| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогооборын Бямбажав |
| Хэргийн индекс | 139/2017/00002/И |
| Дугаар | 02 |
| Огноо | 2017-02-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 02
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Н.Насанжаргал, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 536 дугаар шийдвэртэй, *******ын нэхэмжлэлтэй, ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр давж заалдах шатны шүүхэд хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга ******* оролцов.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1984 оноос 1993 он хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Худалдаа бэлтгэлийн анги, “Сайхан хэрэглээний хоршоо”, “Сайхан хоршоо” ББХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул 1984 оны 1 сарын 1-нээс 1993 он хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын 1984 оны 1 сарын 1-нээс 1993 оны 1 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Худалдаа бэлтгэлийн анги, Сайхан хэрэглээний хоршоо, Сайхан хоршоо ББХК-нд тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн ******* нь 1984 оны 6 сарын 26-наас 1991 оны 4 сарын 24-нийг хүртэл Гурвансайхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид, 1991 оны 4 сарын 24-нөөс 1991 оны 12 сарын 20-ныг хүртэл Гурвансайхан сумын “Сайхан” хэрэглээний хоршоонд, 1991 оны 12 сарын 20-ноос 1993 оны 1 сарын 1-нийг хүртэл “Сайхан хоршоо” ББХК-д тус тус жолоочоор ажилласан болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1984 оны 1 сараас 1984 оны 6 сарын 26-ныг хүртэл ажилласнаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: ******* нь 1984 оноос 1993 он хүртэл Гурвансайхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид тракторчин байсан. Тухайн ажиллаж байсан жилээ тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх 2013 оны 7 сарын 4-ний өдрийн 536 дугаартай шийдвэрээр ажилласан жилийг тогтоосон байна. Гэтэл тракторчноор биш жолоочоор ажилласан гэж гэж тогтоосон. Тракторчноор ажиллаж байсан нь хүнд нөхцөлд ордог юм. Иймээс *******ыг жолоочоор биш тракторчноор ажиллаж байсныг тогтоож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ******* нь 1984 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Худалдаа бэлтгэл ангид, 1991 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Гурвансайхан сумын Сайхан хэрэглээний хоршоонд, 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл “Сайхан хоршоо” ББХКомпанид тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг дээрх байгууллагуудад жолоочоор ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан, анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судалж үзэхэд ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дээрх байгууллагуудад тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан, архиваас лавлагаа авахдаа тракторын жолоочоор ажиллаж байсан гэж лавлагаа авсан, түүний ажиллаж байсныг тодорхойлсон иргэн Б.Хөсрий /хууд-8/, Н.Дарьсүрэн /хуу-10/, Г.Рэнцэн /хуу-12/ нарын гаргасан тодорхойлолтууд болон гэрчээр өгсөн мэдүүлгүүдэд “.. тракторын жолоочоор ажиллаж байсан” гэж мэдүүлсэн байх ба хэрэгт авагдсан 1988-1993 оны цалингийн картуудад /хуу-14-19/ жолооч ******* гэж бичигдсэн байна. Ийнхүү хэрэгт авагдсан зарим нотлох баримт нь тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг зарим баримт нь жолоочоор ажиллаж байсан болохыг нотолсон байх бөгөөд анхан шатны шүүх шийдвэртээ зөрүүтэй нотлох баримтуудыг хэрхэн үнэлж *******ыг жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосон талаар дүгнэлт хийгээгүй байна.
Хавтаст хэргийн 14-19 дүгээр талд авагдсан *******ын цалингийн карт гэсэн эх баримтыг судалж үзэхэд эдгээр баримтын 2 баримтад *******ыг ямар ажил эрхэлж байсныг бичээгүй, цалингийн карт нь ямар байгууллагынх болох нь тодорхойгүй байна.
Нэхэмжлэгчтэй хамт Гурвансайхан сумын худалдаа бэлтгэл анги, Сайхан хэрэглээний хоршоо, Сайхан хоршоо ББХК-д худалдагч, нярав, нягтлан бодогчоор ажиллаж байсан гэх гэрч Г.Рэнцэн, Н.Дарьсүрэн, Б.Хөсрий нарын мэдүүлэг, хамт авахуулсан гэрэл зураг зэрэг нотлох баримтуудыг үнэлж үзэхэд ******* нь тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн 2013 оны 7 сарын 4-ний өдрийн 536 дугаар шийдвэрийг 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гардан авч давж заалдах гомдлоо 2017 оны 1 сарын 31-ний өдөр гаргаснаар хэргийг давж заалдах шатны журмаар хянан хэлэлцсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 536 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “ ...жолоочоор ажиллаж байсныг тогтоож” гэснийг “....тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоож” гэж өөрчилсүгэй.
2.Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг *******д шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ
Т.БЯМБАЖАВ