Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 830

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                    

                                                                                                                                                                                                                                   

                                                             

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

Ж.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Нямсүрэн,

хохирогч Ш.Л,

шүүгдэгч Ж.Т-, 

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 399 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ш.Л-ийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.Т-д холбогдох 201725031259 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ж.Т, 19хх оны хх дүгээр сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн хх дугаар хороо, Сурагчийн хх дугаар гудамжны хх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

            Ж.Т- нь 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 57 дугаар гудамжинд зээлсэн мөнгө өгсөнгүй гэж маргалдан Ш.Л-ийн нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Ж.Т-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Т-ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Т- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ш.Л давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 50-666 тоотод оршин суудаг Д.Түвшинжаргал нь зээлсэн мөнгөө өгсөнгүй гэх шалтгаанаар нүүрэн тус газар гараараа цохиж миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Уг өргөдлөө Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл гарган шалгуулсан. Байцаагч дээр шалгагдаж байгаад ямар нэгэн шийдвэр гаргахгүй байсаар олон байцаагч солигдсон хохирол гомдлоо авч чадаагүй байхад шүүхээс өргөдөл хаагдсан байсан. Д.Т нь тухайн үед миний хохирлыг барагдуулж шүд хийлгэж өгнө гэж хэлээд одоог хүртэл хохирол барагдуулаагүй, байцаагч нь энэ талаар ямар нэгэн шийдвэр хэлээгүй намайг дуудаж уулзаагүй болно. Миний хохирлыг барагдуулж өгнө үү гэж өргөдөл гаргасан боловч ямар ч асуудал шийдээгүй байж өргөдөл материал хаагдсан тул хүсэлтийг дахин шалгаж өгнө үү. Миний бие Д.Т- шүдээ хийлгүүлж хохирлоо барагдуулмаар байгаа тул цаашид дахин шалгуулмаар байна. Д.Т нь өргөдөл өгсөн өдрөөс хойш ямар ч холбоогүй алга болсон учраас гомдолтой байна. Мөн шүүх хурал болсон талаар ямар ч мэдээлэл өгөөгүй болно...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын шатанд тохиролцсон бол хохирол, төлбөрөө дараа нь төлж болно гэсэн. Ш.Лхамдарьтай тохиролцсон...” гэв.

 

Прокурор Д.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Хохирогч эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх нь нээлттэй байгаа. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Ж.Т-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэрэгт авагдсан хохирогч Ш.Л-ийн “...Т бид харилцан тохиролцож миний нэг хугарсан шүдийг эмчлүүлэхээр болсон байгаа.” /хх-ийн 19 тал/ гэх мэдүүлэг, “...Л миний бие Т-тай тохиролцож эмнэлэг явж шүд янзлуулахаар болсон...” /хх-ийн 45 тал/ гэсэн баримтаас дүгнэхэд хохирогч Ш.Л-ийн хохирол бүрэн төлөгдсөн эсэх нь эргэлзээтэй байсан байхад шүүх шийтгэх тогтоолоороо  Ж.Т-ыг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Хэрэгт бэхжүүлэгдсэн баримтуудаас хохирогчийн хохирол төлөгдсөн эсэх нь эргэлзээтэй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох” гэсэн хохирогчийн эрхийг хангаж шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй /хх-ийн 61 тал/, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгч, хохирогч өмгөөлөгч, прокурорыг байлцуулан хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж заасныг зөрчиж хохирогч Ш.Л-ийг шүүх хуралдаанд оролцуулаагүй хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болж байна.

 

Түүнчлэн, прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад “...Шүүх хуралдаанд мэдүүлэг авахаар хохирогч Ш.Л-ийг оролцуулах саналтай...” /хх-ийн 57 тал/ гэсэн байхад шүүх яллагдагч Ж.Т-ыг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хохирогч Ш.Л-ийг шүүх хуралдаанд оролцуулах талаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэртээ тусгаагүй /хх-ийн 58 тал/, хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах прокурорын хүсэлтийг шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхдээ хянан шийдвэрлээгүй /хх-ийн 64-66 тал/ байгааг анхан шатны шүүхэд анхааруулан тэмдэглэж байна.

 

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хохирогч Ш.Лхамдарийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 399 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Т-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 399 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Т-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Ж.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                   Д.ОЧМАНДАХ