Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 38

 

Д.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                                                           Хэргийн индекс 132/2017/0118/Э

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                                   Ц.Гэрэлбаатар

         Шүүгдэгч                                                    Д.О

         Нарийн бичгийн дарга                              С.Гончигбал нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолтой Д.О-д холбогдох 201706000149 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.О-ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, И овогт Д-ын О.

 

Шүүгдэгч Д.О нь 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сум хөгжүүлэх сангийн данснаас 10 сая төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн данснаас 10 сая төгрөгийн хөрөнгө завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор:

И овогт Д-ын О-ийг хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оийг 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ийг 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, 

        

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О- нь 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, 

 

Шүүгдэгч Д.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

         

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.О давж заалдах гомдолдоо:

“... Миний бие тухайн гэмт хэргийг үйлдэж бусдад хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан бөгөөд хохирогч Б.Э нь "хохирол төлбөр төлөгдсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй" гэж мэдүүлсэн болно.

  Мөн түүнчлэн би үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруугаа ухамсарлаж, дахин ийм үйлдэл хийхгүй гэдгээ мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд удаа дараа мэдүүлсээр ирсэн. Би энэ гэмт хэргийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

     Гэвч шүүх надад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэсэн боловч 500 цагийн албадан ажил нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэнд гомдолтой байна.

 Миний гэм буруугаа хүлээж анх удаа гэмт хэрэг үйлдэж бусдад учирсан хохирлыг арилгасан нөхцөл байдлыг харгалзан үзэж ял хөнгөрүүлэн өгөхийг хүсч байна…” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ: “… Анхан шатны шүүх шүүгдэгчид тохирсон ял шийтгэл оногдуулсан учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна…” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзвэл:

 

Шүүгдэгч Д.О нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газарт төсөв төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сум Хөгжүүлэх Сангийн данснаас нөхөр Л.Г-ын нэрээр зээл хэмээн ХААН банкны 5274023097 тоот өөрийн харилцах данс руугаа 10.000.000 төгрөг шилжүүлсэн, мөн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын Төрийн сангийн данснаас залруулга гэж 10.000.000 төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн данс руу шилжүүлэн зарлагын гүйлгээ хийж, нийт 20.000.000 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий болжээ.

 

Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Харин шүүгдэгч Д.О нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, түүний хувийн болон ар гэрийн байдал зэргийг харгалзан зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Д.О-ийн гаргасан “…оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү…” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын

…500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх… гэснийг …3.000 /гурван мянга/ нэгж буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох… гэж,

- тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг …Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Д.О-д оногдуулсан 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай… гэж,

 

- тогтоох хэсгийн 4 дүгээр заалтыг …Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй… гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

     2. Шүүгдэгч Д.О-ийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

 

               ШҮҮГЧИД                                                    Ц.ТУЯА       

     

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ё.БЯМБАЦЭРЭН