Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0186/З |
Дугаар | 153 |
Огноо | 2018-03-12 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 153
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Б даргалж, шүүгч Н.Д, шүүгч О.О нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х” ХХК,
Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч Д.Н, С.Э,
Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн улсын байцаагч Д.Н, С.Э нарын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Татвар нөхөн төлүүлэх тухай” 12/15 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.Н, хариуцагч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.Н нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ: “Х” ХХК нь “ХЦШ” ХК-ийн хувьцаа эзэмшигч, жижиг дунд үйлдвэр эрхлэгч компани юм. Тус компани нь 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Б” ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, 2015 онд нэрээ өөрчлөн “Х” ХХК болж, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
“Х” ХХК нь “ХЦШ” ХК-тай 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр чулуунцар үйлдвэрлэлийн технологийн шугамыг өөрчлөх, цемент үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд нэг сая тоннд хүргэн нэмэгдүүлэх нөхцөлтэй Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2.1, 1.2, 1.5-д зааснаар хөрөнгө оруулагч “Б” ХХК нь цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр оруулж ирэх үүргийг хүлээсэн. Улмаар төслийн хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт шинэ үйлдвэрлэлийн барилгын материал болон үйлдвэрлэлийн зориулалттай иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг 2011-2013 онуудад бүрэн оруулж ирсэн.
Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч Д.Н, С.Э нар нь төслийн явцад 2013-2014 онуудад импортоор оруулж ирсэн барааны гаалийн болон санхүүгийн баримт бичигт шалгалт хийж, горимын шаардлага хангаж гаалийн бүрдүүлэлт хийгээгүй 33.782.701.479,70 төгрөгийн барааны үнэд ногдох гаалийн татвар 1.689.135.074 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 3.547.183.655 төгрөг, нийт 5.236.318.729 төгрөгийн татварыг ногдуулж, “Б” ХХК-иар төлүүлэхээр 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Татвар нөхөн төлүүлэх” тухай 12/15 тоот актыг тавьсан.
“Х” ХХК нь энэхүү актыг дараах хууль зүйн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
Татваргүй барааны 403 горимоор оруулж байсан ачаа, тоног төхөөрөмжүүдийг гаалийн баталгаат барилгын талбайн горимд шилжүүлэх болсон үндэслэлийн тухайд: Төслийн хүрээнд оруулж ирсэн барилгын материал болон үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжүүдээс БТКУС-ын кодоор ихэнх хэсэг нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Тогтоол шинэчлэн батлах тухай” 100 дугаар тогтоол, 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 193 дугаар тогтоол, Сангийн сайдын 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 4-2/3658 тоот албан бичиг зэрэг эрх зүйн баримт бичгүүдэд зааснаар гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас бүрэн чөлөөлөгдөх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлд хамаардаг.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 100 дугаар, 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолуудад заасны дагуу гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх хилээр орж ирж буй тоног төхөөрөмжүүдийн хувьд иж бүрдэл болсон үед нь гаалийн бүрдүүлэлт хийж, хаах нөхцөлтэй байдаг. Төслийн явцад тус нөхцөлийн дагуу 403 горимоор 16.439.000 ам доллар буюу 21.527.782.300 төгрөгийн тоног төхөөрөмжийн гаалийн бүрдүүлэлтийг хийсэн.
Компани дахин шинээр тоног төхөөрөмжүүд оруулж ирэх үед ажлын үе шат, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, татан авалтаас шалтгаалан цувж ирэх, иж бүрдэл болохгүй, манифест хаагдахгүй байх нөхцөл байдал үүссэн. Тус асуудлыг шийдвэрлэх зорилгоор гаалийн шат шатны байгууллага, албан тушаалтанд хандаж, тэдгээрийн шийдвэр, зөвлөмжийн дагуу дараах байдлаар гаалийн бүрдүүлэлт хийсэн. Үүнд:
Гаалийн ерөнхий газрын дэд даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03/4803 тоот “Гаалийн бүрдүүлэлт хийх тухай” албан бичгээр “ЦШ” ХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын төслийн хүрээнд БНХАУ-аас хэсэгчлэн оруулж ирэх 4000 м.куб буюу 140 вагон тоног төхөөрөмжийг Гаалийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэг ачилтад хамруулж, гаалийн бүрдүүлэлт хийхийг Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Т.Б, Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын дарга Б.А нарт мэдэгдсэн байдаг.
Мөн Гаалийн ерөнхий газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/207 тоот “Зөвшөөрөл олгох тухай” тушаалаар Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэг, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн компанид гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 1 жилийн хугацаатай олгож, Гаалийн ерөнхий газрын дарга Ё.Б-ийн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 02-01/538 тоот удирдамжаар ачааг гаалийн баталгаат барилгын талбайн хяналтад хамруулж, гаалийн бүрдүүлэлт хийхийг мэдэгдсэн байна.
Дээрх байдлаар эрх бүхий албан тушаалтнуудаас зөвшөөрөл олгогдсоны дагуу 22.964.993 ам доллар буюу 33.834.622.902 төгрөгийн үйлдвэрлэлийн барилгын материал болон үйлдвэрлэлийн зориулалттай иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг 730 горимоор бүрдүүлэлт хийж, гаалийн баталгаат барилгын талбайд байршуулсан.
Тус горимоор зөвхөн барилгын материалуудын бүрдүүлэлт хийгдэх ёстой учир Дархан-Уул аймаг дахь гаалийн газар 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2/193 тоот албан бичгээр гаалийн ерөнхий газрын гаалийн хяналт, эрсдэлийн удирдлагын газарт хандан улмаар Гаалийн шат шатны байгууллага, тэдгээрийг төлөөлөх эрх бүхий этгээдээс өгөгдсөн зөвлөмжийн дагуу тухайн үеийнхээ хууль, журмын дагуу гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх 23.530.560.8 ам.долларын өртөг бүхий 51 нэр төрлийн тоног төхөөрөмжүүдийн бүрдүүлэлтийг 730 горимоор хийсэн. Дээр дурдсан зайлшгүй шаардлагаар холбогдох зөвлөмж, зөвшөөрлийн дагуу 730 горимоор бүрдүүлэлт хийсэн нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 04 дүгээр 06-ны өдрийн 100 дугаар, 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолуудын дагуу албан татвараас чөлөөлөгдөх ёстой.
Актын хууль зүйн үндэслэл, актаар тогтоосон нөхөн төлүүлэх татварын хэмжээний тухайд: Гаалийн улсын байцаагчийн актад Гаалийн баталгаат барилгын талбайн хугацаа дуусгавар болсон байхад дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимоор гаалийн бүрдүүлэлт хийж, татварыг төлөөгүй зөрчил илэрсэн гэсэн нь бодит байдалд нийцэхгүй, торгууль ногдуулсан хуулийн заалтыг хэрэглэх үндэслэл бүрдээгүй байна. Тухайлбал, Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 193-р тогтоолоор “Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 100-р тогтоолын 1-р зүйлд 2012 он гэснийг 2013 болгон өөрчилсүгэй” хэмээн баталсны дагуу манай компанийн хөрөнгө оруулалтын тоног төхөөрөмжүүд гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх нөхцөлийг хангаж байгаа юм.
Нэхэмжлэлд дурдсаны дагуу үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан гаалийн шат шатны байгууллага болон албан тушаалтны зөвлөмж, зөвшөөрлийн дагуу 403 горимыг 730 горимоор сольж, бүрдүүлэлт хийсэн нь татвар ногдуулах үндэслэл болохгүй.
Мөн акт ногдуулах үндэслэл болсон Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.12 дахь заалтад “Гаалийн болон бусад татвар ногдуулахгүйгээр гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн, бараа, тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд буцаан нэвтрүүлээгүй бол зөрчил илэрсэн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гаалийн хууль тогтоомж, валютын ханш, тарифыг үндэслэн гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлж, зөрчил гаргасан иргэнийг 30000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох” гэжээ. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 676 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горим хэрэгжүүлэх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2-д “Энэ горимд хамаарах барааны гаалийн болон бусад татварыг Гаалийн тариф, татварын тухай хуулийн 43.1-д заасан тохиолдолд буцаан олгоно”, 5.4-д “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 41.2-т заасан баталгааг гаргаж түр хугацаагаар оруулсан барааг буцаан гаргаагүй тохиолдолд гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлнэ” зэрэг зохицуулалтаас харахад буцаан гаргаагүй зөрчил нь зөвхөн гаргаагүй тухайн барааны хувьд яригдах ойлголт юм. Тодруулбал, зөвхөн үйлдвэрлэлийн шугамын тоног төхөөрөмжийг угсрахад зайлшгүй шаардлагатай буцах нөхцөлтэйгөөр гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимоор бүрдүүлэлт хийгдсэн 1,629,834,802 төгрөгийн үнэ бүхий хүнд даацын машин механизм, тусгай багаж төхөөрөмжүүдийн хувьд энэхүү зохицуулалтад хамаарах тул энэхүү актаар зөвхөн уг тоног төхөөрөмжид холбогдох татварыг ногдуулах үндэслэлтэй байж болно. Харин хууль, журмын дагуу гааль, НӨАТ-аас чөлөөлөгдсөн барааны хувьд татвар нөхөн төлүүлэх акт үйлдэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Түүнчлэн хуульд заасан хугацаанд буцаан нэвтрүүлээгүй барааны хувьд тухайн цаг үед нь буцаан нэвтрүүлж чадахгүй байгаа шалтгаан, нөхцөл байдлаа тайлбарлан 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/119 тоот, 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/102 тоот, 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1/84 тоот зэрэг албан бичгүүдээр гаалийн байгууллагуудад хандаж шаардлагатай арга хэмжээ авч өөр горимд шилжүүлэх эсхүл хугацаа сунгах талаар шийдвэрлэж өгөхийг удаа дараа хүссэн боловч асуудлыг шийдвэрлээгүй болно. Тиймээс буцаан нэвтрүүлэх хугацаа хэтрүүлсэн асуудал нь Гаалийн хууль тогтоомжийн зөрчил бус хууль тогтоомжийн боловсронгуй бус байдал, Гаалийн байгууллагын хүндрэл чирэгдэлтэй үйл ажиллагаанаас хамаарч үүссэн нөхцөл байдал гэж үзэж байна.
Иймд Гаалийн ерөнхий газрын Гаалийн улсын байцаагч Д.Н, С.Э нарын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 12/15 тоот “Татвар нөхөн төлүүлэх” тухай актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч гаалийн улсын байцаагч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалтыг гадаад худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага, гаалийн баталгаат, тусгай, чөлөөт бүс болон түр агуулах эзэмшигч, тээвэрлэгч байгууллагад хийдэг. Гаалийн ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсээс “татвар төлөгдөхгүй байгаа учраас шалгалт хийн асуудлыг шийдвэрлэнэ үү” гэсэн хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 24-ний 20/15 тоот удирдамж, томилолт олгож, “Х” ХХК-ийн 2013-2014 онуудад импортолсон бараа, тоног төхөөрөмжийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн болон гаалийн баталгаат барилгын талбай, түр горимын хэрэгжилтийг хууль журмын дагуу шалгаж, шийдвэрлэсэн.
“Х” ХХК нь 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “ХЦШ” ТӨХК-тай цементийн үйлдвэрлэлийн чулуунцар үйлдвэрлэх технологийн 2-р шугамыг хуурай аргад шилжүүлэн цемент үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд 1 сая тонн хүргэн өргөтгөх, ил уурхай, авто тээврийн цогцолбор байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалтын гэрээг Төрийн өмчийн хорооны даргаар батлуулсан байдаг.
Төслийг хэрэгжүүлэх техник эдийн засгийн үндэслэлийн танилцуулгад хөрөнгө оруулалтад гаалийн болон НӨАТ-ыг төлөх тооцооллыг гаргасан атлаа одоо энэхүү үүргээ биелүүлэхгүй байна. ТЭЗҮ бол маргаан бүхий акттай холбоотой маш чухал баримт. Иймд хөрөнгө оруулалтаар оруулсан тоног төхөөрөмжид гаалийн болон НӨАТ ногдуулах үндэслэлтэй.
Нэг: “Х” ХХК-ийн захирлууд нь 2011 оны Засгийн газрын 100 дугаар тогтоол, 2012 оны Засгийн газрын 193 дугаар тогтоолуудаар батлагдсан жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтын барааны хөнгөлөлт, чөлөөлөлтийн БТКУС-ын кодын жагсаалтанд хамрагдах боломжтой байсан гэсэн үндэслэлээр хөнгөлөлт чөлөөлөлтийн 403 горимоор бүрдүүлэлт хийлгэхээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.
Харин тус компани нь 2011 онд 400 горимоор нэг ширхэг өөрөө явагч өрмийн машиныг импортоор оруулж 52,9 сая төгрөгийн гаалийн болон НӨАТ төлж барагдуулсан нь уг тогтоолын заалтуудад хамрагдахгүй болохыг мэдэж, ойлгосныг гэрчилж байгаа.
2012 онд Засгийн газрын 193 дугаар тогтоол батлагдаж, 2011 оны 100 дугаар тогтоолын хавсралтыг шинэчлэн баталсан. Засгийн газрын тогтоолуудын хавсралтаар батлагдсан жагсаалтанд цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд хөнгөлөлт, чөлөөлөлтийн горимд хамрагдахаар заасан боловч, тус компанийн хэрэгжүүлж байгаа төсөл Хөтөлбөр нь Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу жижиг, дунд үйлдвэрийн эрх эдлэх үйлчилгээний бүртгэлд хамрагдаагүй, хуулийн заалтуудыг хангах болзолд нийцэхгүй байсан тул гаалийн байгууллага өөрийн эрх мэдлийн хүрээнд хөрөнгө оруулалтын ажлыг дэмжиж, эдийн засгийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломжийг олгож, 2012 оны 11 дүгээр сарын 12-ны А/207 тоот тушаалаар 09/07 дугаартай нэг жилийн хугацаатай гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгосон.
Энэ зөвшөөрлийн дагуу 2013 онд хилийн чанадаас ирсэн гадаадын барааг гаалийн бүрдүүлэлтийн баталгаат барилгын талбайд оруулах гаалийн бүрдүүлэлтийн 730 горимыг ашиглан 23.530.560,80 ам долларын барааг татваргүйгээр оруулсан.
2014 онд баталгаат барилгын талбайд оруулсан бараанаас гаалийн баталгаат барилгын талбайгаас дотоодын хэрэглээнд зориулан гаалийн бүрдүүлэлтийн 454 горимоор 601.091,90 ам долларын бараанд бүрдүүлэлт хийж, 169.499.666,00 төгрөгийн гаалийн болон НӨАТ-ыг төлж барагдуулсан.
Одоогийн байдлаар гаалийн баталгаат барилгын талбайн тооцоогоор 22.929.468,90 ам долларын барааны үлдэгдэлтэй, талбайн хугацаа дуусгавар болсон, үлдэгдэл барааг гаалийн бүрдүүлэлтийн 454 горимоор бүрдүүлэлтийг хийж гаалийн бүрдүүлэлтийн 730 горимыг дуусгавар болгож, тухайн өдрийн ханшаар гаалийн татварт 1.689.135.074,00 төгрөгийн, нэмэгдсэн өртгийн албан татварт 3.547.183.655,00 төгрөгийн, нийт 5.236.318.729,00 төгрөгийн татварыг төлж барагдуулах төлбөрийн тооцоонууд хийгдээгүй байсан тул шалгалтаар холбогдох татварыг нөхөн төлж барагдуулахаар гаалийн улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны 12/15 тоот актаар төлбөр тогтоосон.
2014 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Засгийн газын 191 дүгээр тогтоолоор 2011 оны 100, 2012 оны 193 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, шинэчлэн баталж гаргасан тогтоолд цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хөнгөлөлт, чөлөөлөлтийн жагсаалтаас хассан.
Харин 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус аж ахуйн нэгж нь Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д шаардлагыг хангасан тул 4330 Барилгын засварын үйлчилгээ, 1610 Гадаад худалдаа эрхлэх, 8549 Албан ёсны нийтлэг орчуулгын ажил үйлчилгээ” эрхлэгчээр бүртгэв гэж аж ахуйн, нэгжийн гэрчилгээнд тэмдэглэгээ хийсэн байгаа нь 2012-2013 онуудад гаалийн бүрдүүлэлт хийж импортоор орж ирсэн бараа, тээврийн хэрэгсэлд ямар ч хамааралгүй болох нь хугацаанаас нь харагдаж байна.
Мөн олгосон зөвшөөрөл, тэмдэглэгээ нь Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5.1.1-д “контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1,5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн” гэсэн үндэслэлийг баримталсан нь бодит байдлаас асар зөрүүтэй байгаа.
“Х” ХХК-ийн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар 28,0 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогыг бий болгосон нь Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шаардлагыг хангаагүй, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамаарахгүй.
Хоер: Гаалийн ерөнхий газрын 2008 оны 678 дугаар журмын дагуу “Х” ХХК-иас гаргасан хүсэлтийг үндэслэн гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгож, импортолсон барааг гаалийн баталгаат барилгын талбайд 730 горимоор бүрдүүлэлт хийсэн нь гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгч нь 2013 онд 730 горимоор 23.5 сая ам.долларын барааг барилгын баталгаат талбайд оруулсан. Ингэхдээ Гаалийн ерөнхий газартай нэг жилийн хугацаатай гэрээ хийн, зөвшөөрлийн гэрчилгээ авсан. 730 горимоос дотоодын хэрэгцээнд зориулан 454 горимоор гаалийн бүрдүүлэлт хийх ёстой. Үүний дагуу нэхэмжлэгч нь зарим бараанд 454 горимоор бүрдүүлэлт хийж, 169.5 сая төгрөгийн татварыг төлсөн. Энэ нь 730 горимоос 454 горим руу шилжин, татвар төлнө гэдгийг мэдэж байсан гэсэн үг. Нэхэмжлэгч 730 горимд байршуулахыг хориглосон бараа байршуулсан, мөн тус горимоо дуусгавар болгоод дараагийн горимоо сонгоогүй учраас шалгалт хийн, татвар төлүүлэх асуудал анх тавигдсан. Нэхэмжлэгч нь эхлээд 730 горимд бараагаа байршуулаад, горим өөрчилж татвар төлөхийг мэдэж, татварыг төлж байсан боловч явцын дунд 403 горим буюу татваргүй горим байдаг талаар олж мэдээд зөвхөн өөрсдийн эрх ашгийн үүднээс хандсан, заавал хөнгөлөлт, чөлөөлөлтийн 403 горимыг сонгох нь хууль, журамд нийцэхгүй.
Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шалгуур үзүүлэлтүүдтэй нийцэхгүйгээс шууд гаалийн бүрдүүлэлтийн 400 горимоор гаалийн бүрдүүлэлтийг хийж, татварыг бүрэн төлүүлэх байсныг гаалийн байгууллага компанийн хөрөнгө оруулалтын ажлыг дэмжиж, эдийн засгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, цаг хугацааны боломжийг бий болгоход туслах зорилгоор гаалийн баталгаат барилгын талбайн 730 горимын дагуу түр хугацаагаар гаалийн бүрдүүлэлтийг хийж оруулснаар үйлдвэрлэлийн цогцолбор бий болгоход ихээхэн дэмжлэг болсон.
Компанийн хэрэгжүүлсэн төсөл Хөтөлбөр бүрэн хэрэгжиж, үйлдвэрлэлийн ажиллагаа хэвийн ажиллаж өөрсдийн хүсэн хүлээсэн амжилтандаа хүрч, үр өгөөжтэй ажиллах боломжийг төрөөс олгосныг хүндэтгэн сайн дураараа баталгаат барилгын талбайн горимыг дуусгавар болгон, бүрдүүлэлт хийж татвараа төлөх нь ёс зүйн болоод хуулийг хүндэтгэсэн явдал болох байлаа.
Гаалийн улсын байцаагчийн тогтоосон төлбөрийн акт нь гаалийн бүрдүүлэлтийн горимын шаардлага хангуулах, гаалийн баталгаат барилгын талбайн хугацааг дуусгавар болгох, үйлдвэрийн үйл ажиллагаанд ашигласан бараа, тоног төхөөрөмжийн гаалийн болон НӨАТ-ыг төлүүлэхээр тогтоогдсон.
Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.12-д “гаалийн болон бусад татвар ногдуулахгүйгээр гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн, бараа тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд буцаан нэвтрүүлээгүй бол зөрчил илэрсэн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гаалийн хууль тогтоомж, валютын ханш, тарифыг үндэслэн гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлж, зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох”, мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д “гаалийн хууль тогтоомж зөрчиж нэвтрүүлсэн бараанд гаалийн болон бусад татварыг ногдуулахдаа Монгол улсын хил нэвтрүүлсэн өдөр, хэрэв энэ өдрийг тогтоох боломжгүй бол зөрчил илрүүлсэн өдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа тариф, валютын ханшийг мөрдөнө” гэсэн заалтуудыг үндэслэсэн акт тогтоосон нь хууль, эрх зүйн хувьд зөрчилгүй болно.
Нэхэмжлэгч нь Олон улсын болон Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй үйл ажиллагааг заавал нийцүүлэх оролдлого хийн, улсын төсвийн орлогыг санаатайгаар саатуулж байгаа нь Гаалийн тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1, 290 дүгээр зүйлийн 290.2.12, 294 дүгээр зүйлийн 294.1, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 6 дугаар зүйлийн 6.6, 8 дугаар зүйлийн 8.1.4, Гаалийн баталгаат барилгын талбайн хэрэгжүүлэх 678 дугаар журам, техник эдийн засгийн үндэслэл зэрэг хууль эрх зүйн баримтуудтай зөрчигдөж байна.
Иймд хууль эрх зүйн хувьд ямар ч зөрчилгүй гаалийн улсын байцаагчийн тогтоосон актыг хэвээр баталж, “Х” ХХК-иас улсын төсөвт төвлүүлэх гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвар 5.236.318.729,00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК нь тус шүүхэд “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Н, С.Э нарын тогтоосон 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Татвар нөхөн төлүүлэх тухай” 12/15 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр гаалийн улсын байцаагч нарын төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэлээ.
Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын ахлах байцаагч, Д.Н, гаалийн улсын байцаагч С.Э нар нь “Б” ХХК-ийн 2013-2014 онуудад улсын хилээр нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэх болон гаалийн баталгаат бүс, түр горимын хэрэгжилтийн байдалд бүрдүүлэлтийн дараах шалгалтыг явуулж, гаалийн улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 12/15 дугаар актаар гаалийн бүрдүүлэлтийн горимын шаардлага хангаагүй, гаалийн баталгаат барилгын талбайн хугацаа дуусгавар болсон байхад дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимоор гаалийн бүрдүүлэлт хийж, татварыг төлөөгүй гэх үндэслэлээр 33.782.701.479,70 төгрөгийн барааны үнэд ногдох гаалийн татвар 1.669.135.074,0 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 3.547.183.655,00 төгрөг, нийт 5.236.318.729,00 төгрөгийн татварыг нөхөн ногдуулж, “Б” ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэжээ.
“Б” ХХК нь дээрх улсын байцаагч нарын актыг эс зөвшөөрч 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Гаалийн ерөнхий газрын даргад гомдол гаргасан байх бөгөөд Гааль, татварын газрын Хууль эрх зүйн газраас Улсын төсвийн газрын орлого хяналтын газарт хүргүүлсэн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 28 дугаар Дотоод зурваст “... Гааль, татварын ерөнхий газрын гаалийн тариф, татварын газрын тодорхойлсноор тус компаний импортолсон зарим бараа, бүтээгдэхүүн нь тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжоор импортын татвараас чөлөөлөх зохицуулалтад хамрагдаж байгаа эсэхийг тогтоосны дагуу улсын байцаагчийн актад өөрчлөлт оруулах нь хууль зөрчихгүй” гэж дүгнэсэн, мөн Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар тус компаний гаргасан хөнгөлөлт, чөлөөлөлтийн горимд шилжүүлэх асуудлыг хэлэлцээд “... Бүрдүүлэлтийн дараах шалгалт хийсэн байцаагчийн гаргасан шийдвэр зөв гэж үзээд уг аж ахуйн нэгжээр татварыг төлүүлэх”-ээр шийдвэрлэж байжээ.
“Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 06/2015 дугаар шийдвэрээр компаний оноосон нэрийг “Х” ХХК болгон өөрчилж, /цаашид “Х” ХХК гэнэ/ 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дахин гэрчилгээ олгожээ.
Нэхэмжлэгч “Х” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ “... Төслийн хүрээнд оруулж ирсэн барилгын материал болон үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжүүд нь Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 100 дугаар тогтоол, 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолуудад заасан тоног, төхөөрөмжүүдэд хамаарч байгаа тул гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх ёстой ... 403 горимыг 730 горимоор сольж, бүрдүүлэлт хийсэн нь татвар ногдуулах үндэслэл болохгүй. Татвар нөхөн төлүүлэхээр акт тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй” гэж, хариуцагч нь “Засгийн газрын дээрх тогтоол нь жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилготой. Иймд заавал жижиг дунд үйлдвэр эрхлэгч компани байх ёстой ... Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгож, импортолсон барааг ... 730 горимоор бүрдүүлэлт хийсэн нь гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үндэслэл болохгүй. Гаалийн бүрдүүлэлтийн 730 горимоос аль ч горимыг сонгон бүрдүүлэлт хийх боломжтой ... заавал хөнгөлөлт, чөлөөлөлтийн 403 горимыг сонгох нь хууль, журамд нийцэхгүй. Акт хууль эрх зүйн хувьд зөрчилгүй” гэж маргажээ.
Маргааны үйл баримтуудаас үзэхэд анх 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “ХЦШ” ТӨХК нь “Б” ХХК-тай /Х ХХК/ “Цементийн үйлдвэрлэлийн чулуунцар үйлдвэрлэх технологийн 2 дугаар шугамыг хуурай аргад шилжүүлэн, цемент үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд нэг сая тоннд хүргэн өргөтгөх, ил уурхай, авто тээврийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээ” -г байгуулан, Төрийн өмчийн хорооны даргаар батлуулсан байх бөгөөд “Б” ХХК /“Х” ХХК/ нь уг төслийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчээр ажиллажээ.
Дээрх төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Б” ХХК-ийн /“Х” ХХК/ гаргасан хүсэлтийн дагуу Гаалийн ерөнхий газрын 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/207 дугаар тушаалаар “Б” ХХК-д Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт байрлах “ХЦШ” ХК-ийн эзэмшлийн 16 га талбайд гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нэг жилийн хугацаатайгаар олгож, 09/07 дугаар гэрчилгээ олгосон байна.
Улмаар тус компани нь 2013 онд гаалийн бүрдүүлэлтийн 730 /Хилийн чанадаас ирсэн гадаадын барааг гаалийн баталгаат барилгын талбайд оруулах/ горимоор нийт 52 гаалийн мэдүүлгээр 23.530.560,80 ам долларын буюу 34.645.178.110 төгрөгийн барааг татваргүйгээр оруулж, гаалийн баталгаат барилгын талбайд байршуулсан, үүнээс 2014 онд Засгийн газрын тогтоолын хавсралтаар батлагдсан хөнгөлөлт чөлөөлөлтийн жагсаалтад хамаарагдахгүй 601.091,9 ам доллар буюу 1.093.546.230 төгрөгийн бараанд гаалийн баталгаат барилгын талбайгаас гаалийн бүрдүүлэлтийн 454 горимоор /гаалийн баталгаат барилгын талбайгаас дотоодын хэрэглээнд зориулан оруулах/ гаалийн бүрдүүлэлт хийж, 169.499.666,0 төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогч нар энэ талаар маргаагүй байна.
Харин нэхэмжлэгч “Х” ХХК нь “... татваргүйгээр оруулж, гаалийн баталгаат барилгын талбайн горимд байршуулсан барааны үлдэгдэл 22.929.468,90 ам долларын буюу 33.782.701.479,70 төгрөгийн барааг Монгол Улсын Засгийн 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 100 дугаар, 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолуудын хавсралтаар батлагдсан цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтад хамрагдаж байх тул Гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх 403 /Монгол Улсын Хуулийн дагуу гаалийн болон бусад татвараас бүрэн, хэсэгчлэн чөлөөлж, дотоодын хэрэглээнд зориулан оруулах/ горимд хамрагдана” гэж маргажээ.
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөхөөр хуульчлан тогтоожээ.
Дээрх хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2001 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 110 дугаар тогтоол гаргаж, гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2012 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг хавсралтаар баталсан байна.
Уг тогтоолын үйлчлэх хугацааг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолоор нэг жилийн хугацаагаар сунгаж, гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг шинэчлэн баталжээ.
Дээрх Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль болон түүнийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын тогтоолуудын агуулгаас үзэхэд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортолж буй жижиг дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхөөр тодорхой заажээ. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн импортолж буй аж ахуйн нэгж нь “жижиг дунд үйлдвэр эрхлэгч” аж ахуйн нэгж байх шаардлагыг хуульчлан тогтоогоогүй байна.
Иймд хариуцагчийн “...Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн шалгуур үзүүлэлттэй нийцэхгүй. Жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага нь эдгээр тоног төхөөрөмжүүдийг өөрөө оруулж ирэн, өөрийнхөө үйл ажиллагаанд ашиглаж байгаа тохиолдолд татвараас чөлөөлөгдөнө...” гэсэн тайлбар үндэслэлгүй.
Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн /Б/ 2013 онд гаалийн баталгаат барилгын талбайд байршуулсан бараанаас 8.380.266,82 ам доллар буюу 26.863.473.783,04 төгрөгийн цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд нь Засгийн газрын дээрх тогтоолд заасан гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх барааны жагсаалт, кодод хамаарагдаж байгаа болох нь хариуцагчийн тайлбар, хөнгөлөлт чөлөөлөлтийн горимын барааны жагсаалт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэгэнт хууль болон Засгийн газрын тогтоолын үйлчлэлд хамрагдсан нэхэмжлэгчийн гаалийн баталгаат барилгын талбайд байршуулсан 8.380.266,82 ам доллар буюу 26.863.473.783,04 төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн бүрдүүлэлтийн 403 /Монгол Улсын хуулийн дагуу гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлж, дотоодын хэрэглээнд зориулан оруулах/ код буюу татваргүй горимд шилжүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь Гаалийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т зааснаар импортын гаалийн болон бусад татвараас бүрэн чөлөөлөгдсөн барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимоор /403/ бүрдүүлэлт хийх буюу барааг гаалийн хууль тогтоомжид заасан зориулалтын дагуу захиран зарцуулах зохицуулалттай байна.
Иймд хариуцагчийн “...заавал хөнгөлөлт, чөлөөлөлтийн 403 горимыг сонгох нь хууль, журамд нийцэхгүй ...” гэсэн тайлбар үндэслэлгүй юм.
Гаалийн тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т “Гаалийн баталгаат барилгын талбайд барааг тухайн барилга бүрэн ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд байршуулна”, 168 дугаар зүйлийн 168.1-д “Барааг өөр горимд байршуулснаар, эсхүл тухайн барилгыг ашиглалтад оруулснаар гаалийн баталгаат барилгын талбайн горим дуусгавар болно” гэж хуульчлан тогтоожээ.
Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “Б” ХХК-ийн гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дууссан байх бөгөөд ХЦШ-н үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөлийн ажил дуусаж, 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нээлтээ хийсэн, түүнчлэн Гаалийн байгууллагаас нэхэмжлэгчид гаалийн баталгаат барилгын талбайд байгаа барааг гаалийн бүрдүүлэлтийн зохих горимд шилжүүлж, барилгын талбайн үйл ажиллагааг дуусгавар болгохыг удаа дараа мэдэгдэж байжээ.
Дээрх маргааны үйл баримтаас үзэхэд тухайн барилгыг ашиглалтад оруулснаар гаалийн баталгаат барилгын талбайн горим дуусгавар болсон байх тул гаалийн баталгаат барилгын талбайн /730/ горимоор гаалийн бүрдүүлэлт хийж, байршуулах хугацаа дууссан, хөнгөлөлт чөлөөлөлтийн жагсаалтад хамаарагдахгүй, /үлдэгдэл 4.549.202,01 ам долларын буюу 6.919.227.696,67 төгрөгийн барааг 454 горимоор/ гаалийн баталгаат барилгын талбайгаас дотоодын хэрэглээнд зориулан оруулах/ бүрдүүлэлт хийгээгүй гэж үзэж, Гаалийн тухай хуулийн 290 дугаар зүйлийн 290.2.1-т зааснаар гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг шүүх буруутгах үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгч “Х” ХХК нь дээрх барааг гаалийн болон бусад татвар төлөхгүйгээр гаалийн хилээр нэвтрүүлсэн, гаалийн баталгаат барилгын талбайд байршуулах хугацаа дуусгавар болсон, гаалийн бүрдүүлэлт хийсэн тоног төхөөрөмжүүд нь үйлдвэрийн өргөтгөлд зарцуулагдаж дууссан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хариуцагч нь “горимын шаардлага хангаж, гаалийн бүрдүүлэлт хийгээгүй” гэх үндэслэлээр Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.12-т зааснаар хариуцлага хүлээлгэснийг хууль бус гэж үзэхгүй.
Тодруулбал Маргаан бүхий акт нь гаалийн болон бусад татвар ногдуулах, хураах, төлөХэй холбогдсон харилцааг илүү нарийвчилсан зохицуулсан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан “Гаалийн нутаг дэвсгэрт оруулах ... бараанд гаалийн болон бусад татвар ногдуулах ...”, 39 дүгээр зүйлийн 39.3-т заасан “Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан барааг хугацаанд нь буцааж гаргаагүй бол түүнийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах үед ногдуулсан гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлнэ” гэснийг тус тус зөрчөөгүй байна.
Үүний зэрэгцээ Гаалийн тухай хуулиар гаалийн хяналт хэрэгжүүлэх, түүний дотор гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт явуулах үндэслэл, журмыг илүү нарийвчлан зохицуулсан байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид шалгалтын удирдамжийг танилцуулж, уулзалтын тэмдэглэл Хж шалгалтыг явуулж, баримтаар нотлогдсон зөрчилд төлбөрийн акт тогтоосон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “... хяналт шалгалтыг явуулахдаа холбогдох журам, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан зарчмуудыг зөрчсөн ...” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй бөгөөд энэ нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч нь Гаалийн ерөнхий газарт гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн, хуульд заасан хугацаанд буцаан гаргаагүй барааг гаалийн хяналтын горимоор бүрдүүлэлт хийх буюу эсхүл гаалийн баталгаат барилгын талбайн горимын хугацаа сунгах хүсэлтийг удаа дараа гаргаж байсныг тэмдэглэх нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр маргаан бүхий актын төлбөрөөс 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн үйлчлэлд хамаарах 26.863.473.783 төгрөгийн бараанд ногдуулсан 1.343.173.689,15 төгрөгийн гаалийн татвар, 2.820.664.747,22 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар нийт 4.163.838.436,37 төгрөгийг хасч, төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гаалийн тухай хуулийн 290 дугаар зүйлийн 290.2.12, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэг, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай /2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн/ хуулийн 1 дүгээр зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай /2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн/ хуулийн 1 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Н, С.Э нарын тогтоосон 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Татвар нөхөн төлүүлэх тухай” 12/15 дугаар актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг багасгаж, актаар тогтоосон төлбөрийн хэмжээг 1.072.480.292,98 төгрөгөөр тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Гаалийн ерөнхий газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрХэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.Б
ШҮҮГЧИД Н.Д
О.О