Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2021/0507

 

 

 

 

 

 

 

П.Д-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 457 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, П.Д-ын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 457 дугаар шийдвэрээр: “...Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Д-аас Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/174 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Бидний нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн нь 47 дугаар зүйлийн 47.1.3-т ”тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан", 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасныг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/174 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох байсан.

Дээрх маргаан бүхий захиргааны актын үндэслэлүүд дундаас Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйл 151.3-д “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр орон сууцны барилга барих хөрөнгө оруулагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд сууц өмчлөгчдийг нүүлгэн шилжүүлэх, орон сууцаар түр хангах, шинэ орон сууцны ашиглалтад орох хугацаа, талбайн хэмжээ, үнэ, төлбөр, хариуцлагын асуудлыг тусгана”, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1.4.”төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах”, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.” гэсэн хууль зүйн үндэслэлүүд нь тус захирамжийг илт хууль бус болохыг илэрхийлж байгаа юм.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх холбогдох хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Тодруулбал, Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйл 151.3 дахь хэсэг, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1.4 дэх хэсэг нь захиргааны байгууллагад гэрээ байгуулж түүний хэрэгжилтийг хангах эрх олгосон боловч тус заалт нь захиргааны байгууллагын эрх хэмжээг тодорхойлох зорилготой заалт биш харин өмчлөгчтэй гэрээ байгуулсны үндсэн дээр дараагийн шатны үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэсэн агуулгатай өмчлөгчийн өмчлөх эрхийг хамгаалах зорилготой заалт юм. Нэхэмжлэгчийн зүгээс тус төсөл хэрэгжүүлэгч компанийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй байх эрхтэй бөгөөд дээрх харилцаа нь гэрээний харилцаа учир төсөл хэрэгжүүлэгчийг солих ч эрхтэй. Гэтэл гэрээ байгуулалгүйгээр шууд өмчлөх эрхэд халдаж байгаа үйлдэл нь өмчлөх эрхийг зөрчиж цаашлаад өмчлөгчид ашигтай байдлаар тохиролцоонд хүрэх эрхийг мөн зөрчиж байна.

Гэрээ байгуулах эрх нь өөрөө өмчлөгчийн хувьд шударга, өөрт ашигтай тохиролцоонд хүрэх боломжийг бий болгодог боловч гэрээ байгуулалгүй барилгын ажил эхэлсэн бодит нөхцөл нь өмчлөгчийн эрх ашгийг дордуулсан, зөрчсөн буюу төсөл хэрэгжүүлэгч байгууллагын саналыг тулган шаардсан, өөр нөхцөлөөр тохиролцох боломжгүй болсон. Дээрх хуулийн заалтын дагуу гэрээ байгуулагдсаны үндсэн дээр хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй гэтэл талууд тохиролцоонд хүрээгүй байхад барилгын ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн харин тул энэхүү маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”-д хамаарах бөгөөд гарсан цагаасаа хүчингүй илт хууль бус захиргааны акт юм.

Мөн маргаан бүхий захирамжид Газрын тухай хуулийн 57 дугаар зүйл 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж заасныг үндэслэн газар чөлөөлсөн нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл 47.1,3.”тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан" гэх заалтад хамаарах буюу нэхэмжлэгчийн хувьд тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээтэй Монгол улсын хууль тогтоомжийн дагуу хууль ёсны өмчлөгч мөн юм. Харин газрын тухай хуулийн 57 дугаар зүйл 57.3-д зөвшөөрөлгүй барилга барьсан дур мэдэн эзэмшсэн тохиолдолд л газар чөлөөлөхөөр мэдэгдэх эрхтэй. Хэдий нэхэмжлэгчийн өмчилж буй орон сууц нь ашиглалтын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон ч тус ашиглах боломжгүй орон сууцны хууль ёсны өмчлөгч .хэвээр байсан болон. Иймд дээрх хуулийн зохицуулалтаар захиргааны байгууллагад иргэний хууль ёсны өмчлөх эрхийг хязгаарлах, халдах эрх олгогдоогүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47 дугаар зүйл 47.1.6 дахь хэсэгт “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”-д заасан үндэслэлд хамаарахаар байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д ”Хувийн гэр, орон сууцны хашааны газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тохиолдолд түүнийг чөлөөлөх ажлыг зөвхөн 5 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд хийнэ” гэж заасан, “Хувийн гэр, орон сууцны хашааны газар” гэдгийг хувийн өмчлөлийн газарт гэж тайлбарласан мөртлөө өмчлөх эрхийн гэрчилгээтэй нэгээс олон хүн хамтран суудаг нийтийн зориулалттай орон сууц нь зөвхөн тус орон сууц эзэмшигчдийн өмч бөгөөд түүний доорх газар нь хүртэл тус орон сууц эзэмшигчид хамтран өмчилдөг. Гэтэл тус орон сууц нь бүхэлдээ хувийн өмчлөлийн орон сууц байхад нийтийн эдэлбэр газарт хамааруулан тайлбарласан шүүхийн тайлбар нь алдаатай байна. Нийтийн зориулалттай орон сууц /олон хүн амьдардаг хувийн орон сууц буюу хувийн өмчлөлийн/ болон нийтийн эзэмшил хоёрыг ялгаж салгалгүйгээр дээрх шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.

Бидний зүгээс мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлттэй маргаагүй болно. Харин нэхэмжлэгчтэй тохиролцож Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1.4 дэх заалтыг үндэслэн гурван талт гэрээ байгуулаагүй буюу тохиролцоонд хараахан хүрч чадаагүй байж барилгын ажлыг шууд эхлүүлсэн, гэрээ байгуулаагүй байж газар чөлөөлөх ажлыг явуулсан үйлдэл хийхийг захирамжилсан захиргааны акт дээр маргаж байгаа.

Процессын хувьд юун түрүүнд газар өмчлөгч иргэн, төсөл хэрэгжүүлэгч байгууллага болон захиргааны байгууллага хооронд гурвалсан гэрээ байгуулан тус гэрээний дагуу нэг талаас газраа чөлөөлж, нөгөө талаас дахин барилгажуулалт хийж, захиргааны байгууллага үүнд нь хяналт тавих үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь энэхүү үүргээ зөрчиж хууль бус шийдвэр гаргаж иргэний хууль ёсны эрх ашигт халдсан байхад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь холбогдох хууль тогтоомжийг алдаатай тайлбарлаж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 457 дугаар бүхий шийдвэр гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тус шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.Д-аас Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/174 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/174 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны 10, 11, 12 дугаар барилгуудыг буулган дахин төлөвлөн шинэчлэн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төслийн хэрэгжилтэд хяналт тавих, зөвшөөрөлгүй баригдсан өргөтгөл, барилгын зориулалт, төлөвлөлтийг хууль зөрчин өөрчилсөн, гэрээ байгуулсан, байраа чөлөөлсөн сууц өмчлөгч иргэдийн эрх ашиг, эд хөрөнгө, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болох эрсдэлээс хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг нэгдүгээр хавсралтаар, удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж шийдвэрлэсэн. Уг захирамжаар баталсан удирдамжаар холбогдох хууль, журамд нийцүүлэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулгах үйл ажиллагаанд төрийн байгууллагын оролцоо, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хэв журмыг сахиулах, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэхээр зохицуулалт хийсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс маргаан бүхий захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга А/174 дүгээр захирамж гаргахдаа өөрийнх нь эрх үүрэгт шууд хамааралгүй, хууль зүйн хувьд өөр утга агуулгатай, голчлон нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зохицуулалттай заалтуудыг иш үндэс болгосон, мөн хариуцагчид дахин төлөвлөлтийн ажлыг түргэвчлэх агуулга бүхий захирамж гаргах эрх хуулиар олгогдоогүй байхад хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж захирамж гаргасан нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна” гэж маргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6-д тус тус заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, “хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан”, “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” тохиолдолд захиргааны акт илт хууль бус болохоор заасан ба уг заалтуудын хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэг нь захиргааны акт гаргахдаа хуульд үндэслээгүй, хуулийн тодорхой заалтыг баримтлаагүй, хуульд заагаагүй үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан зэрэг эрх зүйн илэрхий алдаа гаргасан тохиолдлыг ойлгоно.

Тухайн тохиолдолд, Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/174 дүгээр захирамж нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.1, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 16 дугаар зүйлийн 16.1, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган буулган шинээр барих үйл ажиллагааны журам”, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/977 дугаар захирамж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 01-01/05 дугаар шийдвэрийг тус тус үндэслэж ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг бууулган дахин төлөвлөн шинэчлэн барилгажуулах үйл ажиллагаанд төрийн байгууллагын оролцоо, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, зохицуулалт хийсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зүйд нийцсэн.

Өөрөөр хэлбэл, нэгэнт Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Орон сууцны байруудын барилгын төлөв байдлын тухай” №02-07-92/1340 дүгээр дүгнэлтээр нэхэмжлэгчийн өмчилж байсан үл хөдлөх эд хөрөнгө бүхий барилга нь 1953-1957 онуудад баригдсан бөгөөд газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварыг хангахгүй, даацын үндсэн хийц бүтээцүүд эвдрэл гэмтэлд орсон, ашиглалт, эдэлгээний шаардлага хангахгүй болсон, уг дүгнэлттэй талууд маргадаггүй буюу нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс уг барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэж тайлбарлаж байх энэ тохиолдолд хариуцагчаас дээр 2014 оноос хойш удааширсан, мөн хоёр иргэний хувийн ашиг сонирхлоос бусад 13 айл өрхийн эрх ашиг зөрчигдөж, барилгын ажлыг эхлүүлэх ажил удааширч байсантай холбоотой дээр дурдсан холбогдох хууль, журмын хүрээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг эрчимжүүлэхээр захирамж гаргасан нь хуулийг зөрчөөгүй, захиргааны байгууллагын эрх хэмжээнд нийцсэн байна.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан “...гэрээ байгуулах эрх нь өөрөө өмчлөгчийн хувьд шударга, өөрт ашигтай тохиролцоонд хүрэх боломжийг бий болгодог боловч гэрээ байгуулалгүй барилгын ажил эхэлсэн бодит нөхцөл нь өмчлөгчийн эрх ашгийг дордуулсан, зөрчсөн буюу төсөл хэрэгжүүлэгч байгууллагын саналыг тулган шаардсан, өөр нөхцөлөөр тохиролцох боломжгүй болсон гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

Учир нь хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн зүгээс 2018 оноос хойш хоёр болон гурван талт гэрээ байгуулахаар удаа дараа уулзсан боловч тохиролцоонд хүрч чадаагүй буюу нэхэмжлэгч бага м.кв талбайтай орон сууцтай атлаа түүнийгээ хэт өндөр үнэлгээгээр үнэлж тохиролцоонд саад хийж байсан нь тогтоогдож байх бөгөөд нэгэнт ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг нурааж дахин шинэ орон сууц баригдсан, бусад 21 айл өрхүүд гэрээний дагуу шинэ орон сууцанд орсон, гуравдагч этгээдээс одоо ч тохиролцох боломжтой буюу “Т” ХХК хуучин байсан барилгын суурин дээр барьсан шинэ барилгаа зах зээлийн ханшийн хувьд 40 м.кв талбай дээр тохирсон хэмжээний м.кв нэмж өгөх боломжтой гэж тайлбарлаж байхад нэхэмжлэгчийн гэрээ байгуулах, тохиролцоонд хүрэх эрхийг хязгаарласан гэж үзэх боломжгүй.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, “...Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх”, 11.1.4-д “төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах”, 11.1.5-д “төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөг нийтэд сурталчлах, мэдээлэх, санал, гомдол хүлээн авах замаар олон нийтийн оролцоог хангах ажлыг зохион байгуулах” зэрэг бүрэн эрхээ хэрэгжүүлж, нэгэнт төсөл хөтөлбөр нь эхэлсэн барилгыг буулган дахин төлөвлөн шинэчлэн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч байгууллагын хэрэгжилтэд хяналт тавих, байраа чөлөөлсөн сууц өмчлөгч иргэдийн эрх ашиг, эд хөрөнгө, эрүүл мэнд, аюулгүй байдал, учирч болох эрсдэлээс хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүргийг зөвхөн нэхэмжлэгчид чиглэж биш, түүний нэгэн адил нөхцөлд байгаа өөр бусад оршин суугчдын буюу нийтийн ашиг сонирхолд нийцүүлж гаргасан, нэхэмжлэгчийн гурван талт гэрээгээр зөвшилцөлд хүрэх эрх зөрчигдсөн гэх тайлбар нь анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараар няцаагдсан, энэ утгаараа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна...” хэмээн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр маргаан бүхий Баянгол дүүргийн Засаг даргын А/174 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 457 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                               А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ