Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 00024

 

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2018/00024

                         Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “Х” ТББ, гүйцэтгэх захирал Ж.Ж  /Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг 6-15-37 тоотод оршин суух/-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Э ХХК / Орхон аймаг, Баян-Өндөр сум, найрамдал талбай ерөнхий захиргааны байранд байрлах/-д хариуцагдах

            Гэрээ байгуудсанд тооцож, гэрээний үүргийг биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Ж , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х ” ТББ-ыг төлөөлж гүйцэтгэх захирал Ж.Ж  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Х ” ТББ нь Э ХХК-тай ном худалдах, худалдан авах гэрээг 2016 онд байгуулсан юм. Уг номыг Ж.Ж  миний бие 1976 оноос 2009 оны хооронд “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтан ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл түүнээс шалтгаалсан өвчлөлийн талаар судалгаа хийж ажилласан юм. Судалгааныхаа ажлаар “У ” гэсэн ном туурвиж зохиогчийн эрхээ бүртгүүлсэн. Энэ бүтээл нь Монгол улсын хэмжээнд ганц байдаг бөгөөд одоог хүртэл өөр бүтээл шинээр гараагүй байгаа. Ном хэвлэгдэж гарсаны дараа үйлдвэрийн удирдлагууд намайг хүлээн авч уулзаж номыг минь худалдан авч, үйлдвэрийн ажилчидад өгнө гэсэн саналыг хэлж гэрээ байгуулах эхлэлийг тавьсан бөгөөд гэрээний ажил хойшлогдож байгаад 2016 оныг хүргэсэн. Манай байгууллага нь үйлдвэрийн захиалгын дагуу 5000 ширхэг номыг тоо ширхэгээр нь хэвлүүлж бэлтгэсэн. Гэтэл үйлдвэрийн удирдлага солигдож гэрээ байгуулсанд тооцохгүй байгаа тул манай байгууллагыг маш их хохироож байна. Аливаа байгууллага үйл ажиллагаа нь залгамж чанартай явагддаг бөгөөд удирдлага солигдсоноор өмнөх байгуулсан гэрээг байгуулаагүйд тооцох үндэслэл байхгүй хэмээн үзэж байна. Тиймээс гэрээ байгуулсанд тооцож гэрээний үүргээ биелүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Х ” ТББ-ын гаргасан гэрээ байгуулсанд тооцуулах, гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай иргэний нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. “Х ” ТББ нь 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Э ” ХХК-ийн ХАБЭАХэлтсийн даргад, 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Э ” ХХК-ийн Хангамжийн хэлтсийн даргад тус тус “Хөдөлмөр эрүүл ахуй, аюулгүй байдал” сэдэвт номыг худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулах саналыг тус тус хүргүүлсэн байна. “Э ” ХХК-ийн Ерөнхий захирлын 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 880 дугаар тушаалаар аливаа иргэн хуулийн этгээдтэй байгуулж буй гэрээ, хэлцэл хийх эрхийг зөвхөн Ерөнхий захирал эдлэж байхаар заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээ, хэлцэл байгуулах эрхгүй этгээдүүдэд хандаж албан хүсэлт ирүүлсэн нь гэрээ байгуулсанд тооцуулах үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “Э ” ХХК-ийн захиалгын дагуу 5 000 ширхэг номыг хэвлүүлсэн гэх ба бодит байдалд “Э ” ХХК-ийн 2016 оны Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах иж бүрэн арга хэмжээний төлөвлөгөөнд дээрх чиглэлийн ном товхимол худалдан авах зардал тусгагдаагүй. “Э ” ХХК нь аливаа гадны иргэн, хуулийн этгээдтэй ямар нэг гэрээ, хэлцэл байгуулах үйл ажиллагаандаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон худалдан авах ажиллагаатай холбоотой журмыг мөрдөн ажилладаг бөгөөд энэхүү хууль, журмыг үндэслэн “Х ” ТББ-аас ном товхимол худалдан авах боломжгүй тухай тус компанийн Хуулийн хэлтсийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 117/477 тоот, Хууль, эрх зүйн газрын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 130/647 тоот албан бичгүүдээр мэдэгдэж байсан ба компанийн худалдан авалтын төлөвлөгөөнд тусгагдсан тохиолдолд хууль, журамд нийцүүлэн гэрээ байгуулах боломжтойг дурдсан. Иймд “Э ” ХХК нь “Х ” ТББ-тай байгуулсан худалдах, худалдан авах тухай ямар нэгэн хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл байхгүй тул “Х ” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Х ” ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Ж  нь хариуцагч “Э ” ХХК-д холбогдуулан “У ” сэдэвт 5 000 ширхэг ном худалдах худалдан авах гэрээг байгуулсанд тооцож, гэрээний үүргийг биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч “Э ” ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Ж.Ж , Л.О нар “У ” бүтээлийг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр туурвисаныг 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 17 тоот тушаалаар улсын бүртгэлийн 3779 дугаарт бүртгүүлж Монгол улсын зохиогчийн эрхийн 2010/014 дугаартай гэрчилгээг авсан болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн зохиогчийн эрхийн гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-10/

“Х ” ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Ж  /бүтээл туурвигч/ нь өөрийн оюуны өмч болох бүтээлээ ном хэлбэрээр хэвлүүлж, судалгааны объект болсон  “Э ” ХХК-д 5 000 ширхэгийг нийлүүлэх тухай гэрээг 2016 онд байгуулсан бөгөөд үйлдвэрийн удирдлага солигдсон шалтгаанаар гэрээг бүртгэх, гэрээний үүрэг хэрэгжихгүй байх нөхцөл байдал үүссэн байна. /хх 68-71/

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Гэрээг хэдийд байгуулсан нь тодорхойгүй, гэрээ байгуулах эрх бүхий этгээдийн гарын үсэг зурагдаагүй, түүнчлэн эрх бүхий этгээдэд хандаагүй, манай байгууллага номын захиалга өгөөгүй бөгөөд төсөвт ном худалдан авах зардал тусгагдаагүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон худалдан авах ажиллагаатай холбоотой журмыг үндэслэн ном товхимол худалдан авах боломжгүй талаар албан бичгүүдийг нэхэмжлэгчид өгч байсан гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Гэрээ байгуулах саналыг хүлээн зөвшөөрснөө мэдэгдэж хариу өгснөөр байгуулагдсанд тооцогдох бөгөөд  “Х ” ТББ-ын гэрээ байгуулах саналын хариуг хариуцагч байгууллагын гэрээ байгуулах үндэслэл, санал, гэрээний төсөлд санал өгөх хуудас, “Э ” ХХК-ний Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэсээс Худалдаа хангамжийн хэлтсийн даргад гаргасан хүсэлт, нэхэмжлэгч байгууллагын 2016 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн 3 дугаартай албан бичгээр өгч байсан гэж үзнэ. /хх 86-89/

Хэдийгээр хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрээ нь хэлбэрийн шаардлага хангахгүй, тамга тэмдэггүй, гарын үсэггүй, компаний үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж байх боловч гэрээний гол нөхцлийг тохирсон хавсралт хэсэгт компаний эрх бүхий этгээд гарын үсэг зурсан болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн гэрээ, түүний хавсралтаар батлагдаж байна. /хх 68-71/. Гэрээ байгуулах үед тамга тэмдэг дарагдаагүй нь байгууллагын удирдлага, компаний бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотой байх бөгөөд нэхэмжлэгчийн буруутай  үйлдэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э ” ХХК-аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х ” ТББ-д олгохоор заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                   ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Х ” ТББ, “Э ” ХХК-ний хооронд “У ” сэдэвт 5 000 ширхэг ном худалдах худалдан авах тухай гэрээ байгуулагдсанд тооцож, гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагч “Э ” ХХК-д даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т  зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э ” ХХК-иас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х ” ТББ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.АРИУНЦЭЦЭГ