Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 324

 

Ш.Е, Н.М, Д.А нарын

нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр,

халамжийн үйлчилгээний газрын даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                      Г.Банзрагч

                                     Д.Мөнхтуяа

                                     П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэгч Ш.Еын нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажилд түр томилох тухай” 30 дугаар тушаал болон 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Нэг удаагийн тэтгэмж олгох тухай” 52 дугаартай тушаалын Ш.Еад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, нэхэмжлэгч Ш.Еыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилоогүй тус газрын даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхийг даалгах”,

Нэхэмжлэгч Н.Мгийн нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажилд түр томилох тухай” 29 дугаартай тушаал болон 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Нэг удаагийн тэтгэмж олгох тухай” 52 дугаартай тушаалын Н.Мд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, нэхэмжлэгч Н.Мг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилоогүй тус газрын даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхийг даалгах”,

Нэхэмжлэгч Д.Агийн нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Нэг удаагийн тэтгэмж олгох тухай” 52 дугаартай тушаалын Д.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч Д.Аг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхийг даалгах” тухай.

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2018/0022 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0283 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Гуравдагч этгээд М.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С,

Гуравдагч этгээд М.Б гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

                  Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2018/0022 дугаар шийдвэрээр: 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66.1, 66.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Е нь аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны Б/32 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас, нэхэмжлэгч Д.Ань тус хэлтсийн даргын 2016 оны Б/32 дугаартай тушаалыг хүчингүй болгох, аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Баяннуур сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Еын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажилд түр томилох тухай” 30 дугаар тушаалыг, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Нэг удаагийн тэтгэмж олгох тухай” 52 дугаартай тушаалын Ш.Еад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Еыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилоогүй тус газрын даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд Ш.Еыг томилохыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 230 322 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 8 230 322 төгрөгийн цалин хөлсөнд оногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг мөн газрын даргад даалгаж, 2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Мгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажилд түр томилох тухай” 29 дугаартай тушаалыг, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Нэг удаагийн тэтгэмж олгох тухай” 52 дугаартай тушаалын Н.Мд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Мг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилоогүй тус газрын даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд Н.Мг томилохыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 230 322 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 8 230 322 төгрөгийн цалин хөлсөнд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож төлөх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг мөн газрын даргад даалгаж, 3. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ан тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Нэг удаагийн тэтгэмж олгох тухай” 52 дугаартай тушаалын Д.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Аг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 230 322 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 8 230 322 төгрөгийн цалин хөлсөнд оногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

 2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0283 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2018/0022 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

             Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гуравдагч этгээд М.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянавал хэсэгт “нэхэмжлэгч Ш.Еын хувьд өмнө нь Өлгий сумын нийгмийн халамжийн мэргэжилтний 3 орон тооны нэгэнд ажиллаж байсан бөгөөд шинэ бүтцээр тус сумын хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо 6 болж нэмэгдэн нэхэмжлэгч Ш.Еыг томилоогүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасантай нийцээгүй хууль бус байна. Мөн нэхэмжлэгч Д.А, Н.М нарын хувьд ...шинэ бүтцээр Баяннуур сумын орон тоо өмнөхөөсөө нэгээр, Улаанхус сумын орон тоо хоёроор цөөрсөн боловч Өлгий суманд 3 орон тоо шинээр нэмэгдсэн бөгөөд энэ орон тоонд Д.А, Н.М нарыг томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус байна. Гуравдагч этгээд М.Ботакөзийн хувьд тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төсөл хариуцсан мэргэжилтний 2 орон тооны нэгд нь ажиллаж байсан бөгөөд шинэ бүтцээр тус орон тоо нэг болж цөөрсөн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй байжээ. Мөн М.Ботакөзийн эрхэлж байсан ажлын чиг үүрэг нь Д.А, Н.М нартай ижил биш байна” гэж үзжээ. Шүүхийн дээрх дүгнэлтээс харахад нэхэмжлэгч нарын ажиллаж байсан ажлын байрны орон тоо цөөрсөн, гуравдагч этгээдийн ажиллаж байсан орон тоо мөн адил цөөрч адил нөхцөл байдалд байсан байтал нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж, гуравдагч этгээдийн ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хөндсөн шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан хуулийн зорилт, энэ хуулийн зарчмыг бүхэлд нь зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын ашиг сонирхол хуулиар хамгаалагддаг, гуравдагч этгээдийн ашиг сонирхол хуулиар хамгаалагдах боломжгүй байдлаар дүгнэсэнд гомдолтой байна.

4. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн дээрх заалт нь хоёр сонголттой буюу хоёр утгыг илэрхийлнэ. Нэгдүгээрт чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа бол үргэлжлүүлэн ажиллуулах, хоёрдугаарт орон тоо цөөрсөн бол сонгон шалгаруулалт зохион байгуулах ёстой. Нэхэмжлэгч Д.А, Н.М болон гуравдагч этгээд М.Ботакөз нарын хувьд орон тоо цөөрсөн байдаг. Тэгвэл Төрийн албаны тухай хуульд заасны дагуу одоо байгаа буюу шинээр бий болсон орон тоонд сонгон шалгаруулалт зохион байгуулж, шаардлага хангасан ажилтныг томилох ёстой юм. Гэтэл шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийн энэ заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч талд илүү давуу байдал үүсгэсэн нь хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш байх, маргаанаа шударгаар шийдвэрлүүлэх зарчмыг ноцтойгоор зөрчиж байна.

5. Түүнчлэн “М.Ботакөзийн эрхэлж байсан ажлын чиг үүрэг нь Д.А, Н.М нартай ижил биш байна” гэж дүгнэсэн. Ажлын чиг үүрэг адилхан байх боломжгүй, өөрөөр хэлбэл Д.Анийгмийн халамжийн асуудал хариуцдаг, Н.М хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцдаг, М.Ботакөз нь хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцдаг байсан бөгөөд шинээр бий болж буй газар нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар буюу аль алины хариуцан хийж байсан ажлууд нэгдсэн байдаг. Шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар эрхэм зорилгоо “Хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, нийгмийн халамжийн үйл ажиллагааны төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар иргэдийг ажилтай, орлоготой болгох, ядуурлыг бууруулах, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг чанаржуулах, Монгол хүний амьдралын чанарыг сайжруулахад оршино” гэж тодорхойлсон. Энэ зорилгыг харвал зөвхөн халамжийн асуудал ч биш М.Ботакөзийн хариуцаж байсан хөдөлмөр эрхлэлтийн асуудал ч хөндөгдөж байгаа. Гэтэл нэхэмжлэгч нар хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг өмнө нь огт хариуцаж байгаагүй, одоогийн шинэ орон тоонд ажиллахад учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Алтынайгийн ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөр эрхлэлтийн асуудал тусгагдаагүй бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр ажил эрхлээгүй, Н.Мгийн ажлын байрны тодорхойлолтод нийгмийн халамжийн асуудал тусгагдаагүй ба нийгмийн халамжийн чиглэлээр ажил эрхлээгүй. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр гуравдагч этгээд М.Ботакөзийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

8. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг байгуулсантай холбогдуулан өмнөх бүтцээр ажиллаж байсан 2 байгууллагын ажилтнуудыг тус тус Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн б/32 дугаар тушаалаар 42 хүнийг /хэлтсийн даргыг оролцуулалгүйгээр/, Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар 32 хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, цалингийн сангийн хамт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /мэдэлд/-т шилжүүлсэн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” Б/21 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын орон тооны дээд хязгаарыг 45-аар тогтоож, үүнд сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан 19 мэргэжилтний орон тоог баталсан байна.

9. Дээрх Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн тус тусдаа хэрэгжүүлж байсан төрийн чиг үүрэг, үйлчилгээг нэгтгэх замаар шинээр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулагдсан, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын орон тоонд “сум хариуцсан мэргэжилтэн” 19 байхаар тогтоосноор өмнөх бүтцийн 2 байгууллагад ажиллаж байсан “мэргэжилтэн”-ий орон тоо нийт дүнгээр 9-өөр цөөрсөн, 19 мэргэжилтнийг Өлгий суманд зургаа, бусад 12 сум, Цагааннуур тосгон тус бүрт нэг байхаар хувиарласны дагуу уг орон тоо, ажлын байр Өлгий суманд 3-аар нэмэгдэж, Баяннуур суманд 1-ээр Улаанхус суманд 2-оор тус тус цөөрсөн, энэ тохиолдолд Өлгий сум хариуцан ажиллаж байсан нэхэмжлэгч Ш.Еыг уг албан тушаалд нь хэвээр үргэлжлүүлэн ажиллуулахаар шууд томилох, харин Улаанхус, Баяннуур сумын тус бүр нэг орон тоонд уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчдаас шалгаруулж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан, тухайн албан тушаалын ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг томилох ёстой.

10. Иймд, шинээр байгуулагдсан Хөдөлмөр, үйлчилгээний газрын Өлгий сум хариуцан ажиллах мэргэжилтний орон тоонд нэхэмжлэгч Ш.Еыг хэвээр ажиллуулахаар “томилоогүй” нь хууль бус болохыг, мөн нэхэмжлэгч Н.М, Д.Анар нь Өлгий суманд нэмэгдсэн 3 орон тоонд томилогдон “ажиллах” хууль ёсны ашиг сонирхолтой байсан, тэднээс бусад /өмнөх ажлын байрандаа ажиллах боломжгүй болсон/ сум хариуцсан мэргэжилтэн нараас Өлгий сумын “орон тоо”-нд ажиллах ёстой гэж шүүхэд маргаагүйгээс үзвэл, Н.М, Д.Анар уг “сул” орон тоонд томилогдох давуу эрхтэй талаар дүгнэж, тэдний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхүүд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

11. Нэхэмжлэгч Ш.Е, Н.М нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хариуцагч болон нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад маргасан гуравдагч этгээд Х.Серикжан, Х.Саттигүл нараас хяналтын журмаар гомдол гаргаагүй учир хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй.

12. Гуравдагч М.Ботакөз нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэст хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтний 2 орон тооны нэгэнд ажиллаж байсан, шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт батлагдсан нэг орон тоонд томилогдоогүй ба энэ асуудлаар маргаагүй, түүний эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь сумын хөдөлмөрийн болон нийгмийн халамжийн асуудал хариуцсан “мэргэжилтэн”-ий хэрэгжүүлэх чиг үүргээс өөр, эдгээр албан тушаалын “орон тоо” тус тусдаа батлагдсан, ялгаатай болох талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан шүүхүүд зөв дүгнэж, уг маргааны хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн тохиолдолд уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчдаас шалгаруулж авах” зохицуулалт хэрэглэгдэхгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

13. Иймээс гуравдагч этгээд М.Ботакөзийн хяналтын журмаар гаргасан “...нэхэмжлэгч Д.А, Н.М болон гуравдагч этгээд М.Ботакөз нарын хувьд орон тоо цөөрсөн..., шинээр бий болсон орон тоонд сонгон шалгаруулалт зохион байгуулж, шаардлага хангасан ажилтныг томилох ёстой,... хүн бүр шүүхийн өмнө тэгш байх, маргаанаа шударгаар шийдвэрлүүлэх зарчмыг ноцтой зөрчсөн” гэх гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

14. Харин, анхан шатны шүүх шийдвэрийн “тогтоох” хэсгийн заалтад “2” дугаарыг давхардуулсан, нэхэмжлэгч Д.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон атлаа “тогтоох” хэсэгт бүрэн бичилгүй техникийн шинжтэй алдаа гаргасан, үүнийг давж заалдах шатны шүүх залруулаагүй байх тул зөвтгөж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0283 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалт, Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2018/0022 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн заалтын дугаарын “2”-ыг 3, “3”-ыг 4, “4”-ийг 5 гэж өөрчлөн, “4” дэх заалтын “...Д.Аг...” гэсний дараа “...Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож” гэж нэмж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээд М.Ботакөзээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ