Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2020/0801/з |
Дугаар | 221/МА2021/0438 |
Огноо | 2021-08-18 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2021/0438
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, О.И нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 299 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын болон хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уур уурхайн кадастрын хэлтсийн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуучлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 299 дүгээр шийдвэрээр: ” Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/14 дүгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 324 дүгээр тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрийн “А” ХХК-ийн “Торомхон” нэртэй МV-014917, Шанд-1 нэртэй МV-020529 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцлах хэсгүүдийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Ямаан усны хяр нэртэй MV-017452 дугаартай зөвшөөрлийг цуцлах хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчээс зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12ны өдрийн 299 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Ямаан усны хяр нэртэй MV-017452 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... ажлын хэсэг “А” ХХК-ийн MV-020529, MV-014917, MV-017452 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэлийг газар дээр нь тулган үзэж уулын ажлын төлөвлөгөө, хайгуулын ажлын төлөвлөгөөнд заагаагүй их хэмжээний газар буюу уулын салаа ам болгоныг дур мэдэн ухаж шүүрдсэн, олборлосон элсийг усаар угаан баяжуулж байгаль орчинд хортой нөлөөлсөн гэж дүгнэж, Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны А/1277 тоот захирамжаар байгуулагдсан ... Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэсэн ... дүгнэлт болон ... учруулсан хохирлын тооцооллыг “Мөнгөн марал” ХХК-аар гүйцэтгүүлж ... сонсох ажиллагааг явуулжээ” гэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан ... хуулийн зохицуулалтын дагуу маргаан бүхий дүгнэлтийг гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь нутгийн захиргааны байгууллагын бичгээр гаргасан саналд үндэслэн бодит нөхцөл, байдалтай очиж танилцан, ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх үүргийг хүлээнэ. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ганц гишүүн буюу Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Уул уурхайн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б л талбайтай очиж танилцсан болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын томилолтын удирдамж, 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн илтгэх хуудас, “А” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдох асуудлыг хэлэлцсэн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргээр нотлогдоно. Зүй нь Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ажлын хэсгийн гишүүд тус бүр бодит нөхцөл байдалтай очиж танилцан, цуцлах үндэслэлийн үндэслэлийн талаарх өөр өөрсдийн итгэл, үнэмшлээр дүгнэлт гаргахад саналаа өгөх ёстой байтал зөвхөн Б.Б-ийн саналд үндэслэн ажлын хэсгээс дүгнэлт гаргасанд нь нэхэмжлэгч талаас гомдолтой байгаа болно. Тодруулбал, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Уул уурхайн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б-ийн 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн илтгэх хуудсын дүгнэлт хэсгийн 4 дэх заалтад “... ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах дүгнэлт гаргах нь зүйтэй”, “А” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдох асуудлыг хэлэлцсэн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлд тусгагдсан Б.Б-ийн гаргаж буй санал зэргээс үзэхэд ажлын хэсгийн гишүүд нь манай компанийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлах саналын талаарх ойлголтыг бүрэн гүйцэд аваагүй болох нь тодорхой харагдаж байна. Түүнчлэн, “А” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдох асуудлыг хэлэлцсэн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлд Э.Э нь “... тус компанийн газар дээр очиж байх үед энэ доод хэсэг дээр нинжа байсан”, Б.Б “... Бид нарыг очиход нинжа таарсан. Тэгээд сумын байцаагчид нь шилжүүлсэн ... тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийнхөө талбайн бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүрэгтэй. Гэтэл нинжа оруулчхаад тэрийг мэдэгдэхгүй, мэдэгдсэн болоод, газраа эвдлүүлчхээд” гэх саналуудыг хэлсэн ба бусдын гэм буруутай хууль бус үйлдлийг манай компанийг хариуцах ёстой мэтээр маргаан бүхий дүгнэлтийг гаргасан нь бусдын гэм бурууг халдаан хэрэглэж болохгүй гэсэн зарчмыг ноцтой зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, уулын ажлын болон хайгуулын ажлын төлөвлөгөөнөөс гадуурх үйл ажиллагааг манай компаниас явуулаагүй ба харин ч хууль бусаар алт олборлогч нараас талбайгаа хамгаалж, техник хэрэгсэл оруулахгүйн тулд чулуугаар хаалт тавьж байсан болно. Шүүхийн шийдвэрт дурдагдаж буй маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн дүгнэлт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэсэн дүгнэлтүүд болон хохирол үнэлсэн үнэлгээ зэрэг баримт бичгүүд нь уулын ажлын болон хайгуулын ажлын төлөвлөгөөнөөс гадуур үйл ажиллагаа явуулсан бусдын үйл ажиллагаанд тулгуурласан ба манай байгууллагад гэм бурууг нь тохоож, баримтад үндэслээгүй байгааг шүүх огт анхаарч үзээгүйд нь гомдолтой байна. Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.5-д зааснаар нутгийн захиргааны байгууллага Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал гаргахад болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цуцлах дүгнэлт гаргахад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж зөрчигдөж буй “А” ХХК-д сонсох ажиллагаа явуулж, тайлбар, санал гаргах боломжийг хангаагүй болно. Шүүхийн шийдвэрт “... Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийг хүлээн авах ажлын хэсэг нь ... 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг газар дээр нь үзэж, найман бүрэлдэхүүн ажлыг 50.58 хувьтай хангалтгүй хэрэгжүүлсэн ... 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дахин ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн найман бүрэлдэхүүн ажлыг 62,28 хувьтай хангалтай хэрэгжүүлсэн” гэж дүгнэжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 4.9-д “Ажлын хэсэг тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг газар дээр нь шалгаж, дүгнэх ажлыг 11 дүгээр сарын 30-ны дотор зохион байгуулж, зөвхөн батлагдсан төлөвлөгөөнд тусгасан ажлуудын гүйцэтгэлд үндэслэн төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төлөөллийг байлцуулан, энэхүү журмын 4-р хавсралтад заасны дагуу арга хэмжээний чиглэл тус бүрээр оноогоор тооцож, биелэлтийг нь нэгтгэн гаргаж, газар дээр нь баталгаажуулан гарын үсэг зурж, төсөл хэрэгжүүлэгчид 1 хувийг хадгалуулна”, 4.11-т “Уул уурхайн төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг тухайн төсөл хэрэгжүүлэгчийн төлөөллийг байлцуулан хянаж, баталгаажуулсан дүгнэлтээ жил бүрийн 12 дугаар сарын 30-ны дотор байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ”, 4.13-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг энэ журмын 4.1-т заасан хугацаанд байгуулж ажиллуулаагүй, ажлын хэсэг газар дээр нь ажиллаж нэгдсэн дүгнэлтээ энэ журмын 4.9-т заасан хугацаанд гаргаж ирүүлээгүй бол байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын тухайн асуудлыг хариуцсан нэгж ажлын хэсэг томилон дүгнэнэ. Энэ тухай холбогдох аймаг, нийслэлийн байгаль орчны газарт албан бичгээр мэдэгдэнэ”, 4.15-д “Төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт 90 оноо хүрээгүй буюу, хангалтгүй гэж дүгнэгдсэн бол хангалтгүй хийгдсэн ажлыг дараа оны эхний улиралд багтаан гүйцэтгэсэн тохиолдолд дүгнэлтийг дахин гаргуулна. Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан нөхөн сэргээлтийн ажлыг дутуу хийсэн бол үүнд хамаарахгүй” гэж тус тус заасан байна. Нэхэмжлэгч талаас “... Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны А/1277 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ямаан усны хяр талбайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг газар дээр нь очиж үнэлж дүгнэсэн байх ба уг дүгнэлтийг дээрх журмын 4.9-т заасан хугацаанд гаргаагүй тул байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас тухайн асуудал дээр дахин үнэлж дүгнэх ёстой” гэсэн агуулгаар маргасан боловч шүүхээс уг маргаж буй асуудлаар огт дүгнэлт өгөөгүй нь учир дутагдалтай. Хавтаст хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн баримтууд буюу нутгийн захиргааны байгууллагаас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн саналд дээрх баримтуудыг хавсаргаж хүргүүлээгүй байгааг анхан шатны шүүх огт анхаарч үзээгүй байна. Мөн дээрх байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэсэн дүгнэлт нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тайлагнагдах ёстой ба яамнаас хугацаа хэтрүүлэн дүгнэсэн дүгнэлттэй холбогдуулан дахин ажлын хэсэг гаргаж дүгнэх үүргээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой болсон. Манай байгууллагаас шат шатандаа гаргасан гомдолдоо байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэсэн шийдвэрт гомдож байгаа талаар дурдсан байхад шүүх уг асуудлаар маргаагүй гэж шүүхийн хэлэлцүүлгийн явцад үзсэнд нь гомдолтой байна. Дахин үнэлүүлэх дүгнэлтийг дараа оны эхний улиралд буюу 2020 оны 03 дугаар сарын дотор гаргах ёстой байтал мөн л 2020 оны 04 дүгээр сард хугацаа хэтрүүлэн дүгнэж, уг асуудлаар дахин үнэлэхдээ дутуу үнэлэгдэж буй асуудлыг шат шатандаа тавьж ирсээр байтал огт авч хэлэлцэж дүгнээгүй. Нөгөөтээгүүр “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 4.15-д “...Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан нөхөн сэргээлтийн ажлыг дутуу хийсэн бол үүнд хамаарахгүй” гэж зааснаас үзэхэд манай байгууллагаас хийсэн нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн гүйцэд хийгдсэн гэж үзэж дахин үнэлсэн атлаа үнэлгээг дутуу байгааг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзнэ үү. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.8-д “байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, 38.3-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол сум, дүүргийн Засаг дарга, энэ хуулийн 38.1.8-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна” гэж тус тус заасны дагуу манай байгууллагаас тус мөнгөн хөрөнгийг сум, орон нутагт шилжүүлэн өгсөн. Үнэхээр л манай бүрэн гүйцэд хийж дуусгасан нөхөн сэргээлтийн ажлыг дутуу хийсэн гэж үзэж байгаа тохиолдолд дээрх хөрөнгөөс шаардагдах хөрөнгийг гаргуулан нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх эрх нь хууль тогтоомжоор нээлттэй байтал хууль бусаар үнэлсэн асуудлыг үүргээ биелүүлээгүй гэж үзэж цуцлах дүгнэлт гаргасанд нь гомдолтой байна. Сум, орон нутгийн зүгээс гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагыг хавчин гадуурхах, хариуцлагатай уул уурхайг буруушааж, баялагтаа эзэн гэж бусдад итгүүлэн хууль бусаар алт олборлогч нарыг өөгшүүлэн байгаль орчныг эвдэн сүйтгэж байгаа явдалтай манай компанийн зүгээс эвлэрч, хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй. Шүүхийн шийдвэрт “... Тухайн газрын хөрсний экологи-эдийн засгийн хохирол, ургамлын экологи-эдийн засгийн хохирол, техникийн нөхөн сэргээлт болон болон биологийн нөхөн сэргээлт, мониторингийн зардлыг тооцож нийт хохирлын үнэлгээг тооцож 243,526,583 төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон байна” гэжээ. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Тусгай зөвшөөрлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн 3-аас доошгүй жилийн хугацаагаар олгоно”, 22.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигчид гэрчилгээ, тэмдэг олгох бөгөөд гэрчилгээ, тэмдгийн загварыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж тус тус заасан. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2013 оны А/ тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт нь “Мөнгөн мapaл” ХХК-ийн үнэлгээнд тулгуурласан байх ба уг хохирлын үнэлгээг гаргасан “Мөнгөн марал” ХХК хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхой бус байна. Түүнчлэн уг хохирлын үнэлгээний талаарх мэдээллийг манай компанид урьд өмнө нь от өгч байгаагүй ба манай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах дүгнэлт гарсны дараагаар энэ талаарх баримтыг шаардаж авсан нь хэрэгт авагдсан болно. Хавтаст хэрэгт авагдсан - Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 26-ны . өдрийн А/402 тушаалын 1-р хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлэхэд мөрдөх журам”-ын 1 дэх хэсэгт “... сум, дүүргийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга нар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа Аймаг, нийслэлийн Засаг даргаар дамжуулж ирүүлнэ” гэж зааснаас үзэхэд байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллага өөрөө нотлох үүргээ хүлээнэ”, 2 дахь хэсгийн 2.1.3 дахь заалтад “Байгаль орчинд хортой нөлөөлж байгаль орчныг бохирдуулж, доройтуулсан бол эрх бүхий мэргэжлийн байгууллагаар байгаль орчинд учруулсан хохирлыг тооцуулж, холбогдох дүгнэлтийг гаргуулж, хэмжилт, шинжилгээний дүн, фото зураг, агаарын ортофото зураг, дүрс бичлэгээр баримтжуулан тогтоосон байх”, 2 дахь хэсгийн 2.1.7 дахь заалт “Тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал бүхий албан бичиг, материалыг төрийн захиргааны байгууллагад хүргүүлж байгааг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдсэн тухай тэмдэглэл бусад нотлох баримт”, 2 дахь хэсгийн 2.1.8 дахь заалт “Хууль ёсны эрх ашиг, сонирхол нь хөндөгдөж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэл”, 3 дахь хэсэгт “... энэхүү журмын 2 дугаар зүйлд заасан холбогдох бичиг баримт, материалыг хавсаргасан аймаг, нийслэлийн Засаг даргын санал бүхий албан бичгийг ирүүлэхдээ нотлох баримтын шаардлага хангаагүй, хууль зүйн үндэслэлгүй, бүрдүүлбэрийг хангаагүй тохиолдолд БОАЖЯ хүлээж авч шийдвэрлэхгүй бөгөөд тухайн саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад буцаан хүргүүлнэ” гэж заасныг, - Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/402 тушаалын 2-р хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хэлэлцэж дүгнэлт гаргах журам”-ын 3.1 дэх заалт “... цуцлуулах санал хүсэлт, баримт бичиг нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хууль зүйн үндэслэлгүй ... бүрдүүлбэр баримт бичгийг буцаан хүргүүлнэ”, 3.2 дахь заалт “... нотлох баримтын шаардлага хангасан, хууль зүйн үндэслэлтэй ... байгаль орчинд хортой нөлөөлж байгааг хэмжилт шинжилгээний дүнгээр баталгаажуулсан нь нотлох баримтаар тогтоогдож байвал тухайн асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлтийг гаргаж” гэж заасныг нутгийн захиргааны байгууллага огт биелүүлээгүй буюу манай компанид байгаль орчин аялал жуулчлалын яаманд санал гаргахаас өмнө холбогдох баримт бичгийг танилцуулаагүй, санал гаргаж байгаа талаарх сонсох ажиллагаа явуулаагүй зэрэг саналыг буцаах зөрчил гаргасан талаар шүүх хуралдаанд мэтгэлцсэн боловч үүнийг няцаасан үндэслэлийг анхан шатны шүүх дурдаагүй байна. Шүүхийн шийдвэрт “... Хэрэгт авагдсан баримтаас үзвэл тусгай зөвшөөрөл цуцлуулах дүгнэлт гаргасан ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь ажлын хэсгийн ахлагч нь Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, гишүүд нь Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын БОГУУХГ-ын улсын ахлах байцаагч, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, Алтан өвөр говийн сав газрын захиргааны мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020/14 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба харин Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын алба хаагчдын хөдөө орон нутагт ажиллах томилолтын удирдамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаагүй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс ажлын хэсгийн бүтэц бүрэлдэхүүн хууль бус байгаа талаар мэтгэлцсэн боловч даргалагчаас хэлбэрийн төдий зүйл дээр маргалаа хэмээн яриаг таслан зогсоосон. Гэтэл шүүх өөрөө ажлын хэсгийн бүтэц, бүрэлдэхүүнийг хууль бусаар нотлох баримтад тулгуурлалгүйгээр дээрх байдлаар дүгнэсэн нь гайхшрал төрүүлж байгаа ба хэргийн бодит байдал, хавтаст хэрэгт авагдсан баримтуудтай бүрэн гүйцэд танилцаагүй юм байна гэж үзэх хардлагыг төрүүлж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/402 тушаалын 2-р хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хэлэлцэж дүгнэлт гаргах журам”-ын 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг сайдын тушаалаар байгуулах бөгөөд ажлын хэсгийн дарга, гишүүд, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нараас бүрдсэн сондгой тооны бүрэлдэхүүнтэй байна”, 2.3 дахь заалт “Ажлын хэсгийн ахлагч нь Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн бодлогын асуудал хариуцсан газрын дарга байх бөгөөд гишүүдэд Хуулийн асуудал хариуцсан нэгжийн дарга, Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын асуудал хариуцсан нэгжийн дарга Уул уурхайн ашиглалтаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, орчны доройтлыг бууруулах бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн, Ойн болон усны бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн тус тус байна” гэж заасан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт Хуулийн асуудал хариуцсан нэгжийн дарга, Уул уурхайн ашиглалтаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, орчны доройтлыг бууруулах бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн, Ойн болон усны бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалууд огт багтаагүй байгаа ба дээрх журмын зохицуулалтад нийцүүлэн ажлын хэсгийн гишүүдийг шинэ тушаалаар шинэчлэн байгуулах үүргээ биелүүлээгүй байна. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаагүй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хуулийн хэлтсийн дарга Д.Хэрлэнчимэг нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлтэд цуцлуулах санал гаргаж байгааг манай компани хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Цаашилбал А/425 тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн бүтэц бүрэлдэхүүнд багтан ажилласан дарга гишүүдийн мэргэжлийн ур чадвар, эзэмшсэн мэргэжил нь уд дүгнэлтийг гаргахад чадамжтай эсэх талаар хүсэлт гаргасан боловч шүүх энэ талаарх нотлох баримтыг цуглуулаагүй нь учир дутагдалтай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 121 дүгээр зүйлийн 121.3.4-д “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэж заасны дагуу шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж чадаагүй гэж үзэж байна. Учир нь шүүхийн шийдвэр болон маргаан бүхий ажлын хэсгийн дүгнэлтэд дурдагдаж буй “М” ХХК-ийн хохирлын үнэлгээ, “А” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулиар торгосон гэх шийтгэлийн хуудас гэх мэт баримтууд нь нотлох баримтын хуульд заасан шаардлагыг хангалгүйгээр хэрэгт авагдсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-т “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 09 тоот тогтоолын 6-д “Хуулийн ... 56 дугаар зүйлийн 56.2, 56.4 ... заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж тус тус заасан. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 324 дүгээр тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай шийдвэрийг гаргахаас өмнө манай байгууллагад цуцлах үндэслэл бүрдсэн талаар огт мэдэгдэж байгаагүй ба тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасныг зөрчиж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2020 оны 324 дүгээр тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасанд нь нэхэмжлэгч талаас гомдолтой байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргад ч гэсэн бодит нөхцөл байдлыг тогтоох, дүгнэлттэй холбогдуулан нотлох баримт цуглуулан хуульд нийцсэн ажиллагаа явуулах эрх, үүрэг нь хууль тогтоомжоор нээлттэй байтал уг үүргээ хэрэгжүүлээгүй нь хууль бус гэж үзэх үндэслэл болно. Нөгөөтээгүүр Ашигт малтмал, газрын тосны газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн дүгнэлт, түүнд хавсаргасан баримтууд нь хуульд нийцээгүй тохиолдолд цуцлахгүй байх ч эрхтэй. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 01/5777 тоот албан бичгээс үзэхэд даруй хугацаанд буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчид тайлбар, санал гаргах боломж олголгүйгээр, өөрсдөө нотлох баримтаа цуглуулах хуульд заасан үүргээ биелүүлэлгүйгээр 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шийдвэр гаргаж байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсч байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 299 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Ямаан усны хяр нэртэй MV017452 дугаартай зөвшөөрлийг цуцлах хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 299 дүгээр шийдвэрийн зарим хэсгийг буюу “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/14 дүгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлтийн “А” ХХК-ийн Торомхон нэртэй MV-014917, Шанд-1 нэртэй MV-020529 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцлах хэсгүүдийг хүчингүй болгосон”-ыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор “А” ХХК-ийн талбайд байдаг Нүдэн булаг гэх усаар алт угаасан үйлдэл тогтоогдоогүй, харин MV-014917 тусгай зөвшөөрөлтэй Торомхон нэртэй газарт байрлах уулын ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй Хуримын ордон гэх газар ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэх нөхцөл байдлыг тогтоосон ..., эрэл хайгуул явуулсан үйлдэлдээ 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулж, уг торгуулийг төлж барагдуулсан Торомхон нэртэй талбайн тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй, нэг зөрчилд 2 хариуцлага ногдуулсан үйлдэл болжээ ...” гэж, мөн “... Шанд-1 нэртэй MV-017452 талбайд холбоотой зөрчил, түүнд холбогдох шийдвэр байхгүй ...” гэж анхан шатны шүүх дүгнэжээ. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, “нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүнийг баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэж зааснаас үзэхэд тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа байгаль орчинд хортой нөлөөлж байгаа асуудлыг эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр заасны дагуу нутгийн захиргааны байгууллагаас албан бичгүүдээр удаа дараа хандан нэхэмжлэгч “А” ХХК-ийн ашигт малтмалын MV-020529, MV-014917, MV-017452 дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгуулах дүгнэлт гаргуулах санал хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт ирүүлсэн. Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” үндэслэлээр төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 1/байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд тус компанийн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан талаарх хууль хяналтын байгууллагын шийдвэрүүд, нутгийн захиргааны байгууллагын удаа дараа ирүүлсэн саналыг харгалзан байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх үүднээс тус компанийн 3 тусгай зөвшөөрлийг цуцлахаар гаргасан ажлын хэсгийн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 299 дүгээр шийдвэрийн “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/14 дүгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлтийн “А” ХХК-ийн Торомхон нэртэй MV-014917, Шанд-1 нэртэй MV-020529 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцлах хэсгүүдийг хүчингүй болгосон” хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч хариуцагчийн зүгээс давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна. Хариуцагч нарын зүгээс Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны А/1277 дугаар захирамжаар байгуулагдсан ... мэргэжлийн үүднээс анхаарч үзээгүй, хайхрамжгүй хандсан байна. Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 324 дүгээр шийдвэрээр “А” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан нь бүрэн үндэслэл бүхий биш байна гэж дүгнэжээ. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйл байгаль орчныг хамгаалах талаарх төрийн чиг үүрэг, зарчмын 1-д “төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 15 дугаар зүйл Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх 1.1-д “Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ...” гэж хуульчилж зохицуулсны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 01/5777 тоот албан бичгээр ирүүлсэн 202/14 дугаар дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 324 дүгээр шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтыг үндэслэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол цуцлахаар хуульчилсан. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн үнэлж, хэргийг тал бүрээс нь бодитойгоор шинжлэн судалж, үнэлэлт өгч дүгнээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх”, 106 дугаар зүйлийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг тус тус зөрчиж хууль хэрэглээний ноцтой алдаа гаргаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Дээрх хуулийн хүрээнд Өмнөговь аймгийн Засаг дарга болон Гурвантэс сумын Засаг даргаас “А” ХХК нь үйл ажиллагаагаа явуулахдаа байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа талаар албан бичгүүдийг удаа дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлсний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь очиж шалган “А” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 299 дүгээр шийдвэрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/14 дүгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 324 дүгээр тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрийн “А” ХХК-ийн Торомхон нэртэй MV-014917, Шанд-1 нэртэй MV-020529 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцлах хэсгүүдийг хүчингүй болгосон хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч давж заалдах гомдол гаргасан тул хэргийг бүхэлд нь хянаж, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/14 дүгээр дүгнэлтээр “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар аймаг, орон нутгийн удирдлага болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төрийн бус байгууллагаас ирүүлсэн албан бичигт дурдагдсан байгаль орчинд хортой нөлөөлсөн, байгаль орчинд хохирол учруулсан нь баримтаар тогтоогдож байх тул “А” ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын “Шанд-1” нэртэй MV-020529, “Торомхон” нэртэй MV-014917, “Ямаан усны хяр” нэртэй MV-017452 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг тус тус цуцлуулах нь зүйтэй” гэжээ.
Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 324 дүгээр шийдвэрээр “А” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV-020529, МV-014917, MV-017452 тоот тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байхдаа байгаль орчинд хортой нөлөөлсөн, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, байгаль орчинд хохирол учруулсан нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/14 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж, ашигт малтмалын ашиглалтын MV-020529, МV-014917, MV-017452 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалжээ.
Анхан шатны шүүх “Шанд 1” нэртэй MV-020529 дүгээр тусгай зөвшөөрлийн талбайд ямар нэгэн ашиглах үйл ажиллагаа явуулаагүй, уг талбайтай холбоотой зөрчил байхгүй гэж дүгнэж, маргаан бүхий актуудын уг тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь үндэслэлтэй байх тул хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын холбогдох хэсгийг хангах үндэслэлгүй.
Харин “Торомхон” нэртэй МV-014917 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах уулсын ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй “Хуримын ордон” гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан зөрчил нь тогтоогдож, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 0063740 дүгээр шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээ авагдсан байна.
Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий дүгнэлтээр тухайн талбайн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар хүргүүлсэн нь нэг зөрчилд 2 хариуцлага ногдуулсан үйлдэл болсон гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Зөрчлийн тухай хуульд зааснаар торгуулийн арга хэмжээ авагдсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахад саад болохгүй.
Иймд хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон байх тул Яамнаас тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар дүгнэлт гаргаж, түүнийг үндэслэн Кадастрын хэлтсээс тухайн тусгай зөвшөөрлийг цуцалсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт тухайн тусгай зөвшөөрөлд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ганц гишүүн газар дээр нь очиж танилцсан, зүй нь гишүүд тус бүр танилцаж өөрийн дүгнэлтээ гаргах атал нэг гишүүний саналд үндэслэсэнд гомдолтой” гэснийг хүлээж авах үндэслэлгүй. Учир нь ажлын хэсгийн нэг гишүүн газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцсаны дээр хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, орон нутгийн удирдлага, иргэдийн хүсэлт, хохирлын үнэлгээ тооцсон тайлан зэргийг үндэслэж дүгнэлт гаргасан байх бөгөөд бүх гишүүд газар дээр нь очиж танилцаагүй гэх үндэслэлээр тухайн дүгнэлтийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
Мөн гомдолд “... нинжа газар эвдсэнийг мэдсэн атлаа бусдын гэм буруутай үйлдэлд манай компанийг хариуцах ёстой мэтээр бусдын гэм бурууг халдаан хэрэглэж болохгүй гэсэн зарчмыг ноцтой зөрчиж байна” гэснийг хүлээн авах боломжгүй.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг эзэмшилдээ байлгаж, бусдын олборлолт явуулахаас хамгаалах үүрэгтэй бөгөөд тухайн талбай дээр нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулсан “... уулын салаа ам болгоныг дур мэдэн ухаж, олборлосон элсийг угаан баяжуулж байгаль орчинд хортой нөлөөлсөн”, уг үйл ажиллагааг өөр этгээд явуулсан гэдэг нь тогтоогдоогүй байх тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргасныг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Гомдолд “... байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн дүгнэлт гаргахдаа хугацаанд гаргаагүй талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй нь учир дутагдалтай гэх боловч тухайн үед нь энэ талаар гомдол гаргаж эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлээгүй, хэрэгт тус компанийн эрх бүхий этгээдийг оролцуулан дахин үнэлж тухайн төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгаж “хангалтгүй” гэж дүгнэсэн баримт авагдсан байх тул дээрх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Тэрээр “хэрэв нөхөн сэргээлтийг дутуу хийсэн гэж үзсэн бол нөхөн сэргээлтийн хөрөнгөөр гүйцээж хийлгэх эрх нь нээлттэй байхад цуцлах дүгнэлт гаргасан нь гомдолтой” гэжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн сэргээх ажлыг өөрөө гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд нөхөн сэргээгээгүй бол мөн хуулийн 56.1.5-т зааснаар зааснаар тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдэнэ. Харин хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.8-д заасан урьдчилж төлдөг нөхөн сэргээлтийн зардлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө нөхөн сэргээх үүргээ гүйцэтгэх баталгаа бөгөөд өөрөө сэргээх боломжгүй болсон тохиолдолд зарцуулах буюу энэхүү эрсдэлээс хамгаалсан зардал, харин энэ нь тусгай зөвшөөрлийг цуцлахгүй байхад зориулж төлүүлдэг хөрөнгө биш тул уг гомдолд дурдсан үндэслэлээр маргаан бүхий дүгнэлтийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
Мөн ажлын хэсгийн гишүүдийг 2020 оны А/402 дугаар тушаалын дагуу шинэчлэн байгуулах үүргээ биелүүлээгүй, мэргэжлийн ур чадварын талаар, дүгнэлт гаргах чадамжтай эсэх талаар нотлох баримт цуглуулаагүй нь учир дутагдалтай гэжээ.
Маргаан бүхий дүгнэлтийг гаргасан ажлын хэсэг нь дээрх тушаалыг батлагдахаас өмнө 2019 онд байгуулагдсан, дахин шинэчлээгүйг буруутгах үндэслэлгүй, ажлын хэсгийн гишүүд нь бүгд байгаль орчин, хүрээлэн буй орчинтой холбоотой мэргэжилтнүүд байх бөгөөд тэдний мэргэжлийн ур чадварын талаар захиргааны хэргийн шүүх баримт цуглуулах шаардлагагүй, гаргасан акт нь хуульд нийцэж байгаа эсэхийг тогтоох үүрэгтэй тул анхан шатны шүүхийг энэ талаарх баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэхээргүй байна.
Мөн гомдолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-д зааснаар мэдэгдээгүй гэх боловч тусгай зөвшөөрөл цуцлах шийдвэрийн үндэслэл болсон Байгаль орчин,аялал жуулчлалын яамны дүгнэлтийг мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д "тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байна.
Иймд нэгэнт байгаль орчны асуудал эрхэлсэн яамны дүгнэлт, орон нутгийн захиргааны санал ирүүлсэн байхад Кадастрын хэлтсээс уг дүгнэлттэй холбогдуулан бодит нөхцөл байдлыг тогтоохоор нотлох баримт цуглуулах үүрэггүй тул “нотлох баримт цуглуулж, хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй” гэх гомдлыг мөн хүлээж авах үндэслэлгүй.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 299 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... ХХК-ийн” гэсний дараах “Торомхон нэртэй MV-014917,” гэснийг хасаж, мөн заалтын “...Ямаан” гэсний өмнө “Торомхон нэртэй MV-014917,” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ