Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 271

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

Улсын яллагч И.Хүдэрцэцэг,

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

Хохирогч Н.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар бургуйд овогт Ц-н Бод холбогдох эрүүгийн 1909044641554 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Гаалийн удирдлагын менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 24 дүгээр байрны 91 тоотод оршин суудаг,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 27.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 362 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:У388062959 / Хар бургуйд овогт Ц-н Б нь:

 

- 2019 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Шангрила” зочид буудалд байрлах “Наадам” рестораны тамхины өрөөнд иргэн Н.Отгонбаяртай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохих, өвдөглөх, мөргөх зэргээр зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 17 /

 

Хохирогч Н.Отгонбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  …  2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 20 цагийн үед би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ажиллаж байсан “Наадам” ресторанд орсон. Тэгээд би 00:50 цагийн үед тамхины өрөөнд ороход зүс таних хуучин надтай ажиллаж байсан Ж.Баярцогт, мөн зүс таних Ц.Б нар байсан. Ц.Быг “ Та манай үеэл ахын танил юм байна лээ. Дээр та энд хамт орж ирж байсан “ гэж ярихад Ц.Б “ Би танихгүй. Танихгүй л “ гээд байсан. Тэгээд ийм асуудлаас болоод маргаан болж Ц.Б миний хамрыг мөргөөд заамдаж дарж, байгаад миний нүүр хэсэгт өвдөглөсөн. Тэгээд заамдаад ийш тийш нь татаж чангаагаад намайг тамхины өрөөний хана мөргүүлсэн. Тэр үед гаднаас зөөгч залуу орж ирээд бид хоёрыг салгасан гэжээ. / хх 9-10 /

 

Гэрч Ц.Амарсанаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө “Шангри-ла” зочид буудлын “Наадам” ресторанд ажиллаж байх үед 00 цаг 50 минутын үед тамхины өрөөнд зодоон болоод байна гээд намайг танихгүй залуу дуудсан юм. Би 2 давхрын тамхины өрөөнд ороход манай ресторанд байнга үйлчлүүлдэг Ц.Б, урд өмнө нь манайд ажилладаг байсан Н.Отгонбаяр гээд залууг заамдчихсан “Би чиний ахыг яаж мэддэг юм бэ? Би чамайг ална шүү” гээд орилоод зогсож байсан. Би Б.Баярцогт, Н.Отгонбаяр хоёрыг салгах гээд дундуур нь ороход Ц.Б нь над руу бас дайраад байсан. Намайг өрөөнд орж тэр хоёрыг салгах үйлдэл хийснээс хойш Ц.Б нь Отгонбаярыг 1-2 удаа татаж ирээд нүүр хэсэгт нь цохьсон. Тэгээд би Ц.Быг дагуулаад тамхины өрөөнөөс аваад гарсан гэжээ. / хх 12-13 /

 

Гэрч Ж.Баярцогт мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би тамхины өрөөнөөс гараад тэр хавиар хамгаалагч хайгаад “Наадам” рестораны текэн дээр очсон. Тэгээд хүн дуудаад буцаад тамхины өрөөнд ирэхэд өргөдөл гаргасан залуугийн нүүр цус болчихсон, Ц.Б ахын гар цус болчихсон байсан. Би Ц.Б, өргөдөл гаргасан залуу хоёрыг хоёр тийш нь салгаад хоёр өөр ариун цэврийн өрөө рүү оруулсан гэжээ. / хх 13 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14421 дугаар дүгнэлтэнд:

1 .Н.Отгонбаярын биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 6 /

 

Шүүгдэгч Ц.Быг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 28-29 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 24 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрйн 24 цаг өнгөрөөгөөд тамхины өрөөнд байж байтал хохирогч залуу халамцуу ирж зогсоод надтай яриа өдсөн. Би “ Чи халамцуу байна. Явчих “ гэхэд “ Пизда минь. Чи танихгүй байна уу “гээд улам дайраад байсан. Би “Чонзориг гэгчийг танихгүй. Чи явчих. Тэгэх үү “ гээд гуйсан. Гэтэл хохирогч над руу улам чичирч дайрсан. Манай Ж.Баярцогт дүү бид хоёрыг салгасан. Н.Отгонбаяр тамхины өрөөнөөс гарахгүй байсан. Манай Ж.Баярцогт дүү хамгаалагч дуудаад ирье гээд гарсан. Энэ хооронд би эхлээд Чинзоригийг танихгүй гэдгээ учирлаж тайлбарласан. “ Би танихгүй. Чи зүгээр явчих “ гээд 6 минут гуйсан нь камерын бичлэгт байгаа. Н.Отгонбаяр хувцсаа тайлаад, тамхи унтраагуурын саван дээр өлгөж тавиад, нүдний шилээ аваад над руу тулаад ирсэн. Тэр хооронд утас нь дуугарсан ба тэр утсаа аваад “ Та нар тамхины өрөөнд ороод ир. Энэ гөлгийг яаж алахыг харах уу. Энэ гөлгийг яаж зодохыг харах уу” гэж удаа дараа ярьсан. Хохирогч над руу дайрч орж ирсэн. Дайраад намайг мөргөсөн. Би зөрүүлээд заамдаж аваад нүүрэн тус газар нь 1 удаа цохьсон. Дараа нь үүднээс зөөгч залуу орж ирж салгасан. Салгах гэж оролдох үед би өвдөглөх гэж үзсэн боловч хүрээгүй, дундуур нөгөө залуу орсон. Ийм зүйл болсон. Би хүний биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна.  Миний буруу. Эмчилгээний зардал 157.000 төгрөгийг өгсөн. Хагалгааны зардлыг төлнө гэв. 

 

Хохирогч Н.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө би наадам ресторанд орж үйлчлүүлсэн. 00.30 минутын үед тамхины өрөөнд бид 2 таарсан. Тэгээд түүнээс  ахынхаа нэрийг удаа дараа асууснаа мэдэж байгаа.  Хамгийн эхлээд шүүгдэгч намайг заамдаж аваад хамран тус газар 1 удаа мөргөсөн ба өвдөглөсөн.  Дараа нь нүүрэн тус газар цохьсон. Тэр үед Амарсанаа гэх зөөгч салгасан. Салгасны дараа нь нүүрэн тус газар 2 удаа цохьсон. Миний хамар далийж муруйсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би хохиролд 157.000 төгрөг авлаа. Би хамрын хагалгаанд орох зардал болох нийт 2.500.000 төгрөг нэхэмжилж байна гэв. 

 

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангрила зочид буудалд байрлах Наадам рестораны тамхины өрөөнд иргэн Н.Отгонбаяртай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохих, өвдөглөх, мөргөх зэргээр зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:  …Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 17 /, … Ц.Быг та манай үеэл ахын танил юм байна лээ. Дээр та энд хамт орж ирж байсан гэж ярихад Ц.Б би танихгүй гэснээс болж маргаан болж Ц.Б миний хамрыг мөргөөд заамдаж  нүүр хэсэгт өвдөглөсөн. Тэгээд заамдаад ийш тийш нь татаж чангаагаад намайг тамхины өрөөний хана мөргүүлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Н.Отгонбаярын мэдүүлэг / хх 9-10 /, ... тамхины өрөөнд ороход манай ресторанд байнга үйлчлүүлдэг Ц.Б өмнө нь манайд ажилладаг байсан Н.Отгонбаяр гээд залууг заамдчихсан “Би чиний ахыг яаж мэддэг юм бэ? Би чамайг ална шүү” гээд орилоод зогсож байсан. Би тэр хоёрыг салгах үйлдэл хийснээс хойш Ц.Б, Н.Отгонбаярыг 1-2 удаа татаж ирээд нүүр хэсэгт нь цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Амарсанаагийн мэдүүлэг / хх 12-13 /, ...Би хүн дуудаад буцаад тамхины өрөөнд ирэхэд өргөдөл гаргасан залуугийн нүүр цус болчихсон, Ц.Б ахын гар цус болчихсон байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ж.Баярцогтын мэдүүлэг / хх 13 /, ...Н.Отгонбаярын биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14421 дугаар дүгнэлт / хх 6 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Бод ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, баримтаар нотлогдсон хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, гэм буруу, хувийн байдал зэргийг харгалзаад хуульд заасан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй байна. 

 

            Хохирогч Н.Отгонбаяр нь 2.657.000 төгрөг нэхэмжилснээс Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, “Интермэд” эмнэлэгт үзүүлсэн 57.000 төгрөг, Компьютер томографикт үзүүлсэн 100.000 төгрөг нийт 157.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Б нөхөн төлсөн тул түүнийг төлөх төлбөргүйг дурьдаж, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ц.Б нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Хар бургуйд овогт Ц-н Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуу / нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Б нь шүүхээс тогтоосон торгуулийг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Ц.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ