Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 252

 

А.Энхтөрийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Чадраабал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа, Г.Хурцбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 58 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 295 дугаар магадлалтай, А.Энхтөрийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч А.Энхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... А.Энхтөр миний бие 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн үед өөрийн унаж явсан Ниссан bluebird маркын 8996 УНЗ дугаартай автомашинаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Төмөр замын билет түгээх газрын хойд талд тавиад вагоны билет авахаар орсон юм. Ингээд машины дохиолол дуугарах дохио түлхүүрт ирсэн даруйд нь гарч очиход миний машиныг ачаад хөдөлж байсан. Би гүйж очоод зогсооход “...та заавал 70000 мянган төгрөг төлснийхөө дараа машинаа авч болно” гээд яваад өгсөн. Тэр өдрөө 70000 мянган төгрөг тушааж байж машинаа авсан.

Тухайн үед миний машины цонх нь дээр миний утасны дугаар байсан боловч над руу утасдаж дуудалгүйгээр маш хоромхон зуурт машиныг ачсан байсан. Ийнхүү ачихдаа хэний, ямар эрх зүйн актыг үндэслээд миний машиныг ачаад байгаа нь ойлгомжгүй, энэ талаарх мэдээллийг ч надад өгөөгүй.

Үүний дараа буюу 2015 оны 6 дугаар сарын эхээр интернетээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хийсэн дүгнэлтийг олж харсан. Уг дүгнэлтээр миний машиныг ачихдаа нийслэлийн Засаг даргын 2013 оны А/769 дугаар захирамжаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх үйл ажиллагааг явуулах, төлбөр хураамж авах үйл ажиллагааг эрхлэх эрхийг Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-т олгосны дагуу тус төвийн даргын 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/21 тоот тушаал гарч, уг тушаалын дагуу миний машиныг ачиж, надаас 70000 мянган төгрөгийн төлбөрийг үндэслэлгүйгээр авсан болохыг олж мэдсэн.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/769 дугаар захирамж нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.6-д “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: замын хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг тусгай хашаа, талбайд шилжүүлэх”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-ын 2.1-т “замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын алба нь тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэнэ”, 4.1-т тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, ачиж буулгах зардлыг дор дурдсанаар шийдвэрлэнэ. 4.1.1-т зардлыг зах зээлийн тухайн үеийн үнэ, ханшийг үндэслэн нэгж километрээр тооцон авах бөгөөд зардлыг тооцох журмыг Цагдаагийн ерөнхий газрын дарга батлах” гэж тус тус заасныг зөрчиж гарсан болох нь хяналт шалгалтаар илэрсэн.

Цагдаагийн байгууллагын нэг удаагийн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зардлыг 55000 төгрөг байхаар тогтоосон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 728 тоот тушаалыг үндэслэн Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын дарга Л.Батцоож 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/30 тоот тушаал гаргаж бүх төрлийн суудлын автомашиныг зөөж шилжүүлэх үйлчилгээний хураамжийг 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 55000 төгрөг байхаар өөрчилж, тогтоосон нь нийслэлийн Засаг даргын 2013 оны А/769 дугаар захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-ын хэрэгжилтэд хяналт тавих, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх төлбөр хураамжийн хэмжээг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэгч Цагдаагийн ерөнхий газрын эрх олгосны дагуу зөөж шилжүүлэх үйл ажиллагаа явуулж, төлбөр хураан авах байтал нийслэлийн Засаг даргын 2013 оны А/769 дугаар дээрх хуулийн заалтыг зөрчиж гарсан захирамжийн дагуу миний машиныг ачиж, надаас 70000 төгрөгийг авч, миний эрхийг зөрчсөн байна.

Иймд миний эрхийг зөрчсөн нийслэлийн Засаг даргын 2013 оны А/769 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Энхтөр 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн  шаардлагаа өөрчлөхдөө: ...Хариуцагч нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 07/2952 дугаартай хариу тайлбараас маргаан бүхий акт болох нийслэлийн Засаг даргын 2013 оны А/769 дугаартай захирамжийг 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/742 дугаартай захирамжаар хүчингүй болгосон болохыг олж мэдлээ. Иймд нийслэлийн Засаг даргын 2013 оны А/769 дугаар захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэгдэн батлагдаж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах шийдвэр гаргах, төлбөрийн хувь хэмжээг тогтоохоор хуульчилсан тул Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/769 дугаар захирамжийг 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/742 дугаар захирамжаар хүчингүй болгосон.

Иймд иргэн А.Энхтөрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 58 дугаар шийдвэрээр: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн /2015.07.08-ны өдрийн хуулиар хүчингүй болсон/ 15 дугаар зүйлийн 1/-д заасныг баримтлан Д.Энхтөрийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, хураамж авах тухай” А/769 дүгээр захирамжийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 295 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 58 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай /1996 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан/ хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 6, Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1, 5.6-д тус тус заасныг баримтлан А.Энхтөрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/769 дүгээр захирамжийг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Нийслэлийн Засаг дарга 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/769 дүгээр захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалыг тус тус үндэслэж, тус захирамжийн нэгдүгээр заалтаар зөвхөн "Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх үйл ажиллагааг явуулах, төлбөр хураамж авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ/Л.Батцоож/-д даалгаж" захирамжилсан юм.

Засгийн газрын 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн "Нийслэлийн тээврийн талаар авах арга хэмжээний тухай" 27 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт "Замын зорчих хэсэгт тэмдэг тэмдэглэлийн заалт зөрчин хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөх зэргээр хөдөлгөөний түгжрэлийг багасгах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасан" тогтоол гарсан бөгөөд энэхүү тогтоол нь өдийг хүртэл хүчинтэй хэвээр үйлчилж байгаа болно.

Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсэгт "Аймаг, нийслэлийн Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа байдлыг хянан шалгаж, тэдгээрийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангана. Шаардлагатай бол өөрийн тодорхой бүрэн эрхэд хамаарах тухайлсан асуудлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд шийдвэрлүүлэхээр аймаг, нийслэлийн Засаг даргад шилжүүлж болно" гэж заасан байдаг.

Гэтэл Давж заалдах шатны шүүх зөвхөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар нийслэлийн Засаг даргад тээврийн хэрэслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг өөр байгууллагад даалгах эрх олгогдоогүй хэмээн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх талаар захирамж гаргах эрхгүй мэтээр хууль болон хүчин төгөлдөр үйлчилж буй Засгийн газрын 2008 оны 27 дугаар тогтоолыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Нийслэлийн Засаг дарга нийслэлийн тулгамдсан асуудалд Засгийн газраас олгогдсон бүрэн эрхийн дагуу үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг даалгах бүрэн эрхтэй.

Мөн нэхэмжлэгч эрх олгоогүй, этгээдийн хууль бус тушаалаар төлбөр хураамж авч нэхэмжлэгчийг хохироосон хэмээн гомдол гаргасан байхад давж заалдах шатны шүүх төлбөр хураамж авах талаар тушаал гаргасан Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ Л.Батцоожийн тушаалд дүгнэлт хийлгүйгээр зөвхөн нийслэлийн Засаг даргыг буруутгах зоилгоор Засгийн газрын 2008 оны 27 дугаар тогтоолын 4 дэх заалтыг үнэлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нөгөө талаар нийслэлийн Засаг дарга өөрийн харьяа байгууллагад хуулийн хүрээнд үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг даалгах эрхгүй, Засгийн газрын эрх олгогдсоноор хүчин төгөлдөр үйлчилж буй тогтоолыг хэрэгжүүлэх талаар захирамж гаргах эрхгүй мэтээр дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай 29 дүгээр зүйлийн 29.1.6. а дэд заалтад заасан "Хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах" гэснийг ноцтой зөрчсөн.

Маргаан бүхий акт нь нийслэлийн Засаг даргын 2013 оны А/769 дүгээр захирамж байтал давж заалдах шатны шүүх Татварын Ерөнхий хуулийн 3.1-д "Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй", 5.1-д "Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөр /цаашид "татвар" гэх/-өөс бүрдэнэ", 5.6-д "Төрийн зохих байгууллагаас хувь хүн, хуулийн этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилсний төлөө тэднээс тухай бүр авч улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хураамж гэнэ" гэж зааснаас үзвэл аливаа иргэн хуулийн этгээдээс хураамж авах хураамжийн хэмжээг тогтоох, үйл ажиллагааг тусгайлан эрх олгогдсон Улсын Их Хуралд олгогдсон хэмээн нийслэлийн Засаг дарга 2013 оны А/769 дүгээр захирамжаар төлбөр хураамжийн хэмжээг тогтоосон мэтээр дүгнэж гомдлыг шийдвэрлэсэн юм.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоож 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/21 дүгээр тушаалын 1 дүгээр заалтаар тус байгууллагын тусгай зориулалтын ачигч, чирэгч машинаар тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үйлчилгээний хураамжийг нэгдүгээр хавсралтаар баталж, хоёрдугаар заалтаар үйлчилгээний хураамжийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дансанд тушаахаар, гуравдугаар заалтаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйлчилгээний хураамжийн тооцоонд хяналт тавьж ажиллахыг Ч.Хүнбишид, үйлчилгээний хураамжийг холбогдох албан тушаалтанд иргэдэд хэвлэл мэдээллээр сурталчлахыг Захиргаа удирдлагын хэлстийн дарга Т.Саранчимэг нарт тус тус даалгаж А/21 дүгээр тушаал гаргасан байдаг.

Цагдаагийн Ерөнхий газрын нийтийн хэв журмыг хамгаалах газрын дарга Б.Алтанбагана болон Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга нарын хооронд 2014 оны 21 тоот гэрээ байгуулагдаж, зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журмын дагуу тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үйл ажиллагааг цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтны шийдвэрийн дагуу явуулахаар харилцан тохиролцсон байдаг.

Иймд энэхүү үйл ажиллагааг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Цагдаагийн Ерөнхий газартай хамтран хэрэгжүүлсэн, нийслэлийн Засаг даргын захирамжаар тээврийн хэрэслийг ачиж зөөх үйл ажиллагааг журамлаагүй, төлбөр хураамжийн хэмжээг тогтоогоогүй, нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй, Засгийн газрын 27 дугаар тогтоолоор эрх олгогдсон байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай (1996), Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/769 дүгээр захирамжийг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч А.Энхтөр 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өөрийн автомашинаа зогсохыг хориглосон газар байрлуулснаас /Замын хөдөлгөөний удирдлагын төв/ зориулалтын чирэгч автомашинаар түүний эзэмшлийн Nissan Bluebird маркын 8996 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн даргын 2013 оны А/21 дүгээр тушаалын дагуу А.Энхтөрөөс 70000 төгрөгийг “машин ачилтын төлбөр”-т Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Төрийн сан 200051068 дугаар дансанд тушаасан, талууд уг үйл баримттай маргаагүй, нэхэмжлэгч “... нийслэлийн Засаг дарга .../хууль/ зөрчиж, Замын хөдөлгөөний удирдлагын төвд /машин ачих/ эрх олгосноос миний машиныг ачсан...” гэж, хариуцагч “... /эрх олгосон нь/ хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

Нийслэлийн Засаг дарга 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслэлийг зөөж шилжүүлэх, хураамж авах тухай” А/769 дүгээр захирамж гаргаж, уг захирамжаар “замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслэлийг зөөж, шилжүүлэх үйл ажиллагааг явуулах, төлбөр хураамж авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ /Л.Батцоож/-т...” даалгасан, нийслэлийн Засаг даргын 2013 оны А/67 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дүрмийн 1.1-д зааснаар уг төв нь “нийслэлийн өмчит, төсөвт, үйлдвэрийн газар”  байна.

 Тухайн үед хүчин төгөлдөх мөрдөгдөж байсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай (1996) хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын алба Монгол Улсын цагдаагийн байгууллагын бүтцэд ажиллах”-аар, 2-т “замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтыг ерөнхий байцаагч, ахлах байцаагч, байцаагч гүйцэтгэх”-ээр, 4 дэх хэсгийн 6-д “... /замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч/ замын хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг тусгай хашаа, талбайд шилжүүлэх”-ээр, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 6-д “зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах”-аар заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-ыг баталсан, уг журмын 2 дугаар зүйлийн 2.1-д “...замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын алба /цаашид “замын цагдаагийн алба” гэх/ тээврийн хэрэгслэлийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэх”-ээр тус тус заажээ.

Эдгээрээс үзэхэд, тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжоор тусгай зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслэлийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг ямар нэг “нийслэлийн өмчит, төсөвт үйлдвэрийн газар” бус цагдаагийн байгууллагын бүтэц дэх замын цагдаагийн албаны эрх бүхий “замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч” хэрэгжүүлэх хуулийн нарийвчилсан зохицуулалттай байжээ.

Өөрөөр хэлбэл, бусдын эзэмшлийн автомашиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүй албадан шилжүүлсэн, төлбөр төлүүлсэн үйлдэл нь хариуцлагын шинжтэй тул тухайн тохиолдолд, иргэн А.Энхтөр тээврийн хэрэгслээ зөвшөөрөгдөөгүй газар байрлуулсан “зөрчил”-ийг дээрх хуульд зааснаар эрх бүхий хяналтын улсын байцаагч тогтоосны үндсэн дээр хариуцлага тооцох боломжтой байтал аливаа этгээд замын хөдөлгөөнд оролцохдоо захиргааны зөрчил гаргасан эсэхийг тогтоож, хариуцлага ногдуулах эрхийг “нийслэлийн өмчит, төсөвт үйлдвэрийн газар”-т олгож, хүчин төгөлдөр хууль тогтоомжоор тусгайлан зохицуулсан асуудлыг хуульд нийцээгүй байдлаар журамласан, энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга ... хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэсэнтэй нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч (Замын цагдаагийн газар)-д хуулиар нэгэнт олгогдсон эрхийг хариуцагч нийслэлийн Засаг дарга захирамж гарган өөр этгээдэд шилжүүлснийг тухайн тохиолдолд “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй албан тушаалтан” гэж үзэх үндэслэлтэй тул давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасныг баримталж, маргаан бүхий захиргааны актыг илт хүчин төгөлдөр бус гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 Хариуцагчаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо “Засгийн газрын 2008 оны 27 дугаар тогтоолоор ... хөдөлгөөний түгжрэлийг багасгах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан, ...Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7-д “... өөрийн тодорхой бүрэн эрхэд хамаарах тухайлсан асуудлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд шийдвэрлүүлэхээр аймаг, нийслэлийн Засаг даргад шилжүүлж болно" гэж заасан, ... /шүүх уг хуулийг хэрэглээгүй/” гэх боловч тухайн харилцааг нарийвчилсан хуулиар тусгайлан зохицуулсан байхад түүнийг өөрчилсөн захиргааны акт гаргах эрхийг дээрх хууль, Засгийн газрын тогтоолоор аливаа байгууллага, албан тушаалтанд олгосон гэж үзэхгүй.

Түүнчлэн, хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцүүлэн, өөрийн эрх хэмжээний хүрээнд аливаа асуудлаар захирамж гаргах нийслэлийн Засаг даргын эрхийг шүүх үгүйсгээгүй, нийслэлийн Засаг даргын 2013 оны маргаан бүхий А/769 дүгээр захирамж илт хууль бус болох талаар дүгнэлт хийсэн тул хариуцагчийн “... нийслэлийн Засаг дарга Засгийн газрын эрх олгосноор хүчин төгөлдөр үйлчилж буй тогтоолыг хэрэгжүүлэх талаар захирамж гаргах эрхгүй гэж /шүүх/ дүгнэлээ” гэх,  нэхэмжлэгч А.Энхтөрөөс Замын хөдөлгөөний удирдлагын төвд төлсөн 70000 төгрөгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул “... төлбөр хураамж авах талаар тушаал гаргасан ... /тус/ төвийн даргын тушаалд дүгнэлт хийгээгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдол тус тус үндэслэлгүй байна.

Эдгээр үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 295 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                       Д.МӨНХТУЯА