Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00532

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03232 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2526 дугаар магадлалтай,

“К”ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г.Т, Ү.Д нарт холбогдох,

251.866.924 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдоржийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр, өмгөөлөгч С.Отгонжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “К” шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус ББСБ нь Ү.Дамдинсүрэн, Г.Т нартай 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ЗГ16/78 тоот зээлийн гэрээ, түүний баталгаа болгож ФГ16/59 тоот фидуцийн гэрээ, БГ16/28 болон БГ16/29 дугаартай барьцааны гэрээ, БДГ16/33 тоот батлан даалтын гэрээ, барьцаалбар үйлдэгдэн 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан. Эргэн төлөлтийн хувиараас хугацаа хэтрүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 86 удаагийн зээлийн эргэн төлөлтөд 45,373,950 төгрөгийг үндсэн зээл болон хүүнд төлсөн ба 2017 оны 4-р сарын 18-ны өдрөөс хойш зээлийн үндсэн төлбөр болон үндсэн хүүг төлөөгүй. Иймд хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөрт 185,488,872 төгрөг, зээлийн төлөөгүй хүүнд 45,077,155 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,803,061 төгрөг, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээний төлбөрт 16,475,836 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 22,000 төгрөг, нийт 251,866,926 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Т, Ү.Д нар шүүхэд гаргасан тайлбартаа: “К” ХХК нь  зээлийн хүү 3,5%-4,0% хүртэл байна гэсэн зар сурталчилгаанаас ухарч зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх хөрөнгөнд ногдох 170,0 сая төгрөгийн зээлийн хүүг 4,0 хувь болгож, 30,0 сая төгрөгөнд ногдох Lexus-570 машины зээлийн хүүг 4,0% болгон тооцсон нь илт нэг талыг барьсан үйлдэл болсон. Монгол Улсын Дээд Шүүхийн 2006.12.21-ний өдрийн Банкны болон банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалт хэсгийг тайлбарлах тухай 52 тоот тогтоолын 2.4-т Хуулийн 7.4.3-т заасан өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх... зээлийн хүү, зээлийн чанар зэрэг асуудлаар бодит байдалд нийцэхгүй сурталчилгаа, мэдээллийг олон нийтэд тараахыг хамруулан ойлгоно гэсэн. Мөн тогтоолын 3.3-т Хуулийн 12.1.2-т заасан өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх ... зээлийн хүү, зээлийн чанар зэрэг асуудлаар бодит байдалд нийцэхгүй сурталчилгаа, мэдээллийг олон нийтэд тараахыг ойлгоно гэх заалтаас үзэхэд К ХХК нь зээлийн гэрээг хийхдээ олон нийтэд тараасан зар сурталчилгаа, мэдээллээсээ илт зөрсөн, нэг талыг барьсан гэрээ байгуулсан байх тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03232 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ү.Дамдинсүрэн, Г.Т нараас 235,391,088 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,475,836 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ү.Дамдинсүрэн, Г.Т нараас 1,334,905 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,417,284 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, БЗД-ийн 4-р хороо 15-р хороолол Энхтайваны өргөн чөлөө 37-р байр 27 тоотод байрлах Г.Тунамал-Эрдэнийн өмчлөлийн, БЗД-ийн 4-р хороо 15-р хороолол Энхтайваны өргөн чөлөө 37-р байр 43 тоотод байрлах Ү.Дамдинсүрэнгийн өмчлөлийн орон сууцууд барьцаалагдсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2526 дугаар магадлалаар:  Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03232 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Тэс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.334.905 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн А.Нацагдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2526 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2526 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан нь Монгол улсын Дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн “Банкны болон банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалт хэсгийг тайлбарлах тухай” 52 тоот тогтоолын 2.4-т Хуулийн 7.4.3-т заасан “өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх”... зээлийн хүү, зээлийн чанар зэрэг асуудлаар бодит байдалд нийцэхгүй сурталчилгаа, мэдээллийг олон нийтэд тараахыг хамруулан ойлгоно гэх. Мөн тогтоолын 3.3-т Хуулийн 12.1.2-т заасан “өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх”.. зээлийн хүү, зээлийн чанар зэрэг асуудлаар бодит байдалд нийцэхгүй сурталчилгаа, мэдээллийг олон нийтэд тараахыг ойлгоно гэх заалтыг зөрчсөн. Мөн БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхзулын туслахаар Лхасүрэн ажиллаж байсан. Энэ хурал болохоос гурав хоногийн өмнө зарлагдсан хурлын товоо мартсан тул Ү.Д туслах дээр очиж асуухад маргааш доор хурлын зар тавигдана та тэндээс хурлын хувиараа үзээд хуралдаандаа ирнэ биз гэж хэлсэн. Түүний хэлсний дагуу 1 хоног буюу шүүх хуралдаан болохын өмнөх өдөр Ү.Д хурлын тов бичигдсэн хуваарь дээрээс 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 30 минутад уг хурал хуралдах болсныг мэдсэн ба шүүх хурал болоход нэхэмжлэгч талыг оролцуулж хурлыг эхлүүлсэн байсан. Эндээс үзэхэд шүүх Ү.Дамдинсүрэнд хурал болох товыг буруу ойлгох нөхцлийг бүрдүүлсэн. Шүүх хуралд хариуцагч оролцож мэтгэлцэх эрхийн хязгаарласан үйл явдал боллоо. Мөн хариуцагч хуралд өмгөөлөгчтэй оролцох, шинээр хүсэлт гомдол гаргах эрхийг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн 101/ШШ2017/03232 тоот шийдвэр, давж заалдах шатны 2526 тоот магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаана уу гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч Г.Т, Ү.Д нараас 251.866.924 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэжээ.  Хариуцагч нар нэхэмжлэлээс татгалзаж, зээлийн хүүг нийтэд зарласнаас илт зөрүүтэй тогтоосон гэж маргасан байна.

Зохигчийн хооронд 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 200.000.000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 20-ний өдөр хүртэл хугацаагаар, сарын 4 хувийн хүүтэй зээлэх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд жилд 9.6 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохирчээ.

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангасан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Хүчин төгөлдөр гэрээгээр хүлээсэн үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч гэрээний зүйл болох мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн, энэ талаар маргаагүй байна.

Гэрээний 7.1.1-т зааснаар зээлдэгч нь зээлийн хүүг болон хэсэгчлэн төлөх үндсэн зээлийг төлөх хугацааг хавсралт 1-д заасан хугацаанаас 1 хоног буюу түүнээс дээш хоног хэтрүүлсэн тохиолдолд гэрээг цуцална гэжээ.

Хариуцагч нар зээлийн төлбөрийг хуваарийн дагуу тогтмол төлөх үүргээ тасалдуулсан, нэхэмжлэгчийн зүгээс үүргээ гүйцэтгэхийг удаа дараа сануулж, хугацаа өгч байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул зээлдүүлэгч Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3., 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг буцаан шаардсан нь хууль зөрчөөгүй байна.

Зохигчийн хоорондох гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдал, зээлдэгчийн хүлээх үүрэг, төлбөрийн тооцоо зэргийн талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлээс 235.391.088 төгрөгийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т нийцжээ.

Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан “...өмгөөлөгчтэй оролцох” хүсэлтийг хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааныг 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн 9 цаг хүртэл буюу боломжит хугацаагаар хойшлуулсан, хариуцагч Ү.Д шүүх хуралдааны товтой танилцаж гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, энэ тохиолдолд шүүх хуралдааныг түүний эзгүйд явуулсан нь хууль зөрчөөгүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03232 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2526 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдоржийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 1.334.905 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ