Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00927

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 21 дүгээр шийдвэр,

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар магадлалтай,                 

            “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Ш.Б-д холбогдох

            Гэм хорын хохиролд 10,180,039 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Оюун, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

           Нэхэмжлэгч “А” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Ш.Б- нь “А” ХХК-тай 2013 оны 11 сарын 13-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар Нордын хэлтэст Хүнд даацын автомашины жолоочийн албан тушаалд ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Ш.Б- нь 2014 оны 5 сард Дундговь аймгийн Гурван Сайхан сумын нутагт “Алтайн хүдэр” ХХК-ийн 31-59 УНМ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ компанийн өмчлөлийн 15-18 УНО улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, 31-59 УНМ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэлд нийт 6,883,273 төгрөгийн хохирол учруулсан. 2014 оны 09 сарын 12-ны өдөр Ш.Б- нь “А” ХХК-д “Ш.Б- миний бие Таян нуураас Их Говь руу явах замд Норд бенз 47 маркийн машиныг эзэмшиж явсан бөгөөд замд тээврийн осолд орж машины кабин бусад эд ангийг гэмтээсэн юм. Иймд би сарын цалингаасаа 800,000 төгрөгийг суутгуулж компанийг хохиролгүй болгох хүсэлтэй байна, нийт хохирлын хэмжээ 6,800,000 төгрөг болсон” гэж бичиг хийж өгсөн. Энэхүү ажилтны гараар бичсэн өргөдлийн дагуу “А” ХХК нь Ш.Б-тай учруулсан хохирлыг барагдуулах тухай Хариуцлагын гэрээг 2014 оны 09 сарын 12-ны өдөр байгуулсан. Уг гэрээгээр 2014 оны 10 сарын 31-ний өдрөөс эхлэн 2015 оны 06 сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд учирсан хохирол болох нийт 6,883,273 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу цалингаасаа суутгуулах замаар төлөхөөр тохирсон. Ш.Б- нь 2014 оны 11 сарын 30-ны өдөр 96,580 төгрөгийг “А” ХХК-д төлж гэрээний үлдэгдэл 6,786,693 төгрөг байна. Талуудын хооронд байгуулагдсан Хариуцлагын гэрээний 6.1-т “Төлбөр төлөгч энэхүү гэрээнд заасан төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож компанид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу гэрээний алдангийг гэрээний үүрэг гүйцэтгээгүй хугацаанаас буюу 2014 оны 10 сарын 31-ний өдрөөс эхлэн гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүн болох 6,786,693 төгрөгөөс хоног тутамд 0.5 хувиар алданги тооцоход нийт 30,472,490 төгрөг болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэлгүй 3,393,346 төгрөгийн алданги, нийт 10,180,039 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “А” ХХК нь “Алтайн хүдэр” ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохиролд 6,654,447 төгрөг, мөн хариуцагч болон нэхэмжлэгчийн хооронд байгуулсан гэрээний дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги 3,393,346 төгрөг, нийт 9,981,670 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дүнг бууруулж байна. Учир нь 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 04/18 тоот “Алтайн хүдэр” ХХК-иас тухайн компанид учирсан 6,654,447 төгрөгийг “А” ХХК-иас 2016 оны жилийн эцсийн тооцоогоос суутгасан гэх албан бичиг ирснийг үндэслэн 6,654,447 төгрөг болон Хариуцлагын гэрээний 6.1-т заасны дагуу алданги 3,393,346 төгрөгийн хамт нэхэмжилж байна. Иймд Ш.Б-гаас 9,981,670 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Ш.Б-гийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний бие “Алтайн хүдэр” /А/ компанийн гаргасан гомдолтой таницлаа. Энэ нэхэмжлэл нь Увс аймгийн Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 05 сарын 25-ны өдрийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Дахин гомдол гаргаснаар Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 сарын 07-ны өдрийн магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Дахин Дээд шүүхэд гомдол гаргасны дагуу Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 сарын 26-ны өдрийн тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн. Иймд “Алтайн хүдэр” /А/ компанийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

             Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 21 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т заасныг баримтлан хариуцагч Ш.Б-гаас гэм хорын хохиролд 9,981,670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177,840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар магадлалаар: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Минжмаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 тоот магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтын дагуу дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Магадлалын үндэслэх хэсэгт “Талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан хариуцлагын 22/14 дугаартай гэрээ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх заалтуудад тус тус нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, Ш.Б- зам тээврийн осол гаргасныг холбогдох хууль тогтоомжид зааснаар, эрх бүхий этгээдээс шинжээч томилж, Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр зөрчил гаргасан, гэм буруутай эсэхийг тогтоож дүгнэлт гаргаагүй байна. Түүнчлэн Иргэний хуульд зааснаар зөрчлийн улмаас хүлээх үүргийн талаар талууд харилцан тохиролцсон нь хуульд нийцээгүй учраас уг гэрээг биелүүлэхээс татгалзсан, нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн үйлдлийг хэрэгт авагдсан баримт, хуульд зааснаар үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ. Ш.Б- нь ажил олгогч “А” ХХК-д хандаж ослын улмаас учирсан хохирол 6,8 сая төгрөгийг сарын цалингаасаа суутгуулж компанийг хохиролгүй болгох агуулга бүхий хүсэлтийг 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан. Энэ нь Иргэний хуулийн 195.1-д заасан гэрээ байгуулах саналыг хариуцагч Ш.Б- гаргасныг нотлоно. Энэхүү хүсэлтийн дагуу “А” ХХК нь хүлээн аваад талууд хохирол 6,883,273 төгрөгийг графикийн дагуу төлж барагдуулахаар тохиролцож “Хариуцлагын гэрээ” байгуулж, улмаар Ш.Б- нь графикийн дагуу эхний төлөлтөө 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 96,850 төгрөгийг төлсөн байдаг.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 болон 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан гэм буруугийн асуудал нь заавал цагдаагийн байгууллага, шүүхээр эцэслэн тогтоогдсон байхыг шаардахгүй бөгөөд тухайн гэм хор учруулсан этгээд нь өөрөө өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн явдал нь бусдад гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл болно гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Ш.Б- нь тээврийн хэрэгсэл хоорондын зайг мөрдөөгүй, хүнд даацын тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэхтэй холбоотой компанийн дотоод журам (XX 1 хавтас, хуудас 777)-ыг мөрдөж ажиллаагүй, өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас урдаа явсан тээврийн хэрэгслийг мөргөж осол гаргаснаа хүлээн зөвшөөрч, уг ослын улмаас “Алтайн Хүдэр” ХХК-д учруулсан хохирлыг тодорхой хуваарь гарган төлж барагдуулах хүсэлт (XX 1 хавтас, хуудас 9)-ээ ирүүлсэн байдаг. Энэ ч утгаараа компани өөрийн ажилтанд холбогдуулан хэрэг үүсгэж, асуудлыг цагдаагийн байгууллагаар эцэслэн шийдвэрлүүлэхийг зорилгүй түүний хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээ байгуулах саналыг хүлээн авч хариуцлагын гэрээ байгуулсан бөгөөд цагдаагийн байгууллага түүний гэм бурууг тогтоогоогүй нь өөрийн болгоомжгүй, хариуцлагагүй үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг арилгах үүрэг, аливаа хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Түүнчлэн тухайн осол гарсан газар нь аймгийн төвөөс 90 гаруй км-ын зайтай бөгөөд тухайн үед ослын газарт хамгийн ойр байсан цагдаагийн хэсгийн төлөөлөгч Х.Амарзаяа хэргийн газарт үзлэг хийн, тэмдэглэл хөтлөж, ослын нөхцөл байдлыг фото зургаар баримтжуулсан байдаг. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “А” ХХК нь холбогдох баримтыг шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулах хүсэлт тавьсан боловч шүүгч хүсэлтийг хангалгүй, хариуцагчийн гэм буруутай эсэх үйл баримт “Алтайн Хүдэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ш.Б-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцсэн сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 05 сарын 25-ны өдрийн 310 тоот шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэж үзэж 2017 оны 5 сард 1169 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан.

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн өмчлөгч болох “Алтайн Хүдэр” ХХК-ийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нөхөн төлсөн тухай баримт, техникийн хувьд бүрэн бүтэн тээврийн хэрэгсэл хүлээн авсан тухай Ш.Б-гийн гарын үсэг бүхий техник хүлээлцсэн акт (XX 1 хавтас, хуудас 98) болон хэрэгт ач холбогдол бүхий бусад үйл баримтуудыг анхан болон Давж заалдах шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй. Иймд Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

           Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

       Нэхэмжлэгч “А” ХХК Ш.Б-д холбогдуулан байгууллагад гэм хорын хохирол учруулсан гэж 6,883,273.00 төгрөг, алданги 3,383,346.50 төгрөг, нийт 9,981,670.50 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ш.Б- эс зөвшөөрч, энэ нэхэмжлэл нь иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн, дахиж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ.

         2014 оны 09 сарын 12-ны өдөр Ш.Б-тай байгуулсан учруулсан хохирлыг барагдуулах тухай “Хариуцлагын гэрээ”-г нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгосон байна. 

             Хариуцагч Ш.Б-г замын хөдөлгөөний холбогдох хууль тогтоомж, дүрэм зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан болохыг хууль тогтоомжид заасан эрх бүхий этгээд тогтоосон тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хуульд заасан зөрчлийн улмаас хүлээх үүргийн талаар талуудын хийгдсэн дээрх тохиролцоо хуульд нийцээгүй гэж хариуцагч гэрээг биелүүлэхээс татгалзах эрхтэй тухай анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. 40.4-т заасныг зөрчөөгүй байна. 

        Нэхэмжлэгчээс “Алтайн Хүдэр” ХХК-ийн ашиглалтын инженер, ахлах мастер, хуулийн мэргэжилтэн, нягтлан бодогч нарын гаргасан дүгнэлт гэх баримтуудыг шүүхэд ирүүлсэн боловч эдгээр нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн дагуу “авто техникийн ослын акт, дүгнэлт” гаргах эрх бүхий албан тушаалтнууд биш, дүгнэлт гаргах эрх олгогдоогүй болно.

          Түүнчлэн “Алтайн Хүдэр” ХХК-ийн захиалгаар “Хөрөнгө Эстимэйт” ХХК нь 31-59 УНМ улсын дугаартай Норд Бенз ачааны автомашинд учирсан хохирлын үнэлгээг тогтоосон ба үүнийг хариуцагч Ш.Б-г зам тээврийн осолд буруутай болохыг тогтоосон баримт гэж үзэхгүй.

            Хариуцагч Ш.Б-гийн буруутай үйлдлээс 31-59 УНМ улсын дугаартай Норд Бенз ачааны машинд 9,981,670.50 төгрөгийн гэм хор учирсныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан тогтоогоогүй тул тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хариуцлагын гэрээнд зааснаар 6,883,273 төгрөгийн хохирол болон алдангийг “А” ХХК-д төлөх хууль зүйн үндэслэлгүй гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1., Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т нийцсэн байна.         

            Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.                  

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 21 дүгээр шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 174,700 /нэг зуун далан дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                             ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН