Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 295

 

Ж.Б-д холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Алтанцэцэг,

хохирогч А.Баяржаргал,

шүүгдэгч Ж.Б-,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 309 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 6 дугаартай эсэргүүцлээр Ж.Б-д холбогдох эрүүгийн 1910028730049 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Ж.Б-, 1991 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Ж.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 12-13 цагийн үед Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, “**” хотхоны ** дүгээр байрны ** тоотод байх гэртээ өөрийн эхнэр А.Баяржаргалтай “охин Б.Чинбилэгийг өмөөрлөө” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний толгойн тус газар хоолны төмөр халбагаар 2-3 удаа цохиж толгойд нь шарх, духанд цус хуралт, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ж.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Ж.Б- нь эхнэр А.Баяржаргалыг зодож хөнгөн гэмтэл учруулсан, охин Б.Чинбилэгийг алгадаж гэрээсээ хөөж гаргаж хүүхдийн эрхийг зөрчсөн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжтэй буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж үзэхээр байна. Шүүгдэгч Ж.Б-ы бага насны буюу 9 настай хүүхдээ зодсон үйлдэлд 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, харин эхнэр А.Баяржаргалыг зодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Улсын яллагчаас Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн алдааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх, засах боломжгүй” хэмээн дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор Б.Алтанцэцэг тус шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Шүүгдэгч Ж.Б-, хохирогч А.Баяржаргал нарын хооронд үүссэн маргаан нэг тал нь давамгайлсан гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлаас ялгаатай, эхнэр нөхрийн таарамжгүй харьцааны улмаас үйлдэгдсэн. Хохирогч А.Баяржаргал болон насанд хүрээгүй гэрч Б.Чинбилэг, Б.Чингүүн нарын мэдүүлгээр Ж.Б- урьд өмнө нь гэр бүлийн гишүүдээ цохиж зодож байгаагүй, тухайн хэрэг болсон өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 8-ны өдөр өөрийн охин 9 настай Б.Чинбилэгийг “Бие засах өрөөнд хоол асгасан байна, уг үйлдлээ нууж худал хэллээ” гэх шалтгаанаар нэг удаа алгадаж, “Охиноо өмөөрсөн” гэх шалтгаанаар эхнэр А.Баяржаргалын толгой руу хоолны халбагаар цохиж эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан болох нь тогтоогддог. Мөн гэрч Э.Энхсанаа нь хөрш айл болох Ж.Б-ыд ямар нэг зодоон цохион, хэрүүл маргаан, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй асуудал болж байгаагүй талаар нотлон мэдүүлсэн байдаг. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Ж.Б- нь өөрийн төрсөн охины зүй бус үйлдлийг засах, эцэг хүний хувиар зүй ёсны шаардлага тавихад түүнийг эсэргүүцсэн эхнэр А.Баяржаргалын хэрүүл маргаанаас шалтгаалж гэнэт үүссэн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас А.Баяржаргалын толгой руу хоолны халбагаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх хүндрүүлэх шинж байхгүй. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв. 

            Хохирогч А.Баяржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх зүйлгүй.” гэв.

            Шүүгдэгч Ж.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх зүйлгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Ж.Б-ыг 2019 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 12-13 цагийн үед Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, “**” хотхоны ** дүгээр байрны ** тоотод өөрийн гэртээ эхнэр А.Баяржаргалтай “охин Б.Чинбилэгийг өмөөрлөө” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгойн тус газар хоолны төмөр халбагаар 2-3 удаа цохисноос эрүүл мэндэд нь “толгойд шарх, духанд цус хуралт, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “...шүүгдэгч Ж.Б-ы эхнэр А.Баяржаргалыг зодож хөнгөн гэмтэл учруулсан, охин Б.Чинбилэгийг алгадан гэрээсээ хөөж гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байна...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулах нь учир дутагдалтай.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тусгасан агуулгаар ойлгох бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тодорхойлсон.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйчлэлийг зөв тогтоох шаардлагатай байдаг.

Хэргийн материалыг судлахад, шүүгдэгч Ж.Б- нь гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг далимдуулан эхнэр, хүүхдүүдээ байнга зодож байсан, эсхүл байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан талаар нотлох баримтууд авагдаагүй байна.

 Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Б-, хохирогч А.Баяржаргал нар ахуйн хүрээнээс үүдэлтэй таарамжгүй харьцаанаас болж маргалдсан байх тул шүүгдэгч Ж.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх, эсхүл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ шинжээр үйлдсэн гэж хүндрүүлэн үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд шүүгдэгч Ж.Б-ы үйлдэл нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжтэй гэх асуудлаар хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж дүгнэн энэ талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ж.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 309 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ж.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2.  Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.   Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

                             ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

                             ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН