Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 241

 

       

 

 

 

 

 

    2020         04           21                                   2020/ШЦТ/241

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэг,

шүүгдэгч Ж.Б-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С- адуу овогт Ж-ы Б-д холбогдох эрүүгийн 19100287300000  дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Иргэний нисэхийн ерөнхий газарт, үйлчилгээ, аж ахуйн албаны хяналтын инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа, Наадамчдын зам гудамж 710 дугаар байрны 00 тоотод оршин суух хаягтай, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буман залуус хорооллын 201 дүгээр байрны 00 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, С- адуу овогт Ж-ы Б-

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ж.Б-нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 12 цагаас 13 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буман залуус хорооллын 201 дүгээр байрны 69 тоотод  байх гэртээ өөрийн эхнэр А.Б-тай охин Б.Ч-ийг өмөөрлөө гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний толгойн тус газар хоолны төмөр халбагаар 2-3 удаа цохиж толгойд нь шарх, духанд цус хуралт, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Б-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

Эрүүгийн 191002873000 дугаартай хэргээс:

Хохирогч А.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 4-5, 8-10-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Ч-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Ч-ий мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/,

Гэрч Э.Энхсанаагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Гэрч А.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №104 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №105 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 38-р хуудас/,

Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 40-42-р хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 43-51-р хуудас/,

Шүүгдэгч Ж.Б-ы  мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-58-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Б.Шижрээгийн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/, гэрч Б.Энхтайваны мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 62-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 65-р хуудас/, Иргэний Нисэхийн Ерөнхий газрын тодорхойлолт /хх-ийн 66-р хуудас/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 67-р хуудас/,  хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 68-71-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

         Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Б-ы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.

         Шүүгдэгч Ж.Б-нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 12-13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буман залуус хорооллын 201 дүгээр байрны 69 тоот гэртээ эхнэр А.Б-тай “охин Б.Ч-ийг өмөөрлөө” гэх шалтгаанаар маргалдаж улмаар хоолны халбагаар толгой руу нь цохиж “толгойд шарх, духанд цус хуралт, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

Хохирогч А.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12-13 цагийн хооронд манай нөхөр Б- том охин Ч- /9 настай/ нь өмнөх өдөр хоолоо идэж байгаад агсасан юм. Тэр талаар мэдээд уурлаж охиноо загнаад байсан. Нүүр рүү нь цохиж зодсон. Тэр үед нь би угаалгын өрөөнд юм хийж байсан. Би охиноо өмөөрөөд “чи яаж байгаа юм бэ” гэж асуухад миний толгой руу халбага болон гараараа олон удаа цохиж, толгой хагалсан. ...охин Ч-ийн хацар хөхөрч хавдсан байгаа. ...Тухайн үед миний 9 настай охин Ч-, 7 настай хүү Чингүүн, 4 настай охин Чинжаргал нар байсан. Бид хоёр албан ёсны гэр бүл. Гэр бүл болоод 11 жил болж байна. Манай нөхөр намайг 2012 онд жирэмсэн байхад маргалдаад миний баруун талын ташаа  хэсэг рүү санаадгүй байдлаар 1 удаа өшиглөж байсан. Тэрнээс өөрөөр намайг болон манай гэр бүлийн бусад гишүүдийг зодож цохиж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 8-10-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №104 дугаартай дугаартай: “...А.Б-ын биед толгойд шарх, духанд цус хуралт, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Ч-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Намайг суултуур руу хоол асгасан байхыг хараад уурлаж миний хацар  руу гараараа зөөлхөн алгадаад, яагаад хоол асгаж байгаа юм гээд загнасан. ...Урд өмнө нь аав намайг болон гэр бүлийн гишүүдийг цохиж зодож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Ч-ий мөрдөн байцаалтанд өгсөн: “...Аав суултуур руу хэн хоол асгасан гээд асуусан чинь Ч- мэдэхгүй гэсэн чинь “чи яагаад худлаа хэлээд байгаа юм” гээд эгчийн хацар руу гараараа алгадсан. ...Эгчийг алгадлаа гээд ээж уурласан чинь аав ээжийн толгой руу хоолны халбагаар 1-2 удаа цохисон...” гэх  мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/,

Гэрч А.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний дүү А.Б-ыг урд өмнө нь Ж.Б-зодож цохиж байсан удаа байхгүй. Манай дүү урд өмнө нь нөхөртөө зодуулж байсан бол энэ талар надад хэлэх байсан. Бид хоёр их ойр дотно, бүх зүйлийг нуулгүй ярилцдаг учир нөхөртөө зодуулсан бол надад хэлэх байсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №105 дугаартай дугаартай: “...Б.Ч-ийн биед зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 38-р хуудас/,

Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 40-42-р хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 43-51-р хуудас/,

Шүүгдэгч Ж.Б-ы  мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэртээ сэрээд бие засах өрөө рүү орсон чинь суултуур руу хоол асгачихсан байсан. Том охиноосоо хэн хоол асгасан талаар асуутал би хоол асгаагүй, дүү нар асгасан гээд худлаа хэлээд байхаар нь хацар руу нь зөөлөн 1-2 удаа алгадсан. Манай эхнэр А.Б- “чи яагаад хүүхэд зодож, гэрээс гаргаж байгаа юм” гээд над руу уурлаад надтай маргалдсан. Би уурандаа эхнэрийн толгой руу хоол идэж байсан хоолны халбагаар 2 удаа цохисон. Өөр зүйл болоогүй. ...Би А.Б-ын толгой руу хоолны халбагаар цохичихсон чинь А.Б- уурандаа намайг цохих гэхээр нь би баруун гарын шуу, сарвуу хэсгээс нь гараараа барьж татаж чангааснаас сарвуунд зулгаралт үүссэн байх. Би өмнө нь эхнэрээ зодож цохиж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

          Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

             Шүүгдэгч Ж.Б-нь хохирогч А.Б-ыг цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед “толгойд шарх, духанд цус хуралт, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед  учирсан гэмтэл хоёр шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

            Иймд шүүгдэгч Ж.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

           Шүүгдэгч Ж.Б-нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

         Гэмт хэргийн улмаас хохирогч А.Б-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримт ирүүлээгүй бөгөөд тэрээр “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 80-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

        Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял цаг оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын талаар маргаж мэтгэлцээгүй болно.

          Шүүхээс шүүгдэгч Ж.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

      Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Б-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

     Шүүгдэгч Ж.Б-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. С- адуу овогт Ж-ы Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Б-д мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Б-д холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР