Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2021/0025/З |
Дугаар | 221/МА2021/0481 |
Огноо | 2021-09-07 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2021/0481
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Д.Баатархүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Б, магадлагч-татварын улсын байцаагч М.Г, хуулийн хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 407 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугар сарын 08-ны өдрийн 407 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 47 дугаар зүйлийн 47.17-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан “нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаар тогтоолыг хүчингүй болгож, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, алдаатай шийдвэр болжээ.
Учир нь хариуцагч нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т заасан хугацаанд нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй, хэтрүүлсэн гэж зөв дүгнэлт өгсөн атлаа энэ нь маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж ойлгомжгүй дүгнэлтэд хүрчээ.
Хэрэв хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу хууль зөрчсөн бол тухайн акт өөрөө хууль бус юм. Гэтэл анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаатай дүгнэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Э” ХХК-иас нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдуулан “нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаар тогтоолыг хүчингүй болгож, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нийслэлийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Э, Б.М нар “Эх ган” ХХК-ийн 2013-2017 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийж, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 0291422 дугаар шийтгэлийн хуудсаар 10,517,244,302.20 төгрөгийн зөрчилд нийт 1,569,434,195.80 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хандан “гомдол гаргах хугацааг сэргээлгэх” хүсэлт гаргасныг тус маргаан таслах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаар тогтоолоор Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.10, “Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 7.1.3-т заасныг үндэслэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахааргүй байна.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр зохицуулсан.
Гэтэл нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд бий болгосон” захиргааны акт биш, гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтийг шийдвэрлэсэн тогтоол байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй.
Тодруулбал, Захиргааны хэргийн шүүх маргаан таслах зөвлөлийн бүхий л үйл ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх талаар гарсан маргааныг харьяалан шийдвэрлэхгүй бөгөөд Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.18-д “Маргаан таслах зөвлөлийн гаргасан шийдвэрийг зөвхөн шүүхийн шийдвэрээр өөрчилнө” гэсэн зохицуулалт нь мөн зүйлийн 47.10-т “Маргаан таслах зөвлөл нь татварын актаар баталгаажуулсан дүнг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх, түдгэлзүүлж татварын албанд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна” гэж заасны дагуу гарсан шийдвэрт хамаарах юм.
Иймд анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:”, 54.1.1 “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасныг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 80 дугаар тогтоолыг хүчингүй болгож, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 407 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар “Э” ХХК-иас нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан “нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаар тогтоолыг хүчингүй болгож, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхийг даалгах тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг тус тус Төрийн сангаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН