Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 923

 

 

                                                                                                           

 

 

 

 

 

Ц.М, М.Г, Ц.Ц,

Л.Ө нарт холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Мөнх-Эрдэнэ,

шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Д.Оросоо, Г.Оюунцэцэг,

шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/445 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.М-гийн өмгөөлөгч Д.Оросоо, Т.Эрдэнэбат, шүүгдэгч Ц.Ц нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.М, М.Г, Ц.Ц, Л.Ө нарт холбогдох эрүүгийн 1902 00580 0287 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Ц-гийн М, 19... оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ОЮ..../;

2. Б овгийн Ц-ын Ц, 19.. оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, Нийслэлийн 28 дугаар дунд сургуульд бага ангийн багш ажилтай, ам бүл 4, эх, зээгийн хамт .... аймгийн .. сумын .. дүгээр баг, ... гэх газар оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ХГ......./;

3. Б овгийн М-ын Г, 19.. оны 7 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, Нийслэлийн 28 дугаар дунд сургуульд бага ангийн багш ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдүүдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: НН........./;

4. Х овгийн Л-ийн Ө, 19... оны 8 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, Нийслэлийн 28 дугаар дунд сургуульд номын санч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ... аймгийн ... сумын .. дугаар баг, ... ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .. дүүргийн .. дугаар хороо, ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ПЮ.........../;

Ц.М нь Нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Ц.Ц-ийн “дунд сургуульд багшаар ажилд томилогдон ажиллах” ашиг сонирхлын үүднээс Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх”, 20.2.3 дахь хэсэгт “сургуулийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх” гэх заалтуудын хүрээнд Ц.Ц-ийг тус сургуульд багшаар сонгон ажиллуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд “шинээр нээгдэж буй ангид таныг багшаар ажилд авна, та харин дэмжлэг үзүүлээрэй” гэж хахууль өгөхийг шаардан, түүнээс 2017 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор 1.000.000 төгрөг, хэтэвч, набор зэргийг авсан,

мөн тус сургуульд бага ангийн багшаар ажиллаж буй М.М-ын “2017- 2018 оны хичээлийн жилд бага ангийн багшаар ажиллах ажлын байраа хадгалж үлдэх” ашиг сонирхлын үүднээс Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсэгт “багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох”, 20.2.12 дахь хэсэгт “сургууль, багшийн үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдамжаар хангах” гэх заалтуудын хүрээнд бага ангийн багш М.М-ын ажлын туршлага, ур чадварын талаар тодорхой үнэлэмж хэлж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор тус сургуулийн номын санч Л.Өоор дамжуулан өгсөн 1.000.000 төгрөгийг авсан гэмт хэрэгт,

Ц.Ц нь өөртөө “дунд сургуульд багшаар ажилд томилогдон ажиллах” давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.М-гийн Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх”, 20.2.3 дахь хэсэгт заасан “сургуулийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх” гэх заалтуудад сургуульд багшаар сонгон ажиллуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхээр “шинээр нээгдэж буй ангид таныг багшаар ажилд авна, та харин дэмжлэг үзүүлээрэй” гэх хууль бус тавьсан шаардлагын дагуу түүнд 2017 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор 1.000.000 төгрөг, хэтэвч, набор зэргийг өгсөн гэмт хэрэгт,

М.Г нь өөртөө “2017-2018 оны хичээлийн жилд бага ангийн багшаар ажиллах ажлын байраа хадгалж үлдэх” давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.М-гийн Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсэгт “багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох”, 20.2.12 дахь хэсэгт “сургууль, багшийн үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдамжаар хангах” гэсэн заалтуудад заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийнх нь ажлын туршлага, ур чадварын талаар тодорхой үнэлэмж” хэлж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд түүнд 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор тус сургуулийн номын санч Л.Ө-той бүлэглэж буюу түүгээр дамжуулан 1.000.000 төгрөгийг өгсөн гэмт хэрэгт,

Л.Ө нь тус сургуулийн бага ангийн багшаар ажиллаж байсан М.М-ыг өөртөө “2017-2018 оны хичээлийн жилд бага ангийн багшаар ажиллах ажлын байраа хадгалж үлдэх” давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.М-д Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсэгт “багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох”, 20.2.12 дахь хэсэгт “сургууль, багшийн үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдамжаар хангах" гэх заалтуудад заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “өөрийнх нь ажлын туршлага, ур чадварын талаар тодорхой үнэлэмж хэлж” албаны чиг үүргээ хэрэгжүүлсэний хариуд” түүнд 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор 1.000.000 төгрөг өгөхийг урьдчилан амлаж, уг мөнгийг Ц.М-д дамжуулан өгч дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ц.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар, Ц.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Л.Ө-ын үйлдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Л.Ө-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Б овогт Ц-гийн Мг “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсэний хариуд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Ц-ын Ц, Б овогт М-ын Г нарыг “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Мг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, М.Г нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг тус тус хүлээлгэж, шүүгдэгч Ц.М нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, шүүгдэгч Ц.Ц, М.Г нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, М.Г нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Ц, М.Г нарт оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-гээс 2.289.000 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж, шүүгдэгч Л.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Ц.М, Ц.Ц, М.Г, Л.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Ц овогтой Ц би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял авч, нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэсэн. Гэмт хэрэг гарах нөхцөл шалтгаан нь би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын "Гурван-Эрдэнэ" сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуульд бага ангийн багшийн ажилд орсон. Ажилд ороод хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд захирал Ц.М удаа дараа утсаар болон биечлэн уулзахдаа мөнгө өг гэж шаарддаг байсан бөгөөд мөнгөө өгсний дараа тушаалыг чинь гаргана гэж дарамталж байсан учир би 1 сая төгрөгийг өгсөн. Мөн шинээр орсон багш нараас ажилд авсан гэдгээр мөнгө авч байсан тул би энэ хэргийг илчилж холбогдох эрх бүхий байгууллагад гомдол гаргасан. Ажилд авсны шан гэж бусдыг дарамталж хясан боогдуулж өгөхөөс аргагүй байдалд хүргэж байсан тул би мөнгө өгсөн. Иймд хэргийг тал бүрээс нь хянан хэлэлцэж, миний сайн дураараа хэргээ илчилсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.М-гийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.М нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Ц.Ц-ийн дунд сургуульд багшаар ажилд томилогдон ажиллах ашиг сонирхлын үүднээс Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх”, 20.2.3 дахь хэсэгт “сургуулийг багш ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх" гэх заалтуудын хүрээнд Ц.Цийг тус сургуульд багшаар сонгон ажиллуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шинээр нээгдэж буй ангид таныг багшаар ажилд авна, та дэмжлэг үзүүлээрэй гэж хахууль өгөхийг шаардан, түүнээс 2017 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байранд 1.000.000 төгрөг, хэтэвч, набор зэргийг авсан гэмт хэргийг,

мөн тус сургуульд бага ангийн багшаар ажиллаж буй М.М-ын 2017- 2018 оны хичээлийн жилд бага ангийн багшаар ажиллах ажлын байраа хадгалж үлдэх ашиг сонирхлын үүднээс Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсэгт “багш, ажилтныг хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох”, 20.2.12 дахь хэсэгт “сургууль, багшийн үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдамжаар хангах” гэх заалтуудын хүрээнд бага ангийн багш М.М-ын ажлын туршлага, ур чадварын талаар тодорхой үнэлэмж хэлж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байранд тус сургуулийн номын санч Л.Өоор дамжуулан өгсөн 1.000.000 төгрөгийг авсан гэмт хэрэгт холбогдож, шүүхээс түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл, хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.

Өмгөөлөгчийн зүгээс шийтгэх тогтоолыг гардаж аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад Ц.Ц, М.Г, Л.Ө нарын гэрч, яллагдагчаар өгсөн “Ц.М-д нийт 2.000.000 төгрөгийг өгсөн” гэх мэдүүлгийг үндэслэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөн шүүхийн хэлэлцүүлэгт тэдний өгсөн мэдүүлгээр нотлогдож байна гэж гэм буруутайд тооцож, ял оногдуулсан.

Гэтэл Ц.М нь Ц.Ц, М.Г, Л.Ө нарын адил эрүүгийн хэргийг шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаар, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө Ц.Ц, М.Г нараас хахууль аваагүй талаар хэлж мэдүүлсэн байхад Ц.Ц, М.Г, Л.Ө нарын мэдүүлгийг Ц.М-гийн мэдүүлгээс ач холбогдолтойд тооцож эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Шийтгэх тогтоолд Ц.М-гийн бусдаас хахууль авсан үйлдэл нь шүүгдэгч нарын мэдүүлгээс гадна Ц.Шинэбаяр, С.Мягмарсүрэн, Ц.Цэрэнжаргал, Д.Одонтуяа, С.Урантуяа, Х.Ганхуяг нарын гэрчээр өгсөн мэдүүлгээр нотлогдож байна гэж заасан байна. Гэтэл гэрчээр мэдүүлэг өгсөн Ц.Шинэбаяр, С.Мягмарсүрэн, Ц.Цэрэнжаргал, Д.Одонтуяа, С.Урантуяа, Х.Ганхуяг нар нь Ц.М бусдаас хахууль авах гэмт хэрэг үйлдэж байхад нь байгаагүй, энэ талаар хараагүй, хэргийг шууд нотолсон мэдүүлэг өгөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж заасан, энэ заалт шүүгдэгч Ц.Ц, М.Г, Л.Ө нарт нэгэн адил хамаарч байхад шийтгэх тогтоолд зөвхөн шүүгдэгч Ц.Мг өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болно гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.Мг өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээгээгүй шүүгдэгч Ц.Ц, М.Г, Л.Ө нар хэргийг шууд нотолсон мэдүүлэг өгөөгүй, Ц.Шинэбаяр, С.Мягмарсүрэн, Ц.Цэрэнжаргал, Д.Одонтуяа, С.Урантуяа, Х.Ганхуяг нарын мэдүүлгээр гэм буруутайд тооцож, ял оногдуулсан гэж үзэж байна.

Шүүгдэгч Ц.М-д холбогдох Ц.Ц, М.Г нарыг ажилд авахдаа хахууль авсан гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг өмнө нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаад Нийслэлийн прокурорын газраас 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 263 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Үүний дараа буюу Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 263 дугаартай тогтоол хүчин төгөлдөр, прокурорын шийдвэрийг хүчингүй болгоогүй байхад Ц.Ц, М.Г нар Авлигатай тэмцэх газарт өмнө нь шалгасан асуудлаар дахин гомдол гаргаж 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан байна.

Хэргийг шалгах явцад 2018 онд гаргасан гэмт хэргийн талаарх мэдээлэлтэй нь холбогдуулж С.Будрагчааг гэрчээр байцаахад сургууль төгсөгчдөөс авсан Үлдээмжийн мөнгө, багш нарыг түр орон тоон дээр ажиллуулж байгаа асуудлыг шалгуулна, харин багш нарыг ажилд томилохдоо 500.000-1.000.000 төгрөгийн хахууль авсан гэх асуудлыг танай байгууллагаас шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн тул дахин шалгуулах шаардлагагүй тухай мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл Нийслэлийн прокурорын газраас Ц.М-д холбогдох бусдаас хахууль авсан гэх асуудлыг шийдвэрлэсэн прокурорын шийдвэрийг хүчингүй болгоогүй байхдаа тухайн асуудалд дахин хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд улсын яллагчаас 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 263 дугаартай прокурорын шийдвэрийг хүчингүй болгосон. Тухайн гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын шийдвэрийн баталгаажуулсан хуулбарыг тус тус гаргаж өгсөн.

Нийслэлийн прокурорын газраас Ц.М-д холбогдох бусдаас хахууль авсан гэх асуудлыг шийдвэрлэсэн прокурорын шийдвэрийг хүчингүй болгоогүй байхдаа тухайн асуудалд дахин хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдлын хугацаанд цуглуулсан нотлох баримтыг үндэслэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс нотлох баримт шинжлэн судлах явцад хэлэлцүүлсэн боловч шүүх анхаарч үзэлгүй шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон.

Мөн өмгөөлөгчөөс хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолд Ц.М-гийн “Ц.Ц-ээс хахууль авсан” гэх үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэж бичсэн. Ийм хэрэг байгаа эсэх асуудлыг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шалгуулах санал гаргасан боловч шүүгч зөвхөн шүүгдэгч, улсын яллагч нараас энэ талаар асууснаар саналыг шийдвэрлэсэн байна.

Прокурорын хүчин төгөлдөр тогтоолд шүүгдэгч Ц.М-д холбогдох Ц.Ц-ээс хахууль авсан гэх үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэх асуудлыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шийдвэрлэх бус хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шалгуулах үндэслэлтэй гэж үзсэн.

Прокурорын тогтоолд бичсэнээс Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ц.М-д холбогдох хэргийг шилжүүлсэн бол миний үйлчлүүлэгч нэг гэмт хэрэгт 2 удаа шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах зарчим зөрчигдөж байна.

Иймд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шүүгдэгч Ц.М-гийн бусдаас хахууль авсан гэх үйлдлийг нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.М-гийн өмгөөлөгч Д.Оросоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шийдвэртээ “...Шүүгдэгч Ц.М болон түүний өмгөөлөгчийн М.Г болон Ц.Ц нараас мөнгө аваагүй, гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ. Ц.М нь шүүгдэгч М.Г, Ц.Ц нараас хахууль авсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүгдэгч, гэрч нарын дээрх мэдүүлгүүдээр нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ. ...” гэж үзсэн нь нотлох баримтыг буруу үнэлж, хууль буруу хэрэглэсэн тул үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Г, Ц.Ц нарын өөрсдийнхөө эсрэг өгсөн мэдүүлэг болон гэрч нарын “надад тэгж хэлсэн, би тэгж ярихыг нь сонссон” гэсэн дам яриаг прокурор яллах үндэслэл болгож, шүүх нотлох баримтаар тооцож Ц.Мг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж байна. Шүүгдэгч М.Г, Ц.Ц нар нь өөрийнхөө эсрэг Ц.М-д хахууль өгсөн гэж мэдүүлэг өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т зааснаар “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8-д “Дараахь мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй:

8.2-т хамтран ажиллах этгээдийн мэдүүлэг;

8.3-т яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг гэж заасан.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан. Мөрдөгч, прокурор нь хэргийн бодит нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Гэтэл мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Ц.М болон өмгөөлөгчийн зүгээс хахууль өгсөн, мөнгө төгрөг өгсөн гээд байгаа шүүгдэгч нартай Ц.Мг нүүрэлдүүлэн мэдүүлэг авахуулах, шүүгдэгч М.Г, Ц.Ц болон гэрч нараас дахин мэдүүлэг авахуулах, мэдүүлэг авахад Ц.М болон түүний өмгөөлөгчийг байлцуулж, асуулт асуух зэрэг хүсэлт гаргаж байсан боловч мөрдөгч уг хүсэлтийг хүлээж аваагүй, Ц.Мг авлига авсан мэтээр харагдуулах гэж мөрдөн шалгах ажиллагааг нэг талыг барьж дутуу явуулсан байхад энэ бүх нөхцөл байдлыг анхан шатны шүүх эргэлзээгүй болгосны дараа нотлох баримтаар тооцож шийдвэр гаргах ёстой байсан.

Уг асуудал буюу Ц.Мг авилга авсан гээд байгаа асуудал нь сахилгын зөрчил гаргаж, арга хэмжээ авахуулсан хүмүүс түүнд өс санаж, гүтгэх, ажил хэргийн үл ойлголцолоос болсон асуудал бөгөөд яг энэ асуудлаар өмнө нь 2018 онд Ц.Мг багш нараас авилга авч ажилд авдаг гэх худал гүтгэлэг Монголын мэдээ сонин болон олон нийтийн цахим сүлжээгээр тарааж, тухайн үед уг асуудлыг Авилгатай тэмцэх газраас шапгаж Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 263 тоот прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг юм.

Мөн уг худал гүтгэлгийг нийтэлсэн Монголын мэдээ сонины редакцийн зөвлөлөөс 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Монголын мэдээ сониныхоо №128 /5216/ дугаарт тодорхой нотлох баримтгүй худал мэдээлэл нийтэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч залруулга хийсэн байдаг. “Оллоо” ХК-иас www.olloo.mn веб сайтад нийтлэгдсэн “28 дугаар сургуулийн захирал багш нараас сая төгрөгийн авилга авдаг уу” гэх худал нийтлэл нийтэлсэндээ уучлал гуйж, залруулга хийсэн бөгөөд энэ талаар “Оллоо” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 19/45 тоот тодорхойлолт байдаг.

Ц.Ц-ийн хувьд ямар ч мөнгө төгрөгийн асуудал байгаагүй юм. Харин ч тухайн үед Ц.Ц нь багш нарын хурал дээр “...Энэ асуудал бол өчигдөр өнөөдрийн асуудал биш ээ, аль хавар нэр бүхий таван багш захирал Ц.Мг яаж унагах вэ? гэж янз бүрийн арга сэдэж хэрэгжүүлсний нэг нь энэ байсан. Намайг энэ цуурхлыг тараа гэж үүрэг өгсөн. Би тэр сонин дээр бичсэн зүйлийг хэлээгүй, баяжуулах гэж миний хэлээгүй үг зөндөө бичсэн байна лээ. Багш Ж.Эрдэнэцэцэг “Би өөрөө хэлэх гэхээр манай нөхөр Нийгмийн даатгалд ажиллаж байсан болохоор мэдэгдчихнэ. Тиймээс та хэлж тараа гэсэн...” гэж хэлсэн нь энэ бүх зүйл гүтгэлэг гэдгийг харуулдаг юм.

Энэ асуудал нь ажил хэргийн үл ойлголцол, маргаанаас болсон бөгөөд тус сургуулийн багш Ц.Ц нь ажлын байран дээр сахилгын зөрчил (хүүхэд зодсон) гаргаж байсан учир түүнд Ц.М нь тус сургуулийн удирдлага, захирлын хувьд арга хэмжээ авсан байдаг. Гэтэл тус багш нь өөрт нь сахилгын арга хэмжээ авсан асуудлаас болж уурлаж, өс санаж санаатайгаар миний үйлчлүүлэгчийн талаар авилга авсан мэтээр худал гүтгэж, худал мэдээлэл тарааж удаа дараа цагдаагийн байгууллагад гомдол гаргаж ирсэн юм.

Иймд хэргийн бодит байдал нь шүүхийн тогтоолд заасан үндэслэлд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэт явагдаагүй тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 445 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгөхийг хүсье.” гэв.

 

Шүүгдэгч Ц.М-гийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Түрийвчинд 1.000.000 төгрөг хийж өгсөн гэх Ц.Ц-ийн мэдүүлгээр Авилга авсан гэх гэмт хэргийг шалгасан. Түрийвчний асуудлаар харьцуулсан шинжээчийн дүгнэлт гаргасан байсан. Гэтэл Ц.М-гийн зүгээс “ийм зүйл байхгүй. Бид нарыг нүүрэлдүүлэн байцаалт авч энэ асуудлыг шалгаж өгөөч” гэж байсан. Мөн яг ийм түрийвч байсан эсэх нь эргэлзээтэй. Гэрчүүдийн мэдүүлэг ч гэсэн дамжмал эх сурвалжаар буюу “тэгж сонссон, гэнэ лээ” гэх зэрэг байснаас шууд зааж мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг байхгүй. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч Т.Эрдэнэбатаас баримтуудыг дахин нотлох баримтаар тооцуулахаар хүсэлт гаргасан. Энэ баримт нь М.М-аас Ц.М рүү бичсэн мессежний хуулбар байсан юм. Үүнд, Г “Авилгатай тэмцэх газраас дуудагдаад үгээ нийлүүлэх хэрэгтэй байна. Өгсөн, дараа нь та авсан гэж үнэнээ хэлсэн шүү. Уучлаарай таныг асуудалд оруулчихлаа” гэсэн байсан. Гэтэл энэ баримтыг нотлох баримтаар тооцуулах хүсэлтийг хангаагүй шийдвэрлэсэн. Энэ баримт нь Ц.М-д холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэх гол үндэслэл болох байсан юм. Мөн Ц.М нь Ц.Ц, М.Г нарт арга хэмжээ аваад дээд шатны байгууллагаас дуудуулж тайлбар мэдүүлэг авч байсан зэргийг тогтоох ажиллагаа хийгдээгүй тул мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байна.” гэв.  

Шүүгдэгч Ц.Ц-ийн өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх Ц.Ц, Будрагчаа, Урантуяа нарын 11 хүнээс гомдол гаргаж байсан. Мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг баримталж хийгдсэн гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс хэргийг прокурорт буцааж, дахин шалгах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Ц.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна.” гэв.

Шүүгдэгч Ц.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ сургуулийн захирлаар 3 жил ажилласан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад багш нараас надад ямар нэгэн зүйл өгсөн, авсан асуудал байхгүй гэдгийг мэдүүлж байсан. Мөн тухайн үед би өмгөөлөгчгүй, хууль шүүхийн байгууллага үнэн зөвийг тогтооно гэж хүлээж байсан. Багш Ц.Ц надад юм өгөх нь байтугай утсаар ярьж, уулзаж дарамталсан зүйл байхгүй гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд мэдүүлсэн. Ямар хүний хэлсэн үгийг үнэлээд, ямар хүнийхийг нь үнэлэхгүй байгааг би сайн мэдэхгүй байна. Би багш Ц.Ц-тэй хүүхдийн асуудлаар, нийгмийн даатгалтай холбоотой асуудлаар нийт 3 удаа уулзаж байсан. Багш нарт арга хэмжээ авах асуудлыг зөвхөн сургуулийн захирал хийдэггүй. Тухайн эцэг, эхийн гомдол, саналыг аваад удирдлагын түвшинд буюу сургалтын менежерүүдтэй хамт сууж байгаад асуудлыг шийдвэрлэдэг. Эдгээрийг шалгаж тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн. Удирдлагаас ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага тавьж хүүхдийн эрхийг хамгаалсныхаа төлөө өөрөө хэрэгт орчихоод байна. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү.” гэв.  

Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Ц.Цийг хясан боогдуулсан, зайлшгүй хахууль өгөх нөхцөл байдалд оруулсан зүйл харагддаггүй. Харин Ц.М-гээс Ц.Ц-т “таныг бага ангийн багшаар авна. Тусалж, дэмжиж байгаарай” гэх яриа болсон. Мөн шүүгдэгч Ц.Мг бусдыг хясан боогдуулж хахууль авсан гэж яллагдагчаар татаагүй, анхан шатны шүүхээс түүнийг энэ зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Иймд шүүгдэгч Ц.Ц-ийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүхээс Ц.Ц-т оногдуулсан ял шийтгэл тохирсон байна гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.М-гийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч Ц.Мг гэм буруутайд тооцохдоо зөвхөн яллагдагч нарын мэдүүлгийг үндэслэсэн, бусад нотлох баримтууд дамжмал гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн онцлог нь өгөгч, авагч нарын хооронд л үүссэн харилцаа байдаг буюу зөвхөн Ц.Ц, Ц.М нарын хооронд “би ажилд орох гэж байгаа юм. Та тусалж дэмжээрэй” гэх яриа болсон. Энэ яриаг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай нотолж тогтоосон. Өөрөөр хэлбэл, Ц.Ц нь Ц.М-д юу юуг хэдийд өгсөн, ямар зорилгоор өгсөн, өгсөн зүйлийн эх сурвалж хаана байна гэдэг талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай тогтоосон. Ц.М-д өгсөн гэх түрийвчийг Ц.Ц-ийн гадаад улсад суралцдаг Шинэбаяр гэх хүүхэд нь ээждээ өгч байсныг ээж нь захиралдаа өгсөн байсан. Энэ талаар Ц.Ц болон түүний охин мэдүүлсэн. Мөн набор, түрийвчинд 1.000.000 төгрөг хийгээд өгсөн болохоо шүүгдэгч Ц.Ц гэрчээр, яллагдагчаар, шүүгдэгчээр мэдүүлсэн. Ц.Мг Ц.Ц гүтгэх ямар нэгэн шаардлага байхгүй. Ц.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэдгээ илчилснийхээ төлөө өөрөө эрүүгийн хариуцлага хүлээж байгаа. Энэ талаар тухайн 28 дугаар дунд сургуулийн багш нар, Ц.Ц-ийн охин зэргээс мэдүүлэг авсан. Эдгээр нөхцөл байдлуудаас Ц.М нь хахууль авсан болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон. Мөн өмгөөлөгч нарын зүгээс яллагдагчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэж байна. Дангаараа гэдэг нь өөр ойлголт буюу ганцхан Ц.Ц гэдэг хүний мэдүүлгээр Ц.Мг хахууль авсан гэж гэм буруутайд тооцож байгаа зүйл биш. Ц.Ц-ийн ярьсан зүйлийн эх сурвалж, үндэслэлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоосон. Ямар байдлаар хэн хэнд энэ талаар ярьсан, хаанаас энэ мөнгийг авсан, түрийвчийг хаанаас авсан юм гэх зэргийг шалгасан. Иймд Ц.М нь Ц.Ц-ээс хахууль аваагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Мөн Ц.Ц, Ц.М, М.Г, Л.Ө нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн шүүх хэлэлцэж шийдвэрлэсэн. Прокурор тогтоол гаргахдаа техникийн алдаа гаргаж Баянгол дүүрэг гэдгийг Хан-Уул дүүрэг гэж алдаа гаргасан болохоо анхан шатны шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан. Мөн анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.М-гээс тодорхой асуухад “ийм хэрэг байхгүй” гэж байсан. Хэрэг шүүхэд шилжихээс өмнө яллагдагчаар татагдах ёстой, шүүхэд хэрэг нь ирсэн байх ёстой. Хэрэг нь 2 давхар шалгагдаж байж болохыг шүүгдэгч Ц.М хамгийн сайн мэдэж байх ёстой. Иймээс Хан-Уул дүүрэгт энэ хэрэг шалгагдаж байгаа талаар шалгах шаардлагатай байна гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Л.Ө нь тус сургуулийн бага ангийн багшаар ажиллаж байсан М.М-ыг өөртөө “2017-2018 оны хичээлийн жилд бага ангийн багшаар ажиллах ажлын байраа хадгалж үлдэх” давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.М-д Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсэгт “багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох”, 20.2.12 дахь хэсэгт “сургууль, багшийн үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдамжаар хангах" гэх заалтуудад заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “өөрийнх нь ажлын туршлага, ур чадварын талаар тодорхой үнэлэмж хэлж” албаны чиг үүргээ хэрэгжүүлсэний хариуд” түүнд 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор 1.000.000 төгрөг өгөхийг урьдчилан амлаж, уг мөнгийг Ц.М-д дамжуулан өгч дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Л.Ө-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт дараахь зүйлийг тусгана” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж тус тус заасан бөгөөд хэрэгт авагдсан Л.Өын үйлдэлтэй хамааралтай гэм буруугийн талаарх нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ анхан шатны шүүх заагаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэж тус тус заажээ.  

Өөрөөр хэлбэл, Л.Ө нь Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор М.М-аас дугтуйтай мөнгийг авч Ц.М-д дамжуулан өгсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан яллагдагчаар М.М-ын “...Ө ч миний өгсөн цаасанд боосон мөнгийг аваад захирлын өрөө рүү явчихаад удалгүй 10 орчим минутын дараа захиралд өгчихсөн, одоо гайгүй байхаа гэж хэлсэн...” /7хх 129/, яллагдагч Л.Өын “...Г танд өгүүлж байна гэж хэлээд өгөхөд захирал юу юм бэ гэж асуухаар нь мөнгө гэдгийг хэлсэн. Тэгэхэд захирал авахгүй гэж хэлэхээр нь М.Г танд өгчихөөрөй гэсэн юм аа гэж хэлээд цаасанд боодолтой М.М-ын өгсөн мөнгийг нь захирлын суудаг ширээнийх нь буланд тавьчихаад гараад явсан. ...М.Г хүлээгээд сууж байсан болохоор захиралд өгчихлөө гэдгийг хэлсэн...” /7хх 223/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М-гийн “...Өын хувьд мөнгө өгөх гэж оролдсон. ...Тэр мөнгийг нь буцаагаад өгсөн гэж найдаж байна. ” /8хх 206/ гэх мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г, Л.Ө нарын өгсөн мэдүүлэг /8хх 203-213/ зэргээр Л.Өын үйлдэл оролцоо тогтоогдож байхад анхан шатны шүүх “хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Л.Ө нь шүүгдэгч М.М-ыг шүүгдэгч Ц.М-д 1.000.000 төгрөгийг хахууль өгч байгааг мэдээгүй, зөвхөн М.М-ын захирал Ц.М-д цаасанд боосон мөнгө аваачаад өгчих гэсэн гуйлтаар мөнгө аваачиж өгсөн нөхцөл байдал тогтоогдож байна” гэсэн үндэслэлээр Л.Ө-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Анхан шатны шүүх “Шүүгдэгч Ц.М, Л.Ө, М.Г, Ц.Ц нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Cэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэсэн зохицуулалттай хэрхэн уялдаатай авч үзсэн талаараа хууль зүйн дүгнэлт хийвэл зохино.  

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 445 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Ц.М, М.Г, Ц.Ц, Л.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Д.Оросоо, шүүгдэгч Ц.Ц нарын  гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 445 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.М, М.Г, Ц.Ц, Л.Ө нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Ц.М, М.Г, Ц.Ц, Л.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                        Б.АРИУНХИШИГ