Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 178

 

Голомт банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00959

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр  сарын 01-ний өдрийн 1116 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Ч-,

Хамтран хариуцагч П.Э- нарт холбогдох

          “Зээлийн төлбөр 6.145.677 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн  давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ууганбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Голомт банкнаас:

2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Голомт банк нь иргэн Ж.Ихбаяр, Ц.Ч- нартай ЗГ4335101192 тоот зээлийн гэрээ байгуулж цалингийн зээл 6.000.000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаагаар, мөн 2016 оны 05 дугаар арын 11-ны өдөр Голомт банк нь иргэн Ж.Ихбаяр, П.Э- нартай ЗГ4335101192А тоот Зээлийн гэрээ байгуулж цалингийн зээл 900.000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэйгээр 36 сарын хугаацаагаар тус тус зээлдүүлсэн болно. Зээлийн гэрээнүүдийн 3 дугаар зүйлийн 3.1.1 зааснаар зээлдэгч буюу иргэн Ж.Ихбаяр, П.Э-, Ц.Ч- нь зээлийн гэрэээний хавсралт №1-д заасан хувааарийн дагуу төлөх үүрэгтэй. Зээлдэгчид ни 2016 оны 12 дугаар сараас хойш зээлийн эргэн төлөлт дутуу төлж байсан бөгөөд зээлдэгчтэй удаа дараа холбогдоход зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлнө гэж хугацаа заан хойшлуулсаар байсан бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс хойш одоо болтол нэг ч удаагийн эргэн төлөлтийг хийгээгүй байна.2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн байдлаар ЗГ4335101192 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 5.330.043 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 793.033 төгрөг торгуулийн хүүгийн төлбөр 22.600 төгрөгийг төлөөгүй байна.

Ж.Ихбаяр нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нас барсан. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Үүнд: 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ4335101192 дугаартай зээлийн гэрээний дагуу бодогдсон үндсэн зээл 4.570.043 төгрөг зээлийн хүүгийн төлбөр 532.057 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөр 22.600 төгрөг, нийт 5.124.702 төгрөгийг Ц.Чанцалдулмаас гаргуулж өгнө үү. 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ4335101192А дугаартай зээлийн гэрээний дагуу бодогдсон үндсэн зээл 760.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 260.975 төгрөг нийт 1.020.975 төгрөгийг иргэн П.Э-гаас гаргуулж өгнө үү. Иргэн Ц.Ч-, П.Э- нараас тэмдэгтийн хураамжийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Ч-аас:

2015 оны 10 дугаар сард Ж.Ихбаяр нь над руу залгаж Голомт банкнаас цалингийн зээл авах гэж байна ирээд гарын үсэг зураад өгөөч гэж хэлсэн. Эхлээд хэлэхэд нь зөвшөөрөөгүй бөгөөд удаа дараа гуйгаад залгаад байхаар нь хүүхдүүдийн маань эцэг юм даа гэж бодоод очиж гарын үсэг зурж өгсөн. Тэгээд удаа ч үгүй зээлээ авчихлаа гэхээр нь хүүхдүүддээ ядаж ганц талх ч гэсэн авч өгөх болов уу гэж харж байсан боловч Хаан банкны цалингийн зээлээ дараад үлдэгдлээр нь машин худалдаж авч унасан байсан. Ингээд миний бие ганц гарын үсэг зурсныхаа төлөө өнчин 4 хүүхэдтэйгээ ийм их мөнгөний өрөнд унасан. Учир нь тэр зээлээс миний бие 1 төгрөг ч аваагүй бөгөөд Ж.Ихбаяр болон түүнтэй хамт амьдарч байсан Н.Баттуяа нарын хэрэглэсэн мөнгийг төлөх ямар ч боломжгүй учир Голомт банкны зээлийн өрийг миний бие төлөхийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч П.Э-гаас:

Би тус банкны ажилтан дуудсан үед байнга очиж уулздаг байсан. Голомт банканд өөрийн боломжоор төлөх саналаа хэлэхэд хүлээн аваагүй. Тэр үед заавал 300.000 төгрөг бэлэн төл гэсэн. Тухайн үед би сард 30.000 төгрөг төлье гэдэг санал хэлсэн боловч хүлээж аваагүй. Одоо өөрийн боломжоор сард 30.000 төгрөг бэлэн төлж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 11 дүгээр  сарын 01-ний өдрийн 1116 дугаар шийдвэрээр:

            Иргэнийн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан хариуцагч Ц.Ч-, П.Э- нараас нийт 6.145.677 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Голомт банкны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банкны Дархан салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113.280 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдсан гомдолдоо:

Зээлдэгч нар нь гэрээг бүрэн ойлгож, хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр гэрээг байгуулсан. Иргэний хуульд хамтран үүрэг гүйцэтгэх үүрэг гэрээнд зааснаар үүссэн байхад шүүх зээлийн гэрээний агуулга, хуульд огт заагаагүй зүйлийг үндэслэн үүрэгт хамааралгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Хамтран зээлдэгч Ц.Ч- нь насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэх, зээл төлөх үүрэг хүлээж байгааг ухамсарлан ойлгож гэрээнд гарын үсэг зурсан. П.Э- нь зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1.020.975 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг шүүх анхаарч үзээгүй зээлийн агуулгыг буруу тайлбарлан дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Ц.Ч-аас 5.124.702 төгрөг, П.Э-гаас 1.020.975 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Голомт банк нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4335101192 тоот гэрээний үүрэг 4.570.043 төгрөг, хүү 532.057 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22.600 төгрөг нийт 5.124.702 төгрөгийг хариуцагч Ц.Ч-аас гаргуулахаар, мөн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 4335101192А тоот гэрээний үүрэг 760.00 төгрөг, хүү 260.975 төгрөг, нийт 1.020.975 төгрөгийг хариуцагч П.Э-гаас тус тус гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Ц.Ч- нь “...би эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны 4 хүүхэдтэй, зээл авах тухай үед нөхөр Ж.Ихбаяраас тусдаа амьдарч байсан... Би тэр зээлсэн мөнгөнөөс мөнгө авч хэрэглээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж, хариуцагч П.Э- нь “...би төрсөн дүүдээ тус болж дээрх гэрээ нь дээр гарын үсэг зурсан. Би банкинд сарын 30,000 төгрөг төлж дээрх мөнгийг төлөхийг зөвшөөрч байна. өөр надад боломж байхгүй...” гэж тус тус маргасан болно.

          Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Голомт банк нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ж.Ихбаяр, Ц.Ч- нартай ЗГ4335101192 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, 6.000.000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл олгосон байна.

          Мөн Голомт банк  2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр урьд байгуулсан ЗГ4335101192 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан Ж.Ихбаяр, П.Э- нартай ЗГ4335101192А тоот зээлийн гэрээг байгуулж  цалингийн зээлийн хэмжээг 900.000 төгрөгөөр нэмэгдүүлжээ.

Дээрх гэрээнүүдэд зээлдэгч Ж.Ихбаярын хамтран зээлдэгчээр Ц.Ч-, П.Э- нар оролцсон нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчид болно.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг” гэж зааснаар Голомт банк болон Ц.Ч-, П.Э- нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

          Голомт банк болон Ж.Ихбаяр нарын хооронд байгуулагдсан зээлийн ЗГ4335101192 тоот гэрээнд Ц.Ч-ыг, ЗГ4335101192А тоот гэрээнд П.Э-г тус тус хамтран зээлдэгч гэж зааж шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүүрэг гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр аль үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэснийг зөрчөөгүй хуульд зааснаар хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар үүсэх юм.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан зохицуулалт нь зээлдэгч Ж.Ихбаяр хувьд хамааралтай заалт байж болох ба харин хамтран зээлдэгч нарын хувьд энэхүү заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ Ж.Ихбаярыг хариуцагч гэж тодорхойлоогүй, зөвхөн хамтран зээлдэгч Ц.Ч-, П.Э- нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний тйлууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчим зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

          Иймд Иргэнийн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч Ц.Ч-, П.Э- нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1116 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“Иргэнийн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Ч-аас 5.124.702 төгрөг, хариуцагч П.Э-гаас 1.020.975 төгрөгийг тус тус гаргуулж  Голомт банкны Дархан салбарт олгож” гэж,

2 дахь заалтыг:

          “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банкны Дархан салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113.280 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ч-аас 96.945 төгрөг, хариуцагч  П.Э-гаас 29.053 төгрөг тус тус гаргуулж Голомт банкны Дархан салбарт олгосугай” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113.280 төгрөгийг шүүгчийн захирамжаар гаргаж, нэхэмжлэгчид буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                                     

                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЭНХЖАРГАЛ

                                              ШҮҮГЧИД                                                 Л.АМАРСАНАА

                                                                                                                С.ОЮУНЦЭЦЭГ