Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 00566

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1957 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 59 настай эмэгтэй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, хувийн 16 дугаар байрны 1 тоотод оршин суух, Боржигон овогт Самбуугийн Намжилмаа /РД:ГЮ5700106/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Булган сум 5 дугаар баг Д.Лхагвадорж-ийн өргөн чөлөөнд байршилтай Энержи плас ХХК,

Хариуцагч: 1976 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, Энержи плас ХХК-ийн ашиглалтын өмнөх захиргааны дарга ажилтай, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 11 дүгээр байрны 11 тоотод оршин суух, Ловон овогт Төмөрийн Мягмарсүрэн /РД:ИР76101211/ нарт холбогдох,

Газар чөлөөлүүлж, хашаандаа орж, гарах гарц гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00197/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Намжилмаа, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мягмарсүрэн, нарийн бичгийн дарга Г.Ангирмаа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Намжилмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Анх 2011 онд тус компани нь Булган суманд Дулааны станцын барилга барьж эхлэхдээ манай хашаанд тоног төхөөрөмж, барилгын материалаа оруулж тавья гээд хашааг буулгаж, тоног төхөөрөмж, барилгын материалаа зөөж оруулан дөрвөн жил гаран болсон.Тоног төхөөрөмж, барилгын материалыг зөөж байхдаа барьж байгаа барилгынхаа суурийг манай хашааны хойд хэсэг болон хашааны хаалганы газар суурийн цутгалтаа хийсэн. Миний бие: Та нар яагаад манай газар хашааны хаалга байсан газар луу барилгынхаа суурийг цутгаж байгаа юм бэ? Манайх хаалгагүй болчихлоо, хаагуур орж гарах болж байна гэхэд, захирал Гантулга: Манай газрын талбай хүрэлцэхгүй байна, танай газар болон хашааны хаалганы асуудлыг шийдэж өгнө гэж явсаар байгаад өдий хүрлээ. Би энэ талаар сумын газрын даамал болон аймгийн Газрын албанд удаа дараа хандахад манайх, танай газраас ав гэж зөвшөөрөл өгөөгүй, бид энэ асуудлыг шийдэхгүй, тэр компанитайгаа учраа ол гэсэн хариу өгөх юм. Гантулга захирал: Газрын чинь асуудлыг шийдвэрлэж өгнө гээд эхлээд зүүн талд хаалгыг чинь гаргана, дараа нь хоёр байшингийн дундуур гаргана гэсээр байгаад баруун талд орох ямар орц боломжгүй хаалга хийсэн. Энэ хаалгаар хашаандаа орж гарах гэхээр бусдын эзэмшил газар дээгүүр явах болж машин болон хүн амьтан орж гарах замыг нь газрын эзэн Энхтайван зөвшөөрөхгүй болсноор бид хашаандаа орж гарч чадахгүй болоод байна. Мөн манай эзэмшлийн хашаа руу 117 м.кв газар үйлдвэрийнхээ хашааг сунгаж хашаагаа барьсан. Бид энэ компанийг газрын болон хашааны хаалганы асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүлээсээр дөрвөн жил гаруй хугацаа боллоо. Энэ талаар би дахин аймгийн Газрын албанд хандахад аймгийн Газрын алба газар чөлөөлж өгөх тухай албан тоот бичиг энэ компанид өгсөн боловч одоо хүртэл шийдвэрлэж өгөхгүй байна. Иймд манай хашааны хаалганы болон зөвшөөрөлгүй 117 м.кв газар сунгасан зэрэг асуудлуудыг тус тус шийдвэрлэн газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Энержи плас ХХК-ийн захирал Ч.Гантулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол улсын Засгийн газрын 2007 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 257 тоот тогтоолоор Булган аймгийн төвийн дулааны станцыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барих-ашиглах-өмчлөх нөхцөлтэйгээр тус компани барихаар болж Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Булган аймгийн Засаг дарга нартай 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Булган аймгийн Засаг дарга гэрээний дагуу дулааны станцын зохицуулалтаар Булган сумын 5 дугаар багийн нутаг Д.Лхагвадоржийн өргөн чөлөөнд 7567мкв талбай бүхий газрыг манайд эзэмшүүлэхээр захирамж гаргаж 0294904 тоот эрхийн гэрчилгээ олгосон. Уг газар нь ТЭЗҮ заагдаснаас бага хэмжээтэй, стандарт шаардлага хангахгүй, зарим хэсэг нь маргаантай байгаа талаар холбогдох газруудад нь мэдэгдэж гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэхийг шаардсаар байгаа. Одоо дулааны станцын угсралтын ажил 80 шахам хувийн гүйцэтгэлтэй байгаа ба энэ оны 3 дугаар улиралд ашиглалтанд өгөхөөр ажиллаж байна. Гэвч газрын маргаанаас болж бүтээн байгуулалт саатах, аймаг орны ажилд нөлөөлж болзошгүй байгааг харгалзан олон нийтийн эрх ашгийн үүднээс нэхэмжлэгч нарын хүсэлтийг хүндэтгэн маргаантай байгаа газраас хашаагаа татан хүндхэн нөхцөлтэй ч гэсэн ажлаа хэвийн явуулахаар шийдлээ гэжээ.

Хариуцагч Т.Мягмарсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2011 онд манай компани концесын гэрээ байгуулж 2012 оноос ажлаа эхэлсэн. Аймгаас олгосон газар дээрээ бид үйл ажиллагаа явуулж барилгаа барьж байна. Нэхэмжлэгч С.Намжилмаагийн нэхэмжилсэн газар чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Манайх барилгын үйл ажиллагаагаа эхлэхдээ нэхэмжлэгч С.Намжилмаагийн эзэмшлийн газар луу хашаагаа түрж оруулаад барьсан. Гарах гарц гаргаж өг гэхээр нь бид С.Намжилмаагийн хашааны баруун талд засварын газрын эзэн Энхтайваны газар луу харуулж хашаанд нь гүйдэг хаалга хийж өгсөн. Хаалга хийж өгөх үед тус засварын газрын ар хэсгийн газар нь нийтийн эзэмшлийн газар байсан. Гэтэл засварын газрын Энхтайван газраа сунгаж авснаас болж гарах гарцыг хаасан байна. Нэгэнт С.Намжилмаагийн эзэмшлийн газар луу хашаагаа оруулж барьснаа хүлээн зөвшөөрч газрыг нь чөлөөлж өгнө. Харин газрын эзэмшигч өөрийн газар дээрээ хашаа барьж хаалгаа хаагуураа гаргаж барих нь тэдний эрхийн асуудал тул бид хаалга дахин хийж өгөх боломжгүй. Хашаагаа түрж барьсан газрын хэмжээг нь хэлж мэдэхгүй байна. Нэхэмжлэлд дурьдсан хэмжээгээр гэж бодож байна. Бид эвлэрэх талаар хэд хэдэн удаа уулзаж байсан. Бид С.Намжилмаагийн газрын баруун талын жижиг байшинг 15 сая төгрөгөөр худалдаж авч гарц гаргаж өгөхөөр тохиролцож байсан боловч С.Намжилмаа нь манай компанийн удирдлага руу яриад өөрийн объектыг 350 сая төгрөгөөр худалдаж ав гэсэн шаардлага тавьсан байсан. Иймээс бид тохиролцоонд хүрч чадаагүй гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч С.Намжилмаа би Энержи плас ХХК-ийн ашиглалтын өмнөх захиргааны дарга Т.Мягмарсүрэнтэй доорхи нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:

а. Энержи плас ХХК нь Сүхбаатарын эзэмшлийн 71 м2 талбай бүхий газрын өмчлөх эрхийг С.Намжилмаагийн нэр дээр 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор шилжүүлэх,

б. Сүхбаатарын өмчлөлийн газарт барих хашаа, хаалга, тохижилтыг Энержи плас ХХК нь хийж гүйцэтгэж, хаалга байсан газрын хашааг барьж гүйцэтгэх,

в. 117 м2 талбай бүхий газарт байрлах С.Намжилмаагийн өмчлөлийн дулаан, цэвэр усны шугамд ямар нэгэн гэмтэл гарсан нөхцөлд Энержи плас ХХК хариуцахаар тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгч С.Намжилмаа, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мягмарсүрэн гэж гарын үсэг зуржээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Намжилмаа нь Энержи плас ХХК болон тус компанийн ашиглалтын өмнөх захиргааны дарга Т.Мягмарсүрэн нарт холбогдуулан газар чөлөөлүүлж, хашаандаа орж, гарах гарц гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож Энержи плас ХХК нь Сүхбаатарын эзэмшлийн 71 м2 талбай бүхий газрын өмчлөх эрхийг С.Намжилмаагийн нэр 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор шилжүүлэх, Сүхбаатарын өмчлөлийн газарт барих хашаа, хаалга, тохижилтыг Энержи плас ХХК нь хийж гүйцэтгэж, хаалга байсан газрын хашааг барьж гүйцэтгэх, 117 м2 талбай бүхий газарт байрлах С.Намжилмаагийн өмчлөлийн дулаан, цэвэр усны шугамд ямар нэгэн гэмтэл гарсан нөхцөлд Энержи плас ХХК хариуцахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар С.Намжилмаагийн нэхэмжлэлтэй, Энержи плас ХХК болон тус компанийн ашиглалтын өмнөх захиргааны дарга Т.Мягмарсүрэн нарт холбогдох, газар чөлөөлүүлж, хашаандаа орж, гарах гарц гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Энержи плас ХХК нь Сүхбаатарын эзэмшлийн 71 м2 талбай бүхий газрын өмчлөх эрхийг С.Намжилмаагийн нэр 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор шилжүүлэх, Сүхбаатарын өмчлөлийн газарт барих хашаа, хаалга, тохижилтыг Энержи плас ХХК нь хийж гүйцэтгэж, хаалга байсан газрын хашааг барьж гүйцэтгэх, 117 м2 талбай бүхий газарт байрлах С.Намжилмаагийн өмчлөлийн дулаан, цэвэр усны шугамд ямар нэгэн гэмтэл гарсан нөхцөлд Энержи плас ХХК хариуцахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг, Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Энержи плас ХХК, Т.Мягмарсүрэн нараас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Намжилмаад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ