Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00531

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1116 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 178 дугаар магадлалтай,

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ц.Ч, П.Э нарт холбогдох,

6.145.677 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч П.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.                                   

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн Дархан-уул аймгийн салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус банк 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ж.Ихбаяр, Ц.Ч нартай ЗГ4335101192 тоот зээлийн гэрээ байгуулж цалингийн зээл 6.000.000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаагаар, мөн 2016 оны 05 дугаар арын 11-ны өдөр иргэн Ж.Ихбаяр, П.Э нартай ЗГ4335101192А тоот Зээлийн гэрээ байгуулж цалингийн зээл 900.000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаагаар тус тус зээлдүүлсэн болно. Зээлийн гэрээнүүдийн 3 дугаар зүйлийн 3.1.1 зааснаар зээлдэгч буюу иргэн Ж.Ихбаяр, П.Энхтуяа, Ц.Ч нар нь зээлийг гэрээний хавсралт №1-д заасан хувааарийн дагуу төлөх үүрэгтэй. Зээлдэгч нар 2016 оны 12 дугаар сараас хойш зээлийн эргэн төлөлт дутуу төлж байсан, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс хойш одоо болтол эргэн төлөлтийг хийгээгүй. Ж.Ихбаяр нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нас барсан. Иймд Ц.Чанцалдулмаас 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ4335101192 дугаартай зээлийн гэрээний дагуу бодогдсон үндсэн зээл 4.570.043 төгрөг зээлийн хүүгийн төлбөр 532.057 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөр 22.600 төгрөг, нийт 5.124.702 төгрөг, Д.Энхтуяагаас 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ4335101192А дугаартай зээлийн гэрээний дагуу бодогдсон үндсэн зээл 760.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 260.975 төгрөг нийт 1.020.975 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сард Ж.Ихбаяр надтай яриад Гнаас цалингийн зээл авах гэж байна,  ирээд гарын үсэг зураад өгөөч гэж хэлсэн. Эхлээд зөвшөөрөөгүй боловч удаа дараа залгаад гуйгаад байхаар нь хүүхдүүдийн маань эцэг юм даа гэж бодоод очиж гарын үсэг зурж өгсөн. Би зээлээс нэг ч  төгрөг  аваагүй учир ганц гарын үсэг зурсныхаа төлбөр төлөх ёсгүй бөгөөд ажилгүй, 4 өнчин хүүхдийн хамт амьдардаг тул төлбөрийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч П.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүгийн бие муу байсан тул зээл авахад нь гэрээнд гарын үсэг зурсан. Банкны ажилтан дуудсан үед байнга очиж уулздаг байсан ба  өөрийн боломжоор төлөх саналаа хэлэхэд хүлээн аваагүй. Заавал 300.000 төгрөг бэлэн төл гэсэн. Тухайн үед би сард 30.000 төгрөг төлье гэсэн боловч хүлээж аваагүй. Одоо өөрийн боломжоор сард 30.000 төгрөг төлөхөд бэлэн гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1116 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан хариуцагч Ц.Ч, П.Э нараас нийт 6,145,677.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г ХХК-ний гаргасан нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай̆ хуулий̆н 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжий̆н тухай хуулий̆н 7 дугаар зүйлий̆н 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Гны Дархан салбарын улсын тэмдэгтий̆н хураамжид төлсөн 113,280 төгрөгий̆г Төрийн сангий̆н орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 178 дугаар магадлалаар:  Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1116 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Чаас 5.124.702 төгрөг, хариуцагч П.Энхтуяагаас 1.020.975 төгрөгийг тус тус гаргуулж Гны Дархан салбарт олгож гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Гны Дархан салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113.280 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Чаас 96.945 төгрөг, хариуцагч П.Энхтуяагаас 29.053 төгрөг тус тус гаргуулж Гны Дархан салбарт олгосугай гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч П.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 178 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу, үндэслэлгүй үнэлсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангахдаа давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг зөв тайлбарлан  хэрэглээгүйгээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Гны Дархан салбар нь хариуцагч Ц.Ч, П.Э нараас 6.145.677 төгрөг гаргуулахаар шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг зээлийн гэрээ гэж тодорхойлжээ. Нэхэмжлэлээс татгалзахдаа  хариуцагч Ц.Ч “...зээлээс нэг ч төгрөг аваагүй, нөхөр Ж.Ихбаяр гуйгаад байсан тул гарын үсэг зурсан, тэрээр цалингаараа уг зээлийг төлнө гэсэн...” гэж, хариуцагч П.Э “...дүү минь биеэ эмчлүүлэх  шаардлагатай байна, зээлээ цалингаараа төлнө гэхээр гарын үсэг зурсан...” гэсэн тайлбарыг тус тус гаргаж, маргажээ.

Г нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ж.Ихбаяр, Ц.Ч нартай зээлийн гэрээ байгуулж, 6.000.000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй зээлдүүлжээ. Зээлдэгч зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирчээ.

Дээрх гэрээнд 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулан зээлийн хэмжээг 900.000 төгрөгөөр нэмэгдүүлж, үндсэн зээлийн үлдэгдлийг 6.181.991 төгрөг, хүүг жилийн 21.60 хувь болгосон байх ба уг гэрээнд П.Э хамтран зээлдэгчээр гарын үсэг зуржээ /хэргийн 8-12 дугаар тал/.  

Зээлдэгч Ж.Ихбаяр 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр нас барсан,  нэхэмжлэгч нь хариуцагч нараас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах заалтыг баримтлан зээлийн гэрээний үүргийг нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Дээрх гэрээнд зээлдэгч, хамтран зээлдэгч нь зээлийн төлбөрийг цалин, түүнтэй адилтгах тогтмол орлогоор төлөх, банк Ж.Ихбаярын цалинг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр тодорхойлж, цалингаас шууд төлүүлэхээр заажээ. Өөрөөр хэлбэл, банк зөвхөн Ж.Ихбаярын цалин орлогын хэмжээ, түүний хүсэлт, анкет зэргийг үндэслэн зээл олгосон нь хэргийн баримтаар тогтоогджээ /хэргийн 53-76 дугаар тал/. Ийнхүү гэрээний үүргийг буцаан төлөх нөхцлийг заасан атлаа хамтран зээлдэгчээр Ц.Ч, П.Э нарыг тодорхойлсон нь хуульд нийцээгүй байна.

Дээр дурдсанаас үзвэл хамтран зээлдэгч болох хариуцагч нартай холбоотой ямар нэг баримт зээлийн хувийн хэрэгт авагдаагүй, энэ талаар зээлийн гэрээнд тусгагдаагүй байна.

Түүнчлэн Ж.Ихбаярын Г дах дансны хуулгад цалингийн зээл гэж тэмдэглэснээс гадна гэрээнд заасны дагуу түүний 4305104068 дугаар данснаас зээлийн төлбөрийг суутгаж байжээ.    

Ажил хөдөлмөр эрхэлж, түүнд тохирсон цалин хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой бөгөөд энэ тохиолдолд цалингаа барьцаалж зээл авах нь хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг бий болгоно.

Ж.Ихбаяр цалингаа барьцаалж, зээл авсан нь түүнд хамааралтай болох бөгөөд харин гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн цалин тогтмол орлогоо барьцаалаагүй хариуцагч нарт зээлийн үүргийг хамааруулах боломжгүй болно.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2.-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болдог. Хуулийн энэхүү зохицуулалтын агуулгаар зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгч Ж.Ихбаяр нас барснаар дуусгавар болох тул нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 178 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1116 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 29.050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ