Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 445

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Ч.Мөнх-Эрдэнэ,

Гэрч: Б.М-, Х.Г-,

           Шүүгдэгч: Ц.М-, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат,

Шүүгдэгч: М.Г-, Ц.Ц-, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Оргил,

Шүүгдэгч: Л.Ө-, түүний өмгөөлөгч Н.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.М-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Ц-, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Г-, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Ө-нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902005800287  дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

     1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.М-, 1973 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Математикийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ... тоот регистртэй,

     2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Ц-, 1966 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, Нийслэлийн 28 дугаар дунд сургуульд бага ангийн багш ажилтай, ам бүл 4, эх, зээгийн хамт .... тоот регистртэй,

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Г-, 1993 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, ...1 тоот регистртэй,

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.Ө-, 1984 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, Нийслэлийн 28 дугаар дунд сургуульд номын санч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ... тоот регистртэй,

 Шүүгдэгч Ц.М- нь Нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Ц.Ц-ийн “дунд сургуульд багшаар ажилд томилогдон ажиллах” ашиг сонирхлын үүднээс Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасан “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх”, 20.2.3 дахь хэсэгт заасан “сургуулийг багш, ажилтнаар хангах, хамт олны төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх” гэх заалтуудын хүрээнд Ц.Ц-ийг тус сургуульд багшаар сонгон ажиллуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд “шинээр нээгдэж буй ангид таныг багшаар ажилд авна, та харин дэмжлэг үзүүлээрэй” гэж хахууль өгөхийг шаардан, түүнээс 2017 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор 1.000.000 төгрөг, хэтэвч, набор зэргийг авсан гэмт хэргийг,

- Мөн тус сургуульд бага ангийн багшаар ажиллаж буй М.Г-ын “2017-2018 оны хичээлийн жилд бага ангийн багшаар ажиллах ажлын байраа хадгалж үлдэх” ашиг сонирхлын үүдээс Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсэгт заасан “багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох”, 20.2.12 дахь хэсэгт заасан “сургууль, багшийн үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдамжаар хангах” гэх заалтуудын хүрээнд бага ангийн багш М.Г-ын ажлын туршлага, ур чадварын талаар тодорхой үнэлэмж хэлж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор тус сургуулийн номын санч  Л.Ө-оор дамжуулан өгсөн 1.000.000 төгрөгийг авсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Ц.Ц- нь өөртөө “дунд сургуульд багшаар ажилд томилогдон ажиллах” давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.М-гийн Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасан “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх”, 20.2.3 дахь хэсэгт заасан “сургуулийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх” гэх заалтуудад сургуульд багшаар сонгон ажиллуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхээр “шинээр нээгдэж буй ангид таныг багшаар ажилд авна, та харин дэмжлэг үзүүлээрэй” гэх хууль бус тавьсан шаардлагын дагуу түүнд 2017 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор 1.000.000 төгрөг, хэтэвч, набор зэргийг өгсөн гэмт хэргийг,

Шүүгдэгч М.Г- нь өөртөө “2017-2018 оны хичээлийн жид бага ангийн багшаар ажиллах ажлын байраа хадгалж үлдэх” давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.М-гийн Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсэгт заасан “багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох”, 20.2.12 дахь хэсэгт заасан “сургууль, багшийн үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдамжаар хангах” гэх заалтуудад заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийнх нь ажлын туршлага, ур чадварын талаар тодорхой үнэлэмж” хэлж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд түүнд 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор тус сургуулийн номын санч Л.Ө-той бүлэглэж буюу түүгээр дамжуулан 1.000.000 төгрөгийг өгсөн гэмт хэргийг,

Шүүгдэгч Л.Ө- нь тус сургуулийн бага ангийн багшаар ажиллаж байсан М.Г-ыг өөртөө “2017-2017 оны хичээлийн жилд бага ангийн багшаар ажиллах ажлын байраа хадгалж үлдэх” давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.М-д Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсэгт заасан “багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох”, 20.2.12 дахь хэсэгт заасан “сургууль, багшийн үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдамжаар хангах” гэх заалтуудад заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “өөрийнх нь ажлын туршлага, ур чадварын талаар тодорхой үнэлэмж хэлж” албаны чиг үүргээ хэрэгжүүлсэний хариуд” түүнд 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор 1.000.000 төгрөг өгөхийг урьдчилан амлаж, уг мөнгийг Ц.М-д дамжуулан өгч дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.М- шүүх хуралдаанд: “...Би 2016 оны 3 дугаар сард Боловсролын яаманд материалаа өгөөд 28 дугаар сургуулийн захирлаар 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр томилогдсон. Ажилд ороход Б- захирал эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн гэсэн шалтгаантай байсан боловч ажил дээр ирэхэд нөхцөл байдал өөр байсан. Энэ хэрэгт холбоотой нөхцөл байдал болон уг хэрэг үүсэхэд ямар шалтгаан байсан бэ гэдгийг тодруулах шаардлагатай тул ажилд орсон үеэс шаардлагатай гэж үзэж байгаа зүйлсийг яръя гэж бодож байна. Ажилд ороход Б- захирал нь багш нарын өргөдөл, гомдлын улмаас ажлаасаа гарсан байсан. Тухайн үед хэсэг багш нар түүнийг Авилгатай тэмцэх газар, Нийслэлийн боловсролын газар зэрэг газруудад өргөдөл гомдол гаргаж, хүсэлт өгсний дагуу дуудаж шалгагдаж байсан. Сургуулийн дотоод уур амьсгал тогтвортой биш алдагдсан. Сургуулийн орчин, хүүхдийн орчин, багш ажилчдын ажиллах орчин тогтвортой биш байсан. Б- захирал нь 2 жил гаран ажилласан. Би ажил аваад 2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн бичиг баримтыг эмх цэгцэнд оруулах, архивын нөхөн бүрдүүлэлт хийх, улсын үзлэгт бэлдэх зэрэг ажлуудыг хийж эхэлсэн. Сургууль хөгжүүлэх дунд болон богино хугацааны сургуулийн хэмжээнд мөрдөх 40 гаруй бичиг баримтуудыг багш нартайгаа хамтарч, багш нарынхаа санал бодлыг тусгаж хэлэлцээд, тушаалаар батлаад үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажилласан. 2016-2017 оны хичээлийн жилд хамт олонтойгоо танилцах, мэргэжлийн хяналтын газрын шалгалт, аудитын шалгалтанд шалгуулах зэрэг ажилтайгаа танилцах ажлуудыг хийсэн байдаг. Ер нь эд материалын болон бусад үйл ажиллагаа болдог. Хамгийн гол нь багшийн харилцаа хандлага гэдэг асуудал бол цаг хугацааны хувьд их цаг ордог ажил гэдгийг ажлын туршлагаасаа мэдэж авсан. 2016 оны намар Лувсаншаравын нэрэмжит дууны уралдаанд манай сургуулийн 80-90 суралцагчид оролцсон. Урантуяа багшийн хувьд Б- захирал намайг дэмжиж ажилладаггүй байсан гэж ярихад нь би одоо тийм юм яриад хэрэггүй, хамтарч ажиллана. Хойшоо биш урагшаа харж амьдарцгаая гэж хэлсэн. Тэгээд 2016 оны намар хамтарч ажилласны хүчинд Нийслэлд дэд байрт шалгарч 4 сая төгрөгөөр шагнуулсан. 2017 онд тусгай байранд шалгарч 2 сая төгрөгөөр шагнуулсан. 2017 оны 6 дугаар сард Ц- багшийн ээж нь надтай ирж уулзаад Ц- багшийн цохолттой өргөдөл, бусад хуулбарласан бичиг баримтуудыг авчирч өгсөн. Тухайн үед би түүнд одоо сул орон тооны сонгон шалгаруулалт явагдаагүй байна. 1 дүгээр ангийн элсэлт явагдаагүй тул багш авах эсэх нь тодорхойгүй байна. Та 8 дугаар сард ирж уулзаарай гэж хэлсэн. Надтай ирж уулзаад ажилд оруулах боломж байна уу гэхэд би та 8 дугаар сард ирж уулзаарай гэж хэлсэн. Тухайн оны 8 дугаар сард Ц- багш өөрөө ирж уулзсан байдаг. Би Ц- багшийг ирж уулзахад та надад дэмжлэг үзүүлээрэй гэж хэлээгүй. Миний хувьд түүнээс мөнгө авсан асуудал байхгүй. Ер нь багшийг ажилд авахдаа Боловсролын хуулинд заасан эрх үүргийн дагуу багшийг сонгон авч ажиллуулах эрхтэй байдаг хэдий боловч заавал сонгон шалгаруулалтад орсон эсхүл Нийслэлийн сонгон шалгаруулалтад орсон багшийг ажилд ав гэсэн үүрэг даалгавар өгдөг. Түүний дагуу шалгалтад орсон багш нараас сонгон шалгаруулалтын ярилцлага аваад байж байсан. Би Ц- багшийг уулзана уу гэж утсаар ярьсан. 8 дугаар сарын 25-ны өдөр Ц- багш надтай ирж уулзсан. Ц- багшийн хавтастай хувийн бичиг баримтыг сургалтын менежер Жаргалмаад өгөөд түүнд ажил үүргийн хуваарийг нь танилцуулаарай гэж хэлсэн байдаг. 8 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд 4 дүгээр ангийн багш нарын сургалт зохион байгуулагдсан. Ц- багш нь сургалтын менежерийн үүрэг болгосноор албан ажилдаа орсон. Би түүнд надад дэмжлэг үзүүлээч гэж хэлээгүй. Би ажилд орсон багш болгоныг дэмжлэг үзүүлээч гэж хэлэх боломж байхгүй. Би өөрөө хууль дүрэм мөрдөж ажиллуулдаг. Би Ц- багштай ажилд оруулах гэж дуудаж уулзсан цагаас өөр 2017 оны 5 дугар сарын 01-ний өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр, 2018 дны 12 дугаар сарын 11-ний өдрүүдэд 3 удаа дуудаж уулзсан байдаг. Ц- багшийг яагаад ийм мэдүүлэг өгөөд байгааг ярьвал цаг хугацаа их орно. 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тархины саажилттай Номин гэж хүүхдийг алгадаж, хүүхдийн ээж гомдол гаргаж хүүхдээ өөр ангид шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байдаг. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2ё анги хариуцаж ажиллаж байхдаа Ану гээд охины талаар цахим орчинтой холбоотой асуудалд оруулсан байна гэж аав нь ирж уулзсан байдаг. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нийгмийн даатгалд өртэй гарсан гэсэн яриаг Э- гэдэг багшийн даалгавраар тараасан. Ингээд хэсэг бүлэг багш нарын явуулга явагдаад байсан. Түүний үр дүнд байнга сөрөг үр дагавар гардаг. Бага ангийн сургалтыг менежер Цэцэгмаа шинээр ажилд орсон Ц-, Батчимэг, Дэлгэрмаа зэрэг багш нар шинээр ажилд орсон гэж нийт багш нартаа танилцуулсан байдаг. Хэрвээ би багшаас мөнгө авсан бол хөдөлмөрийн гэрээ байгуулж, тушаалыг нь гаргахгүй байна гэж байхгүй шүү дээ. Хэсэг багш нар хүний нүүрийг харж байгаад худал ярьдаг, гүтгэдэг, доромжилдог. Г- 2019 оны 9 дүгээр сард ажил орсон байдаг. Миний хувьд би эдгээр багш нарыг доромжлоогүй, миний зүгээс ямар ч багшид дарамт шахалт үзүүлж байгаагүй. Ер нь тэгээд залуу, хөгшин, туршлагатай, туршлагагүй бүх багш нарын хичээлд суух эрх, үүрэг нь миний ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан байдаг. Тэр үүргээ хэрэгжүүлж багш нарын хичээлд сууж арга зүйн зөвлөгөө өгдөг. Г- багшийн хичээлд би 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр суусан байдаг. Тухайн үед би Г- багшид бичгийн хэв муу байна гэж янз бүрийн шалтаг хэлээгүй. Би багш нарын хичээлд суугаад дараа нь та завандаа өрөөнд ороод ирээрэй гэж хэлдэг. Тэгээд өрөөнд ороод ирэхээр нь хичээлийн чанарыг хэрхэн илүү сайжруулах талаар, дараагийн удаа бэлтгэлтэй хичээл заах уу, гэнэт хичээлд сууж арга зүйн зөвлөгөө өгөх үү гэж зөвлөлддөг. Би бүх хийсэн ажлаа тэмдэглэдэг. Өлзийтотох, Г- бусад багш надтай дэмжлэг үзүүлээч гэж хэлсэн удаа надад байхгүй. Дэмжлэг үзүүлээрэй гэж хэлсэн гэж бодоход дэмжлэг гэдэг нь тус дэм болох гэсэн утгатай үг, тэрийг мөнгө өгөөрэй гэж ойлгосон гэдгийг ойлгохгүй байна. Мэдүүлэг өгөхдөө үнэн мэдүүлэг өгмөөр байна. Надад мессеж ирсэн. Тухайн мессежийг мөрдөн байцаалтын шатанд шалгуулах хүсэлт гаргасан боловч таниас юу ч авахгүй гээд миний хүсэлтийг хүлээж аваагүй. Ө-ын хувьд мөнгө өгөх гэж оролдсон. Ө- 2016 оны 9 дүгээр 01-ний өдөр ажилд орсон байдаг. Тухайн үед бол мөнгө төгрөгийн асуудал яригдсан. Тийм асуудал байхгүй гэдгийг мэдэж байгаа байх гэж хэлсэн. Тэр мөнгийг нь буцаагаад өгсөн гэж найдаж байна” гэв.

Шүүгдэгч М.Г- шүүх хуралдаанд: “...2016 оны 9 дүгээр сарын дундуур Баянгол дүүргийн 28 дугаар сургуульд жирэмсний амралттай Хандсүрэн багшийн оронд 4 дүгээр ангийг авч ажилласан. Би 2 улирал хичээл зааж байтал Хандсүрэн багшийн жирэмсний амралтын хугацаа дуусч ажилдаа орсон. Тиймээс би ажлаа хүлээлгэж өгөөд 3 сар ажилгүй байсан. Гэтэл Жаргалмаа багш утасдаад Амаржаргал багш жирэмсний амралтаа авах гэж байна. Чи ажилд орох уу гэсэн. 2017 оны хичээлийн жилийн 3 дугаар улиралаас Амаржаргал багшийн хариуцаж байсан 3 дугаар ангийн анги удирдсан багшаар ажилласан. Намайг 4 дүгээр анги хариуцаж ажиллаж байхад захирал 2-3 удаа миний хичээлд суугаад бичгийн хэв муу, хурдан ярьж байна, арга зүйгээ сайжруул, ангитайгаа сайн харилц гэсэн зөвлөгөө өгч байсан. Тухайн жилийн хавар сургалтын менежер надтай уулзаад захирал дараа жилээс чамтай ажиллахгүй гэж байна гэж хэлсэн. 2017 оны намар Жаргалмаа менежер танай ангийн эцэг, эхчүүдээс чамтай хамтарч ажилламаар байна гэсэн санал гаргасан. Амаржаргал багш эргэж ажилдаа орохгүй гэж байна гэж хэлсэн. Тэгээд би ажилдаа ороод 5 дугаар ангиа төгсгөх юм байна гэж бодож байсан. 2017 оны 9 дүгээр сарын дундуур захирал миний хичээлд 2-3 удаа суусан. Хичээл дуусаад өрөөнд нь ороход бичгийн хэв муу байна, хурдан ярьж байна, жирэмсэн болж болохгүй гэж надад хэлсэн. Тэгээд байнга өрөөндөө дуудах болсон. Сургуулийн ажилчид захиралд гарын бэлэг өгдөг гэсэн явган яриа сонсогдсон. Тиймээс би бас өгөх ёстой юм байна гэж бодоод 2017 онд Хаан банкнаас цалингийн зээл авч 1.000.000 төгрөгийг цаасанд боогоод сургуулийн номын санч Ө-оор захиралд өгүүлсэн. Ө- бид хоёрт урьдчилан ярьж тохирсон зүйл байхгүй нэг хамт олон, дугуйлан секцэд хамт явдаг гэдэг утгаар түүнийг гуйж захиралд мөнгө өгүүлсэн. Ө-ын өрөөнд хүлээж байгаад өгсөн гэдэг үгийг сонсоод хичээлдээ орсон. 1.000.000 төгрөг өгсөн цагаас эхлэн М- захирал миний хичээлд дахиж суугаагүй, захирлын зүгээс элдэв шүүмж сонсоогүй. Би өөрийн үйлдлээ ийм хор уршиг дагуулж байна гэж мэдээгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Л.Ө- шүүх хуралдаанд: “...2017 оны 10 дугаар сарын дундуур намайг ажилтай өрөөнд сууж байхад Г- өрөөнд орж ирээд цаасанд боосон зүйл надад өгөөд та үүнийг захиралд оруулаад өгчих тэгэх үү гэж гуйсан. Тэгэхээр нь би юу юм бэ гэсэн чинь мөнгө гэж хэлсэн. Тэгээд би үгүй ээ, чи өөрөө оруулаад өг гээд татгалзсан. Тэгэхэд Г- нэг секц хамт олон юм чинь оруулаад өгөөч гээд гуйгаад байсан. Тиймээс тухайн үед юу ч бодож саналгүй цаасанд ороосон мөнгийг авч захирлын өрөөнд ороход захирал өрөөндөө ганцаараа сууж байсан. Би захиралтай мэндлээд Г- танд үүнийг өгч байна гэж хэлэхэд захирал авахгүй ээ, энэ юу юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь би энэ мөнгийг Г- танд өгөөрэй гэж хэлсэн юм гэж хэлээд ширээний хажууд нь тавиад гараад явсан. Намайг өрөөндөө ороход Г- өрөөнд хүлээгээд сууж байсан. Тэгээд би Г-д өгчихлөө гэж хэлсэн. Би Г-тай урд нь үгсэн тохирсон зүйл байхгүй. Миний өөрийн болгоомжгүй, юу ч бодолгүй хийсэн үйлдэлдээ их харамсаж, гэмшиж байна” гэв.

Шүүгдэгч Ц.Ц-шүүх хуралдаанд: Улаанбаатар хотод 2017 онд амьдралын шаардлагаар Хөвсгөлөөс шилжиж ирсэн. Манай гэр бичил хороололд байдаг болохоор гэрийн ойролцоо сургуульд ажилд орох хүсэлтэй байсан тул 28 дугаар сургуульд ажилд орох хүсэлт өгсөн. 2017 оны 6 дугаар сард захиралтай уулзаад 8 дугаар сард ирээрэй гэж хэлсний дагуу 8 дугаар сарын 20-ны үед захирал дуудаад багшийн орон тоо гарсан. Та олон жил ажилласан туршлагатай багш байна. Тиймээс таныг ажилд авлаа гэж хэлсэн. Тэгээд сургалтын менежер Жаргалмаатай уулзаж ажлаа хүлээж аваад 3 хоног семинарт суусан. 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ангиа цэвэрлээд 9 дүгээр сарын 01-ний өдөр 50 хүүхэдтэй 1 дүгээр ангийг хүлээж авсан. Захиралтай уулзахад та надад дэмжлэг үзүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд би гэрийнхээ хүмүүстэй ярилцаад мөнгө өгөөч ээ гэж байна гэж ойлгоод охидуудтайгаа ярилцаад 1.000.000 төгрөг өгөхөөр болсон. Тухайн үед манай охин Америкт байсан. Над руу явуулсан хэтэвчнийхээ нэгэнд нь хийгээд өгчих гэж хэлсэн. Тэгээд нэг хэтэвчинд 1.000.000 төгрөг хийгээд өгсөн. Гэр бүлийн хүмүүстэй ярилцаад 1.000.000 төгрөг охиныхоо өгч явуулсан хэтэвчинд хийж өгсөн. Захирал өөрөө ярихдаа мөнгө аваагүй гэж ярьдаг. Мөнгө өгч дээд албан тушаалтнаа өөхшүүлсэн явдал нь миний буруу гэж үзэж байна. Авилгын хор хөнөөлийн талаар 8 зүйлийг хэлэхийг хүсч байна. Хээл хахууль бол авилгалын хамгийн хүнд хэлбэр юм. Ямар ч насны төрийн албан хаагч нь ажилд орохдоо өөрийн эзэмшсэн мэдлэг, ур чадвараар тухайн байгууллагын гаргасан дүрэм журмын дагуу сонгон шалгаруулалт өгөөд ажилд орох нь зөв юм. Авилга өгч эргэн тойрныхоо хүмүүст буруу үлгэр дуйрайлал үзүүлсэн гэдгээ маш сайн ойлгож байна. Авилга өгсөнөөр хүний эрх, эрх чөлөө зөрчигддөг, шударга ёс алдагддаг, ард түмний төр засагтаа итгэх итгэл буурдаг, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ буурдаг гэдгийг энэ хэргийн мөрдөн байцаалтын явцад ойлгож авлаа. Авилгалын хор хөнөөлийн ур уршгийг өөрийн биеэр мэдэрч байна” гэв.

Гэрч Х.Г- шүүх хуралдаанд: “...Ц-ийн аав нь миний журмын найз байсан. Ц-ийн ээж нь надаас охинд ажил олоод өгөөч гэж гуйсан юм. Бага ангийн багшийн орон тоо байвал Ц-ийг ажилд оруулах боломж байна уу гэж асуусан.  М- бид 2 ажил хэргийн талаар уулзаж ярилцдаг болохоос энэ хэргийн талаар огт ярьж байгаагүй. Ц-ийн ээж нь М- захиралд баярласан сэтгэлээ илэрхийлээд юм өгвөл яах бол гэж ярьж байсан. М- захирал надад тэгж яриагүй. Би ч юм өгсөн, авсан талаар мэдэхгүй. М- захирал надад юм өгсөн авсан гэж хэлж байгаагүй. Ц-ийн ээж тэгж хэлж байсан. Тухайн үед яагаад тийм мэдүүлэг өгсөн гэдгээ мэдэхгүй байна. Сандраад буруу хэлсэн байж магадгүй” гэв.

Гэрч Б.М- шүүх хуралдаанд: “...Тухайн үед 9 дүгээр сар байсан. Номын сангийн эсрэг талын өрөө нь технологийн анги байдаг. Тэндээс ном аваад буцаагаад өгөх гээд явж байтал номын сангийн хаалга онгорхой байсан. Авилгатай тэмцэх газар дуудагдаж байгаа одоо хоёулаа яах вэ гээд Өлзийсүрэн, Г- 2 хоорондоо ярьж байсан. Намайг номын санд ортол явлаа гээд надтай зөрөөд гарсан” гэв.

Гэрч Ц.Ш-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ээждээ 2017 оны 8 дугаар сарын эхээр “Майкл Корсс” брендийн, үзмэн ягаан гэх юм уу чернэлэн ягаан гэх юм уу тиймэрхүү өнгөтэй, мөнгөний дэвсгэртийн хэмжээтэй тодруулж хэлбэл мөнгийг нугалахгүй бүтнээр нь хийчихдэг цахилгаантай түрүүвч байсан. ...ээж надад хэлэхдээ миний явуулсан “Майкл Корсс” брендийн түрүүвчийг сургуулийнхаа захиралд өгчихсөн гэж хэлж байсан. ...Захиралдаа 1.000.000 төгрөг өгсөн, өгөхдөө миний явуулсан түрүүвчинд хийгээд өгсөн талаар ээж надад хэлж байсан.. Би тэр түрүүвчийг Чикаго хотын худалдааны төвөөс 200 ам.доллараар худалдан авч байсан юм” гэсэн мэдүүлэг /хх 1-н 36-37/,

Гэрч С.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...М- захирал нь манай сургуульд шинээр багшаар ажилд орсон Ц-, Г- нарыг ажилд авахдаа хоёулангаас нь 1.000.000, 1.000.000 төгрөг авсан байна лээ, хахууль өгсөн гэх хоёр багш өөрсдөө хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 39-40/,

Гэрч Ц.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай секцийн Ц- багш 2017 онд анх манай сургуульд багшаар ажилд орсон. Сүүлд нь Ц- багш надад аминчилж хэлэхдээ захирал М-д 1.000.000 төгрөг өгч ажилд орсон талаар хэлж байсан. Мөн багш нарын хурал дээр хүртэл өөрөө тэрийгээ хэлсэн... Ц- багш надад аминчилж ярихдаа багшид нь хэцүү байна, захирал дарамтлаад байх юм аа, болохгүй бол багш нь шилжихээс гэж хэлэхэд нь та ийм настай хүн байж дахиад л нэг шинэ газар очвол шинэ хамт олонтой танилцах, хамтран ажиллахад хэцүү шүү дээ багшаа, шилжинэ гэж юу байхав дээ гэдгийг хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 51/,

Гэрч Д.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай сургуулийн бага ангийн багш Ц- нь манай сургуульд ажилд орохдоо захирал М-д 1.000.000 төгрөгний хахууль өгч ажилд орсон талаараа өөрөө ярьсан, хамт олны хурал дээр хэлж байсныг би өөрийн биеэр сонссон” гэсэн мэдүүлэг /хх 1-н 48-49/,

Гэрч С.У-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...багш Ц-ийг ажилд авахдаа 1.000.000 төгрөгийн хахууль авсан юм билээ, энийг нь Ц- багш өөрөө надад хувийн шугамаар ярихдаа болон багш нарын хурал дээр ярьсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 53/,

Гэрч Х.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...М- захирал Ц-ийн талаар нэг л удаа надтай холбогдож ярьсан, ярихдаа ...таныг ярихаар л би тус болчих санаатай Ц- гэдэг хүнийг ажилд авсан. Тэгээд надад нэг чихрийн цуглуулга, нэг хэтэвч гэлүү ямар ч байсан 2 зүйл өгсөн талаар хэлсэн... М- хэлэхдээ Ц- нь хүн ёсны хувьд баярласан сэтгэлээ илэрхийлээд чихрийн цуглуулга зэргийг өгсөн юм байх гэж бодсон юм. Тэгтэл энэ талаар хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан байна. Би Ц-ийн өгсөн юмыг танд өгчихье, та ээжид нь дамжуулаад өгчих үү гэж хэлэхээр нь би за ээжтэй нь уулзаадхъя гэж хэлээд утсаа салгасан. Тэрнээс хойш дахин холбогдоогүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 65-66/,

Яллагдагчаар Ц.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ц.М- захирал надтай уулзаад за би таныг ямарч байсан ажилд авахаар боллоо, та надад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж хэлсэн. Би тэрийг нь ойлгохдоо мөнгө төгрөг өгөөрэй гэдэг санаагаа хэлж байгаа юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд 1.000.000 төгрөг өгье гэдэг шийдвэрт хүрээд Ц.М- захиралд би өөрөө өрөөнд нь орж бэлнээр 1.000.000 төгрөгийг өгсөн. Намайг захиралд 1.000.000 төгрөг өгөх үед бид хоёроос өөр хүн байгаагүй. ...Би тухайн үед хүнсний дэлгүүрээс “Жако” нэртэй чихрийн цуглуулгыг авч, түрүүвч, 1.000.000 төгрөгийн хамтаар захирал Ц.М-д өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 7-н 123, 195/,

Яллагдагчаар М.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны хичээлийн жил эхлээд 9 сард билүү 10 дугаар сард би өөрөө 1.000.000 төгрөгийг бэлнээр цаасанд боогоод Ө-той уулзаад Ц.М- захиралд өгүүлэхээр өгсөн. Ө- ч миний өгсөн цаасанд боосон мөнгийг аваад захирлын өрөө рүү явчихаад удалгүй 10 орчим минутын дараа захиралд өгчихсөн, одоо гайгүй байхаа гэж хэлсэн. Тэр асуудлаас хойш Ц.М- захирлын зүгээс намайг бичгийн чадвар муу, ур чадварын тал дээр дутагдалтай гэж шүүмжлэхээ больсон” гэсэн мэдүүлэг /хх 7-н 129/,

Яллагдагчаар Л.Ө-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Г- танд өгүүлж байна гэж хэлээд өгөхөд захирал юу юм бэ гэж асуухаар нь мөнгө гэдгийг хэлсэн. Тэгэхэд захирал Ц.М- авахгүй гэж хэлэхээр нь Г- танд өгчихөөрөй гэсэн юм аа гэж хэлээд цаасанд боодолтой Г-ын өгсөн мөнгийг нь захирлын суудаг ширээнийх нь буланд тавьчихаад гараад явсан. Захирлын өрөөнөөс гараад өөрийнхөө өрөө рүү очиход Г- хүлээгээд сууж байсан болохоор захиралд өгчихлөө гэдгийг хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 7-н 223/,

Шүүгдэгч Ц.Ц-, М.Г- нарын өргөдөл /хх 1-н 5-8/, Ц.Ц-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 1-н 34-35/, шүүгдэгч М.Гоомарлын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 144, 160-166/, шүүгдэгч Ц.Ц-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 145, 7-н 138-153/, шүүгдэгч Ц.М-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 146, 7-н 176-177/, дотоод аудитын ажлын тайлан /хх 1-н 147-162/, Ц.Ц-ээс Ц.М-д өгсөн гэх хэтэвчний гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-н 103-104/, эд зүйлийн үнэлгээ /хх 7-н 105-117, 208-209/, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-н 189-190/, Л.Ө-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 7-н 226-228/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Ө-од хобогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Л.Ө- нь М.Г-тай гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон нь нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Ө- нь шүүгдэгч М.Г-ыг шүүгдэгч Ц.М-д 1.000.000 төгрөгийн хахууль өгч байгааг мэдээгүй, зөвхөн М.Г-ын захирал Ц.М-д цаасанд боосон мөнгө аваачиад өгчих гэсэн гуйлтаар мөнгө аваачиж өгсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

Хэдийгээр шүүгдэгч Л.Ө- нь Ц.М-д цаасанд боосон  1.000.000 төгрөгийг аваачиж өгсөн боловч тэрээр хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцох, үйлдэх санаа зорилготой байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул гэмт хэргийн шинжгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж будсыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Л.Ө- нь ямар нэг байдлаар урьдчилан амласан буюу бусдад хахууль өгөхийг мэдсэн, түүнийг хүсч үйлдсэн, М.Г-ыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд улсын яллагчийн шүүгдэгч Л.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Ө-ын үйлдэлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан болно.

Шүүгдэгч Л.Ө-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан тул шүүгдэгч М.Г-ыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.М- болон түүний өмгөөлөгчийн “М.Г-, Ц.Ц- нараас мөнгө аваагүй, гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Шүүдэгч Ц.М- нь шүүгдэгч М.Г-, Ц.Цэцэгдэлгар нараас хахууль авсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүгдэгч, гэрч нарын дээрх мэдүүлгүүдээр нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.М- нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болно.

Мөн шүүгдэгч Ц.М-гийн өмгөөлөгчийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.М- нь Нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Ц.Ц-ийн “дунд сургуульд багшаар ажилд томилогдон ажиллах” ашиг сонирхлын үүднээс Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасан “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх”, 20.2.3 дахь хэсэгт заасан “сургуулийг багш, ажилтнаар хангах, хамт олны төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх” гэх заалтуудын хүрээнд Ц.Ц-ийг тус сургуульд багшаар сонгон ажиллуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд “шинээр нээгдэж буй ангид таныг багшаар ажилд авна, та харин дэмжлэг үзүүлээрэй” гэж хахууль өгөхийг шаардан, түүнээс 2017 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор 1.000.000 төгрөг, хэтэвч, набор зэргийг авсан гэмт хэргийг,

- Мөн тус сургуульд бага ангийн багшаар ажиллаж буй М.Г-ын “2017-2018 оны хичээлийн жилд бага ангийн багшаар ажиллах ажлын байраа хадгалж үлдэх” ашиг сонирхлын үүдээс Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсэгт заасан “багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох”, 20.2.12 дахь хэсэгт заасан “сургууль, багшийн үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдамжаар хангах” гэх заалтуудын хүрээнд бага ангийн багш М.Г-ын ажлын туршлага, ур чадварын талаар тодорхой үнэлэмж хэлж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байранд тус сургуулийн номын санч  Л.Ө-оор дамжуулан өгсөн 1.000.000 төгрөгийг авсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Ц.Ц- нь өөртөө “дунд сургуульд багшаар ажилд томилогдон ажиллах” давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.М-гийн Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасан “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх”, 20.2.3 дахь хэсэгт заасан “сургуулийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх” гэх заалтуудад сургуульд багшаар сонгон ажиллуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхээр “шинээр нээгдэж буй ангид таныг багшаар ажилд авна, та харин дэмжлэг үзүүлээрэй” гэх хууль бус тавьсан шаардлагын дагуу түүнд 2017 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор 1.000.000 төгрөг, хэтэвч, набор зэргийг өгсөн гэмт хэргийг,

Шүүгдэгч М.Г- нь өөртөө “2017-2018 оны хичээлийн жид бага ангийн багшаар ажиллах ажлын байраа хадгалж үлдэх” давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.М-гийн Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсэгт заасан “багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох”, 20.2.12 дахь хэсэгт заасан “сургууль, багшийн үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдамжаар хангах” гэх заалтуудад заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийнх нь ажлын туршлага, ур чадварын талаар тодорхой үнэлэмж” хэлж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд түүнд 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор тус сургуулийн номын санч Л.Ө-оор дамжуулан 1.000.000 төгрөгийг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Ц.Ц-, М.Гоомарл нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч Ц.Ш-ын: “...ээж надад хэлэхдээ миний явуулсан “Майкл Корсс” брендийн түрүүвчийг сургуулийнхаа захиралд өгчихсөн гэж хэлж байсан. ...Захиралдаа 1.000.000 төгрөг өгсөн, өгөхдөө миний явуулсан түрүүвчинд хийгээд өгсөн талаар ээж надад хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 36-37/, гэрч С.М-гийн: “...М- захирал нь манай сургуульд шинээр багшаар ажилд орсон Ц-, Г- нарыг ажилд авахдаа хоёулангаас нь 1.000.000, 1.000.000 төгрөг авсан байна лээ, хахууль өгсөн гэх хоёр багш өөрсдөө хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 39-40/, гэрч Ц.Ц-ын: “...Ц- багш надад аминчилж хэлэхдээ захирал М-д 1.000.000 төгрөг өгч ажилд орсон талаар хэлж байсан. Мөн багш нарын хурал дээр хүртэл өөрөө тэрийгээ хэлсэн... Ц- багш надад аминчилж ярихдаа багшид нь хэцүү байна, захирал дарамтлаад байх юм аа, болохгүй бол багш нь шилжихээс гэж хэлэхэд нь та ийм настай хүн байж дахиад л нэг шинэ газар очвол шинэ хамт олонтой танилцах, хамтран ажиллахад хэцүү шүү дээ багшаа, шилжинэ гэж юу байхав дээ гэдгийг хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 51/, гэрч Д.О-гийн: “...Манай сургуулийн бага ангийн багш Ц- нь манай сургуульд ажилд орохдоо захирал М-д 1.000.000 төгрөгний хахууль өгч ажилд орсон талаараа өөрөө ярьсан, хамт олны хурал дээр хэлж байсныг би өөрийн биеэр сонссон” гэсэн мэдүүлэг /хх 1-н 48-49/, гэрч С.У-гийн: “...багш Ц-ийг ажилд авахдаа 1.000.000 төгрөгийн хахууль авсан юм билээ, энийг нь Ц- багш өөрөө надад хувийн шугамаар ярихдаа болон багш нарын хурал дээр ярьсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 53/, гэрч Х.Г-ийн: “...М- захирал Ц-ийн талаар нэг л удаа надтай холбогдож ярьсан, ярихдаа ...таныг ярихаар л би тус болчих санаатай Ц- гэдэг хүнийг ажилд авсан. Тэгээд надад нэг чихрийн цуглуулга, нэг хэтэвч гэлүү ямар ч байсан 2 зүйл өгсөн талаар хэлсэн... М- хэлэхдээ Цэцэгдэлэгр нь хүн ёсны хувьд баярласан сэтгэлээ илэрхийлээд чихрийн цуглуулга зэргийг өгсөн юм байх гэж бодсон юм. Тэгтэл энэ талаар хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан байна. Би Ц-ийн өгсөн юмыг танд өгчихье, та ээжид нь дамжуулаад өгчих үү гэж хэлэхээр нь би заа ээжтэй нь уулзаадхъя гэж хэлээд утсаа салгасан. Тэрнээс хойш дахин холбогдоогүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 65-66/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.М-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсэний хариуд хахууль авсан”,

Шүүгдэгч Ц.Ц-, М.Г- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.М- нь Ц.Ц-, М.Г- нараас хахууль авсан, шүүгдэгч Ц.Ц-, М.Г- нар нь Ц.М-д хахууль өгсөн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Ц-, М.Г- болон тэдгээрийн өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч Ц.Ц-, М.Г-, Ц.М- нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ц.М-, М.Г-, Ц.Ц- нарыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч М.Г-, Ц.Ц-, тэдгээрийн өмгөөлөгч нь маргаагүй тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.М-, М.Г-, Ц.Ц- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М.Г-, Ц.Ц- нарыг өөрийгөө илчилсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Ц.М-, М.Г-, Ц.Ц- нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч М.Г-, Ц.Ц- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 5.500 нэгж буюу 5.500.000 төгрөгөөр тус тус торгох ялаар,

шүүгдэгч М.Г-, Ц.Ц- нарын өмгөөлөгч “шүүгдэгч нар нь хясан боогдуулсаны улмаас аргагүй байдалд орж хахууль өгсөн, энэ тухайгаа сайн дураараа илчлэн ирсэн тул ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн санал,

-шүүгдэгч Ц.М-гийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хамгийн доогуур буюу 5.400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Ц.Ц-, М.Г- нарын өмгөөлөгчийн “шүүгдэгч нар нь хясан боогдуулсаны улмаас аргагүй байдалд орж хахууль өгсөн, энэ тухайгаа сайн дураараа илчлэн ирсэн тул ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Ц-, М.Г- нарын үйлдлийг шүүх “хясан боогдуулсаны улмаас аргагүй байдалд орж хахууль өгсөн” гэж үзээгүй бөгөөд шүүгдэгч Ц.М-гийн “дэмжлэг үзүүлээрэй, бичгийн хэв муу, заах арга муу” гэх зэргээр хэлсэн үйлдлийг бусдыг хясан боогдуулсан буюу хахууль өгөхөөс өөр аргагүй байдалд орсон гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Түүнчлэн, прокуророос шүүгдэгч Ц.М-г хясан боогдуулах аргаар гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ...хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч М.Г-, Ц.Ц- нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Шүүхээс шүүгдэгч Ц.М-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, зэргийг харгалзан шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хасч, 5.400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,

-шүүгдэгч Ц.Ц-, М.Г- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ өөрөө илчилсэн зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Ц-, М.Г- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хасч, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр тус тус шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч М.Г-, Ц.Ц нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.М- нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж “....Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.М-гийн Ц.Ц-ээс авсан 1.000.000 төгрөг, хэвтэвч /эд зүйлийн үнэлгээгээр 279.000 төгрөг/, чихрийн цуглуулга /10.000 төгрөг/, М.Г-аас авсан 1.000.000 төгрөг, нийт 2.289.000 төгрөг нь гэмт хэргийн улмаас олсон орлогод хамаарч байх тул шүүгдэгч Ц.М-гээс 2.289.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-, Ц.Ц-, М.Г- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Ө-од холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Ц.М-г “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсэний хариуд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Ц.Ц-, М.Г- нарыг “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.М-г нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хасч, 5.400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-, М.Г- нарын нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгч Ц.М- нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, шүүгдэгч Ц.Ц-, М.Г- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-, М.Г- нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Ц-, М.Г- нарт оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-гээс 2.289.000 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

10. Шүүгдэгч Л.Ө-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-, Ц.Ц-, М.Г-, Л.Ө- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР