Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1-р багийн харъяат, одоо Сайнцагаан сумын 7-р баг, Нарлаг 7-1 тоотод оршин суух Дарцагт овогт Нэргүйн Данзан-Яринпэл /ЗЕ57082310/-ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.Данзан-Яринпэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Данзан-Яринпэл шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1975-1978 онд цэргийн алба хааж ирээд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Би нэгдэл тартал буюу 1991 оны 4 сар хүртэл малчин байсан. Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт дутуу, архивт холбогдох баримт нь байхгүй байгаа тул хөдөлмөрийн дэвтэр, цалингийн баримт, гэрчлэх хүмүүсийн мэдүүлгийг үндэслэн  намайг 1978 оны 9 сарын 1-нээс 1991 оны 3 сарын 31-н хүртэл Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчнаар ажиллаж байсан хугацааг нөхөн тогтоож өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Данзан-Яринпэл нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд 1978 оны 9 сарын 1-нээс 1991 оны 3 сарын 31-нийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

  1. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нэгдмэл хөдөлгөөн нэгдлээс Нэргүйн Данзан-Яринпэлд 1979 оны 8 сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ‘’1978 оны 9-12 сар, 1979 оны 1-12 сар, 1980 оны 1-12 сар’’-ын цалингийн бичилт хийгдсэн.
  2. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нэгдмэл хөдөлгөөн нэгдлээс Нэргүйн Данзан-Яринпэлд 1981 оны 8 сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ‘’1981 оны 1-12 сар, 1982 оны 1-12 сар, 1983 оны 1-12 сар, 1984  оны 1-12 сар, 1985 оны 1-12 сар, 1986 оны 1-12 сар, 1987 оны 1-12 сар, 1988 оны 1-12 сар, 1989 оны 1-12 сар, 1990 оны 1-12 сар’’-ын цалингийн бичилт хийгдсэн.
  3. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нэгдмэл хөдөлгөөн нэгдлээс Нэргүйн Данзан-Яринпэлд 1991 оны 1 сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ‘’1991 оны 1-12 сар’’-ын цалингийн бичилт хийгдэжээ.
  4. Дундговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 268 дугаар тодорхойлолтод: ‘’Тус аймгийн төрийн архивын сан хөмрөгт Дундговь аймгийн  Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд 1978 оны 7 сарын 1-ний өдрөөс 1991 оны 4 сарын 1-нийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухай байхгүй тул Нэргүй овогтой Данзан-Яринпэлд холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болно’’ гэжээ. /хэргийн 10-р хуудас/
  5. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 08/594 дугаартай лавлагаагаар: ‘’ Тус аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэл нь 1956 оны 8-р сарын 25-нд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаад 1991 онд ‘’Нэгдмэл хөдөлгөөн ’’ ББХК болон, 1994 оны 2 сарын 5-нд ‘’Нэгдмэл хөдөлгөөн’’ хоршоо болон өөрчлөгдсөн бөгөөд 2010 оны  7 сарын 1-нд татан буугдсан болно’’ гэжээ.
  6. 1979, 1980, 1981, 1981 оны 3-4 сар, 1981 оны 7 сар, 1982, 1985, 1986, 1988, 1989 оны хөдөлмөрийн хөлс олгох хүснэгтийн хуулбар /хэргийн 16-27-р хуудас/
  7. Монгол Улсын Батлах хамгаалахын Төв архивын 2013 оны 1 сарын 29-ний өдрийн 1257 дугаар архивын лавлагаанд: ‘’Нэргүйн Данзэн-Яринпэл БХЯ-ны сайдын 1975.05.14-ний өдрийн н/155 дугаар тушаалаар Дундговь аймгаас 1975.05.19-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 123 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1978.06.08-ны өдрийн н/137 дугаар тушаалаар 1978.06.20-ны өдөр 251880 дугаарын цэргийн батлахтай халагдсан’’ гэжээ
  8. Гэрч Г.Цэндмаа, Ц.Норовсүрэн, Ю.Түмэнням нарын мэдүүлэг зэрэг болно.

Хүсэлт гаргагч Н.Данзан-Яринпэл нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд 1978 оны 9 сарын 1-нээс 1991 оны 3 сарын 31-нийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 268 дугаар тодорхойлолтоор нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Н.Данзан-Яринпэлийг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд 1978 оны 9 сарын 1-нээс 1991 оны 3 сарын 1-нийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсныг хэргийн 3-9-р хуудсанд хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 16-27-р хуудсанд хөдөлмөрийн хөлс олгох хүснэгт зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хэрэг авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дарцагт овогт Нэргүйн Данзан-Яринпэлийг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд 1978 оны 9 сарын 1-нээс 1991 оны 3 сарын 31-нийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70200  /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР