Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
Хэргийн индекс | 123/2018/0004/з |
Дугаар | 0006 |
Огноо | 2018-03-20 |
Маргааны төрөл | Татвар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 0006
2018 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 123/ШШ2018/0006 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зөрчил хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Гомдол гаргагч: Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяа,
Хариуцагч: Төв аймгийн Татварын газрын улсын ахлах байцаагч Н.Нарантуяа, Г.Хатанбаатар нарт холбогдох
Гомдлын шаардлага: “Төв аймгийн Татварын хэлтсийн улсын ахлах байцаагч Н.Нарантуяа, Г.Хатанбаатар нарын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1402201710 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлт бүхий гомдлыг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяа, хариуцагч Төв аймгийн Татварын хэлтсийн хяналт, шалгалтын байцаагч Н.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяа шүүхэд ирүүлсэн дүгнэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяа би, тус аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Н.Нарантуяа нь "Төв цогт өлзий" ХХК нь татвар ногдуулах орлого бууруулсан" гэх зөрчлийн шинжтэй үйлдэлд 2017 оны 01 сарын 10-ны өдөр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар татвар ногдуулж төлөөгүй 7.443.818 төгрөгийн нөхөн татвар 2.195.738 төгрөгийн торгууль, 1.179.112 төгрөгийн хүү, нийт 10.818.032 төгрөгийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн материалыг хяналаа. Тус аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Н.Нарантуяа нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг журамлан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 1834000011 дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгаж 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар "Төв цогт өлзий" ХХК-ны захирал Т.Баярсайханд 7.443.818 төгрөгийн нөхөн татвар, 2.195.738 төгрөгийн торгууль, 1.179.112 төгрөгийн хүү, нийт 10.818.032 төгрөгийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Т.Баярсайханы "НӨАТ-ын тайлан гарах үед "ДХД" ХХК-аас авсан падаан шивэгдэн орж 2 талдаа хүлээн авсан болохоор хуурамч гэж мэдээгүй. Цагдаагийн газар шалгалтаар хуурамч гэж нотлогдсон бол тухайн компаниар учирсан хохирлыг төлүүлмээр байна" гэх мэдүүлэг. Цагдаагийн еренхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 10д/5595 дугаартай албан бичиг зэргээр "ДХД" ХХК нь аж ахуйн нэгжид НӨАТ-ын хуурамч падаан бичиж өгөн татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь тогтоогдсон ба "Төв цогт өлзий" ХХК нь дээрх падааныг хуурамч гэдгийг мэдэх боломжгүй байсан нь шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Өмнө нь 2016 онд Татварын хэлтсээс “Төв цогт өлзийт” ХХК-нд татварын шалгалт хийхэд энэ зөрчил илрээгүй байдаг. Иймд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэлтэй байх тул Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан улсын байцаагч Н.Нарантуяагийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1402201710 дугаарын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн гэжээ.
Хариуцагч Н.Нарантуяа, Г.Хатанбаатар нар шүүхэд гаргасан тайлбарт, Н.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын Ерөнхий Газрын 2017 оны 11-р сарын 01-ний өдрийн 07/3069 тоот албан бичгийн дагуу 2017 оны 11-р сарын 08-ны өдрийн 14171100104 дугаартай томилолт үүсэж хяналт шалгалтын улсын байцаагч Н.Нарантуяа, Г.Хатанбаатар нар “Төв цогт-Өлзийт” ХХК-ны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан, тэнцэл, татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, гэрээ, хөндлөнгийн мэдээллийн сан зэрэг баримт материалд үндэслэн хяналт шалгалт хийсэн. Тус албан бичигт 5240816 регистрийн дугаартай "ДХД" ХХК-ийн 2016 оны 02-р сарын 29-ны өдрийн 21488203 дугаартай 28,750,000.00 төгрөг, 2016 оны 08-р сарын 31 -ны өдрийн 453286990 дугаартай 53,125.000.00 төгрөгийн үнийн дүнтэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь хий бичилттэй буюу хуурамч гэдэг тогтоогдсон учир хяналт шалгалтанд хамруулна уу гэсэн байсан. ТЕГ-аас хий бичилттэй эсэхийг тодруулахад "ДХД" ХХК нь 2017 оны 05-р сард татварын хяналт шалгалтанд хамрагдаж Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын татварын улсын байцаагчид нь дүгнэлт бичиж цагдаад шилжүүлсэн байдаг. "Төвцогт-Өлзийт" ХХК-д шалгалт явуулахад тухайн НӨАТ-ын падаан нь 2016 оны 02-р cap. 08-р сард бичигдэж цахимд шивэгдэн НӨАТ-ын тайланд тусгагдан хасалт хийсэн байсан. Анхан шатны баримтын иж бүрдлийг үзэхэд кассын тайланд тусгасан эсэх нь тодорхойгүй.
2016 оны 02 сарын 02-нд 10,152,000.00 төгрөг, 2016 оны 02 сарын 23-нд 18,600,000.00 төгрөгийн зарлагын баримт, кассын орлогын баримт байсан .Энэ нь 28,752,000.00 төгрөг болж падааны үнийн дүнгээс зөрүүтэй байсан, кассын орлого дээр гарын үсэг байхгүй. Мөн 18,600,000.00 төгрөгийн зарлагын падаан нь 2015 оны 10-р сард авсан падаан байсан. 2015 оны "ДХД" ХХК-ийн борлуулалтын падааныг үзэхэд 2015 оны 11-р сард худалдан авалт хийсэн байсан.
2016 оны 08 сарын 14-нд 26,505,000.00 төгрөг, 2016 оны 06 сарын 11-нд 26,620,000.00 төгрөгийн зарлагын баримт, кассын орлогын баримт байсан. 2016 оны 06-р сарын падааныг тэр дор нь тооцоо хийхгүй 08-р сард оруулсан байсан. Үүнээс дүгнэхэд төлбөр тооцоог бэлэн мөнгөөр хийсэн гэх боловч анхан шатны баримтын иж бүрдэлт шаардлага хангахгүй байсан. Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн "З.анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог" гэж заасан байдаг. 2016 онд “Төв цогт өлзийт” ХХК-нд татварын шалгалт хийсэн, би шалгаагүй. Миний хувьд зөрчлийг нь шалгаад захиралд нь хэлэхэд эхний ярилцлаган дээр татвараа төлнө, гэхдээ хүү, алдангийг төлөх боломжгүй гэж хэлж байсан. Программаар хоёр талдаа шивэгдсэн байхад байцаагч мэдэх боломжгүй гэхдээ тус падааныг хуурамч гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдэгдсэн байдаг. Би “Төв цогт өлзийт ХХК-ийг мөнгөө төлсөн гэж итгэхгүй байгаа. Ийм хуурамч падааныг 1 000 000 төгрөгөөр худалдаж авдаг. Тийм байгууллагуудын нэг нь байх гэж бодож байгаа. Надад санхүүгийн баримтаа өгөөгүй нь үүнтэй холбоотой. Төлсөн баримт нь зөрүүтэй, илүү төлөлт хийсэн байдаг. Санхүүгийн баримтаа өг гэж шаардахад нягтлан бодогч нь манай байгууллагын материал вагончигт байгаа, авахад маш хэцүү гэж хэлж байсан. Журналыг нь үзээд яг энэ бараа материалыг худалдаж авсан байна уу гэдгийг шалгаж үзэх ёстой байсан. Бараа материалыг худалдаж авсан талаарх баримтаа надад өгөөгүй. Иймээс худалдан авалт хийсэн талаар тогтоож чадаагүй. Томилолтын хугацаа дууссан учраас анхан шатны баримтаар нь дүгнээд шийтгэл ногдуулсан. Иймд “Төвцогт-Өлзийт” ХХК-д ногдуулсан татварын улсын байцаагчийн 74,431,818.00 төгрөгийн зөрчилд оногдуулсан 10,818.032.00 төгрөгийн төлбөрийн дүнтэй 2018 оны 01-р сарын 10-ны өдрийн 1402201710 тоот шийтгэлийн хуудсыг хүчин төгөлдөр гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх гомдол гаргагч, хариуцагч нараас шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зөрчлийн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт зэргийг үнэлж, дүгнээд дараах үндэслэлээр “Төв аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1402201710 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлт бүхий Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Үүрийнтуяагийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Татварын ерөнхий газраас 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 07/3069 тоот албан бичгээр “Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 10д/5595 дугаар албан бичгийн дагуу хавсралтад дурьдсан аж ахуй нэгжүүдийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг шуурхай хийж, үр дүнг манай газарт болон Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн цагдаагийн албанд хүргүүлэх”-ийг Төв аймгийн Татварын хэлтэст мэдэгдсэн, мөн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газраас 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10д/5595 тоот албан бичгээр “5240816 регистрийн дугаартай “ДХД” ХХК нь бусад аж ахуйн нэгжид бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр НӨАТ-ын падаан хуурамчаар бичиж татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон ... хохирлын хэмжээгээр гэмт хэргийн шинжийг агуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд татварын хяналт шалгалт хийж дүгнэлт гаргуулан ирүүлэх, хохирлын хэмжээнд хүрэхгүй худалдан авалт хийсэн аж ахуй нэгжүүдэд холбогдох асуудлыг дотооддоо шийдвэрлэж хариу ирүүлэх”-ийг Татварын ерөнхий газарт мэдэгдэж, “Төвцогт-Өлзийт” ХХК-ийн “ДХД”-иас худалдан авалт хийсэн, хий бичилттэй падаан гэх жагсаалт бүхий хавсралтийг хүргүүлсэн байна.
Дээрх албан бичгүүдийн дагуу Төв аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Н.Нарантуяа, Г.Хатанбаатар нар “Төвцогт-Өлзий” ХХК-ийн 2016 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 3 хоногийн хугацаанд хяналт шалгалт хийж, 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1402201710 дугаартай шийтгэлийн хуудсаар “2016 онд нэмэгдсэн өртгийн албан татвар, ногдуулалт, төлөлтийн тайланд “ДХД” ХХК-ийн 74,431,818,00 төгрөгийн хуурамч хий бичилттэй нэмэгдсэн өртгийн падааныг тусган хасч татвар ногдуулах орлого бууруулсан зөрчил гаргасан” гэх үндэслэлээр “Төвцогт-Өлзийт” ХХК-д Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэгт заасныг үндэслэн 7,443,182.00 төгрөгийн нөхөн татвар, 2,195,738.00 төгрөгийн торгууль, 1,179,112.00 төгрөгийн алданги, нийт 10,818,032 төгрөгийн шийтгэл оногдуулсан.
Тус 1402201710 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Төв аймгийн Прокурорын газраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д заасныг удирдлага болгон “Төвцогт-Өлзий” ХХК нь нэмэгдсэн өртгийн падааныг хуурамч гэдгийг мэдэх боломжгүй байсан тул шийтгэл оногдуулах үндэслэлгүй” гэх үндэслэлээр дүгнэлт бүхий гомдол бичиж шүүхэд ирүүлжээ.
Зөрчлийн хэрэгт “Төвцогт-Өлзий” ХХК нь “ДХД” ХХК-иас 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 10,152,000.00 төгрөгийн, 02 дугаар сарын 23-ны өдөр 18,600,000.00 төгрөгийн, 06 дугаар сарын 11-ний өдөр 26,620,000.00 төгрөгийн, 08 дугаар сарын 14-ний өдөр 26,505,000.00 төгрөгийн бараа тус тус худалдан авсан зарлагын баримт, кассын орлогын баримт, мөн төлбөр төлсөн баримт, “Төвцогт-Өлзийт” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн тайлан, “ДХД” ХХК-ийн 2016 оны борлуулалтын жагсаалт /зөрчилтэй гэх 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 21488203 дугаартай 28,750,000 төгрөгийн падаан, 8 дугаар сарын 31-ний өдрийн 453286990 дугаартай 53,125,000 төгрөгийн падааныг харуулсан жагсаалт/ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
Хариуцагч нь “ДХД” ХХК-ийн “Төвцогт” ХХК-д борлуулалт хийсэн 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 21488203 дугаартай 28,750,000 төгрөгийн, 8 дугаар сарын 31-ний өдрийн 453286990 дугаартай 53,125,000 төгрөгийн үнийн дүнтэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь /нийт 74,431,818,00 төгрөгийн/ хуурамч хий бичилттэй байсан гэж тайлбарласан, харин прокуророос эдгээр падаануудыг хуурамч байсан гэдгийг “Төвцогт-Өлзийт” ХХК мэдэх боломжгүй байсан гэж маргаж байна.
Харин зөрчлийн хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10д/5595 дугаартай албан бичигт “ДХД ХХК нь бусад аж ахуй нэгжид бараа борлуулсан мэтээр НӨАТ-ын падаан хуурамчаар бичиж татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон..” гэж,
-Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 94 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолд “ДХД ХХК нь 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 11,713,138,869.90 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжүүдтэй бизнесийн ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, бараа ажил үйлчилгээ худалдан борлуулаагүй, төлбөр аваагүй атлаа нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр тусгаж, нэмэгдсэн өртгийн татвараас зайлсхийх боломж олгож, 22,225,473,628.5 төгрөгийн татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн...” гэж тус тус бичсэнээс үзвэл “Төвцогт-Өлзийт” ХХК нь “ДХД” ХХК-иас 2016 оны 02 дугаар сарын 02, 02 дугаар сарын 23, 06 дугаар сарын 11, 08 дугаар сарын 14-ний өдрүүдэд бараа худалдан аваагүй бөгөөд тус компаний хий бичилттэй падааныг НӨАТ-ын тайландаа тусгаж, татвар ногдох орлогоо бууруулсан гэж үзэхээр байна.
Гэтэл татварын хяналт шалгалтын улсын байцаагч нарыг зөрчил шалгах ажиллагааны явцад “Төвцогт-Өлзий” ХХК-ийн захирал Т.Баярсайхан нь “2016 онд “ДХД” ХХК-иас бараа материал авсан нь үнэн, НӨАТ-ын тайлангаа шивэхээр 2 тал 2-уулаа тайланд шивэгдэж байсан. Зарлагын падаан, НӨАТ-ын е-баримт, мөнгө төлсөн баримтуудыг үндэслэн хуулийн дагуу худалдан авалтын дүнгээс хасч тооцсон” гэсэн мэдүүлэг өгсөн. Мөн гомдол гаргагч, хариуцагч нараас шүүх хуралдаанд “2016 онд “Төв цогт өлзийт” ХХК-нд татварын хяналт, шалгалт хийхэд ийм зөрчил илрээгүй” гэсэн тайлбар гаргаж байжээ.
Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд зөрчил гаргагч “Төвцогт-Өлзийт” ХХК нь “ДХД” ХХК-иас 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 10,152,000.00 төгрөгийн, 02 дугаар сарын 23-ны өдөр 18,600,000.00 төгрөгийн, 06 дугаар сарын 11-ний өдөр 26,620,000.00 төгрөгийн, 08 дугаар сарын 14-ний өдөр 26,505,000.00 төгрөгийн бараа тус тус худалдан авсан эсэх, мөн “Төвцогт-Өлзийт” ХХК нь “ДХД ХХК-иас бараа худалдан аваагүй байж тус компаний хий бичилттэй падааныг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн тайландаа тусган хасч, татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчил гаргасан эсэх нь тодорхойгүй байна.
Зөрчлийн хэрэгт “Төвцогт-Өлзийт” ХХК нь “ДХД” ХХК-иас бараа худалдан авсан эсэхийг нотлох баримтууд авагдаагүй, татварын хяналт, шалгалтын улсын байцаагч Н.Нарантуяа, Г.Хатанбаатар нар зөрчилтэй холбогдох санхүүгийн анхан шатны нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлээгүй байгаагаас гадна хариуцагч Н.Нарантуяа шүүх хуралдаанд “Төвцогт-Өлзийт” ХХК-ийг санхүүгийн анхан шатны баримтуудаа гаргаж өгөхийг шаардахад нягтлан бодогч нь материал вагончигт байгаа гэж хэлээд гаргаж өгөөгүй, санхүүгийн баримтууд, журналыг нь үзсэн бол бараа материал худалдан авсан эсэхийг нь шалгаж тогтоох боломжтой байсан” хэмээн тайлбарласан зэргээс дүгнэхэд зөрчлийг шалгасан эрх бүхий албан тушаалтнууд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах” бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ”, 4.4 дүгээр зүйлийн 2-д “эрх бүхий албан тушаалтан ...мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авч болно”, 4.5 дугаар зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалган тогтоох зорилгоор зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого, эд зүйл...эсхүл зөрчил шалгах ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл, баримт бичгийг хураан авна” гэж тус тус заасан журмаар зөрчил шалгах ажиллагааг явуулаагүй байна.
Ийнхүү татварын хяналт, шалгалтын байцаагч нар зөрчил шалгах ажиллагааны журмыг зөрчин “Төвцогт-Өлзийт” ХХК “татвар ногдуулах орлогоо бууруулсан” зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоолгүйгээр шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д “эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа ...хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх нөхцөл байдлыг тогтоосон байна”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.2.5-д “захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх, ...бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчим баримтална”, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 1.4 дүгээр зүйлийн 3-д “зөрчилд тооцох, ...хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, ...хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж тус тус заасантай нийцээгүй, тодруулбал эрх бүхий албан тушаалтан “Төвцогт-Өлзийт” ХХК-ийн зөрчил үйлдсэн нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй байх учир шүүхээс зөрчилд холбогдогчийн үйлдлийг зөрчилд тооцох боломжгүй байна. Иймд Төв аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт, шалгалтын байцаагч Н.Нарантуяа, Г.Хатанбаатар нарын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1402201710 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяагийн дүгнэлт бүхий гомдлыг хангаж, Төв аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын байцаагчийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 140 дугаартай шийтгэх хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-41.4-т зааснаар гомдол гаргагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Хэргийн оролцогчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН