Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 030

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: Өлгий сумын дугаар 3 дугаар багийн оршин суугч Бы  нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаан даргалагч, Тэргүүлэгч Гт холбогдох;

             “Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын   06-ны өдрийн хуралдааны “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай” 27 дугаар, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 28 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып, гэрч Е, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09 цагаас Өлгий суманд зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн юм. Үүний дараа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг албан ёсоор баталж, энэхүү мэдээллийг аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд болон Хурлын төлөөлөгч нарт мэдэгдсэн юм. Тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн  09 цагаас аймгийн Тамгын газрын хуралдааны танхимд хуралдах байсан ч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул тухайн өдөр хуралдаан явагдаагүй юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас нэр бүхий 21 төлөөлөгчдийг ээлжит хуралдаанд оролцох талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлэн, түүнчлэн төлөөлөгчийг биечлэн явуулж байсан боловч тэд хуралдаанд  оролцоогүй юм. Харин 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 162 тоот тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдааны хугацааг хойшлуулах тухай шийдвэр гаргасан. Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 төлөөлөгч 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ажлын бус цагаар буюу шөнө дөлөөр “Малчин төв” гэх байгууллагад нууцаар хуралдаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б намайг ажлаас чөлөөлөх, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Быг сонгох тухай тогтоол гаргасан талаар цахим мэдээллийн хэрэгсэл болон аймгийн Ардчилсан намаас аймгийн радиод явуулсан мэдээллийн шинжтэй албан бичгээс мэдлээ. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 төлөөлөгчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр явуулсан хуралдаан дараах хууль зүйн үндэслэлээр хууль бус гэж үзэж байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагаас хуралдаан товлон зарлах тухай тогтоол гараагүй буюу  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаагүй, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгох тухай асуудлыг хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс албан ёсоор тогтоол, шийдвэр гаргаагүй байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б  би 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн өглөө онгоцоор албан томилолтоор Улаанбаатар хотод явсан буюу эзгүй байсан ба тухайн хуралдаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга би биечлэн оролцоогүй, хуралдаан болох тухай зар мэдээ би хүлээн аваагүй юм.

Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаас баталсан “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Быг чөлөөлөх тухай”, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Быг сонгох тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч Я.Сьезд  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бүх шатны Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг хуралдуулах товыг тогтоох, бэлтгэл ажлыг хангах асуудал зөвхөн тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаардаг. Тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хуралдаж, Хурлын ээлжит хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09 цагаас  хуралдуулахаар товыг тогтоосон байдаг. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Тэргүүлэгчид дахин хуралдаж хэлэлцэх асуудлын дарааллыг албан ёсоор баталж, энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон олон нийтэд мэдээлсэн юм. Гэтэл 21 төлөөлөгч ирээгүй тул 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09 цагаас эхлэх ёстой байсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан эхлээгүй. Дараагийн өдөр хуралдаанд ирээгүй 21 төлөөлөгчийг оролцуулах арга хэмжээ авах үүднээс албан тоот илгээх, төлөөлөгч явуулах зэрэг янз бүрийн үйл ажиллагаа явуулсан боловч ирц бүрдээгүй тул тэр өдрийн 16 цагийн үед аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн олонхи буюу 7 нь хуралдаж, Хурлын хуралдааныг тодорхой бус хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэж, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасныг үндэслэн 162 тоот тогтоол гаргасан. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 06-ны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б Улаанбаатар хотод албан ажлаар явсан. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр болох “Хариуцлагатай бичил уул уурхайн төлөө хамтдаа” сэдэвт чуулган, мөн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр болох “Тогтвортой хөгжилд уул уурхай” сэдэвт бодлогын зөвлөгөөнд оролцуулахаар  урьсан тул тэрээр 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дээрх албан ажлаар Улаанбаатар хот руу явсан. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр оройн цагаар “Фейсбуук”-ээр “Малчин төв”-д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болсон талаар мэдээлэл цацагдаж, Б даргыг огцруулсан, түүний оронд Быг сонгосон тухай мэдээлэл тарсан. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б дарга  ирж,  2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Малчин” төвд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болох талаар Тэргүүлэгчдээс шийдвэр гараагүй, маргаан үүсгэж байгаа 21 төлөөлөгчдөөс энэ асуудлаар  ямар нэгэн санал, хүсэлт оруулаагүй , өөрөөр хэлбэл Хурлын даргыг огцруулах, шинээр сонгох асуудлыг хэлэлцэх талаар Тэргүүлэгчдээс шийдвэр гаргаагүй.Дээрээс нь Б дарга 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд Улаанбаатар хотод албан ажилтай байсан ба энэ хүн эзгүй байхад түүнийг огцруулах асуудал гаргасан явдалд гомдолтой байна. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасан “тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах” гэсэн Хурлын даргын бүрэн эрхэд халдсан, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт заасан “бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана” гэснийг зөрчиж хурал хийсэн болох нь тогтоогдож байна. Дээрх байдлаар Хурлын даргын бүрэн эрхэд ноцтой халдсан, эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдийг хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэр гаргасан нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн Хурлын асуудлыг зохицуулсан зүйл, заалт бүрийг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд  Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай” 27 тоот тогтоол, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 28 тоот тогтоолыг тус тус хүчингүй хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

Хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаан даргалагч, Тэргүүлэгч Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ээлжит 5 дугаар хуралдаан хийх тухай шийдвэр гарсан боловч Хурлын дарга нь ээлжит 5 дугаар хурлаа 2 хоногоор хойшлуулж, саад учруулсан юм. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ямар ч шалтгаангүйгээр Засаг даргын Тамгын газрын хурлын танхимыг цоожлоод, лацадчихаад Улаанбаатар хот руу явчихсан байсан. Хурлын дарга ээлжит хуралдааныг даргалахаас татгалзаж, хурлын үеэр хот руу яваад өгсөн учраас өөр байр сав олж, төрийн тамга, сүлдийг байрлуулаад хурлаа аль нэг Тэргүүлэгчээр удирдуулан хийх шаардлага гарсан. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хурал хийхэд ирц бүрдсэн, хуульд харшлах зүйлгүй байсан учраас хурлаа үргэлжлүүлэн хийсэн болно. Аймагт үйл ажиллагаа явуулдаг зурагт, телевиз, сэтгүүлчид нь хүртэл олон нийтэд хурал эхлэх гэж байгаа талаар мэдээлэл хүргэсэн юм.   Хуралдаан эхлэхээс өмнө хуралдаанд ирээгүй бусад төлөөлөгчид болон Хурлын даргыг удаа дараа дуудаж байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирж оролцоогүй. Ялангуяа Хурлын дарга Бд аймгийн Ардчилсан намын дарга Е,  Монгол Ардын намын дэд дарга Б болон бусад төлөөлөгч нар удаа дараа залгаж, хуралдааныг даргалж өгөхийг шаардсан юм.Тэргүүлэгчдийн ээлжит хуралдааныг тодорхой бус хугацаагаар хойшлуулсан тухай 162 дугаар тогтоол гарсан талаар нэхэмжлэлдээ бичсэн байна. Бид Хурлын ажлын албанд хандсан боловч энэхүү 162 дугаар тогтоолыг гаргаж өгч чадаагүй. Хэрэв ийм тогтоол гарсан бол бүртгэлд авагдах ёстой,гэвч энэ тухай бүртгэл ч байхгүй байна. Ахлах мэргэжилтэн н.Баршагүлээс тогтоол гарсан эсэхийг асуухад зөвхөн нэг хувь гарсан ба үүнийг Хурлын дарга аваад хот руу явсан гэсэн хариу өгсөн. Нөгөөтээгүүр хуралдааны үед Тэргүүлэгчид хуралдаж тогтоол гаргах эрхгүй, ялангуяа хуралдааныг хойшлуулах тогтоол гаргадаггүй. Тэргүүлэгчдийн хурал хийхээс өмнө Тэргүүлэгчдэд урьдчилан мэдэгдэх ёстой боловч бидний дунд 3 Тэргүүлэгч байсан ба бидэнд мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл Тэргүүлэгчид хуралдахгүйгээр 162 дугаар тогтоолыг гаргасан байсан. Хуралдааныг хойшлуулах нь Хурлын бүрэн эрхийн асуудал учраас Тэргүүлэгчдийн гаргасан 162 дугаар тогтоолыг хуралдаанаараа авч хэлэлцээд олонхийн саналаар хүчингүй болгож, хурлыг үргэлжлүүлсэн юм.Тухайн хуралдааны эхэнд хууль зөрчиж удаа дараа хувийн ашиг сонирхлын үүднээс, төлөөлөгчдийн бүрэн эрхийг үл тоомсорлодог, Хурал  бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь удаа дараа саад учруулсан Хурлын даргыг өөрчлөх тухай олонхийн саналын дагуу Хурлын дарга Быг 21 төлөөлөгчийн 100 хувийн саналаар өөрчлөхөөр тогтоол гаргасан. Мөн 21 төлөөлөгчдийн 100 хувийн саналаар аймгийн Хурлын даргаар Быг сонгож тогтоол гаргасан. Энэ нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн б-д “Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх” эрхтэй гэж заасанд нийцсэн юм.Аймгийн Хурлын дарга Б нь шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас түүний ажлыг хүлээн авах ажиллагааг түр хойшлуулж байгаа болохыг нь дурдах нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар Хурлын хуралдааныг зарласан байсан. Гэхдээ хэлэлцэх асуудлын талаар маргаан гарсан. Тодруулбал, хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар төлөөлөгч санал оруулах эрхтэй байсан мөртлөө Хурлын дарга Б нь төлөөлөгчдийн бүрэн эрхэд халдаж, аймгийн Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх саналыг Хурлаар хэлэлцэх асуудалд оруулахаас санаатай татгалзсан байдаг. Тийм учраас 21 төлөөлөгч энэ асуудалд эсэргүүцэл үзүүлж хуралдаан болох өдөр очоогүй бөгөөд Хурлын хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 04, 05, 06-ны өдрүүдэд үргэлжлэн явж байсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 төлөөлөгч 2017 оны 12 дугаар  сарын 06-ны өдөр төсвийг батлах эцсийн өдөр байсан учраас хуралдаан хийх бэлтгэл ажил хангагдсан байх гэж үзээд өглөө хурлын зааланд очиход Б дарга хурлын заалыг лацдаад ямар нэгэн шалтгаангүйгээр Улаанбаатар хотод зугтаж явсан байсан. 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр урилга ирээгүй, дуудаагүй байхад Улаанбаатар хотод зугтсан асуудлыг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх ямар ч үндэслэлгүй байна. Тийм учраас эдгээр 21 төлөөлөгч өөр газраас хурал хийх байр олж, төрийн туг, далбааг байрлуулж, хэлэлцэх асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд дамжуулан 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагт“Малчин төв”-д хуралдааныг эхлүүлсэн байдаг. Хуралдааныг эхлүүлэхээс өмнө төлөөлөгчдийн зарим нь санал гаргаж аймгийн Засаг даргыг огцруулах тухай төлөөлөгчдийн олонхийн саналыг хүлээж аваагүй, энэ асуудлыг хэлэлцэх хуралдаан товлохоос санаатай зайлсхийж, аймгийн Засаг даргыг хувийн ашиг сонирхлын үүднээс хамгаалсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулахыг хүссэн. Учир нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулаагүй тохиолдолд бид төлөөлөгчийн эрхээ хэрэгжүүлж чадахгүй гэсэн санал гаргасан. Харин аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж хуралдааныг хойшлуулсан 162 дугаар тогтоол гаргасан гэх боловч бодит байдал дээр тийм зүйл болоогүй байсан гэж үзэж байна. Учир нь энэ талаар 21 төлөөлөгчид мэдэгдээгүй ба энэ тогтоолыг авч танилцъя гэж зарим төлөөлөгч нар Хурлын ажлын албанд очиж лавлахад тийм тогтоол гараагүй гэж мэдүүлсэн байгаа. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны дэгийн 2.3-т хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, холбогдох материалыг шийдвэр, төслийн хамт асуудлыг хэлэлцэхээс 1-ээс доошгүй хоногийн өмнө төлөөлөгч нарт танилцуулж, тайлбараа бэлтгэх боломжоор хангана гэж заасан байдаг. Гэвч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 Тэргүүлэгч хуралдаж товлосон хуралдааныг хойшлуулах асуудлыг хэлэлцэх талаар Тэргүүлэгч Б, Г, С.Бахыт нарт мэдэгдээгүй, ямар нэгэн санал, төсөл хүргүүлээгүй хурал хийж, Тэргүүлэгчдийн эрх хэмжээнд хамааралгүй асуудлыг шийдвэрлэж буюу аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргасан байдаг. Гэхдээ Тэргүүлэгчдийн хуралдааныг хойшлуулсан 162 дугаар тогтоолыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид хуульд заасан эрх хэмжээний хүрээнд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал 24 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй мөртлөө энэ Тэргүүлэгчдийн 162 дугаар тогтоолыг үндэслэн маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанд Хурлын дарга хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учраас төлөөлөгчид өөрсдийн эрх ашгаа хамгаалах үүднээс хуралдааныг үргэлжлэн явуулах эрхтэй. Өөрөөр хэлбэл Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн “... бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана” гэсний дагуу хурал хийсэн. “Хүннү-Эйр” ХХК-иас өгсөн тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Учир нь 2017 оны 12 дугаар сард болсон асуудлын талаар 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тодорхойлолт гаргаж өгсөн байна. Дээрээс нь нэхэмжлэгч намайг огцруулах эрхгүй, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг  тогтоолд баримталсан нь буруу гэж маргаж байна. Мөн хуулийн 19.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “б”-д “Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх” гэж тус тус заасан байх ба Хурлын даргыг эхлээд огцруулна, дараа нь олонхийн саналаар нэг хүний нэрийг дэвшүүлэн сонгохыг өөрчилсөн гэж ойлгож болно. Хурлын дарга Б 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш хууль зөрчиж эхэлсэн. Тухайлбал, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасныг Хурлын дарга зөрчиж, аймгийн Засаг даргыг огцруулахаар өргөн мэдүүлсэн төлөөлөгчдийн олонхийн саналыг хуулийн хугацаанд шийдвэрлэж өгөөгүй, бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаагүй Хурлын даргыг өөрчлөхөөс өөр аргагүй болсон. Хурлын дарга Б, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар нь ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн Авлигатай тэмцэх газрын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн албан бичиг хавтаст хэрэгт авагдсан бөгөөд Хурлын дарга Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргаж байх гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар өргөн барьсан Засаг даргыг огцруулах тухай саналыг хэлэлцэхгүй байгаа шалтгаан нөхцөлийг тухай бүр Авлигатай тэмцэх газар мэдэгдэх ёстой байсан. Гэтэл төлөөлөгчдийн олонхийн саналаар өргөн барьсан аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэхгүй байгаа нь Хурлын дарга хувийн ашиг сонирхол үүсгэж, хуулийг зөрчсөн, төлөөлөгчдийн бүрэн эрхэд халдсан гэдгийг нотолж байгаа юм. Үүний улмаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн бөгөөд хуралдааныг удирдаж чадаагүй, үүргээ биелүүлэхгүй байгаа Хурлын даргыг өөрчлөхөөс өөр аргагүй болсон учраас Хурал ийм шийдвэр гаргасан юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын олонхийн саналаар Хурлын даргыг огцруулсан нь хуульд нийцэж байгаа ба Хурлын даргыг огцруулах асуудал хэлэлцсэн хуралдаанд Хурлын дарга хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, надад мэдэгдээгүй гэх боловч хуралдааныг товлон зарласан этгээд Хурлын дарга өөрөө байсан юм. Гэтэл хуралдаан болно гэдгийг мэдсээр байж, Хурлаас хуралдааныг хойшлуулсан ямар нэгэн шийдвэр гараагүй байхад хуралдаанд оролцохгүйгээр явсан нь хүндэтгэн үзэх шалтгаан биш байна. Мөн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг заавал Хурлын Тэргүүлэгчид оруулж ирнэ гэсэн ойлголт байхгүй, төлөөлөгчдийн олонх нь дэмжсэн тохиолдолд горимын санал гаргаж аливаа асуудлыг шийдэж болох талаар хуулиар зохицуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Гуравдагч этгээд Б  шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ээлжит 5-р хуралдаан хийх тухай шийдвэр гарсан боловч Хурлын дарга нь ээлжит 5 дугаар хурлаа 2 хоногоор хойшлуулж, саад учруулсан юм. Хурлын дарга ямар ч шалтгаангүйгээр Тамгын газрын  хурлын танхимыг цоожлоод, лацадчихаад Улаанбаатар хот руу явчихсан байсан. Хурлын дарга ээлжит хуралдааныг даргалахаас татгалзаж, хурлын үеэр хот руу яваад өгсөн учраас өөр байр сав олж, төрийн далбаа, сүлдийг байрлуулаад хурлаа аль нэг Тэргүүлэгчээр удирдуулан хийх шаардлага гарсан. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хурал хийхэд ирц бүрдсэн, хуульд харшлах зүйлгүй байсан учраас хурлаа үргэлжлүүлэн хийсэн болно. Тухайн хуралдаанаар Хурлын дарга Быг 21 төлөөлөгчийн 100 хувийн саналаар өөрчлөхөөр тогтоол гаргасан юм. Мөн хуралдаанаар 21 төлөөлөгчдийн 100 хувийн саналаар аймгийн Хурлын даргаар намайг сонгож тогтоол гаргасан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны 27 дугаар тогтоолоор “бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаагүй” гэдэг үндэслэлээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Быг албан тушаалаас нь огцруулж[1], 28 дугаар тогтоолоор  Хурлын даргаар Быг сонгосон[2] байна.

Нэхэмжлэгч тал  энэхүү маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй  болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааныг Хурлын Тэргүүлэгчид товлон зарлаагүй,Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэх талаар Тэргүүлэгчдийн шийдвэр гараагүй, тухайн хуралдааны товыг мэдэгдээгүй, хуралдаанд оролцоогүй тул  хуралдаанаас гаргасан шийдвэр нь  хууль бус, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчиж байна” гэж тодорхойлжээ.

Тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн  145 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  ээлжит 5 дугаар хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09:00 цагт хуралдуулахаар  товлон зарлаж, Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 153 дугаар тогтоолоор Хурлын ээлжит 5 дугаар хуралдаанаар

1.Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх аймгийн дэд хөтөлбөр батлах, 2.Бага боловсрол, эх хэл, монгол хэлний сургалтын чанарыг сайжруулах аймгийн дэд хөтөлбөр батлах, 3.Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журам батлах, 4.Аймгийн 2017 оны төсөвт тодотгол хийх, 5. Аймгийн 2018 оны төсвийг хэлэлцэж батлах, 6.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны үйл ажиллагааны тайланг сонсох, 7. Аймгийн Засаг даргын 2017 оны үйл ажиллагааны тайланг сонсох, 8.Нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2017 оны үндсэн чиглэлийн биелэлт, хэрэгжилтийн явцыг хэлэлцэж дүгнэх, 9. Нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2018 оны үндсэн чиглэлийг батлах, 10. 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах, 11. Шинээр сум байгуулах, багийн тоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэх, 12. Цэнгэл  сумын Хавцал нэртэй газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай нийт 12 асуудлыг  хэлэлцэхээр тогтоосон  байна.

Гэхдээ товлон зарласан өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хурлын ээлжит 5 дугаар хуралдаан болоогүй, тодруулбал  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 төлөөлөгчийн /Ардчилсан намын бүлгийн 16 төлөөлөгч, Монгол Ардын намын бүлгийн 5 төлөөлөгч/ Хурлын даргад гаргасан “аймгийн Засаг дарга А.Гылымханыг огцруулах саналыг Хурлын ээлжит 5 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд оруулах” тухай шаардлагыг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр уг 21 төлөөлөгч хуралдаанд оролцохоос татгалзаж ирээгүй учир ээлжит 5 дугаар хуралдаан эхлээгүй байна. Маргааш нь Тэргүүлэгчдийн хуралдаанаар 21 төлөөлөгчийн гаргасан дээрх саналыг хэлэлцээд “аймгийн Засаг даргын 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэний дараа Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үндэслэлтэй тул уг асуудлыг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах боломжгүй” гэж шийдвэрлэж, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор “аймгийн Засаг даргын 2017 оны үйл ажиллагааны тайланг сонсох” асуудлыг Хурлын ээлжит 5 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын нэгд оруулан дарааллыг өөрчилж, үүний дараа 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 162 дугаар тогтоолоор  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдааныг тодорхой бус хугацаагаар хойшлуулж, улмаар 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 164 дүгээр тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хуралдуулахаар дахин товлон зарлаж, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 179 дүгээр тогтоолоор ээлжит 5 дугаар хуралдаанаар 13 асуудал хэлэлцэхээр тогтоосон байна. Үүний дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын  танхимд ирвэл зохих 38 төлөөлөгчөөс 37 төлөөлөгч оролцсоноор 97,3 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралдаанаар “Аймгийн Засаг даргыг огцруулах эсэх”, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны үйл ажиллагаан тайланг сонсох” зэрэг дээрх 179 дүгээр тогтоолоор баталсан асуудлууд болон Хурлын хуралдааны дэгт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Эдгээр үйл баримтууд нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд[3] болон гэрч нарын мэдүүлгээр[4] тус тус тогтоогдож байна.

Үүнээс гадна 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагт “Малчин” төвд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болж, нийт 21 төлөөлөгч оролцож, хуралдааныг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Г удирдаж, тухайн хуралдаан дээр төлөөлөгчдөөс “Хуралдааны дэгт өөрчлөлт оруулах”, “Хурлын дарга Быг огцруулах эсэх”, “Хурлын даргыг огцруулсан тохиолдолд Хурлын даргыг шинээр сонгох”, ”Хурлын Тэргүүлэгчдийг өөрчлөх”, “Аймгийн Засаг даргыг огцруулах эсэх”, “Засаг даргыг огцруулсан  тохиолдолд шинээр Засаг даргад нэр дэвшүүлэх” асуудлыг хэлэлцэхээр санал гаргаснаар эдгээр 6 асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэж, улмаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгт өөрчлөлт оруулж, Хурлын дарга Быг огцруулж, Быг  Хурлын даргаар сонгож, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, аймгийн Засаг дарга А.Гылымханыг огцруулж, аймгийн Засаг даргад Т.Серикжаныг нэр дэвшүүлсэн  тогтоол гарган тус тус баталсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[5] нотлогдож байна.

Хариуцагчаас “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр болох  байсан боловч Хурлын дарга 2 хоногоор хойшлуулж саад учруулсан, Хурлын дарга ээлжит хуралдааныг даргалахаас татгалзаж, хурлын танхимыг цоожилж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Улаанбаатар хот явсан тул хуралдааныг өөр газарт, аль нэг Тэргүүлэгчээр удирдуулан  хийх шаардлага гарсан, 12 дугаар сарын 06-ны өдөр хуралдаан хийхэд ирц бүрдсэн, хуульд харшлах зүйлгүй байсан тул ээлжит 5 дугаар хуралдааныг үргэлжлүүлэн хийсэн” гэсэн тайлбар гаргасан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх” нь Хурлын  Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд, 22 дугаар зүйлийн 22.1.2-т зааснаар  ”тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах” нь Хурлын даргын нийтлэг бүрэн  эрхэд тус тус хамаарч байгаа, мөн  23 дугаар зүйлийн 23.6-д “...бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана” гэж заасан. 

Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдааныг Тэргүүлэгчдийн шийдвэрээр 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хуралдуулахаар товлон зарласан байсан  боловч “аймгийн Засаг дарга А.Гылымханыг огцруулах саналыг Хурлын ээлжит 5 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд оруулах” тухай шаардлагыг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр хариуцагч Г нарын 21 төлөөлөгч ирээгүй тул товлосон өдөр хуралдаан эхлээгүй, мөн Тэргүүлэгчид 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж Хурлын  ээлжит 5 дугаар хуралдааныг тодорхой бус  хугацаагаар хойшлуулах тухай шийдвэр гаргасан, энэхүү шийдвэрийн талаар  21 төлөөлөгч мэдсэн болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд[6] болон гэрч нарын мэдүүлгээр[7] тогтоогдож байх тул Хурлын хуралдааныг товлон зарлах эрх бүхий этгээдээс ээлжит 5 дугаар хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр  хуралдуулах талаар шийдвэр гаргаагүй байхад  хуралдаан хийсэн нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасантай нийцээгүй  байна.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ээлжит 5  дугаар хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагт хуралдуулах талаар Хурлын дарга болон бусад төлөөлөгч нарт мэдэгдсэн нь тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл  дээрх 21 төлөөлөгчөөс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлэгт хаягласан 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагт хуралдаанд оролцох тухай агуулгатай, 2017 оны 12 дугаар сарын 06. гэсэн огноотой баримт бичгийг МАН-ын бүлэгт хүргүүлээгүй, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад хаягласан хуралдааны бэлтгэл хангуулах тухай агуулгатай, 2017 оны 12 дугаар сарын 06. гэсэн огноотой баримт бичгийг Хурлын даргын туслах 2017 оны 12 дугаар сарын 06-нд хүлээн авсан гэх боловч Хурлын даргад танилцуулагдаагүй буюу тухайн өдөр  Хурлын дарга Б нь албан ажлаар Улаанбаатар хот явсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[8] тогтоогдож байх тул Хурлын дарга Быг хуралдааныг даргалахаас татгалзсан гэх хариуцагчийн тайлбар  үндэслэлгүй байна гэж үзлээ.

Хурлын дарга Быг Улаанбаатар хот явсан, Тэргүүлэгчдээс Хурлын ээлжит 5 дугаар хуралдааныг тодорхой бус хугацаагаар хойшлуулах тухай шийдвэр гаргасныг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн өглөө мэдсэн мөртлөө тухайн өдрийн 16 цагт Хурлын дарга болон  бусад төлөөлөгчдийг хуралдаанд оролцох боломжоор хангахгүйгээр 21 төлөөлөгч дээрх  байдлаар Тэргүүлэгч Гаар даргалуулан хуралдаан хийж, шийдвэр гаргасан нь Хурлын дарга бөгөөд төлөөлөгч Бы Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1,12.1.2-т заасан хуралдаанаар асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, хэлэлцэж байгаа асуудлын талаар  асуулт тавьж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах эрхийг, 22 дугаар зүйлийн 22.1.2–т заасан тухайн Хурлын хуралдааныг даргалах нийтлэг бүрэн эрхийг,  мөн 23 дугаар зүйлийн 23.6-д /... бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана/  заасныг тус тус зөрчсөн  байна.

Үүнээс гадна Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.1.4-т зааснаар “Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах”,  “Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох, хороо байгуулах, тэдгээрт  сонгогдох, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах” бүрэн эрхийг Хурлын төлөөлөгч нь эдлэх боловч энэхүү Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах асуудлыг  хуулиар дараах байдлаар нарийвчлан зохицуулжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж тус тус заасан.

Хуулийн  энэхүү заалтаас үзвэл Хурлын төлөөлөгчөөс Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах эрхтэй боловч тухайн санал нь дээрх шаардлагыг  хангасан тохиолдолд л хуралдаанаар хэлэлцүүлэхээр зохицуулсан, энэ нь  Хурлын төлөөлөгч  нарт Хурлаар хэлэлцэх асуудлын талаар урьдчилан мэдэгдэж, тэдэнд судалгаа хийх, хуралдаанд үндэслэл бүхий тайлбар гаргах боломжийг олгох агуулгатай  байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 153 дугаар тогтоолоор Хурлын ээлжит 5 дугаар хуралдаанаар 12 асуудал хэлэлцэхээр баталсан, үүнд  “Хурлын даргыг огцруулах эсэх” тухай асуудал ороогүй ба Тэргүүлэгчдийн тухайн өдрийн хуралдаан дээр болон үүнээс хойш 2017 оны  12 дугаар сарын 06-ныг хүртэлх хугацаанд төлөөлөгчдөөс “Хурлын даргыг огцруулах эсэх” тухай асуудлыг ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэх талаар санал гаргаагүй, харин аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Хурлын дарга Быг огцруулах эсэх”, “Хурлын даргыг огцруулсан тохиолдолд Хурлын даргыг шинээр сонгох” тухай асуудлыг  тухайн хуралдаан дээр төлөөлөгчдөөс гаргасан саналын дагуу шууд хэлэлцэж шийдвэр гаргасан болох нь тухайн хуралдааны тэмдэглэл[9], хариуцагчийн тайлбар[10], гэрчийн мэдүүлгээр[11] тус тус тогтоогдсон болно.

Эндээс үзэхэд хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар урьдчилэн мэдээлэлтэй болох, түүнд судалгаа хийх, хуралдаанд оролцож тухайн асуудалтай холбогдуулан үндэслэл бүхий тайлбар, санал, дүгнэлт гаргах, ард түмний төлөөлөл болохын хувьд  асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох зэрэг боломжийг Хурлын дарга,  төлөөлөгчдөд   олгоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  дарга болон бусад төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэх  асуудалтай холбогдуулан үндэслэл бүхий тайлбар, санал, дүгнэлт гаргах, асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, асуулт асуух, санал дүгнэлт гаргах эрхийг зөрчиж, эрх бүхий этгээдээс ээлжит 5 дугаар хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр  хуралдуулах талаар шийдвэр гаргаагүй байхад  хуралдаан хийж, улмаар Хуралд  асуудал хэлэлцүүлэх журмыг зөрчиж буюу Хурлын төлөөлөгчдөд хуралдаан болохоос өмнө урьдчилан мэдэгдэж, холбогдох судалгаа баримтыг хүргүүлээгүй “Хурлын дарга Быг огцруулах эсэх”, “Хурлын даргыг огцруулсан тохиолдолд Хурлын даргыг шинээр сонгох” асуудлыг хэлэлцэн Хурлын дарга Быг албан тушаалаас нь огцруулж шийдвэрлэсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан зарчимуудтай,12 дугаар зүйлийн 12.1.1,12.1.2, 20 дугаар зүйлийн 20.1.1, 24 дүгээр зүйлийн 24.3 дэх хэсэгт тус тус нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна  гэж дүгнэлээ.

Мөн  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар  сонгуулийн дүнгээр тухайн Хуралд  хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд  2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар Монгол Ардын намаас сонгогдсон  төлөөлөгч Т.Серикжан нь  Хурлын даргад Быг нэр дэвшүүлсэн байх ба тэрээр  тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам болох  Монгол Ардын намыг төлөөлөх эрх бүхий этгээд биш тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшүүлэх ажиллагаа  мөн хууль зөрчиж явагдсан  гэж үзэхээр байна. 

Хариуцагч талаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдааныг тодорхой бус хугацаагаар хойшлуулсан  Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 162 дугаар тогтоол нь эрх хэмжээгүй этгээдээс гаргасан хууль бус тогтоол, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ээлжит 5 дугаар хуралдаанаар уг 162 дугаар тогтоолыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор хүчингүй болгож, хуралдааныг үргэлжлүүлэн хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч  дээр дурдсанчлан Тэргүүлэгчдийн 162 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэх гэж байгаа талаар хуралдаан болохоос өмнө 1 хоногийн өмнө төлөөлөгч нарт  мэдэгдэх, холбогдох нотлох баримт, гарах шийдвэрийн төслийн хамт тараах хуулийн шаардлагыг хангасны үндсэн дээр хэлэлцэж шийдвэрлэх  журамтайг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн  2017 оны 12 дугаар сарын  06-ны өдөр 21 төлөөлөгч оролцон Хурлын ээлжит 5 дугаар хуралдааныг хийж Хурлын дарга Быг огцруулж, Хурлын даргаар Быг сонгосон, Хурлын Тэргүүлэгчдийг өөрчилсөн шийдвэр гаргасан байх боловч үүнээс хойш болсон ээлжит 5 дугаар хуралдааныг товлон зарлах асуудлыг хэлэлцсэн Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааныг нэхэмжлэгч Б даргалж, шинээр сонгогдсон гэх Тэргүүлэгчид биш “өмнөх” Тэргүүлэгчид оролцсон,  мөн өдөр Тэргүүлэгчдээс гаргасан шийдвэрийн дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нийт 37 төлөөлөгч оролцсоноор эхэлж, уг хуралдааныг  нэхэмжлэгч  Б даргалсан байна. Тухайн  хуралдаанаар “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны үйл ажиллагааны тайланг сонсох” асуудлыг хэлэлцэхэд   төлөөлөгчдөөс Хурлын дарга болон Тэргүүлэгчдийн ажлыг хангалтгүй гэсэн санал, шүүмжлэл гаргаагүй, мөн “Хурлын  хуралдааны дэгт өөрчлөлт оруулах”, “Аймгийн Засаг даргыг огцруулах эсэх” зэрэг хариуцагч Г  нарын 21 төлөөлөгчийн өмнөх 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн гэх асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэсэн  байхад  энэхүү асуудлын талаар, мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит 5 дугаар хуралдааныг болон уг хуралдааны товыг тогтоосон Тэргүүлэгчдийн  хуралдааныг Б даргалсан, ээлжит 5 дугаар хуралдааныг “өмнөх” Тэргүүлэгчид товлон зарласан асуудлын талаар  21 төлөөлөгчөөс маргаагүй зэргээс дүгнэж үзэхэд  2017 оны 12 дугаар сарын  06-ны өдрийн хуралдааны шийдвэрийг  хууль бус болохыг хариуцагч тал тухайн үед хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай” 27 дугаар, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 28 дугаар тогтоолуудыг  тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1,12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.2, 23 дугаар зүйлийн 23.6, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийг тус тус баримтлан  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай” 27 дугаар, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 28 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн                 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             С.ЕРКЕШ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1]Хэргийн 27-р хуудас

[2]Хэргийн 28-р хуудас

[3]Хэргийн 3-6, 37-43, 44-49, 50-53, 54-56, 62, 63-65, 67-71, 91-92,102,104,106-127,182-183,184,185-190, 231-232-р хуудас

[4]Хэргийн 129,133-134,138,143-144, 148-149,153-154,158-159, 164-165, 170,197-199,204-205-р хуудас

[5]Хэргийн 24-28,74-87-р хуудас

[6]Хэргийн 24,74-87-р хуудас

[7]Хэргийн 197-199,204-205-р хуудас

[8]Хэргийн 93,94, 237-239,240,242-р хуудас,2 дугаар хавтасны 8 ,19-23,28-р хуудас

[9]Хэргийн 74-87-р хуудас

[10]Хэргийн 22-23-р хуудас

[11]Хэргийн 197-199,204-205-р хуудас