Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 21

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч П.Болор, Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, А л ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Увс аймаг, Зүүнговь сум, Ш.Б-д холбогдох,

         Гэм хорын хохиролд 10.180.039,50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Оюун /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав, иргэдийн төлөөлөгч Д.Нарангарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч А Л ХХК-ийн гүйцэтгэх захирал П.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Ш.Б нь А Л ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар Нордын хэлтэст Хүнд даацын автомашины жолоочийн албан тушаалд ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. ... Ш.Б нь 2014 оны 5 дугаар сард Дундговь аймгийн Гурван Сайхан сумын нутагт Алтайн хүдэр ХХК-ийн 31-59 УНМ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ компаний өмчлөлийн 15-18 УНО улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, 31-59 УНМ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэлд нийт 6.883.273 төгрөгийн хохирол учруулсан. 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Ш.Бат-Амгалан нь Алтай ложистик ХХК-д Шөвөө овогтой Бат-Амгалан миний бие Таяннуураас Их Говь руу явах замд Норд бенз 47 маркийн машиныг эзэмшиж явсан бөгөөд замд тээврийн осолд орж машины кабин бусад эд ангийг гэмтээсэн юм. Иймд би сарын цалингаасаа 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг суутгуулж компанийг хохиролгүй болгох хүсэлтэй байна, нийт хохирлын хэмжээ 6.800.000 төгрөг болсон гэж бичиг хийж өгсөн. Энэхүү ажилтны гараар бичсэн өргөдлийн дагуу Алтай ложистик ХХК нь Ш.Б-тай учруулсан хохирлыг барагдуулах тухай Хариуцлагын гэрээ-г 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан. Уг гэрээгээр 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2015 оны 6 дугаар сарын 15-ныөдрийг дуусталх хугацаанд учирсан хохирол болох нийт 6.883.273 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу цалингаасаа суутгуулах замаар төлөхөөр тохирсон. Ш.Б нь 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 96.580 төгрөгийг Алтай ложистик ХХК-д төлж гэрээний үлдэгдэл 6.786.693 төгрөг байна. Талуудын хооронд байгуулагдсан Хариуцлагын гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.1-т Төлбөр төлөгч энэхүү гэрээнд заасан төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож компанид төлөх үүрэгтэй гэж заасны дагуу гэрээний алдангийг гэрээний үүрэг гүйцэтгээгүй хугацаанаас эхлэн буюу 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүн болох 6.786.693 төгрөгөөс хоног тутамд 0.5 хувиар алданги тооцоход нийт 30.472.490.88 төгрөг болно.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэлгүй 3.393.346,50 төгрөгийн алданги, нийт 10.180.039,50 /арван сая нэг зуун наян мянга гучин есэн төгрөг тавин мөнгө/ төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Алтай ложистик ХХК нь Алтайн хүдэр ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохиролд 6.654.447 төгрөг, мөн хариуцагч болон нэхэмжлэгчийн хооронд байгуулсан гэрээний дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги 3.393.346,50 төгрөг, нийт 9.981.670,5 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дүнг бууруулж байна. Учир нь 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 04/18 тоот Алтайн хүдэр ХХК-иас Тухайн компанид учирсан 6.654.447 төгрөгийг Алтай ложистик ХХК-иас 2016 оны жилийн эцсийн тооцоогоос суутгасан гэх албан бичиг ирснийг үндэслэн 6.654.447 төгрөг болон Хариуцлагын гэрээ-ний 6.1-т заасны дагуу алданги 3.393.346 төгрөгийн хамт нэхэмжилж байна. Иймд Ш.Б-аас 9.981.670,5 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

           Хариуцагч Ш.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие Алтайн хүдэр /Алтай ложистик/ компанийн гаргасан гомдолтой таницлаа. Энэ нэхэмжлэл нь Увс аймгийн Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Дахин гомдол гаргаснаар Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Дахин Дээд шүүхэд гомдол гаргасны дагуу Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн юм. Иймд Алтайн хүдэр /Алтай ложистик/ компанийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Иргэдийн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Жолооч Ш.Б анхаарал болгоомжгүй учраас тухайн үед осол гаргасан гэм буруутайд тооцогдсон байна. Иймд Ш.Бат-Амгаланг онц буруутгах шаардлагагүй, гэм буруутай гэж үзэхгүй байна гэжээ.

             Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч А Л ХХК-иас хариуцагч Ш.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 10.180.039,50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан боловч шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа багасган, гэм хорын хохиролд 6.654.447 төгрөг, алданги 3.393.346,50 төгрөг, нийт 9.981.670,5 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

           Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нар Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

           Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд А Л ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.У иргэн Ш.Б1 жилийн хугацаатайгаар, сарын 400.000 төгрөгийн үндсэн цалинтай, Нордын хэлтэст Хүнд даацын авто машины жолоочоор ажиллуулахаар тохиролцож, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ[1] болон Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ[2]-г тус тус байгуулжээ.

           Улмаар Ш.Б-г 2014 оны 5 дугаар сард А Х ХХК-ийн өмчлөлийн 31-59 УНМ улсын дугаартай, Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ зам тээврийн осол гаргаж, нийт 6.883.273 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж, тухайн эд хөрөнгөд учирсан хохирлыг төлүүлэхээр шаардсан байна.

       Түүнчлэн А Л ХХК нь Ш.Б-тай Хариуцлагын гэрээ[3]-г 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан байх ба уг гэрээгээр Алтайн хүдэр ХХК-ийн өмчлөлийн автомашиныг осолдуулж, учруулсан хохирол 6.883.273 төгрөгөөс 633.100 төгрөгийг тухайн үедээ цалингаас нь суутгаж, үлдэх 6.250.173 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд сар бүр цалин болон бусад орлогоосоо төлж барагдуулах үүргийг хариуцагчид хүлээлгэжээ.

        Хэдийгээр, өөрийн эзэмшиж явсан 31-59 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тодорхой хэмжээний хохирол учруулсан хэмээн 6.800.000 төгрөгийг сар бүрийн орлогоосоо төлөхөөр хүлээн зөвшөөрснөө илэрхийлэн хариуцагч Ш.Б хүсэлт[4] гаргасан боловч уг осол нь жолоочийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тухайн осол болсон эсэх, түүнчлэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал алдагдсан байдал нөлөөлсөн эсэх, эсхүл байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн эсэх талаар эрх бүхий байгууллагын албан ёсны дүгнэлт гараагүй, энэхүү ослын шалтгаан нөхцөл, холбогдогч этгээдүүдийн гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байна.

         Хэргийн 1 дүгээр хавтасны 99 дүгээр хуудаст авагдсан Дундговь аймгийн Гурвансайхан сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч Х.А-ийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 21 тоот тодорхойлолтоос үзэхэд 31-59 УНМ улсын дугаартай автомашиныг Ш.Б жолоодож явсан, тоосжилт ихтэй байсны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал байдлаас болж урьд явж байсан автомашиныг мөргөсөн гэсэн агуулга тусгагдсан байгаа бөгөөд тухайн тодорхойлолтыг Зам тээврийн ослын акт гэж үзэх боломжгүй, нөгөө талаар, тухайн цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь хуульд заасан арга хэрэгсэл, журмын дагуу нотлох баримтыг бэхжүүлээгүй байх тул тухайн баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

          Мөн Автотехникийн ослын акт №20140524[5]-аар Жолооч Ш.Б нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Замын хөдөлгөөний дүрмийн 8.11, 9.1, 9.2-т тус тус заасныг зөрчсөний улмаас осол гарсан байна гэсэн дүгнэлт гаргасан байх боловч тухайн дүгнэлтийг ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд буюу Алтайн хүдэр ХХК-ийн Ашиглалтын инженер, Ахлах мастер, Хуулийн мэргэжилтэн нар гаргасан байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзлээ.

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаас үзэхэд бусдын эд хөрөнгөд хохирол учирсан байх, гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тухайн эд хөрөнгөд гэм хор учирсан байх, үйлдэл /эс үйлдэхүй/ болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх, зөрчил үйлдэгч гэм буруутай байх гэсэн нөхцөлүүд бүрдэж, тухайн нөхцөл байдал нь холбогдох нотлох баримтаар тогтоогдсоны үндсэн дээр гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага ногдуулахаар, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан бол эд хөрөнгийн хариуцлага хүлээх-ээр заасан байна.

         Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гэм буруу нотлогдож, тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг, Хариуцлагын гэрээ-ний 2.1, 3.1, 6.1-д заасны дагуу алдангийн хамтаар хариуцагч Ш.Б-аас гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

          Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т заасныг баримтлан хариуцагч Ш.Б-аас гэм хорын хохиролд 9.981.670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Алтай ложистик ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А Л ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177.840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т заасныг баримтлан хариуцагч Ш.Б-аас гэм хорын хохиролд 9.981.670 /есөн сая есөн зуун наян нэгэн мянга зургаан зуун дал/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Алтай ложистик ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Алтай ложистик ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177.840 /нэг зуун далан долоон мянга найман зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                              ДАРГАЛАГЧ,

                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.ГЭРЭЛТУЯА

                                                             ШҮҮГЧИД                         П.БОЛОР

                                                                                                       Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ