Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 829

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                    

 

                                                                                                                                                                                                                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 Д.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүгдэгч Д.С-, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв, 

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 395 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.С-, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.С-д холбогдох 201726020819 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.С, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, ХХ настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн хх дүгээр хороо, Тоосгоны хх дүгээр гудамжны ххх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

            Д.С- нь 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр М.М-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн хх дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших хх дүгээр байрны хх тоотын х өрөө орон сууцыг давхар түрээсэлж, А.Б-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 13,000,000 төгрөгийг авсан залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Д.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.С-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.С-г 1 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.С-гийн эдлэх 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.С- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.С-гаас 7,000,000 төгрөг гаргуулж хохирогч А.Б-т олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний эдлэх ялыг тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хохирол төлбөр болох 13,000,000 төгрөгнөөс мөрдөн байцаалтын явцад 5,000,000 төгрөг, шүүхийн шатанд 1,000,000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 7,000,000 төгрөгийг давж заалдах шатны шүүх хурлаас өмнө төлж барагдуулна. “хх” ХХК-д няравын ажил эрхэлдэг, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогч Б-аас чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ялаар буюу торгуулийн ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Д.С-гийн өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Д.С-д холбогдох эрүүгийн хэргийн шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Учир нь Д.С-д холбогдох хэрэг нь гэмт хэргийн ангиллаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Иймд Д.С-д  оногдуулсан 1 жилийн хорих  ялыг торгуулийн ялын доод хэмжээгээр өөрчилж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Д.С-гийн өмгөөлөгч Б.Ганпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.С- болон өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Д.С- гэм буруугаа хүлээсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Эрүүгйн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээд Д.С-д оногдуулсан хорих ялыг өөрчилж, торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр сольж өгнө үү...” гэв.

 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Д.С-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Д.С- нь 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Д.Тунгалагтай  “М.Мянганбаярын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 44/1 дүгээр байрны 32 тоотын 2 өрөө орон сууцыг 3 сарын түрээсийн мөнгийг нь өгөөд түрээслэх”-ээр түрээсийн гэрээ байгуулан 3 сарын төлбөрийг нь өгөөд, маргааш нь буюу 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр иргэн А.Батбаярын “Зар мэдээ” интернет хуудсанд бичсэн “10-13 сая төгрөг зээлүүлж хүүнд нь байр түрээсэлж сууна” гэсэн зарынх нь дагуу холбогдож, өөрийн түрээслэсэн тус байрыг “...манай дүүгийн байр, 8 хувийн зээлтэй байгаа тул үл хөдлөхийн гэрчилгээ нь банкинд байгаа, 13,000,000 төгрөг зээлүүлснийхээ хүүнд 1 жил үнэгүй суу...” гэж хүний байрыг өөрийн байр мэт төөрөгдөлд оруулан хуурч, А.Батбаярын 13,000,000 төгрөгийг залилан авсан болох нь:

 

хохирогч А.Б-ын “...Би 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр “Зар мэдээ” интернет хуудсанд “10-13 сая төгрөг зээлүүлж хүүнд нь байр түрээсэлж сууна” гэсэн зар тавьсан. 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 99658091 дугаарын утаснаас нэг эмэгтэй над руу залгаад “13 сая төгрөг зээлээд хүүнд нь Американ дэнж хотхонд 2 өрөө байранд суулгана” гэхээр нь би тэр эмэгтэйтэй уулзаж байрыг нь үзэхээр болсон. ...охин Жавзмаагийн хамт Американ дэнж хотхоны 44/1-32 тоотод очоод уулзахад 45 орчим насны эмэгтэй өөрийгөө Саран гэж танилцуулсан. ...би байрны гэрчилгээг харъя гэтэл Саран “манай дүү байраа 8 хувийн зээлээр авсан учраас байрны гэрчилгээ банкинд байдаг юм” гэсэн. ...Саранд урьдчилгаа болгож 1,800,000 төгрөг өгөөд маргааш нь үлдэгдэл мөнгийг шилжүүлээд гэрээ хийхээр болсон. Би маргааш нь 3, 4 дүгээр хорооллын эцэст байрлах Хаан банкны салбараар Сарангийн 5113105591 тоот данс руу 11,200,000 төгрөгийг шилжүүлээд тэр өдрөө Саран бид хоёр 1 жилийн хугацаатай 13 сая төгрөгийг зээлүүлэх зээлийн гэрээ байгуулсан юм. Гэрээ байгуулсны дараа би эхнэр, 2 хүүхдийнхээ хамт Американ дэнж хотхоны 44/1-32 тоотод нүүж орсон. Нүүж орсноос хойш 2 сарын дараа уг байрны мөнгөө төлөх гээд банк руу очтол уг тоот нь урд саруудын мөнгийг өгөөгүй гээд байрны мөнгийг тушааж болохгүй болохоор нь би байрныхаа СӨХ дээр очоод хариуцсан хүнтэй нь уулзахад “танай байрны эзэн нь энэ дэлгүүрийг ажиллуулдаг юм гэхээр нь дэлгүүрт ороод хүнтэй нь уулзахад “энэ манай эгчийн хүүхэд Мянганбаяр гэдэг хүний байр байгаа юм, чи Сарангийн дүү нь юм уу” гэхээр нь үгүй Саран надаас 13 сая төгрөг зээлээд хүүнд нь би сууж байгаа юм гэсэн. Сарангийн түрээсэлсэн 2 сарын хугацаа дуусаад байрны эзэн нь бид нарыг байрнаасаа хөөсөн...” /хх-ийн 6-7 тал/,

 

гэрч Б.Ж-ийн “...аав бид хоёр байрыг үзээд аав бэлэн 1,800,000 төгрөгийг тэр эгчид тоолж өгөөд бид хоёр харьсан. ...уг байранд нүүж орсны дараа уг байрны жинхэнэ эзэн гарч ирээд түрээсийн мөнгө өг өгөхгүй бол байраа сулла гэсэн...” /хх-ийн 8 тал/,

 

гэрч Д.Т-гийн “...Би 2016 оны 11 дүгээр сард танил эгч Д.Мягмарсүрэнгийн хүү Мянганбаярын нэр дээр байдаг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 44/1-32 тоот байрыг бусдад хөлслүүлэхээр “үнэгүй зар” цахим хуудсанд зар тавьсан юм. Тэгээд 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 40 орчим насны намхан нуруутай хоёр эмэгтэй хүрч ирээд түрээслүүлэх гэж байгаа байрыг маань үзье гэхээр нь би байраа үзүүлэхэд тэр эмэгтэй манай байрыг түрээслэе, мөнгийг нь одоо бэлэн өгье гэсэн. Тэр эмэгтэй өөрийгөө Саран гэж танилцуулсан. ...тэр эмэгтэй танай байранд дүү нараа суулгах гэсэн юм өөрөө гадагшаа явах гэж байгаа яаралтай гэрээ хийе гээд 1 жилийн хугацаатай сарын 700,000 төгрөгөөр тохиролцоод эхний 3 сарын мөнгийг надад 700,000 төгрөг бэлнээр нь өгсөн. 1,400,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн, маргааш нь Саран манай ажил дээр хүрч ирээд өөрөө бичгийн цаасан дээр түрээсийн гэрээ гэж бичүүлээд надаар гарын үсэг зуруулаад явсан. ...Тэгээд 2 сард би тэр залууг түрээсийн мөнгөө хэзээ төлөх вэ гэтэл тэр залуу би түрээсийн мөнгө өгчихсөн гэсэн. Тэгтэл Саран тэр залууд манай байрыг түрээслээд 13 сая төгрөгийг авчихсан байсан. Сарангийн гэрээ байгуулсан хугацаа дуусаад тэр залуу манай байрнаас гарсан...” /хх-ийн 9-10 тал/ гэх мэдүүлгүүд,

 

Ү-2204020383 дугаартай үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 11 тал/, Д.Тунгалагийн 5001214427 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 12-13 тал/, Д.Тунгалаг, Д.С- нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ /хх-ийн 14 тал/, А.Б, Д.С- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /хх-ийн 18 тал/,

Д.Б-аас Д.С-д 11,200,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 19 тал,

 

А.Б-ын 5542083745 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 20 тал/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Д.С-гийн “...иргэн М.Мянганбаярын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 44/1 дүгээр байрны 32 тоотын 2 өрөө орон сууцыг өөрийн түрээслэх эрхтэй байр мэтээр иргэн А.Батбаярт итгүүлэн, түүнийг төөрөгдөлд оруулж, түүний 13,000,000 төгрөгийг авсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ...өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан... гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Анхан шатны шүүх хэргийн талаар хийсэн үндэслэлтэй дүгнэлт хийсэн, хэргийг зөв зүйлчилсэн, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүх Д.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “...торгох, ...нийтэд тустай ажил хийлгэх, ... эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн ялын төрлөөс хорих ялыг сонгон оногдуулсан нь, оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын хугацаа нь тус тус Д.С-гийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцэж байна гэж давж заалдах шатны шүүх үзээд шүүгдэгч Д.С-, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан “...хорихоос өөр төрлийн ял буюу торгуулийн ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэх давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 395 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.С-, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Д.С- нь хохирогч А.Батбаярт 7,000,000 төгрөгийг төлсөн “шийтгэх тогтоолд дурдсан” болохыг дурдсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ