Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2020/0394/З |
Дугаар | 221/МА2021/0503 |
Огноо | 2021-09-16 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2021/0503
“Т Г” СӨХ-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, гуравдагч этгээд нийслэлийн Боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, гуравдагч этгээд “Б Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, гуравдагч этгээд “Б Х” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б, Ч.Г нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 424 дүгээр шийдвэртэй, “Т Г” Сөх-ны нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд “Б Х” ХХК-ийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 424 дүгээр шийдвэрээр:
“Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1386 дугаар захирамжийн “Б Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх захирамжаар “Б Х” ХХК-д үйлчилгээний зориулалтаар олгосон 1515 м.кв газрыг сургууль барих зориулалтаар нийслэлийн Боловсролын газарт олгохыг нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд “Б Х” ХХК-ийн өмгөөлөгч Ч.Г, Б.Б нар тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...Тус маргаан бүхий 3515 м.кв газар түүний зориулалттай холбоотой маргаан өмнө нь шүүхээр шийдвэрлэгдэж, тухайн шүүхийн шийдвэр хүчинтэй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.6-д инэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах талаар хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс маргасан.
Тодруулбал, “Б Х” ХХК нь тус газрыг 2000 оноос хойш холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу газрын төлбөрийг төлж ашиглаж байсан бөгөөд 1515м.кв газар дээр байсан 4 айлын 2-г нь “Б Х” ХХК нөхөн төлбөр олгон газрыг чөлөөлүүлж, үлдсэн 2 айл нь одоогоор тухайн газар дээр байгаа болно. Нийгмийн хариуцлагын хүрээнд тус газрын зарим хэсгийг цэцэрлэг барих зориулалтаар шилжүүлж, үлдсэн хэсэг дээр орон сууц барих хүсэлтийг холбогдох байгууллагад хүргүүлсэн.
Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2018 оны 10-р сарын 09-ний өдрийн А/954 дугаар захирамжаар “Б Х” ХХК-ийн нийт 3515 м.кв (одоо маргаан үүсгэж буй газар) газрын зориулалтыг бидний хүсэлтийн дагуу цэцэрлэг, орон сууцны зориулалт болгож өөрчлөхгүйгээр сургууль, цэцэрлэг болгон өөрчилсөн.
Ийнхүү газар ашиглах зориулалтыг сургууль, цэцэрлэг болгон өөрчилсөн талаар “Б Х” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08-р сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0528 дугаар шийдвэрээр тухайн А/954 дугаар захирамжийг хүчингүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 12-р сарын 18-ны өдрийн 671 магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Харин тус хэрэг маргаан Улсын дээд шүүхээр хянагдаж байх явцад буюу 2019 оны 12-р сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг дарга А/1386 дугаар захирамж гарган тус 3515 м.кв газрын хэмжээ, зориулалтыг өөрчлөн 1515 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар “Б Х” ХХК-д Үйлчилгээний зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн.
Хэдийгээр анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч “Б Х” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж сургууль, цэцэрлэг барих зориулалт болгон өөрчилсөн захирамжийг хүчингүй болгосон боловч тус хэрэг маргаан шүүхээр шийдвэрлэгдэж байх явцад ажлын хэсгийн гишүүд (Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06-р сарын 14-ний өдрийн ' А/591 дугаар захирамжаар томилогдсон) болон тухайн үед нэхэмжлэл гаргаад байсан “Б Х” ХХК-ийн удирдлагууд зөвшилцөлд хүрч, үүний дагуу 2019 оны 12-р сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг дарга А/1386 дугаар захирамж гаргасан тул талууд эвлэрсэнтэй холбоотойгоор Улсын Дээд шүүх 2020 оны 02-р сарны 04-ний өдөр 28 дугаар тогтоолоор Хяналтын журмаар гомдол гаргаагүйд тооцсон билээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болсон нийт 3515 м.кв газрын тодорхой хэсэг болох 1515 м.кв газрын зориулалтыг сургууль болгон өөрчлөхөөр нэхэмжлэл гаргаж байгаа тус асуудал шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэгдсэн болох нь дээр дурдсан гурван шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор нотлогдож байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.3 дахь хэсэгт заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн 0424 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, мөн хэргийн оролцогчдын маргаж буй асуудлаар тодорхой дүгнэлт хийгээгүй байгаа нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн, түүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч “Т Г” СӨХ-өөс “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1386 тоот захирамжийг хүчингүй болгуулах, уг захирамжийн дагуу “Б Х” ХХК-д үйлчилгээний зориулалтаар олгосон 1515 м2 газрыг сургууль барих зориулалтаар Нийслэлийн боловсролын газарт олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах” гэсэн нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч СӨХ-оос “сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга барих газрын захирамжийг хүчингүй болгон оронд нь орон сууцны зориулалтаар газрын захирамжийг өөрчлөн гаргасан, иргэд оршин суугчдыг үл тоон хууль бус үйлдэл хийж олон мянган хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг зөрчсөн, сургууль, цэцэрлэг бариулах талаар тасралтгүй 10 жил хөөцөлдсөн Сууц өмчлөгчдийн холбоо, иргэд оршин суугчдын төлөөллийг ажлын хэсэгт оруулахгүйгээр шийдсэн, СӨХ нь иргэдийг ч төлөөлнө, холбоог ч төлөөлөх бүрэн эрхтэй” гэж маргасан, харин хариуцагч болон гуравдагч этгээд талуудаас нэхэмжлэгч “Т Г” СӨХ нь нэхэмжлэл гаргах эрхгүй, маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж маргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна.”, 27.3-д “Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг, бусад этгээд олгосон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгнө.” гэж зохицуулсан.
“Т Г” СӨХ-г шүүхэд төлөөлж оролцох итгэмжлэлийг гүйцэтгэх захирал Г.Н-д олгосон “Т Г” СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоол[1] хэрэгт авагдсан, харин нэхэмжлэгчийн тайлбартаа дурдаж буй оршин суугчдаас авсан итгэмжлэл хэрэгт авагдаагүй байна.
Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч СӨХ-өөс тус холбооны хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг гуравдагч этгээдийн ашиглалтын газрын зориулалт, талбайн хэмжээг өөрчилсөн маргаан бүхий А/1386 акт зөрчсөн эсхүл, маргаан бүхий газрыг цэцэрлэгийн зориулалтаар олгоогүйгээс шалтгаалж оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа үндэслэлээр маргаж байгаа гэдэг нь ойлгомжгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч СӨХ нь өөрийн холбоо эсхүл, орон суугчдын хэнийх нь эрх, хууль ашиг сонирхлыг хамгаалж захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хэрэгт авагдсан нэхэмжлэл, итгэмжлэл, нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар тодорхойгүй байтал анхан шатны шүүхээс энэхүү нөхцөл байдлыг тодруулаагүй атлаа нэхэмжлэлийн зарим шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Нөгөө талаас, хариуцагч, гуравдагч этгээд талаас “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлын талаар тодорхой хууль зүйн үндэслэлийг тайлбарлан маргасан байтал анхан шатны шүүхээс талуудын маргаж байгаа энэхүү нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй байна.
Тухайлбал, анхан шатны шүүхээс “...асуудлыг шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүдийг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба”, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газар удаа дараа гаргасныг хүлээн авч хариуг “Т Г” СӨХ-нд хүргүүлж байж..., эрх бүхий байгууллага, алан тушаалтны хэн аль нь “Т Г” СӨХ-г уг маргаанд төлөөлөн оролцох эрхгүй гэх үндэслэлээр татгалзалгүйгээр харилцаж байсан...орон сууцны ...байрны дундах орчны газрын хэвийн байдлыг хангах, зориулалт, төлөвлөлтийн дагуу оршин суугчдад үйлчлэх объектыг шаардах, оршин суугчдын ая тухтай амьдрах субьектив эрхийг хамгаалах үүднээс” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлэхээр заасан.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д ““сууц өмчлөгчдийн холбоо” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин ...-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог” хэлэхээр заажээ.
Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, машины зогсоол зэрэг барилгын нормын дагуу баригдсан байгууламжийг арчлан хамгаалах зориулалтаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.6-д заасан орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулж болно.” гэж заасан.
Эдгээр хуулийн зохицуулалтаас үзэхэд захиргааны шүүх иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас өөрийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хандаж гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулдаг.
Түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй бөгөөд хуульд зааснаар нийтийн зориулалттай орон сууцны байшин ...-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцдаг байна.
Иймээс нэхэмжлэгч “Т Г” Сууц өмчлөгчдийн холбоо нь эрх зүйн байдлын хувьд болон гуравдагч этгээд “Б Х” ХХК-д газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа захиргааны шүүхээр хамгаалуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь тус Сууц өмчлөгчдийн холбооны хуулиар олгогдсон эрхэд хамааралтай эсэх, дээр дурдсан хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, тус холбооны ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маргаан бүхий акт зөрчиж байгаа эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй байна.
Мөн СӨХ-ны өмнөөс маргаж байгаа тохиолдолд тус холбооны орчны газарт маргаан бүхий газар хамаарах эсэх талаар баримт цуглуулж, дүгнэлт өгөх шаардлагатай.
Дээрхээс гадна гуравдагч этгээд Нийслэлийн боловсролын газрын тайлбарт “цэцэрлэгийн зориулалттай талбай нь цэцэрлэгийн орчны газрын холбогдох стандарт шаардлагыг хангаж байгаа эсэх талаар холбогдох газруудаас тодруулах шаардлагатай” гэж тайлбарлажээ.
Иймд маргаан бүхий газар дээр юу барих эсэх нь тодорхойгүй, уг барилга баригдсанаар цэцэрлэг орчны газаргүй болох, цэцэрлэгийн орчны газартай маргаан бүхий газар давхцалтай эсэх талаарх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай бөгөөд энэ талаарх баримтыг цуглуулж, энэ талаар дүгнэлт өгөх шаардлагатай.
Дүгнэхэд, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрх, түүний эрх зүйн байдлыг бүрэн тодруулаагүй, талуудын маргаж буй үндэслэлд дүгнэлт өгөөгүй, хэрэгт хамааралтай, маргааны үйл баримттай холбоотой нотлох баримтыг цуглуулаагүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй бөгөөд анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байдлыг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 424 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг гуравдагч этгээд “Б Х” ХХК-ийн өмгөөлөгч Ч.Г, Б.Б нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 1 дэх хавтас 3 дахь тал