Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2016/00832/И |
Дугаар | 73 |
Огноо | 2017-01-18 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 73
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 11-01 тоотод оршин суух, 1988 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ88121926, Галууд овогт Оросоогийн Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Гэрэлмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэжидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Гэрэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1988 онд төрсөн, 2010 онд их сургуулиа төгссөнөөс хойш Увс аймгийн Улаангом сумын 4 өрхийн эмнэлэг, Цогцолбор цэцэрлэг, Хөдөлмөрийн хэлтэст нийтдээ 6 жил төрийн байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байна. 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагааны нягтлан бодогчоор томилогдсон бөгөөд 2014 оны эхээр Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц орон тооны өөрчлөлт орж 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн хэлтсийн Үйл ажиллагаа, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ерөнхий нягтлан бодогчоор томилогдон ажиллаж ирсэн. Гэтэл 2016 оны 8 дугаар сард Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 19-ний Б/07 дугаар тушаалаар Хөдөлмөрийн хэлтсээс чөлөөлж, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар шилжүүлсэн. 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтцээр орон тоо цөөрсөн тул 11 дүгээр сарын 03-ны өдрөөс ажлаас чөлөөлж мэдэгдэл өгсөн боловч бүтэц, орон тооны талаар мэдээлээгүй. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Үйл ажиллагааны нягтлан бодогчийн ажлыг М.Янжиндуламд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтний дараагийн ажилтан томилогдох хүртэл хугацаанд Ч.Оюунхүүд тус тус хүлээлгэн өгсөн. Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/49 дугаартай “О.Гэрэлмаад тэтгэмж олгох тухай” тушаал өгсөн. Миний эрхэлж байсан ажил Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоогоор Үйл ажиллагааны нягтлан бодогч, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтэн гэж 2 орон тоо болон задарсан байгаа. Гэтэл үйл ажиллагааны нягтлан бодогчийн орон тоонд ямар шаардлага, шалгуур тавьж Д.Янжиндуламыг томилсон нь тодорхойгүй, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтний орон тоонд надтай нэгдэж байгаа хүн байхгүй, намайг томилох боломжтой байтал ямар шалтгаанаар томилоогүй нь тодорхойгүй, мөн “Тэтгэмж олгох тухай” тушаал нь ажлаас халагдсан гэж үзэх хууль, эрх зүйн шаардлага хангахгүй байгаа зэрэгт гомдолтой байна. Ийм миний бие ажлаас хууль зүйн үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж байгаа тул Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогт-Очир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2016 оны Монгол Улсын Засгийн газрын 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх ажлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулагдсан. ХНХЯ-ны сайдын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/88 тоот тушаал, ХХҮЕГ-ын 2016 оны 9 сарын 15-ны өдрийн Б/102 дугаартай албан тоотоор татан буугдсан Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсийн үндсэн хөрөнгө болон эргэлтийн хөрөнгөд тооллого хийж хөрөнгө нэгтгэх, тооллогын дүнг актын хамт ХХҮЕГ-т хүргүүлэх, өр төлбөр, авлагын тооцоог нийлж барагдуулах, татан буугдсан хэлтсүүдийн хаалтын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлан гаргах зэрэг үүрэг чиглэл, өгөгдсөн. Энэ үүрэг даалгаврын хүрээнд 2016 оны 9 дүгээр сарын 16-ны А/21 дүгээр тушаалаар НХҮХ-ийн, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын А/41 дугаар тушаалаар үндсэн болон эргэлтийн эд хөрөнгөд тооллого хийх комиссыг томилон ажиллуулсан. 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/22 дугаар тушаалаар Хөдөлмөрийн хэлтсийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийг шинээр зохион байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүлээн авч данс бүртгэлд тусгах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг томилон ажиллуулсан. Дээрх ажлын хүрээнд Хөдөлмөрийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан О.Гэрэлмаатай холбоотой дараах санхүүгийн зөрчил, дутагдлууд гарсан. Үүнд:
1. Хөдөлмөрийн хэлтэст ажил үүрэг гүйцэтгэж байсан УАЗ фургон машины хурдны хайрцгийг сольсон. Сольсон тухайгаа нярав, жолооч нар хүлээн зөвшөөрч, хөрөнгө нэгтгэсний сарын дараа олон дахин шаардлага тавьсны дагуу буцааж сольсон.
2. 6500 эргэлтийн хурдтай 5.5 квт гаргах хүчин чадалтай улаан өнгөтэй 2 моторын нэг нь тооллого хийхэд дутагдсан. Дараа нь хөрөнгө нэгтгэх үед 2600 эргэлтийн хурдтай 2 квт гаргах хүчин чадалтай цэнхэр өнгийн мотороор солигдсон.
3. Шинэ 1, хуучин 1, нийт 2 компьютерийн 1 tего-ийн багтаамжтай хаард дискийг 1600 GВ-ийн бага багтаамжтай хаард дискээр сольсон.
4. Тооллогын явцад 9.840.000 төгрөгийн унэтэй 3х8 буюу 24 м.кв хэмжээтэй З ширхэг хулэмж хаана байгаа нь мэдэгдэхгүй, данс бүртгэлд тусгагдаагүй зөрчил илэрсэн бөгөөд анхан шатны баримтыг хянаж үзэхэд нийлүүлэгчийн тендерийн бичиг баримтад 3х8 буюу 24 м.кв хэмжээтэй, 3 ширхэг хүлэмж, Хөдөлмөрийн хэлтсийн орлогын баримтад 3х14 буюу 42 м.кв хэмжээтэй гэж зөрүүтэй баримт бүрдүүлсэн нь хуурамч баримт мэт харагдаж байна. Дутагдаж буй хөрөнгийг нийлүүлэгчээс нэхэмжлэн авч бүртгэлд тусгуулах талаар удаа дараа үүрэг чиглэл өгсөн хэдий ч 3 сарын дараа 2016 оны 12 дугаар сарын 15-нд 3х6 буюу 18 м.кв хэмжээтэй /6 м.кв дутуу/ З ширхэг хүлэмж хүлээлгэн өглөө. Нягтлан бодогч О.Гэрэлмаагийн эдгээр үйлдэл нь байгууллагын эд хөрөнгөд бүртгэлээр тавих хяналтыг сулруулсан, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 13.7, 14.4 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж, Нягглан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4, 20.2.5, 20.2.6 дахь хэсэгт заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байна.
5. “Увсад үйлдвэрлэв” борлуулалтын цэг ажиллуулахаар Б.Мягмарсүрэн захиралтай “Азийн цахиур” ХХК, “Увс Ханхөхий” ХХК-тай 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 2 байр түрээслэхээр илтэд хууль зөрчсөн гэрээ хийж, түрээсийн төлбөрийг сарын 600.000 төгрөгөөр тооцож 2 компанид тус бүр 7.200.000 төгрөг, нийт 14.400.000 төгрөгийн түрээсийн төлбөрийг он дуустал 2016 оны 3 дугаар сарын 30-нд шилжүүлсэн. Гэтэл “Увс Ханхөхий” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу “Центр хаус” төвийн 57.6 мкв талбайг 5 сар ашиглаагүй, энэ байранд үйл ажиллагаа явуулаагүйг түрээслэгчид нотолж байгаа. Иймд ашиглаагүй талбайд 3.000.000 төгрөгийн түрээсийн төлбөрийг илүү төлсөн. “Азийн цахиур” ХХК-ийн “Хүүхдийн ертөнц” төвийн 2 давхарт 90 м.кв талбай түрээслэхээр гэрээ хийсэн хэдий ч 57 м.кв талбайд үйлчилгээ явуулж байгаа. Энэ талбайд 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс үйлчилгээ явуулж эхэлсэн. Гэтэл ажиллаагүй хугацааны 2016 оны 1, 2, 3 сарын түрээсийн төлбөр 1.800.000 төгрөгийг илүү олгосон зэрэг зөрчил гаргасан. О.Гэрэлмаагийн албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д зааснаар хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтан юм. Эдгээр хууль бус үйлдэл нь албан тушаалынхаа эрх мэдлийг урвуулан ашиглаж бусдад давуу байдал үүсгэсэн үйлдэл гэж үзэж байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5.1.3-д заасан жинхэнэ хэрэгжилтийн, 5.1.4-д үнэн зөв байх гэсэн нягтлан бодох бүртгэлийн зарчмуудыг зөрчин, илтэд хууль зөрчсөн гэрээ байгуулж ажил /үйлчилгээ, гүйцэтгэлийн үр дүнгээр санхүүжүүлэх ёстой түрээсийн төлбөрийг бусдад хууль бус давуу тал бий болгож 1 захиралтай 2 компанид 4.800.000 төгрөгийг хууль бус ажил үйлчилгээг санхүужүулж байсан байна.
6. 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Т.Хишигбаярын хувийн дансруу 4.000.000 төгрөг шилжүүлж нэг бүр нь 4.000 төгрөгийн үнэтэй 1000 ширхэг 8 хөтөлбөрийн гарын авлага авснаар бичиг баримт бүрдүүлсэн хэдий ч орлого, зарлагын баримтад 1.000 ширхэгийг 4.000 төгрөгөөр нийлүүлснээр тусгаж Хөдөлмөрийн хэлтсийн нярав Ч.Хэрлэнболд хүлээлгэн өгснөөр гарын үсэг зурсан, орлогын баримтад 4.000 ширхэгийг 1.000 төгрөгөөр орлогод авсан мөртлөө хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг байхгүй, мөн зарлагадсан тухай тайлан, баримт байхгүй. Төрийн жинхэнэ албан хаагчийн хувийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, төрийн албан хаагчийн ёс зүй зөрчиж, ашиг сонирхол үүсгэсэн.
7. Аж ахуйн нэгж байгууллага, иргэнд олгох 65.900.000 төгрөгний өр тайлан балансад тусгасан мөртлөө 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хүргэн ах Т.Батгэрэлийн хувийн дансанд 2.532.000 төгрөгийг хууль дүрэм, сурталчилгааны ажил, материал үйлчилгээний төлбөр гэж хийсэн нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасан зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
8. 2016 оны 4, 5 дугаар саруудад зохион байгуулсан ажил үйлчилгээний зардлыг тухайн саруудад нь шийдвэрлэх боломжтой хөрөнгийн үлдэгдэл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд байсаар байтал 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “АСЭД Дэвшил” ХХК-д гарын авлага, сурталчилгааны самбар, материал хийлгэсэн гэсэн баримтад Д.Зоригтбаатар тайлан бичиж, гарын үсэг зурж 3 удаагийн үйлдлээр 972.000, 2.788.000, 1.197.500 нийт 4.957.500 төгрөг шилжүүлж, няравын орлого, зарлагын тайланд тухайн ажил үйлчилгээг тусгаагүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14.4, 14.4.5 дахь хэсгийг зөрчсөн. Нөгөө талаар байгууллага татан буугдах сургаар хувийн компаний дансанд их хэмжээний мөнгийг нэг өдрийн дотор шилжүүлж өгсөн гэдэг хардлага төрж байна.
9. Аж ахуй эрхлэлт, бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 70 иргэнд 105.0 сая төгрөгийн төсөл хэлбэрээр гэрээ байгуулан санхүүжүүлсэн. Төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулсан гэрээний 3.4-д заагдсан гүйцэтгэлийн тайлан авахгүйгээр 100 хувь санхүүжүүлсэн.
10. Залуучуудын хөдөлмөр эрхпэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан 16 иргэнд 32.0 сая төгрөгийг мөн гэрээний 2.5-д заасан гүйцэтгэлийн тайлан авахгүйгээр 100 хувь санхүүжүүлсэн.
11. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдсан 42 иргэнд 42.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон. Мөн гэрээний 3.5-д заасны дагуу гүйцэтгэлийн тайлан авахгүйгээр 100 хувь санхүүжүүлсэн зэрэг зөрчил дутагдлууд илэрсэн. Энэ нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 21.2-д зааснаар тухайн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих ЗГ-ын тогтоолоор баталсан журмуудыг тус тус зөрчсөн.
12. Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гйүцэтгэгч Д.Зоригтбаатар нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/07 тоот тушаалаар О.Гэрэлмааг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинээр байгуулагдсан ХХҮГ-ын мэдэлд шилжүүлсэн. ХХҮЕГ-ын даргын 2016 оны 09 дүээр сарын 01-ний өдрийн Б/21 тоот тушаалаар шинээр байгуулагдсан ХХҮГ нь 52 орон тоотой байхаар батлагдаж ирсэн бөгөөд Хөдөлмөрийн хэлтсийг 5 орон тоотой байхаар тогтоосон байна. ХХҮЕГ-ын даргын Б/21 тоот тушаалаар баталсан бүтэц, орон тооны дээд хязгаарт багтааж ажлын байрны шаардлагыг хэн илүү сайн хангаж байгаа, ажилласан жил, ажлын дадлага, туршлага, зөрчил, дутагдал гаргасан байдал, сахилгын шийтгэл хүлээсэн эсэх, ажилдаа хандаж байгаа хандлага зэргийг харгалзан үзэж зохих ажлын байранд томилон ажиллуулж байна. Намайг ХХҮГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ирэхэд бүтцийн өөрчлөлтөд орсон хүмүүст албан ёсоор мэдэгдэл өгөөгүй, байсан тул бүтцийн өөрчлөлтөөр орон тоо нь хасагдсан, цөөрсний улмаас цомхотголд орсон ажилтнуудад хуулийн дагуу мэдэгдэл хүргүүлж, нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох шийдвэр гаргаж, байгууллагаас олгох тэтгэмжийн асуудлыг нэмэлт санхүүжилтээр олгох зэрэг арга хэмжээнүүдийг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлж ажилласан.
13. Татан буугдсан Хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагааны болон ХЭДСангийн санхүүгийн хаалтын баланс албан ёсоор гаргаж танилцуулаагүй, энэ талаар удаа дараа шаардсан ч үүргээ биелүүлээгүй. Дээрх зөрчил, дутагдал гаргасан тул О.Гэрэлмааг үйл ажиллагааны нягтлан бодогч, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтнээр ажиллуулах боломжгүй гэж үзсэн. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтэн нь төрийн албаны дэс түшмэлийн шалгалтад орж тэнцсэн байх ёстой болно. О.Гэрэлмаа нь төрийн албаны шалгалтад орж тэнцсэн мэдээлэл байхгүй.
14. О.Гэрэлмаагийн дээрх үйлдлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах шаардлагатай гэж үзэж байна. Иймд О.Гэрэлмаагийн нэхэмжлэлд дурдсан шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэжидмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйл ажиллагааны нягтлан бодогч, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтэн гэдэг хоёр өөр чиг үүрэгтэй. О.Гэрэлмаа хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байх үедээ хавсарч хийж байсан юм болов уу гэж ойлгосон. Гэтэл Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилсон ажлын байрны тодорхойлолтоор дэмжих сангийн мэргэжилтний үүрэг байсан. Энэ хоёр ажлын байрны тодорхойлолтын чиг үүрэг хоорондоо өөр ойлголттой байдаг. Дэмжих сангийн мэргэжилтэн бол Засгийн Газрын тусгай сан бөгөөд ажил үйлчилгээнд хоёрдугаар гарын үсэг зурдаг. Мэргэжилтэн гэдгээр төрийн захиргааны мэргэжилтэн. Төрийн албаны зөвлөлд манай газраас 4 ажлын орон тоо зарлагдсан. Ажлын байрны тодорхойлолт энэ хоёр дээр тус тусдаа байгаа. Нэгэмжлэгчийн өмгөөлөгч ажлын байрны тодорхойлолт ижил гэж байна. Энэ хоёр бол тусдаа ойлголт байгаа. Хөдөлмөрийн хэлтсийн дарга О.Гэрэлмаатай уулзаж тохирсон зүйл байгаа гэсэн. О.Гэрэлмааг Цагдаагийн байгууллагад шалгуулна. Хуурамч санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлсэн байдаг, түүнтэй өмгөөлөгч нь танилцсан байх. О.Гэрэлмааг Д.Цогт-Очир дарга ажилд авахаас татгалзсан нь дээрх зөрчил дутагдлыг гаргасантай холбоотой. Тайлан балансыг хааж тайлангаа хүргүүлэх ёстой байтал О.Гэрэлмаа хүргүүлээгүй. Өр төлбөргүй байсаар байтал 2016 оны 7 дугаар сарын 01-ний байдлаар өр төлбөр үүсгэснийг барагдуулсан. Тухайлбал “Хишигт” гэх дэлгүүрээс вок саван авсан гээд 400.000 төгрөгийн баримт бүрдүүлсэн. “Цас” дэлгүүрээс үдэгч машин авсан гэдэг боловч өөр зүйл авсан. Зарим зүйлийн хувьд мөнгийг нь бэлнээр авсан гэх мэт зөрчил илэрсэн учраас газрын дарга түүнийг ажилд авахаас татгалзсан” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Гэрэлмаа нь хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч О.Гэрэлмаа нь 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтэст Захиргаа санхүүгийн албаны үйл ажиллагааны нягтлан бодогчоор, 2014 оны 2 дугаар саны 03-ны өдрөөс тус хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Хөдөлмөрийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжсэн нь хэрэгт авагдсан Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/07 тоот тушаал, Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Б/03, Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 тоот тушаал, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийг Хөдөлмөрийн хэлтэстэй нэгтгэн Увс аймгийн Засаг даргын дэргэдэх “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар”-ыг бий болгосон байх бөгөөд тухайн 2 хэлтсийн ажилчдыг тус газарт нэгтгэж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 тоот тушаалаар Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог нийт 52 байхаар тогтоожээ.
Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын дарга 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч О.Гэрэлмаад ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн нь хэргийн 20-р хуудаст авагдсан “Хөдөлмөрийн хэлтсийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хөдөлмөрийн хэлтсийн ажилтнуудад мэдэгдэл хүлээлгэн өгсөн жагсаалт”-аар тогтоогдож байна.
Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/49 тоот тушаалаар “Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн Үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ерөнхий нягтлан бодогч Оросоо овогтой Гэрэлмаад 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний ажлаас чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэмж олгохоор, мөн 3 дахь заалтаар О.Гэрэлмаад ажилласан хугацааны ээлжийн амралтын болон холбогдох тооцоо хийхийг үйл ажиллагааны нягтлан бодогч М.Янжиндулам, Захиргаа, хяналтын хэлтсийн дарга Ц.Дэжидмаа нарт даалгаж” шийдвэрлэжээ.
2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/49 тоот тушаалыг гаргахдаа ажил олгогч Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 тоот тушаал зэргийг тус тус үндэслэл болгожээ.
Төрийн үйлчилгээний албан хаагч буюу ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан О.Гэрэлмаагийн хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэж байгаа тул ажил олгогчийн 2016 оны Б/49 тоот тушаалыг агуулга, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримталсан асуудалд дүгнэлт хийж, дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч О.Гэрэлмаа нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 2016 оны 9, 10 дугаар саруудад ажиллаж цалин авч байсан нь түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн, мөн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэж бичилт хийсэн байдлаар тогтоогджээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтний орон тоо сул байгаа, удахгүй сонгон шалгаруулалт зарлана” гэж тайлбарласан ба нэхэмжлэгч О.Гэрэлмаа “Миний эрхэлж байсан ажил Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоогоор Үйл ажиллагааны нягтлан бодогч, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтэн гэж 2 орон тоо болон задарсан байгаа. Үйл ажиллагааны нягтлан бодогчийн орон тоонд Д.Янжиндуламыг томилсон, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтний орон тоонд хүн томилоогүй, одоо энэ ажлыг хүнд хавсруулсан байгаа” гэх тайлбаруудаар О.Гэрэлмаагийн эрхэлж байсан албан тушаал нь Үйл ажиллагааны нягтлан бодогч, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтэн гэх 2 орон тоо болсон нь тогтоогдож байна.
Иймд Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тооны хувьд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтний орон тоо хасагдаагүй, цөөрөөгүй байх ба хариуцагчийн “орон тоо хасагдсан” гэх тайлбар хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож тогтоогдогдохгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1-т зааснаар нэхэмжлэгч О.Гэрэлмааг урьд эрхэлж байсан буюу Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
Харин хариуцагч нь О.Гэрэлмаа ажилдаа хариуцлагагүй хандаж, санхүүгийн зөрчил, дутагдлууд гаргаж байсан хэмээн хариу тайлбартаа дурдаж, бараа материалын тооллого, төлбөрийн хүсэлт ¹333, орлогын баримт ¹1, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, Э.Батбаярын татвар төлсөн баримт, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”, үнийн санал, Э.Батбаярын Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтэст гаргарсан хүсэлт, хүлэмжний танилцуулага, үнийн санал авах урилга, тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийн бүртгэл, хүлэмж худалдан авах тухай хэлэлцсэн хурлын тэмдэглэл, төлбөрийн хүсэлт ¹65, нэхэмжлэх, борлуулалтын цэгийн түрээсийн гэрээ, Б.Мягмарсүрэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын бүртгэлийн гэрчилгээ, төлбөрийн хүсэлт ¹78, нэхэмжлэх, Ц.Цэцэгмаагийн Хөдөлмөрийн хэлтэст гаргасан хүсэлт, Ж.Жавзанхорлоогийн гаргасан хүсэлт, төлбөрийн хүсэлт ¹64, нэхэмжлэх, борлуулалтын цэгийн түрээсийн гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, төлбөрийн хүсэлт ¹79, нэхэмжлэх ¹2, төлбөрийн хүсэлт ¹2, кассын орлогын ордер ¹4, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, зарлагын баримт ¹4, орлогын баримт ¹4, төлбөрийн хүсэлт ¹398, “Хууль дүрэм бодит амьдральд” сэдэвт хууль сурталчилах ажлын төсөв, тус ажлын тайлан Увс аймгийн ХЭДСан өглөгийн тайлан, мэдээ, төлөвлөгөө, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, орлогын баримт ¹2, шаардах хуудас, төлбөрийн хүсэлт №370, нэхэмэжлэх, орлогын баримт, шаардах хуудас, зардлын төсөв, арга хэмжээний хөтөлбөр, ажлын тайлан, төлбөрийн хүсэлт №370, арга хэмжээний хөтөлбөр, нэхэмжлэх, ажлын тайлан, Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн 2016 оны 4 дүгээр сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ, Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/22 тоот тушаал, түүний хавсралт, Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/23 тоот тушаал, түүний хавсралт, Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/24 тоот тушаал, түүний хавсралт, /хэргийн 36-121 дүгээр хуудас/, санхүүгийн тайлан, Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн 7-р сарын өглөг, авлагын мэдээ, өглөгийн мэдээ, Увс аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанаас Хөдөлмөрийн хэлтэст ирүүлсэн албан тоот, нэхэмжлэх №25, нэхэмжлэх 15/07, Ц.Оюунчимэгийн тодорхойлолт, нэхэмжлэх №3, нэхэмжлэх №13, нэхэмжлэх №4, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, Төсөвт байгууллагын 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайлан зэргийн тус тус хавсарган ирүүлсэн боловч нэхэмжлэгч О.Гэрэлмааг энэхүү үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй тул тухайн баримтад шүүх дүгнэлт хийх шаардлагагүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О.Гэрэлмаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 70.200 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Гэрэлмааг Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Гэрэлмаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР