасалдсан болно. Энэ асуудлаар 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр инженер техникийн ажилчдын хурлаар хэлэлцэж М.*******д “орлогын төлөвлөгөө яагаад гаргаж өгөхгүй байгаа, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажилдаа сэтгэлгүй хандвал арга хэмжээ авч, хариуцлага тооцно шүү” гэж сануулсан боловч энэ дутагдал арилаагүй. 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн НААҮГ-ын инженер техникийн ажилтнуудын хурлаар мөн л орлогын төлөвлөгөө тасалдаж байгаа асуудлыг хэлэлцэж М.*******д сануулах арга хэмжээ авахаар шийдвэрлэсний дагуу 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр М.*******д сануулах арга хэмжээ авсан. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас 7-1920 тоот албан бичиг, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс 1125 тоот албан бичгүүд манай байгууллагын нэр дээр ирж 2016 онд төсөвт төвлөрүүлэх орлого, татварын орлогууд тасалдаж байгаа талаар шаардлага тавьсаны дагуу 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгууллагын инженер техникийн ажилтны хурлаар энэ асуудлыг дахин хэлэлцэж ахлах байцаагч М.*******д дахин хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авахаар шийдвэрлэсний дагуу байгууллагын дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд М.*******г Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3-т заасныг үндэслэл болгож ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан. Үүнээс гадна М.******* нь 2014 оны 11 дүгээр сард ахлах байцаагчийн ажилд орсоноос хойш аж ахуйн нэгжүүдээс сар тутам хураадаг хог тээвэрлэлтийн хураамжийг Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 76 тоот тогтоолоор баталсан хэмжээ 41.000 төгрөгөөр тогтоосон байсныг байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүй дур мэдэн багасгаж 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сар тутам 25.000 төгрөг хураадаг болгон өөрчилж байгууллагын төсөвт төлөх орлогыг багасгаж ажлын хариуцлага алдсан. *******д сануулах арга хэмжээ авсаны дараа орлогын төлөвлөгөөний тасалдал хэвээр үргэлжилсээр байсан бөгөөд М.******* нь төлөвлөгөө биелүүлэх талаар дорвитой арга хэмжээ авч ажиллахгүй байсан болно.
2. Баг хариуцсан байцаагч нарын орлогын төлөвлөгөөнд тавих хяналтыг сулруулсан талаар: М.******* нь ахлах байцаагчийн хувьд баг хариуцсан байцаагч нарын ажилд хяналт тавьж ажиллах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хангалтгүй биелүүлж ирсэнээс зарим багийн засаг дарга, цэцэрлэгийн захиргаанаас манай байгууллагад хандан гомдол шаардлага ирэх болсон. Үүнээс гадна баг хариуцсан байцаагч нартай ёс зүйгүй харьцдаг, хэл амаар доромжилдог, биеэ тоож өөрийгөө дөвийлгөдөг, хороолол, баг хариуцсан байцаагч нарыг ялгаварлан хандаж, хамт олны дунд хагарал үүсгэдэг, хамт олныг удирдах чадвар байхгүй талаар баг хариуцсан байцаагч , , , , , нар НААҮГ-ын даргад хандаж М.*******тай хамтран ажиллах боломжгүй байгаа, энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч гомдол гаргаж байсныг тухайн үед ажиллаж байсан удирдлага шийдвэрлээгүй орхигдуулсан байсан.
3. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй талаар: Ахлах байцаагч М.******* нь орлогын төлөвлөгөөг цаг тухайд нь биелүүлэх талаар удирдлагаас болон инженер техникийн ажилчдын удаа дараагийн хурлаар хэлэлцэж өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүйгээс гадна 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн захирагчийн албаны 03/193 тоот албан бичгээр НААҮГ-ын ирүүлсэн “Нийтийн цэвэрлэгээний ажил, багуудаас ирэх дуудлагыг зөв зохион байгуулж, шуурхай ачин зайлуулж цэвэрлэгээний тайланг 2016 оны 10 дугаар сарын 03-ны дотор ирүүлнэ үү” гэсэн үүргийг тохижилтын инженер , М.*******д даалган цохолт хийснийг цаг тухайд нь биелүүлээгүй буюу цэвэрлэгээний ажлын тайланг Захирагчийн албаны заасан хугацаанд гаргаж өгөөгүй ажлын хариуцлага алдсан. М.******* нь удирдлагын зүгээс ажлын шаардлага тавихад өөрийгөө өмөөрөх, хяхаж хавчиж байна гэж үзэж хамт олны дунд таагүй уур амьсгал бий болгох зэргээр зохисгүй харьцаа бий болгодог нь өөрийнх нь бичсэн нэхэмжлэлээс харагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.******* нь Дархан-Уул аймгийн ******** газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/108 дугаартай “Ажлаас халах тухай” тушаалыг эс зөвшөөрч, Дархан-Уул аймгийн ******** газрын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Дархан-Уул аймгийн ******** газар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” учраас ажлаас халсан нь хууль зөрчөөгүй гэж маргана.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч Дархан-Уул аймгийн ******** газрын дарга ******* нь нэхэмжлэгч М.*******г ахлах байцаагчийн ажлаас халахдаа 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/108 дугаар бүхий дараах хоёр тушаалыг гаргасан байна.
1. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Байгууллагын дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.4 “в”, “е”, 11.2.3, Хөдөлмөрийн гэрээний 6.3-т заасныг тус тус баримтлан “Ахлах байцаагч Мягмар овогтой ******* нь өөрийн хариуцсан аж, ахуй нэгжийн орлогын төлөвлөгөөг тасалдуулсан, баг хариуцсан байцаагч нарын орлогын төлөвлөгөөнд тавих хяналтыг сулруулсан, удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй” гэх үндэслэл тодорхойлсон. /хх 5/
2. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Байгууллагын Дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.4 “в”, “е”, 11.2.3, Хөдөлмөрийн гэрээний 6.3-т заасныг тус тус баримтлан “Ахлах байцаагч Мягмар овогтой ******* нь 2016 оны 10 сарын байдлаар өөрийн хариуцсан аж ахуй нэгжийн орлогын төлөвлөгөөг 14.457.776 төгрөгөөр тасалдуулсан“ гэх үндэслэл тодорхойлсон. /хх 6/
Хариуцагч талаас нэхэмжлэгч М.******* нь орлогын төлөвлөгөөг биелүүлээгүй, баг хариуцсан байцаагч нарын орлогын төлөвлөгөөнд тавих хяналтыг сулруулсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй зэрэг сахилгын зөрчлүүдийг гаргасан тул ажлаас халсан гэж мэтгэлцэж байна.
Шүүх дараах байдлаар дүгнэв.
Орлогын төлөвлөгөөг биелүүлээгүй гэх зөрчлийн талаар:
Хариуцагч талаас Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 7-1920 дугаартай “2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар төлөвлөгөөгөөр 328.0 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй боловч гүйцэтгэлээр 273.9 сая төгрөг буюу 83.5 хувийн биелэлттэй байна. Иймд орон нутгийн төсвийн бүрдүүлэлтийг хангаж ажиллахыг мэдэгдье” гэх албан бичиг /хх 30/, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1125 дугаартай “2016 оны тухайн төрлийн эхний 10 сарын төлөвлөгөө болох 355.2 сая төгрөгийн гүйцэтгэлийн тасалдал 71.8 сая төгрөгийн татварын орлогыг төсвийн зардлууд хүлээгдэж байгаатай холбогдуулан батлагдсан сардаа багтаан төвлөрүүлж ажиллахыг мэдэгдье” гэх албан бичиг /хх 28/, хурлын тэмдэглэл /хх 50-59, 85-86/, Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаартай “Дархан суманд мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоол, хавсралтын хамт /хх 39-43/, павилонуудын хог тээврийн мөнгө төлсөн жагсаалт /хх 44-49/, ахлах байцаагчийн 2016 оны 1-10 сарын орлогын гүйцэтгэл /хх 38/ зэрэг нотлох баримтаар ахлах байцаагч М.******* нь орлогын төлөвлөгөөг биелүүлээгүй зөрчил гаргасан нь нотлогдоно гэж тайлбарладаг болно.
Харин нэхэмжлэгч М.******* “хог хаягдал тээвэрлэдэг тусгай зориулалтын автомашинууд эвдрэл гарсан, сэлбэгийн зардалгүй гэх шалтгаанаар байгууллагуудаас хог хаягдлыг гэрээний дагуу татан зайлуулж чадаагүй, улс орны эдийн засгийн хямрал аж ахуй нэгж, ард иргэдийн амьдралд хүндээр туссан, аж ахуй нэгжүүдэд цалингаас өөр зардал тавигдаагүй тул хог, тээврийн хураамжийн төлөлт урьд онуудтай харьцуулахад эрс багассан” гэж тайлбарладаг.
Талуудын тайлбар болон дээрх нотлох баримтаас орлогын төлөвлөгөө биелүүлээгүй байдал тогтоогдож байгаа боловч энэ нь зөвхөн ахлах байцаагч М.*******гийн гэм буруугаас шалтгаалсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд ахлах байцаагч М.*******г орлогын төлөвлөгөө биелүүлээгүй гэх асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд орлогын төлөвлөгөө биелүүлээгүй шалтгааныг эдийн засагч , цахилгааны инженер нар “Машин доголдолтой байсан. Ногоон байгууламж дээр машин их явсан. Мөн багийн байцаагч нарын орлого нөлөөлсөн”, нийгмийн ажилтан Б.Отгонсайханы “Хог хаягдлын машин эвдрэлтэй байгаа. Мөн эдийн засаг, нийгмийн асуудал нөлөөлсөн байх, он гартал зорилго төлөвлөгөө гаргаад ажиллана байх”, хүний нөөцийн ажилтан *******гийн “хийж байгаа ажлууд бүгд хоорондоо уялдаа холбоотой. Хамааралтай улсуудтай нь тайлан гаргуулж өмнөх орлого, машины эвдрэл, өнөө жилийн эдийн засаг ямар байгаатай нь холбож цаасан дээр буулгаж тайлбар авах хэрэгтэй... М.******* цаана байгаа учраа сайн хэлэх хэрэгтэй”, ЗТ мастер “жилийн эцэс болох учраас төлөвлөгөө биелэх байх, цаашид сайн ажиллах байхаа” гэж тус тус хэлэлцсэн байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзлээ. /хх 54-59/
Мөн тухайн төлөвлөгөөний хугацаа буюу он дуусаагүй байхад ажилтанг ажлаас халсан тул орлогын төлөвлөгөөг биелүүлээгүй гэж үзэх нь учир дутагдалтай байна.
Түүнчлэн нэхэмжлэгч М.*******г павилонуудын хог хаягдлын үйлчилгээний хураамж 41.000 төгрөгөөр батлагдсан байхад байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүй 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сар тутам 25.000 төгрөг хураасан зөрчил гаргасан нь орлогын төлөвлөгөөнд нөлөөлсөн гэж тайлбарладаг.
Гэтэл хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчийн 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаартай “Дархан суманд мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолд /хх 39-43/ дээрх төрлийн хог хаягдлын хураамжийг 41.000 төгрөгөөр тогтоосон нь нотлогдохгүй байна.
Мөн павилионд үйл ажиллагаа эрхлэгчдээс 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн НААҮГ-ын захиргаанд хог хаягдлын хураамжийн хэмжээг өөрчлөх талаар хүсэлт /хх 68-70/ гаргасан байхад хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаагаас гадна ахлах байцаагч М.*******г 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хог хаягдлын хураамжийн хэмжээг дур мэдэн багасгасан зөрчил гаргасан гэж үзвэл энэ зөрчлийг гаргаснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн байна.
Иймд М.******* нь “хог хаягдлын хураамжийн хэмжээг дур мэдэн багасгаснаар орлогын төлөвлөгөө биелүүлээгүй” гэх зөрчил гаргасан нь нотлогдохгүй байгаагийн гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлсэнээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан тул сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдохгүй байна.
Баг хариуцсан байцаагч нарын орлогын төлөвлөгөөнд тавих хяналтыг сулруулсан гэх зөрчлийн талаар:
Хариуцагч ******** газраас нэхэмжлэгч М.******* нь дээрх сахилгын зөрчлийг гаргасан нь багийн байцаагч , , , , , нараас 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан “ахлах байцаагч М.******* нь ёс суртахууны зүй бус харьцаатай ялгаварлан гадуурхдаг, хэл амаар доромжилдог... ” гэх гомдол /хх 25/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 65 дугаартай “Тус багийн нутаг дэвсгэр дээрх айл өрхийн ахуйн хэрэглээний хог хаягдлыг тогтмол ачихгүй дутуу ачдаг, 7 хоног өнжөөд ачиж байгаагаас хогийн пункер нь өмхийрсэн, хогоор дүүрсэн асуудлаар иргэдээс удаа дараа гомдол ирж байгаа тул хог хаягдлыг бүрэн татан зайлуулахад анхаарч ажиллахыг хүсье” гэсэн албан бичиг /хх 32/, 13 дугаар цэцэрлэгийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хог хаягдлын хураамжийг зөвшөөрөхгүй гэх гомдол /хх 26/ зэрэг нотлох баримтаар нотлогдоно гэж тайлбарладаг.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаас үзэхэд нэр бүхий багийн байцаагч нар ахлах байцаагч М.*******гийн талаар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гомдол гаргасан байхад шийдвэрлээгүй атлаа 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажилтанг ажлаас халах үндэслэл болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлсэнээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасантай нийцэхгүй байна. Иймээс хэрэгт авагдсан гэрч , нарын мэдүүлгийг хэрэгт ач холбогдолгүй гэж үнэллээ. /хх 76, 79/
Мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан гомдлыг НААҮГ-ын инженер техникийн ажилчдын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хурлаар хэлэлцсэн /хх 50/ байх бөгөөд нь уг гомдлыг үндэслэн ажилтан М.*******д сануулах сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гарсаны дагуу НААҮГ-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Б/95 дугаар тушаалаар түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т “сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж заасан тул уг зөрчлийг үндэслэн ажилтанг ажлаас халах нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Түүнчлэн 13 дугаар цэцэрлэгээс гаргасан гэх гомдол нь ажилтанг ажлаас халсаны дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан, албан ёсны хэвлэмэл хуудас, тамга тэмдэг дарагдаагүй байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үнэллээ.
3. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй гэх зөрчлийн талаар:
Ахлах байцаагч М.******* нь тохижилтын инженер аас өгсөн “Дархан-Уул аймгийн захирагчийн албаны 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 03/193 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Нийтийн цэвэрлэгээний ажил, багуудаас ирэх дуудлагыг зөв зохион байгуулж, шуурхай ачин зайлуулж цэвэрлэгээний тайланг 2016 оны 10 дугаар сарын 03-ны дотор ирүүлнэ үү” гэсэн” /хх 34-37/ үүрэг даалгаврыг биелүүлээгүй болох нь Дархан-Уул аймгийн Захирагчийн албаны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03/263 дугаартай албан бичиг болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх 84/
Нэхэмжлэгч М.******* нь Хөдөлмөрийн дотоод журмын 11.в-д зааснаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байх бөгөөд эдгээр зөрчил нь тус тусдаа тогтоогдсон байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтад нийцнэ.
Түүнчлэн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх ба тухайн ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлсэнээс хойш нэг сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулах, мөн сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй юм.
Иймд Дархан-Уул аймгийн ******** газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/108 дугаар тушаалд тодорхойлсон зөрчлүүдээс “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй” гэх зөрчлөөс бусад нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Мөн түүнчлэн хариуцагч Дархан-Уул аймгийн ******** газрын дарга ажилтан М.*******г ажлаас халахдаа хоёр өөр тушаал гаргасан байх бөгөөд ингэхдээ гэрч мэдүүлэг /хх 94/, хурлын тэмдэглэл /хх 87/, тушаал төлөвлөсөн гар бичвэр /хх 83/ зэргийг нотлох баримтаар гаргаж “төлөвлөсөн тушаалаас өөр тушаал гаргасныг уншаагүй гарын үсэг зурсан. Техникийн алдаа гарсан” гэж тайлбарлаж байгаа боловч алдаатай гэх тушаалаа хүчингүй болгоогүй тул дээрх тушаалууд хүчинтэй гэж үзэхээр байна.
Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.
Гэтэл хариуцагч өөр үндэслэл бүхий хоёр тушаалаар ажилтанг ажлаас халсаныг “ажил олгогч тушаалаа уншаагүй гарын үсэг нь техникийн алдаа юм” гэж зөвтгөх үндэслэл болохгүй гэж үзлээ.
Иймээс нэхэмжлэгч М.*******г Дархан-Уул аймгийн Нийтийн ах ахуй үйлчилгээний газрын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Дархан-Уул аймгийн ******** газарт нэхэмжлэгч М.*******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дээр дурдсан цалин олговроос нөхөн бичилт хийхийг даалгав.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор олгохоор заасан.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 751.146 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.*******г Дархан-Уул аймгийн Нийтийн ах ахуй үйлчилгээний газрын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймгийн Нийтийн ах ахуй үйлчилгээний газраас 751.146 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.*******д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Дархан-Уул аймгийн Нийтийн ах ахуй үйлчилгээний газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.******* нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Нийтийн ах ахуй үйлчилгээний газраас улсын тэмдэгтийн хураамжид нийт 22.580 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ