Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 3232

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2017/03232

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

    

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг *хороо * барилга * тоотод байрлах “К ББСБ” ХХК-ний /РД:********/ нэхэмжлэлтэй,

           

         Хариуцагч: Баянзүрх дүүрэг * хороо * хороолол * байр * тоотод

оршин суух С овогт Г Т /РД:*********/

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг * хороо * хороолол * байр * тоотод

оршин суух Т овогт Ү Д /РД:*********/ нарт холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 251,866,924 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов. 

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “К ББСБ” ХХК нь Ү.Д, Г.Т нартай 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ЗГ16/78 тоот зээлийн гэрээ, түүний баталгаа болгож ФГ16/59 тоот фидуцийн гэрээ, БГ16/28 болон БГ16/29 дугаартай барьцааны гэрээ, БДГ16/33 тоот батлан даалтын гэрээ, барьцаалбар үйлдэгдэн 200,000,000.00 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан.

 

Зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн ба зээлийн гэрээний хавсралтаар эргэн төлөлт хийхээр тохиролцож гэрээ байгуулсан.

 

Эргэн төлөлтийн хувиараас хугацаа хэтрүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 86 удаагийн зээлийн эргэн төлөлтөнд 45,373,950 төгрөгийг үндсэн зээл болон хүүнд төлсөн ба 2017 оны 4-р сарын 18-ны өдрөөс хойш зээлийн үндсэн төлбөр болон үндсэн хүүг огтхон ч төлөөгүй ба удаа дараа мэдэгдэл өгч байсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг байдлаар зээлийн үндсэн төлбөр, хүү, хугацаа хэтрүүлсэн хүүг төлөх үүргийн гүйцэтгэлийг хангахаар ямар нэг үйлдэл хийгээгүй байна.

 

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.1.2-т ...Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиодолд энэхүү гэрээний 7 дугаар зүйлд заасны дагуу гэрээг хүчингүй болгож, зээлийн гэрээ цуцлагдсан өдрөөс эхлэн “Барьцааны гэрээ”-ний дагуу барьцаалсан үл хөдлөх хөрөнгөөр барьцааны гэрээнд заасан журмын дагуу худалдан борлуулж зээл, зээлийн хүү, хугацаа хэтрүүлсэн хүү, зээлийн үндсэн төлбөр бусад зардлыг нэн даруй төлүүлэх эрхтэй, 7.1.1-т “Зээлдэгч нь зээлийн хүүг болон хэсэгчлэн төлөх үндсэн зээлийн төлөх хугацааг “Хавсралт-1”-д заасан хугацаанаас 1 хоног буюу түүнээс дээш хоног хэтрүүлсэн зэрэг нь зээлийн гэрээг цуцлан үндсэн зээлийн үлдэгдэл болон хугацаа хэтрүүлсэн хүү, үндсэн хүү нэхэмжлэх эрхтэй болох тухай заасан.

 

Иймд хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөрт 185,488,872 төгрөг, зээлийн төлөөгүй хүүнд 45,077,155 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,803,061 төгрөг, хууль зүйн туслалцаа, өмгөөлөлийн уйлчилгээний төлбөрт  16,475,836 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 22,000 төгрөг, нийт 251,866,926 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Т, Ү.Д нар шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа: “К ББСБ” ХХК гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорх тайлбарыг гаргаж байна,  2016.08.04-ний өдөр “К ББСБ” ХХК -тай 200,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай 4%-ийн хүүтэй зээлж авсан.

 

Зээлийн гэрээ байгуулах талаар тус ББСБ-д хүсэлт гаргасан. Хүсэлтэндээ 109,72 м2 3 өрөө, 77,02 м 2 2 өрөө үл хөдлөх хөрөнгөө 170,0 сая төгрөгт үнэлж 3,5 хувийн хүү, Lexus-570 маркын авто машиныг 30,0 сая төгрөгт үнэлж 4 хувийн хүүтэй зээл авъя гэх хүсэлт тавьсан боловч хүлээж аваагүй.

 

Учир нь “К ББСБ” ХХК-иас олон нийтэд тараасан зар сурталчилгаандаа “зах зээл дэх бага хүү”, “барьцаа хөрөнгийн үнэлгээ өндөр” гэх заалт оруулсан тул энэ мэдээллийнхээ дагуу барьцаа хөрөнгийг өндөрөөр үнэлж, зээлийн хүүг багаар тооцно гэсэн дүгнэлтэнд хүрч тухайн хүсэлтийг гаргаж байсан.

 

         “К ББСБ” ХХК -иас гаргасан зээлийн хүү 3,5% - 4,0% хүртэл байна гэх зар сурталчилгаан дах заалтаас ухарч зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх хөрөнгөнд ноогдох 170,0 сая төгрөгийн зээлийн хүүг 4,0 хувь болгож, 30,0 сая төгрөгөнд ноогдох Lexus-570 машины зээлийн хүүг 4,0 % болгон тооцсон нь илт нэг талыг барьсан үйлдэл болсон.

 

Монгол Улсын Дээд Шүүхийн 2006.12.21-ний өдрийн “Банкны болон банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалт хэсгийг тайлбарлах тухай” 52 тоот тогтоолоор Банкны тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдалыг хангах зорилгоор доорх тайлбарыг гаргажээ. Тогтоолын 2.4-т  Хуулийн 7.4.3-т заасан “өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх”... зээлийн хүү, зээлийн чанар зэрэг асуудлаар бодит байдалд нийцэхгүй сурталчилгаа, мэдээллийг олон нийтэд тараахыг хамруулан ойлгоно гэх. Мөн тогтоолын 3.3-т Хуулийн 12.1.2-т заасан “өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх” ... зээлийн хүү, зээлийн чанар зэрэг асуудлаар бодит байдалд нийцэхгүй сурталчилгаа, мэдээллийг олон нийтэд тараахыг ойлгоно гэх заалтаас үзэхэд “К ББСБ” ХХК нь зээлийн гэрээг хийхдээ олон нийтэд тараасан зар сурталчилгаа, мэдээллээсээ илт зөрсөн, нэг талыг барьсан гэрээ байгуулсан байх тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

      Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                

                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “К ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 185,488,872 төгрөг, зээлийн хүү 45,077,155 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,803,061 төгрөг, хууль зүйн туслалцаа, өмгөөлөлийн үйлчилгээний төлбөрт  16,475,836 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 22,000 төгрөг, нийт 251,866,924 төгрөгийг хариуцагч Ү.Д, Г.Т нараас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Г.Т, Ү.Д нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хийхдээ олон нийтэд тараасан зар сурталчилгаа, мэдээллээсээ илт зөрсөн, нэг талыг барьсан зээлийн гэрээ байгуулсан гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “К ББСБ” ХХК нь хариуцагч Ү.Д, Г.Т нар нь 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 200,000,000 төгрөгийг, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 20-ний өдөр хүртэл хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй байхаар тохиролцон зээлийн гэрээ байгуулан, зээлийн эргэн төлөх хуваарийг хариуцагчид зөвшөөрөн гарын үсэг зурж баталгаажуулжээ.

 

Нэхэмжлэгч нь 200,000,000 төгрөгийг хариуцагч Г.Тийн Худалдаа хөгжлийн банкны ******** дугаартай дансанд шилжүүлсэн бөгөөд хариуцагч нар маргаагүй.

 

Харин хариуцагч нар нь олон нийтэд зарласан хүүгээсээ өндөр хүүтэй зээл олгосон гэж маргасан боловч тухайн үед зээлийн гэрээний хүүг зөвшөөрөн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөг хүлээн авч зээлийн төлбөрийг төлж байсан гэж үзэв.

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож  №БГ16/28 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой барьцааны гэрээг 2016 оны 08 дугаар сарын 04-ны өдөр байгуулан БЗД-ийн 4-р хороо 15-р хороолол Энхтайваны өргөн чөлөө 37-р байр 27 тоот 109,72м2   талбайтай 3 өрөө, БЗД-ийн 4-р хороо 15-р хороолол Энхтайваны өргөн чөлөө 37-р байр 43 тоот 77,2м2   талбайтай 2 өрөө орон сууцуудыг барьцаалан, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

           

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэг болон эргэн төлөлтийн хувиарыг  зөрчсөн болох нь зээл төлсөн баримтаар тогтоогдож байх бөгөөд зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээлийг хүлээн авснаас хойш тодорхой хугацааны дараа маргасан нь үндэслэлгүй гэж үзлээ.

           

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 7.1.1-д “зээлдэгч нь зээлийн хүүг болон хэсэгчлэн төлөх үндсэн зээлийг төлөх хугацааг “хавсралт 1”-д заасан хугацаанаас 1 хоног буюу түүнээс дээш хоног хэтрүүлсэн” бол гэрээг цуцлахаар заасан байна.

 

Иймд  хариуцагч Ү.Д, Г.Т нараас үндсэн зээл 185,488,872 төгрөг, зээлийн хүү 45,077,155 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,803,061 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 22,000 төгрөг, нийт 235,391,088 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн гэх 16,475,836 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

            Учир нь нэхэмжлэгч нь өмгөөлөгч С.Отгонжаргалтай 2017 оны 06 дугаар сарын 07-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон боловч өмгөөлөгчид 16,475,836 төгрөг төлсөн нь нотлогдохгүй байна гэж үзлээ.

 

Хариуцагч Г.Тийг шүүх удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй 2017 оны  06 дугаар сарын 14-ний өдөр “хариуцагчийг албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамж гарган хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан.

 

Шүүх хуралдааныг 2017 оны 09 дүгээр сарын 26-ний, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд товлон зарласан боловч хариуцагчийн “томилолтоор гадаад явна”, “өмгөөлөгч авна” гэх хүсэлтүүдээр  шүүх хуралдаан хойшлогдсон, хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн шүүх хуралдааны мэдэгдлийг албан ёсоор мэдэгдсэн  боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэн түүний эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

            Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

           

                                                                                                              ТОГТООХ нь:

           

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ү.Д, Г.Т нараас 235,391,088 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,475,836 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ү.Д, Г.Т нараас 1,334,905 төгрөг  гаргуулан нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1,417,284 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

         3. БЗД-ийн 4-р хороо 15-р хороолол Энхтайваны өргөн чөлөө 37-р байр 27 тоотод байрлах Г.Тийн өмчлөлийн, БЗД-ийн 4-р хороо 15-р хороолол Энхтайваны өргөн чөлөө 37-р байр 43 тоотод байрлах Ү.Дгийн өмчлөлийн орон сууцууд барьцаалагдсан болохыг дурьдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хуулийн хүчин төгөлдөр болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

          

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

           

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.МӨНХЗУЛ