Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00968

 

“Х” ТББ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар     

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00024 дүгээр шийдвэр,

            Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаар магадлалтай,                                                                                                                        

            “Х” ТББ-ын нэхэмжлэлтэй,

            “Э” ХХК-д холбогдох

         Гэрээ байгуулсанд тооцож, гэрээний үүргийг биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Жавзмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.       

        Нэхэмжлэгч  “Х” ТББ-ын төлөөлөгч /захирал/ Ж.Жавзмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Х” ТББ нь “Э” ХХК-тай ном худалдах, худалдан авах гэрээг 2016 онд байгуулсан. Уг номыг Ж.Жавзмаа миний бие 1976 оноос 2009 оны хооронд Эийн ажилтан ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл түүнээс шалтгаалсан өвчлөлийн талаар судалгаа хийж ажилласан юм. Судалгааныхаа ажлаар Уул уурхайн ажиллагсдын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал гэсэн ном туурвиж зохиогчийн эрхээ бүртгүүлсэн. Энэ бүтээл нь Монгол Улсын хэмжээнд ганц байдаг бөгөөд одоог хүртэл өөр бүтээл шинээр гараагүй байгаа. Ном хэвлэгдэж гарсаны дараа үйлдвэрийн удирдлагууд намайг хүлээн авч уулзаж номыг минь худалдан авч, үйлдвэрийн ажилчдад өгнө гэсэн саналыг хэлж гэрээ байгуулах эхлэлийг тавьсан бөгөөд гэрээний ажил хойшлогдож байгаад 2016 оныг хүргэсэн. Манай байгууллага нь үйлдвэрийн захиалгын дагуу 5000 ширхэг номыг тоо ширхэгээр нь хэвлүүлж бэлтгэсэн. Гэтэл үйлдвэрийн удирдлага солигдож гэрээ байгуулсанд тооцохгүй байгаа тул манай байгууллагыг маш их хохироож байна. Аливаа байгууллага үйл ажиллагаа нь залгамж чанартай явагддаг бөгөөд удирдлага солигдсоноор өмнөх байгуулсан гэрээг байгуулаагүйд тооцох үндэслэл байхгүй хэмээн үзэж байна. Тиймээс гэрээ байгуулсанд тооцож гэрээний үүргээ биелүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

           Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. “Х” ТББ нь 2016 оны 04 сарын 05-ны өдөр “Э” ХХК-ийн ХАБЭАХэлтсийн даргад, 2016 оны 04 сарын 12-ны өдөр “Э” ХХК-ийн Хангамжийн хэлтсийн даргад тус тус Хөдөлмөр эрүүл ахуй, аюулгүй байдал сэдэвт номыг худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулах саналыг тус тус хүргүүлсэн байна. “Э” ХХК-ийн Ерөнхий захирлын 2007 оны 12 сарын 27-ны өдрийн 880 дугаар тушаалаар аливаа иргэн хуулийн этгээдтэй байгуулж буй гэрээ, хэлцэл хийх эрхийг зөвхөн Ерөнхий захирал эдэлж байхаар заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь  гэрээ, хэлцэл байгуулах эрхгүй этгээдүүдэд хандаж албан хүсэлт ирүүлсэн нь гэрээ байгуулсанд тооцуулах үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “Э” ХХК-ийн захиалгын дагуу 5000 ширхэг номыг хэвлүүлсэн гэх ба бодит байдалд “Э” ХХК-ийн 2016 оны Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах иж бүрэн арга хэмжээний төлөвлөгөөнд дээрх чиглэлийн ном товхимол худалдан авах зардал тусгагдаагүй. “Э” ХХК нь аливаа гадны иргэн, хуулийн этгээдтэй ямар нэг гэрээ, хэлцэл байгуулах үйл ажиллагаандаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон худалдан авах ажиллагаатай холбоотой журмыг мөрдөн ажилладаг бөгөөд энэхүү хууль, журмыг үндэслэн “Х” ТББ-аас ном товхимол худалдан авах боломжгүй тухай тус компанийн хуулийн хэлтсийн 2016 оны 08 сарын 11-ний өдрийн 117/477 тоот, Хууль, эрх зүйн газрын 2017 оны 08 сарын 30-ны өдрийн 130/647 тоот албан бичгүүдээр мэдэгдэж байсан ба компанийн худалдан авалтын төлөвлөгөөнд тусгагдсан тохиолдолд хууль, журамд нийцүүлэн гэрээ байгуулах боломжтойг дурдсан. Иймд “Э” ХХК нь “Х” ТББ-тай байгуулсан худалдах, худалдан авах тухай ямар нэгэн хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл байхгүй тул “Х” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

             Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00024 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Х” ТББ, “Э” ХХК-ийн хооронд Уул уурхайн ажиллагсдын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал сэдэвт 5000 ширхэг ном худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсанд тооцож, гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагч “Э” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-иас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ТББ-д олгож шийдвэрлэжээ.

            Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00024 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч “Х” ТББ болон “Э” ХХК нарын хооронд “Уул уурхайн ажиллагсдын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал” ном худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгуулсанд тооцож, гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагч “Э” ХХК-д даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьдын хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.02.27-ны өдрийн 25 дугаар магадлалын “Х” ТББ болон “Э” ХХК нарын хооронд “Уул уурхайн ажиллагсдын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал” ном худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгуулсанд тооцож” гэснийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь харж хянан шийдвэрлэх ёстой байтал ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. Уг маргаан нь өөрөө нэхэмжлэлийн шаардлагынхаа дагуу тухайн бичиг баримтыг “гэрээ” гэж үзэх эсэх, улмаар гэрээ байгуулсанд тооцох эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэх зорилготой. Гэтэл анхан шатны шүүх нь 2017.12.12-ны өдрийн 142/Ш32017/05788 дугаар захирамждаа хэд хэдэн удаа нэхэмжлэгчийн баримтыг “гэрээ” хэмээн дурдсан байсан нь шүүх тухайн хэрэг маргааны нотлох баримт нэг бүрийг шинжлэн судлаагүй, харьцуулсан дүгнэлт хийгээгүй, хариуцагчийн шүүхэд ямар нотлох баримтууд гаргаж өгч мэтгэлцэх эсэхийг мэдэхгүй атлаа нэхэмжлэлийн шаардлагыг нэгэнт хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тухайн “гэрээ” гэх баримтыг нэгэнт байгуулагдсан гэрээ хэмээн урьдаас үзэж байсан нь хууль бус байна.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлээгүй. Хариуцагч талаас “Э” ХХК-ийн хэмжээнд гэрээ, хэлцэл байгуулах эрх бүхий этгээд нь хэн болох, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гэрээ хэлцэл байгуулах эрх бүхий этгээд нь тус компанийн хувьд компанийн ерөнхий захирал мөн гэдгийг нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн атал эрх бүхий бус этгээдийн саналыг гэрээ байгуулахыг зөвшөөрсөн нэг талын санал гэж дүгнэн шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

3. Шүүх тухайн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэнгүй гэж үзэж байна. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д компанийн гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-өөс олгогдсон эрх хэмжээний хүрээнд аливаа хуулийн этгээдтэй гэрээ байгуулах эрхтэй байхаар зохицуулсан. Хуулийн уг заалтын дагуу “Э” ХХК-ийн Ерөнхий захирлын 2007 оны 12 сарын 27-ны өдрийн 880 дугаар тушаалаар компанийн хэмжээнд гэрээ хэлцэл байгуулах, гэрээ байгуулах зөвшөөрөл олгох этгээд нь компанийн ерөнхий захирал. Гэтэл эрх бүхий бус этгээдүүд болох тухайн “гэрээ” гэх баримт бичгийн төсөлд санал өгсөн этгээдүүдийн саналыг үндэслэн гэрээ байгуулсанд тооцож шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т компани өөрийн онцлогтоо тохируулан эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг компанийн дүрэмд заасан байна гэсэн ба тус компанийн дүрэмд эрх бүхий этгээдийг зөвхөн Ерөнхий захирал байна гэж заасан. Нөгөө талаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т захиалагч гэдэг нь “50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд” гэж заасны дагуу компанийн Ерөнхий захирал нь захиалагч байх ба захиалагч бус албан тушаалтны төсөлд өгсөн саналыг гэрээ байгуулах санал гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлгүй гэж үзэж байна.

4. Магадлалын үндэслэх хэсэгт “...гэрээ байгуулах үндэслэл санал, гэрээний төсөлд санал өгөх хуудас, “Э” ХХК-ийн ХАБЭАхуйн хэлтсийн албан бичиг, нэхэмжлэгч байгууллагын албан бичгүүд”-ийг хуульд заасан баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцно гэж шийдвэрлэсэн нь “Э” ХХК-ийн эрх бүхий бус этгээд, дотоод зохион байгуулалтын шинжтэй дотоодын хэрэгцээний бичиг баримтуудыг гэрээ байгуулсанд тооцох тухай нөгөө талын санал гэж үзсэн нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

5. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх заалтууд, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8-д “иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавьж, лавлагаа олгох” гэж заасан хуулийн заалтыг хэрэглээгүй, Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ын 3 дахь хэсгийн 42 дахь заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 06 сарын 08-ны өдрийн А/159 дугаар тушаалаар батлагдсан “тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-ын 1.1, 1.2 дахь заалтуудыг хэрэглээгүй, энэ талаар ямар нэг дүгнэлт гаргаагүй, шийдвэр магадлалд тусгаагүй нь хууль зөрчиж байна.

6. Мөн хэрэгт авагдсан нотлох баримт болох “гэрээний төсөл”-ийн хавсралт хэсэгт тухайн үеийн ерөнхий захирлын гэх гарын үсэг зурагдсан ба үндсэн гэрээнд гэрээ байгуулах эрх бүхий этгээдийн гарын үсэг байхгүй атал шүүх үндсэн гэрээний хавсралт материалд зурагдсан компанийн тэмдэг дарж баталгаажуулаагүй, хэн, хэзээ зурсан эсэх нь тодорхойгүй гарын үсгийг гэрээ байгуулсанд тооцох үндэслэл болгосон бөгөөд нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангаагүй баримт /гэрээний төслийн хуулбар/-ыг үнэлэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

7. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд буюу шүүхийн шийдвэр, магадлалд дурдсан практикаас авч үзвэл аливаа хуулийн этгээд болон тэдгээрийн үйл ажиллагаанд тамга, тэмдэг дарагдаагүй баримт бичиг нь ийнхүү хүчин төгөлдөр гэж тооцогдоход хүрвэл дээр дурдсан хууль, тогтоол, тушаал журам, дүрэм зэргийг үгүйсгэсэн буюу аливаа хуулийн этгээд ямар ч тамга, тэмдэг дардас, баталгааны тэмдэг зэргийг үйл ажиллагаандаа хэрэглэхгүй байж болно гэсэн ойлголтод хүргэхүйц хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

8. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “Э ХХК-ийн захиалгын дагуу 5000 ширхэг номыг хэвлүүлсэн” гэх ба бодит байдалд “Э” ХХК-ийн 2016 оны Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах иж бүрэн арга хэмжээний төлөвлөгөөнд дээрх чиглэлийн ном товхимол худалдан авах зардал тусгагдаагүй бөгөөд энэ талаар нотлох баримтуудыг шүүхэд хангалттай гаргаж өгсөөр байтал “Э” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэглээгүй, “Э” ХХК-ийг хууль зөрчсөн үйлдэл хийхэд хүргэж байна.

9. Мөн “Х” ТББ нь 2016.04.05-ны өдөр “Э” ХХК-ийн ХАБЭАХэлтсийн даргад, 2016.04.12-ны өдөр “Э” ХХК-ийн Хангамжийн хэлтсийн даргад тус тус Хөдөлмөр эрүүл ахуй, аюулгүй байдал сэдэвт номыг худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулах саналыг тус тус хүргүүлсэн нь “Э“ ХХК-ийн Ерөнхий захирлын 2007 оны 12 сарын 27-ны өдрийн 880 дугаар тушаалыг зөрчсөн буюу гэрээ, хэлцэл байгуулах эрхгүй этгээдүүдэд хандаж албан хүсэлт ирүүлсэн нь гэрээ байгуулсанд тооцуулах үндэслэл болохгүй байсаар байтал Иргэний хуулийн 196-р зүйлийн 196.1.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж гэрээ байгуулах эрх бүхий нэг тал гэрээнд гарын үсэг зурсан гэж дүгнэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь уг заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.02.27-ны өдрийн 25 дугаар магадлалын “Х” ТББ болон “Э” ХХК нарын хооронд “Уул уурхайн ажиллагсадын хөдөлмөрин эрүүл мэнд, аюулгүй байдал” ном худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгуулсанд тооцож” гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.      

ХЯНАВАЛ:

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

            Нэхэмжлэгч “Х” ТББ-ыг төлөөлөн Ж.Жавзмаа нь хариуцагч  “Э” ХХК-д холбогдуулан “Уул уурхайн ажиллагсдын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал” сэдэвт 5000 ширхэг ном худалдах-худалдан авах гэрээг байгуулсанд тооцож, гэрээний үүргийг биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээ байгуулах эрхгүй этгээдүүдэд хандсаныг гэрээ байгуулсанд тооцуулах үндэслэл болохгүй, ...ном товхимол худалдан авах зардал тусгагдаагүй, талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл байхгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

        Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд “Х” ТББ-ын гүйцэтгэх захирал  Ж.Жавзмаатай хариуцагч байгууллага нь  “Уул уурхайн ажиллагсдын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал” сэдэвт номыг “Э” ХХК-д 5000 ширхгийг нийлүүлэх тухай гэрээг байгуулсан боловч тус үйлдвэрийн удирдлага солигдсон шалтгаанаар уг гэрээг бүртгэх, гэрээний үүрэг хэрэгжихгүй байх нөхцөл байдал үүссэн байна.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлохдоо хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасныг үндэслэл бүхий тайлбарлажээ.

          Хариуцагч байгууллагын гэрээ байгуулах үндэслэл, санал, гэрээний төсөлд санал өгөх хуудас, “Э” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсээс Худалдаа хангамжийн хэлтсийн даргад гаргасан хүсэлт, нэхэмжлэгч байгууллагын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 3 дугаартай албан бичиг зэрэг баримт хэрэгт авагдсан ба эдгээр баримтаар хариуцагч нь “Х” ТББ-ын гэрээ байгуулах саналын хариуг өгснөөр талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д нийцжээ. /хх-86-89/

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрээ нь хэлбэрийн шаардлага хангаагүй, тамга тэмдэггүй, гарын үсэггүй, компанийн үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбар гаргасан ч гэрээний гол нөхцлийг тохирсон хавсралт хэсэгт компанийн эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн гэрээ, түүний хавсралтаар тогтоогджээ. /хх 68-71/. Иймээс  уг гэрээнд тамга, тэмдэг дарагдаагүйг байгууллагын удирдлага, компанийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотой байх бөгөөд талуудын гэрээнд тусгагдсан хүсэл зоригийн илэрхийлэлд хамааралтай биш гэж үзнэ.   

               Анхан шатны шүүх Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар   “Х” ТББ,  “Э” ХХК-ийн хооронд “Уул уурхайн ажиллагсдын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал” сэдэвт 5000 ширхэг ном худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулагдсанд тооцож, гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагч “Э” ХХК-д  даалгахаар шийдвэрлэсэн байна.

            Давж  заалдах  шатны шүүх  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч “Х” ТББ болон “Э” ХХК нарын хооронд “Уул уурхайн ажиллагсдын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал” ном худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгуулсанд тооцож, гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагч “Э” ХХК-д даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

            Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан, зохигчдын мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлсэн байна.

          Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “...худалдах-худалдан авах гэрээг байгуулсанд тооцож, гэрээний үүргийг биелүүлэхийг даалгах” гэж тодорхойлсныг хоёр шатны шүүх хоёр тусдаа шаардлага гэж дүгнэн, тус тусад нь шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга, тайлбараас үзэхэд тэрээр хариуцагчаас нийт 50,000,000 төгрөгийн үнэ бүхий 5000 ширхэг номыг худалдан авахаар тохиролцсон гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан байх бөгөөд харин “худалдах-худалдан авах гэрээг байгуулсан” болохыг тогтоолгох нь энэхүү шаардлагын үндэслэл болсон байна гэж дүгнэлээ.  

           Иймээс зохигчид гэрээгээр тохиролцсон үүргээ харилцан биелүүлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцэх тул энэ үндэслэлээр хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

              Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт орж байгаа үндэслэл нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлд хамаарахгүй тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00024 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч “Х” ТББ-тай байгуулсан “Уул уурхайн ажиллагсдын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал” ном худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагч “Э” ХХК-д даалгасугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН