Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 856

 

 

 

 

 

 

Д.Ит холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Э.Гэрэлмаа,

Шүүгдэгч Д.Иын өмгөөлөгч Ж.Болдбаатар,

Хохирогч С.Хы өмгөөлөгч Б.Цэрэндолгор,

Иргэний нэхэмжлэгч Р.Мөнх-Оргилын өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн,

Иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг авто” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жадамбаагийн өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 511 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг авто” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жадамбаагийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Ит холбогдох эрүүгийн 201625010966 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан.

 

Д.И нь давтан үйлдлээр, 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нотариатын газарт иргэн Ш.Тийн эзэмшлийн 76-26 УНС, 76-40 УНС, 76-19УНС улсын дугаартай ачааны зориулалттай “Beiben” загварын тээврийн хэрэгслүүдийг 45.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, улмаар худалдах, худалдан авах гэрээ байгуулан уг тээврийн хэрэгслүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Тайгын булаг авто” ХХК-д 54.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж хууран мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж Ш.Тт 100.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Теди” төвд иргэн Ю.Эийн “Ай фоне 6 эс” загварын гар утсыг зараад өгье гэж хууран мэхлэх, итгэл эвдэх аргаар авч 1.400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар”-ын гадаа, автомашины зогсоол дээр иргэн С.Хд 57.000.000 төгрөгийн үнэ бүхий 91-11 УНВ улсын дугаартай, хар өнгийн “Тоёота Ланд крузер-200” загварын автомашиныг барьцаалан 18.000.000 төгрөг, 2-3 хоногийн дараа 2.000.000 төгрөг буюу нийт 20.000.000 төгрөгийг “манай дүү хорт хавдартай, яаралтай мөнгөний хэрэг болоод байна” гэж хууран мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч, С.Хд 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдад нийт 121.400.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Иын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Ит холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг болгон өөрчилж, Боржигон овогт Дашзэвэгийн Д.Иыг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Д.Иыг 10.000 нэгжээр буюу 10.000*1.000=10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Иын урьд цагдан хоригдсон 161 хоногийн 1 хоногийг 15 нэгжээр дүйцүүлж, нийт 2.415 нэгж буюу 2.415.000 /хоёр сая дөрвөн зуун арван таван мянга/ төгрөгийг торгох ялаас хасч, торгох ялыг 7.585.000 /долоон сая таван зуун наян таван мянга/ төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
Д.И нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн
хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.И нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгуулийн ялын төлөөгүй үлдсэн дүнг нэг өдрийн 15 нэгжээр тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Иаас 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Ю.Эт олгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 91-11 УНВ улсын дугаартай Ланд крузер 200 загварын автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж иргэний нэхэмжлэгч Р.Мөнх-Оргилд олгох, 10-81 АРХ, 21-97 ХОҮ, 49-81 АРХ улсын дугаартай ачааны “Beiben” загварын 3 ширхэг автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж “Тайгын булаг авто” ХХК-д тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг авто” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жадамбаа давж заалдах гомдолдоо: “...Иргэний нэхэмжлэгч "Тайгын булаг авто" ХХК нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 511 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгч "Тайгын булаг авто" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Учир нь, шүүгдэгч Д.И нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай байгууллагын "Сайн" нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 76-26 УНС, 76-19 УНС, 76-40 УНС улсын дугаартай “Beiben” загварын тээврийн хэрэгслүүдийг тус бүрийг нь 18.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, нийт 54.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатайгаар зээлж авсан. Гэтэл тэрхүү барьцаанд тавьсан автомашинууд нь залилан мэхлэх гэмт хэргийн замаар олж авсан болохыг 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс мэдэгдэж, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр битүүмжлэх үед шүүгдэгч Д.И нь манай байгууллага болон иргэдийг залилан мэхэлсэн болохыг мэдсэн. Манай байгууллага цагдаагийн байгууллагын мэдэгдэл, барьцааны эд хөрөнгө битүүмжлэх тогтоол гарахаас өмнө буюу 2017 оны 2 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан байсан учир зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны эд хөрөнгөөр хангуулсан байдаг. Энэхүү баримтыг хүртэл цагдаагийн байгууллагад гарган өгсөн байгаа. Гэтэл анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгч "Тайгын булаг авто" ХХК-д учирсан 54.000.000 төгрөг болон хохирогч Ш.Тт төлсөн 38.000.000 төгрөгийг огт харгалзан үзэлгүй хөндлөнгийн үнэлгээний байгууллагын 100.000.000 төгрөгийн үнэлгээг үндэслэн тухайн дүнд бодож хохирол барагдуулсан мэтээр шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл "Тайгын булаг авто" ХХК нь хохирогч Ш.Тт өгсөн 38.000.000 сая төгрөгийг шүүгдэгч Д.Иаас нэхэмжлэх эрхтэй бөгөөд харин ч 100.000.000 төгрөгийн хохирлыг нь их хэмжээгээр багасгасан гэж үзэж байна. Хэрвээ хохирогч Ш.Т, иргэний нэхэмжлэгч "Тайгын булаг авто" XXК хооронд хийсэн 2017 оны 4 дүгээр сарын 18-ний өдрийн тохиролцоо хийгдээгүй байсан бол анхан шатны шүүх тухайн маргаан бүхий 3 автомашиныг хохирогчид олгох шийдвэр гаргавал иргэний нэхэмжлэгч байгууллагад шүүгдэгч Д.И нь 54.000.000 төгрөг, мөн хүү, алданги гаргуулах шийдвэр гаргах байсан бөгөөд хэрвээ иргэний нэхэмжлэгчид тухайн 3 автомашиныг олгосон бол шүүгдэгч Д.И нь хохирогч Ш.Тт 100.000.000 төгрөг олгохоор шийдвэр гаргах байсан юм. Гэтэл шүүгдэгч Д.И нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн хэрнээ хохирогч болон иргэний нэхэмжлэгчид огт төлбөр төлөх үндэслэлгүй болж байгаа нь маш тодорхойгүй байна. Шүүгдэгч Д.Иыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэнд нь шагнал болгон манай байгууллагаас зээлж авсан 54.000.000 төгрөгийг өөрт нь хэвээр үлдээж байна гэж үзэхээр байгаа бөгөөд манай байгууллагад болон хохирогч Ш.Т нарт шүүгдэгч Д.И хэрэгт шалгагдаж байх үедээ огт төлбөр тооцоо хийх санаачлага гаргахгүй байсан учир хохирогч Ш.Т манай байгууллагад өөрийн эзэмшлийн эд хөрөнгөө 38.000.000 төгрөгөөр шилжүүлсэн явдал юм. Иймд шүүгдэгч Д.И нь манай байгууллагаас залилан авсан 54.000.000 төгрөгөөс чөлөөлөгдөж байгаа хэрэг биш юм. Мөн хохирогч Ш.Тийн ач хүү н.Ганцог нь АНУ-д суралцаж байгаа бөгөөд сургалтын төлбөр, орон байр, хоол ундны мөнгөгүй болж хохирогч Ш.Т гуай бусдаас олон сая төгрөгийн зээл авч АНУ-руу шилжүүлж байсан бөгөөд тэрхүү зээл нь нэхэгдэж, хэзээ шүүгдэгч Д.Иаас хохирол төлбөрөө гаргуулж авна гэж хүлээх вэ гээд гурван автомашинаа манай байгууллагад шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй болохоо илэрхийлсэн болохоос энэхүү тохиролцоонд шүүгдэгч Д.И огт оролцоогүй байтал бидэнтэй харилцан тохиролцсон мэтээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 511 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, иргэний нэхэмжлэгч байгууллагад учирсан хохирлыг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий гаргасан. Учир нь "Тайгын булаг авто" ХХК нь мөрдөн байцаах ажиллагааны явцад 100.000.000 төгрөгийн үнэлгээг үндэслэлгүйгээр тогтоосон гэж үзсэн бол дахин үнэлгээ гаргуулах эрхтэй байсан бөгөөд хийлгэсэн зүйл байдаггүй. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. "Тайгын булаг авто" ХХК нь уг 3 автомашиныг өөрийн эзэмшилд авахын тулд хохирогчид 38.000.000 төгрөгийг өгч, хохирогч гомдолгүй гэсэн. Эндээс харахад 100.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн 3 автомашины үнээс 38.000.000 төгрөгийг хохирогчид өгсөн гэж үзвэл "Тайгын булаг авто" ХХК-нд 62.000.000 төгрөгийн зөрүү гарч байна. Тэгэхээр Д.Иын Банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн мөнгөний хэмжээнээс илүү мөнгөн дүн гарч байгаа учраас "Тайгын булаг авто" ХХК хохирсон зүйл байхгүй. Хохирол төлбөр барагдсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Хохирогч С.Хы өмгөөлөгч Б.Цэрэндолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. "Тайгын булаг авто" ХХК ашгийн байгууллага байж болох хэдий ч битүүмжилсэн эд хөрөнгийг захиран зарцуулсан үйл ажиллагаа харагддаг. "Тайгын булаг авто" ХХК уг автомашинуудыг захиран зарцуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. "Тайгын булаг авто" ХХК хохирсон зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээх үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Р.Мөнх-Оргилын өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай шүүх хуралдаанд оролцож байна. 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан дээр "Тайгын булаг авто" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Багахүү 91-11 УНВ улсын дугаартай, хар өнгийн “Тоёота Ланд крузер-200” загварын автомашинаас хохирол гаргуулах зүйлгүй, харин Д.И, Р.Мөнх-Оргил, С.Х 3 тохиролцож байгаа учраас 91-11 УНВ улсын дугаартай, хар өнгийн “Тоёота Ланд крузер-200” загварын автомашинаас хохирол гаргуулахгүй гэж ярьсан. "Тайгын булаг авто" ХХК нь Иргэний эрх зүй болон Эрүүгийн эрх зүйн талаасаа үнийн дүнг тооцож үзвэл харьцангуй ашигтай ажилласан гэж хөндлөнгийн байр сууринаас харж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг авто” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жадамбаагийн өмгөөлөгч Г.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 511 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд зааснаар ноцтой зөрчсөн учраас миний үйлчлүүлэгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт “иргэн Ш.Тийн эзэмшлийн 76-26 УНС, 76-40 УНС, 76-19УНС улсын дугаартай ачааны зориулалттай “Beiben” загварын тээврийн хэрэгслүүдийг 45.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулан, уг тээврийн хэрэгслүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Тайгын булаг” ХХК-д 54.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж хууран мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж Ш.Тийг хохироосон болох нь нотлох баримтаар тогтоогдсон” гэдэг. Үүнээс үзэхээр шүүх “Тайгын булаг” ХХК 54.000.000 төгрөгөө өгсөн гэдгийг мэдэж байна. Бидний зүгээс энэ 54.000.000 төгрөгөө авах гэсэн иргэний нэхэмжлэл гаргаж байна. Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаар огт дурдаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл” гэж үзэж байна.

Мөн шийтгэх тогтоолд “иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг авто” ХХК нь Иргэний хуульд заасны дагуу өөрт итгэмжлэх эрх нь шилжсэн 100.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн 3 ширхэг автомашиныг өмчлөгчийн хувьд хохирогч Ш.Тт хохирлыг нөхөн төлсөн хуульд нийцнэ гэж шүүх үзлээ” гэсэн. Гэмт хэрэгтэн хүний эд зүйлийг залилж аваад “Тайгын булаг авто” ХХК-нд өгчихлөө. Энэ хэргийг өнөөдөр шүүх хуралдаанаар шийдвэрлэж байна. Тэгэхээр гэмт хэрэгтний өмнөөс “Тайгын булаг авто” ХХК хохирогчийн хохирлыг барагдуулах нь зүйтэй. Энэ нь хуульд нийцнэ гэж шүүх тайлбарлаж байна гэж үзэж байна. Тэгсэн хэрнээ “Тайгын булаг авто” ХХК-нд хохирол гаргуулах талаар шийтгэх тогтоолд заагаагүй. Д.Иыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө 54.000.000 төгрөгөөр шүүх шагнаад байна уу, энэ тухай асуудал яригдаж байна. Хохирогч Ш.Тийн хүүхэд нь нас барсан. Ачийгаа Америк улс руу сургуульд явуулсан. Хүүхэд нь мөнгөгүй болоод автомашинаа 45.000.000 төгрөгөөр Д.Ит өгөхөөр тохиролцоод өгсөн. Д.И 45.000.000 төгрөгөөр зарна гэж хэлээд гэрээ хийж, нотариатаар гэрчлүүлээд өөрийн нэр дээр болгоод “Тайгын булаг авто” ХХК-нд барьцаанд тавьсан. Ш.Т, Д.И 2-ын хооронд 3 автамашиныг 45.000.000 төгрөгөөр зарсан  худалдах, худалдан авах гэрээ байдаг. Эдгээр автомашинаа “Тайгын булаг авто” ХХК 54.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж, Д.И мөнгөө авсан. Уг мөнгөөрөө дахин автомашин авч, дараагийн хүнээ залилан мэхлэсэн үйлдэл нь хэрэгт авагдсан. Гэтэл яагаад “Тайгын булаг авто” ХХК Ш.Тт төлбөр төлөх ёстой болж байна вэ, Ш.Т нь хохирсон гэж үзвэл Д.Иаас хохирол төлбөрөө гаргуулж авах ёстой. Шүүх ингэж шийдвэрлэх ёстой. Гэтэл настай хөгшин гуйгаад хүүхэд минь хүний газар хэцүү байна. Ганц хүү минь нас барсан. Хүүхдийнхээ ганц хүүхдийг Америк улс руу явуулсан чинь мөнгөгүй болоод байна. Д.Ит залилуулчихлаа. Хүүхдэдээ мөнгө зээлж явуулаад байна. Гэтэл шүүхийн процесс удаан хугацаагаар үргэлжлээд байна. Танайх 38.000.000 төгрөгөөр аваач гээд гуйсан учраас “Тайгын булаг авто” ХХК авсан. Хэргийн хувьд ийм л зүйл болсон. “Тайгын булаг авто” ХХК уг автомашинуудыг аваад хохирогчид мөнгийг нь төлсөн бол хохирогчид хохирол төлөх шаардлагагүй гээд гэмт хэрэгтэний өмнөөс төлбөр төлсөн нь үндэслэлтэй гэж шүүх үзээд байна. Мөн шүүхийн тогтоолын 7 дахь хэсэгт Д.И хүнээс гар утас залилж аваад, энэ хохирлыг өнөөдөр хүртэл төлөөгүй. Хохирогч Ю.Эт 1.100.000 төгрөгийг гаргуулахаар заасан. Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан үзээд торгуулын ял оногдуулсан. Анх энэ хэрэг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэгдсэн. Хэрвээ төлбөр төлөхөө илэрхийлсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх байсан. Миний хэлэх гэсэн санаа нь гэмт хэрэгтнийг шагнаж, нөгөө байгууллага хохирч болохгүй. Д.Иын өмгөөлөгч тайлбартаа, уг автомашиныг 100.000.000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээнд гомдоогүй гээд байна. Уг автомашинуудыг хэдээр ч үнэлж болно. “Тайгын булаг авто” ХХК, хохирогчтой тохиролцоод 38.000.000 төгрөгөөр тохиролцсон. Мөн Д.Итай тохиролцоод 45.000.000 төгрөгөөр зарсан. “Тайгын булаг авто” ХХК-тай харилцаад 54.000.000 төгрөгөөр үнэлж болсон байна. Зөвхөн шинжээчийн дүгнэлтээр гаргасан 100.000.000 төгрөг нь бодит үнэ юм уу, 100.000.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийг бэлэглэж болно. “Тайгын булаг авто” ХХК-ийг 62.000.000 төгрөг хожчихсон атлаа яагаад дахиад гомдол гаргаад байна. Энэ нь үндэслэлгүй юм. Иргэний хохирогчийн өмгөөлөгч “битүүмжлэгдсэн эд хөрөнгийг “Тайгын булаг авто” ХХК хөдөлгөсөн. Бид нар шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаад хүлээж байсан” гэж хэллээ. Энэ шүүх хуралдаанаар Д.Иын үйлдсэн гэмт хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан. Тэрнээс хэрэг дунд ямар асуудал гарсан, анхан шатны шүүхээс түүнд үнэлэлт дүгнэлт өгөөгүй бол давж заалдах шатны шүүхэд яригдахгүй байх. Бид шүүхийн шийдвэрийн дагуу хийсэн. Мөн дараагийн өмгөөлөгч мөн тайлбартаа “Тайгын булаг авто” ХХК хожсон гэж хэллээ. Яаж хожсон бэ, 38.000.000 төгрөгөөр 2 жилийн өмнө авсан автомашин одоо гадаа хүйтэнд хөлдсөн автомашин буцаад 38.000.000 төгрөгөөр зарагдах уу гэдэг нөхцөл байдлууд байна. Энэ хэрэг өмнө анхан болон давж заалдах шатны шүүх хуралданаар хэлэлцэгдэж байсан. 74.000.000 төгрөгийн хохиролтой гэмт хэрэг байсан. Гэтэл өнөөдөр шүүгдэгч ямар ч хохирол төлөөгүй, “Тайгын булаг авто” ХХК-ийн 54.000.000 төгрөг, Тоёота Ланд крузер-200” загварын автомашины 20.000.000 төгрөг, гар утасны 1.100.000 төгрөг нийлээд 74.000.000 төгрөг байсан. Хохирогч нар нь хоорондоо тохиролцсон гээд хохирогчийн мөнгийг өөр байгууллага төлсөн гэж шийдвэрлэсэн нь гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, “Тайгын булаг авто” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү. ...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг авто” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жадамбаагийн өмгөөлөгч Т.Багахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч миний бие анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүхийн шийдвэрт дурдагдаагүй зүйлийг нотлох баримтаар тогтоогдсон мэтээр бичсэн байдаг. Үүнд “Тайгын булаг авто” ХХК, Ш.Т нартай харилцан тохиролцож, хохирол төлбөр барагдуулсан мэтээр шүүхийн тодорхойлох хэсэгт дурдсан. “Тайгын булаг авто” ХХК, хохирогч Ш.Т нар шүүгдэгч Д.Итай тохиролцоогүй. Мөн хохирол, төлбөр төлж барагдуулсан зүйл байхгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчиж байна гэж үзэхээр байна. Мөн энэ хэрэг давж заалдах шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэгдэж мөрдөн байцаалтад буцаж байсан. Тэр үед Тоёота Ланд крузер-200” загварын автомашин “Тайгын булаг авто” ХХК-иас авсан 54.000.000 төгрөгийн эх үүсвэрээр бий болсон эд хөрөнгө гэж үзээд “Тайгын булаг авто” ХХК-ийг хохирогчоор тогтоох нь үндэслэлтэй гээд хэргийн мөрдөн байцаалтад буцаасан. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд дээрх үндэслэлтэй холбоотой ямар ч ажиллагаа хийгдээгүй. Шүүхийн шийдвэрт дурдагдсанаар Д.И нь өөртөө 56.000.000 төгрөгийн орлого олсон байхаар харагдаж байна. Тухайн хэрэг 2017 оны 5 дугаар сард шүүх рүү шилжиж, 2002 оны Эрүүгийн хууль хэрэгжиж байх үед ирсэн. Хэрэг хянан шийдвэрлэгдэхдээ шинэчлэн найруулсан хуульд зааснаар шийдвэрлэгдсэн. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэргийн замаар олдсон эд хөрөнгийг хууль ёсны гэрээ хэлцлийн дагуу бусдын өмчлөлд шилжсэн бол хохирогчид шүүх гэм буруутай этгээдийн хөрөнгөөр хохирлыг барагдуулна гэсэн хуулийн заалт байдаг. Тэгэхээр “Тайгын булаг авто” ХХК Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж байгаа үед хууль ёсны гэрээ хэлцлийн дагуу өөрийн өмчлөлд шилжүүлсэн үйлдэл нь хуульд нийцэж байна гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгч Р.Мөнх-Оргилын өмгөөлөгч болон хохирогчийн өмгөөлөгч эд хөрөнгийн битүүмжилсэн байхад эд хөрөнгийн захиран зарцуулсан. Хэргийн материалд 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэсээс “Тайгын булаг авто” ХХК-нд энэ эд хөрөнгө гэмт хэргийн замаар олдсон эд хөрөнгө байна гэсэн. Гэтэл уг автомашинуудыг хэзээ “Тайгын булаг авто” ХХК-ийн эзэмшилд шилжсэн бэ гэхээр 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэх хуудсаа явуулж, 2017 оны 3 дугаар сарын 4-ны өдөр “Тайгын булаг авто” ХХК албан ёсоор өмчлөлд шилжсэн. ...” гэв.

 

Прокурор Э.Гэрэлмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг авто” ХХК-ийн давж заалдах гомдлыг сонслоо. Хохирогч Ш.Т өмнөх шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд “3 автомашинаа буцааж авъя” гэсэн байр суурьтай байсан. 2016 онд болсон анхан шатны шүүх хуралдаанд мөн “Тайгын булаг авто” ХХК 3 автомашиныг авах хүсэлт гаргасан. 2017 оны 1 дүгээр сарын 26-нд давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүгдэгчийн талаас Итгэл инвэсмент ХХК-ийн автомашиныг үнэлсэн 95.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөөгүй, дахин үнэлгээ гаргуулах хүсэлт гаргасан тул хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Ингээд Виндов компаниар дахин үнэлгээ тогтоож, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гаргуулсан. Дээрх үнэлгээг бүх хэргийн оролцогч нарт танилцуулахад энэ талаар огт дурдаагүй. Мөн хохирогч Ш.Т нь 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “Тайгын булаг авто” ХХК-тай зөвшилцөөд 38.000.000 төгрөгийг аваад шүүх хуралдаанд хүсэлт гаргасан. Хүсэлтдээ Д.Иаас авах мөнгийг “Тайгын булаг авто” ХХК-иас авсан. Тийм учраас хохирол, төлбөр нэхэмжлэхгүйгээр гомдол санал гаргахгүй гээд шүүх хуралдаанд оролцоогүй. Энэ тохиролцоо хийснээр “Тайгын булаг авто” ХХК уг 3 автомашиныг битүүмжлээд “Тайгын булаг авто” ХХК-нд даалгаж өгсөн. Тухайн даалгаж өгсний үндсэн дээр “Тайгын булаг авто” ХХК уг автомашиныг захиран зарцуулах, бусдад шилжүүлэх хориотой гэдгийг мэдэж байсан. Үнэхээр Ш.Т “Тайгын булаг авто” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг автомашиныг шилжүүлж авсан бол яагаад хохирогч Ш.Т шүүх хуралдаанд нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлт гаргасан. Эрүүгийн хэрэгт эд хөрөнгө битүүмжилж байгаа асуудалд эхлээд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах зорилгоор битүүмжилдэг. Гэтэл хохирогч Ш.Тт олгогдох ёстой байсан 3 автомашиныг “Тайгын булаг авто” ХХК урьдчилан тохиролцоод “Тайгын булаг авто” ХХК-ийн эзэмшилд шилжүүлж аваад “Тайгын булаг авто” ХХК-иас Д.Иаас гаргуулах мөнгийг гаргасан гэдэг ойлголтыг хохирогчид өгснөөр хохирогч шүүх хуралдаанд оролцож нэхэмжлэл шаардлага гаргаагүй. Ийм учраас шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхээр байна. Автомашины үнэлгээний асуудалд хаанаас хэн нь зохиогоод байна вэ, 1 автомашиныг 25.000.000 төгрөгөөр зарна гэж хэлээд байна. Үүнийг юугаар нотлох вэ. Тусгайлан эрх олгогдсон 2 үнэлгээний газар үнэлсэн. Эхний үнэлгээ хийсэн газар 2 автомашин тус бүрийг 31.000.0000 төгрөгөөр, 1 автомашиныг 32.500.000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Дараагийн үнэлгээний газар 2 автомашин тус бүрийг 33.000.000 төгрөгөөр, 1 автомашиныг 34.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Эдгээр үнэлгээг юугаар үгүйсгэх вэ. Яагаад 25.000.000 төгрөгөөр зарна гээд байна вэ. Энэ ойлгомжгүй байна. Мөн хохирогч Ш.Тт 38.000.000 төгрөг өгсөн. Энэ мөнгөө ярихгүй. Харин Д.Ит өгсөн 54.000.000 төгрөгөө ярина гээд байна. Тэгвэл уг автомашинуудыг хууль журмын дагуу шүүхийн шийдвэр гаргуулаад хохирогч Ш.Тт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас олгуулсны дараа хохиогчтой гэрээ хийж, тус тусдаа нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. 2016 оноос хойш мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Прокурор, мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч нар өөр хоорондоо  тохиролцсон асуудал удаа дараа гарсан. Энэ нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед илт байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байгаагийн хувьд битүүмжлэгдсэн эд хөрөнгийг захиран зарцуулж болохгүй гэдгийг мэдсээр байж худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 511 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг авто” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жадамбаагийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Ит холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.И нь 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нотариатын газарт “45.000.000 төгрөгийг бэлнээр өгнө, мөнгө байгаа” гэж Ш.Тт худал хэлж, түүний эзэмшилд /захиран зарцуулах эрх үүссэн/ байсан 76-26 УНС, 76-40 УНС, 76-19УНС улсын дугаартай ачааны зориулалттай “Beiben” загварын тээврийн хэрэгслүүдийг 45.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, улмаар худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан уг тээврийн хэрэгслүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, Ш.Тийн хүргэн Болдбаатарт “таныг утсаар дуудъя, найз дээрээ очоод мөнгөө бэлдээд байж байя” гэж яваад уг автомашинуудыг “Тайгын булаг авто” ХХК-д 54.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, Ш.Тт 45.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Теди” төвд иргэн Ю.Эийн “Ай фоне 6 эс” загварын гар утсыг зараад өгье гэж хууран мэхлэх аргаар авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар”-ын гадаа, автомашины зогсоол дээр иргэн С.Хд 57.000.000 төгрөгийн үнэ бүхий 91-11 УНВ улсын дугаартай, хар өнгийн “Тоёота Ланд крузер-200” загварын автомашиныг барьцаалан 18.000.000 төгрөг, 2-3 хоногийн дараа 2.000.000 төгрөг буюу нийт 20.000.000 төгрөгийг “манай дүү хорт хавдартай, яаралтай мөнгөний хэрэг болоод байна” гэж хууран мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч, С.Хд 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдад нийт 66.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ш.Тийн “... Манай хүргэн Т.Болдбаатарын танил гэх Ө.Өнөржаргал, Д.И нар ирээд 76-26 УНС, 76-19 УНС, 76-40 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг тус бүрийг нь 15.000.000 төгрөгөөр, нийт 45.000.000 төгрөгөөр худалдан борлуулахаар болж гэрээ байгуулсан. Тухайн үед би Д.Итай худалдах, худалдан авах гэрээ хийгээд мөнгөө өгсний дараа гэрээн дээр гарын үсэг зурна гэсэн боловч Нотариатын газраас гараад “45.000.000 төгрөгийг бэлнээр өгнө, мөнгө байгаа” гэж хэлэхээр нь гарын үсэг зураад, гэрээ байгуулаад Д.Иын нэр дээр тээврийн хэрэгслүүдийг шилжүүлээд нотариатын газраас гараад Д.И Ө.Өнөржаргалын автомашинд суугаад явсан. Би “мөнгөө авсан уу” гэж хүргэнээсээ асуухад “таныг гэрт чинь буулгачихаад мөнгө очоод авна” гэж хэлсэн боловч одоо хүртэл өгөөгүй. ...” /1 дүгээр хавтас, 53-54 дүгээр хуудас/,

 

Мөн түүний “...3 автомашины бичиг баримтуудыг аваад хүргэн Н.Болдаатарын хамт кино үйлдвэрийн тэнд, нотариатын газар очсон. 2 залуу хүлээгээд тосож авсан. Намайг бичиг баримтаа нотариатчид өгсний дараа тэр хоёр залуугийн нэг нь бас бичиг баримтаа өгсөн. … Миний автомашиныг худалдаж авах гэж байгаа залуу нь “та мөнгөн дүнгээ багаар бичүүлчД.И, таны төлөх мөнгө чинь багасна” гэж хэлсэн. Нотариатч гэрээ байгуулаад гарын үсэг зуруулахдаа “таны автомашинууд энэ хүнийх болж байна ш дээ, та мөнгөө авчихаж байгаа юм байгаа биз дээ” гэж асуухаар нь би эргэж хараад автомашин худалдаж авсан залуугаас “мөнгө чинь бэлэн юм байгаа биз дээ” гэж асуусан чинь тэр залуу над руу хандаад “бэлэн” гэж хэлсэн. Нотириатын газраас бид 4 цувраад гарсан. Гадаа гарсны дараа тэр 2 залуу түрүүлээд жижиг цагаан машинд суугаад яваад өгсөн. Д.Иыг мөнгө бэлэн гэж хэлэхээр нь итгээд өгсөн. Ямар ч наймаа итгэлцэл дээр явж байдаг. Д.И хүргэн бид хоёрыг хуураад мөнгөө өгөлгүй гэрээ хийж автомашинуудыг нэр дээрээ шилжүүлж аваад явсан. Би Д.Иаас нийт 51.320.000 төгрөгийг л авахыг хүсэж байна. Үнэлгээний мөнгөн дүн миний мөнгөн дүнгээс илүү байна лээ, гэхдээ би бодит авах ёстой мөнгөө л авахыг хүсч байна. ..." /3 дугаар хавтас, 203-208 дугаар хуудас/,

 

Хохирогч Ю.Эийн “...Би Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх, өөрийн ажилладаг Теди төвийн 4 давхарын 20 дугаар павилон дээр 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өглөөний 10 цагийн орчим ... Д.И гэгч залуу орж ирээд “танай лангуун дээр зарах гэж байгаа “Ай фоне 6” 64 гб-ын багтаамжтай гар утсыг авах хүн байна. Би таньд зараад өгье” гэхээр нь “за, тэгээч” гээд ярьж байгаад Д.И гарч яваад буцаад өдөр 14 цагийн орчим лангуун дээр ирээд “Ай фоне 6” гар утас авах хүн гадаа машинтайгаа ирчихлээ. Та утасаа заруулах юм бол өгчих, эхлээд ориг хулхийг нь шалгаад ирье, та намайг хүн дагуулаад явуулчих” гэхээр нь өөрийн төрсөн эгчийн охин Э.Отгоог Д.Иыг дагаж яваад утас үзүүлчД.Ид ир гээд Д.Ит лангуун дээр зарахаар тавьсан байсан шинэ “Ай фоне 6” 64 гб-ын багтаамжтай, хар саарал өнгийн оригнал гар утсыг хайрцаг савтай нь ... өгөөд явуулсан. Удалгүй Д.Иыг дагаж явсан манай дүү Э.Отгоо “та энэ гар утас өгч явуулсан хүнээ таних юм уу. Би энэ залуугийн араас явж байтал надаас түрүүлээд хүмүүсийн дундуур ороод алга болчихлоо” гэхээр нь би тэр даруйд нь Д.Иын 99119894 дугаарын утас руу залгахад утсаа салгаад, дуудаад авахгүй байсан. Орой нь Д.И миний утас руу залгаад “таны утсаар би их том ажил амжууллаа, баярлалаа” гэхээр нь “би чамтай ингэж тохироогүй, мөнгөө өг” гэхэд Д.И “маргааш өгнө” гэж хэлээд алга болсон. ...” /1 дүгээр хавтас, 56-57 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Хы “... 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр манай найз Хойлогдорж утсаар залгаад “чи машин сонирхох уу, манай найз “Ланд крузер” загварын евро 200 машин хямдхан зарах юм уу, барьцаанд тавъя гээд байна, маш яаралтай мөнгө хэрэг болоод байна гэнэ, уг нь их гайгүй залуу, яаралтай мөнгө хэрэг болоод байна” гэж хэлэхээр нь би найздаа “би завгүй байна. Гадуур ажилтай байна” гэхэд Хойлогдорж “чи машиныг нь үзчих, дажгүй машин” гэсэн. Тэгээд удалгүй 99119894 дугаарын утаснаас над руу залгаад “хаана байгаа юм бэ, машин үзүүлэх гэсэн юм” гэж хэлээд би тэр машин үзүүлэх хүнтэй төмөр замын цагдаагийн хэлтсийн үүдэнд оройн 23 цагийн орчим уулзсан. Тэр залуу 91-11 УНВ улсын дугаартай “Тоёота Ланд крузер 200” загварын автомашин үзүүлсэн. Тухайн үед тэр залуу өөрийгөө Д.И гэж танилцуулсан. ... Д.И гэх залуу “надад маш яаралтай мөнгөний хэрэг болоод байна, миний дүү хорт хавдартай, яаралтай эмчилгээнд нь мөнгө хэрэг болоод байна” гээд чи найзынхаа унаж байгаа энэ машиныг хямдхан худалдаад авчих юм уу эсхүл барьцаанд авчих” гэсэн. ... Би “одоохондоо надад шууд худалдаад авах мөнгө байхгүй, барьцаанд аваад тэр хугацаанд мөнгө олдвол худалдаж авч болно” гэж хэлэхэд Д.И надад 20.000.000 төгрөг зээлээч гэхээр нь маргааш уулзахаар тохироод салцгаасан. 2016 оны 3 дугаар сарын 22-ны орой 17 цагийн орчим Д.И өөрөө над руу залгаад машинтайгаа манай ажил дээр ирэхээр нь би Д.Ид 18.000.000 төгрөг бэлнээр өгөөд машиныг нь барьцаанд аваад түүнээс машиных нь түлхүүрийг авахад Д.И надад “найз нь мөнгийг 2-3 хоногийн дараа удаалгүй, хүү нэмж өгнө” гэж хэлээд машинаа үлдээгээд салаад явсан. Би түүнээс машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ хаана байна” гэхэд Д.И “найз нь гэртээ орхисон байна. Би юу гэж чамд худлаа хэлээд явах вэ дээ” гэж хэлээд салаад явсан. 2-3 хоногийн дараа Д.И 99119894 дугаарын утсаар залгаад “найздаа мөнгө нэмээд өгчих боломжтой юу яалт ч үгүй мөнгө хэрэг болоод чам руу яриад байна. Найз нь 2-3 хоногоос мөнгөтэй болчихно” гэхээр нь би “чамд 2.000.000 төгрөг өгье” гэж хэлэхэд Д.И надаас бэлнээр авсан. ...4 дүгээр сарын дундуур Д.Игийн дугаар луу залгахад түүний утас холбогдохгүй, түүнтэй холбогдож чадахгүй 3 сар орчим болж байтал 7 дугаар сарын эхээр 99987700 дугаарын утаснаас Д.И өөрөө над руу залгаад “найз нь хоригдож байгаад гарч ирлээ, уулзъя” гэхээр нь би түүнтэй уулзахад “би жижиг асуудлаас болж хоригдлоо. Найз нь мөнгийг чинь удаачихлаа. 25.000.000 төгрөг өгөөд машинаа авъя гэсэн”. Дахин наадмын өмнө уулзахад Д.И “найз нь чамд үнэнээ хэлье. Наад машиныг чинь би бүрэн худалдаж аваагүй. Нэг найзаасаа худалдаж авна гэж тохироод урьдчилгаанд 20.000.000 төгрөгийг төлөөд наад машинаа шилжүүлээд авчих” гэхээр нь би “надад мөнгө хэрэгтэй, би мөнгөө авъя. Харин чи надаас авсан мөнгөө өгөөд энэ машинаа ав” гэхэд Д.И “надад 20.000.000 төгрөг өгсөн хүн маань мөнгө гаргаж чадахгүй байна, эсхүл би өөр хүнд зараад мөнгийг чинь гаргаад өгье” гэхээр нь зөвшөөрсөн. ...” /3 дугаар хавтас, 45-47 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Жадамбаагийн “...2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай зээлийн гэрээний ажилтан Д.Ганзориг нь иргэн Дашзэвэг овогтой Д.Итай түүний нэр дээрх 76-26 УНС , 76-19 УНС, 76-40 УНС дугаартай тээврийн хэрэгслүүдийг тус бүр нь 18.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд авч, зээл гарган өгсөн. Манай "Тайгын булаг авто" ХХК-ийн зээлийн гэрээний 9 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь гэрээний заалтанд зааснаар зээлээр авсан мөнгө, түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд манай компани хохирлоо барагдуулж авдаг учраас ажилчдынхаа нэр лүү тээврийн хэрэгслүүдийг шилжүүлсэн байгаа. 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Д.Ганзориг уг 3 тээврийн хэрэгслийг манай салбар луу шилжүүлсэн. Би 76-19 УНС, 76-26 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг Н.Машбат руу 2016 оны 3 дугаар сарын 4-ны өдөр шилжүүлж, 49-81 АРХ, 10-81 АРХ улсын дугаар шинээр авсан. 76-40 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Дамдинсүрэнгийн нэр лүү шилжүүлж, 21-97 ХОҮ улсын дугаар шинээр авсан. ... Эдгээр тээврийн хэрэгслүүд нь манай “Тайгын булаг авто” ХХК-ийн зээлийн гэрээний 9 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь гэрээний заалтад зааснаар зээлээр авсан мөнгө, түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд манай компани хохирлоо барагдуулж авна гэсэн заалтын дагуу 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Драгон дахь салбарын эрхлэгч Д.Ганзориг нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн барьцаанд тавигдсан 76-40 УНС, 76-26 УНС, 76-19 ЦНС улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг шилжүүлсэн. ...” /1 дүгээр хавтас, 59-60 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Р.Мөнх-Оргилын “...Би 2016 оны 1 дүрээр сарын 5-ны өдөр цахим “Үнэгүй.мн” сайт дээр автомашин барьцаалж, зээл олгоно гэсэн зар тавьсан. Тэгтэл 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс хойш над руу 99119894 дугаарын утсаар Д.И гэх хүн залгаад “та зээл олгох уу, би өөрийн эзэмшлийн “Тоёота Ланд круйзер 200” загварын автомашин барьцаалж, зээл авах гэсэн юм” гэхээр нь тухайн үед би машиныг нь үзээгүй, танихгүй хүн байсан болохоор шууд зөвшөөрөлгүй байсан болохоор би Д.Итай түүнээс хойш хэд хэдэн удаа утсаар ярьж байгаад 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр түүний эзэмшлийн “Тоёота Ланд круйзер 200” загварын 91-11 УНВ улсын дугаартай автомашиныг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвгэрт байх Жуковын музейн ойролцоо уулзаж үзэхэд машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ Д.Иын нэр дээр байсан. Хар өнгийн 2008 оны “Тоёота Ланд круйзер 200” загварын машин байхаар нь би түүнээс хэдэн төгрөгийн зээл авах гэж байгаа талаар хоорондоо ярилцахад Д.И нь машинаа унаад 20.000.000 төгрөгийн зээл гаргуулмаар байна гэхээр нь би 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 14 цагийн орчим түүнтэй зээлийн гэрээ байгуулан зээлийн гэрээн дээр машиныг тусгаж, зээлийн гэрээ болон фидукцийн гэрээг 2 сарын хугацаатай хийж, 20.000.000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төлсөн байхаар байгуулан, Циркийн ойролцоо байх Авто тээврийн үндэсний төвд Д.Иын хамт очиж, түүний барьцаанд тавьж зээл гаргуулан авах гэж байгаа Д.Иын эзэмшлийн “Тоёота Ланд круйзер 200” загварын 91-11 УНВ улсын дугаартай автомашиныг Д.И нь миний нэр лүү шилжүүлж, машинаа унаад зээл авахаар болсон. ... 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр нэхүүлж байж 1.000.000 төгрөг миний данс руу шилжүүлснээсээ хойш миний түүнд зээлсэн мөнгө болон хүүг одоо болтол төлөөгүй. ...” /3 дугаар хавтас, 8-9 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Дамдинсүрэнгийн “...Миний нэр дээр ямар ч тээврийн хэрэгсэл байдаггүй. Би энэ машины талаар одоо сонсож байна. Миний нэр дээр 21-97 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа гэдгийг би мэдээгүй явж байсан. ...” /1 дүгээр хавтас, 64-66 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Ганзоригийн “...2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Д.И нь өөрийн нэр дээрх 76-26 УНС, 76-19 УНС, 76-40 УНС тээврийн хэрэгслүүдийг тус бүр нь 18.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, зээл гарган өгч 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай компанитай гэрээ хийсэн нотариатч О.Ариунаа гэх хүн ирж бүртгэн, нотариатаар батлан Д.И өөрийн биеэр гарын үсэг зураад зээлийн мөнгөө аваад явсан. ...Би 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр уг зээлийн барьцаанд тавигдсан 3 тээврийн хэрэгслийг “Тайгын булаг авто” ХХК-ийн 1 дүгээр салбар луу хохирлоо барагдуулж авах талаар арга хэмжээ авхуулахаар борлуулалтын алба хариуцсан менежер Б.Жадамбаа руу тээврийн хэрэгслүүдийн бичиг баримт, түлхүүрийг шилжүүлж өгсөн. ...” /1 дүгээр хавтас, 67-68 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Машбатын “...Би тус компанид 2010 оноос БЗД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байх борлуулалтын салбарт засварчин хийж байгаа. Би энэ машинуудын талаар анх удаа сонсож байна. Миний ажилладаг “Тайгын булаг авто” ХХК-иас зээлийн барьцаанд тавигдсан машинуудаа ажилладаг хүмүүсийнхээ нэр лүү шилжүүлж байгаад зарсан тохиолдлууд байдаг, гэхдээ миний нэр лүү анх удаа шилжүүлсэн байна, миний нэр дээр эдгээр тээврийн хэрэгсэл шилжсэн талаар мэдээгүй явж байсан. Би Б.Жадамба гэх хүнийг танина. Миний ажилладаг “Тайгын булаг авто” ХХК-ийн 1 дүгээр салбарт зээлийн мэргэжилтэн хийдэг. Б.Дамдинсүрэн нь миний ажилладаг “Тайгын булаг авто” ХХК-ийн борлуулалтын салбарт ажилладаг. ...” /1 дүгээр хавтас, 69-70 дугаар хуудас/,

 

Гэрч В.Батхүүгийн "... Би 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажиллаж байхад оройн 17:20 цагийн орчим 70 орчим насны Ш.Т гэх эмэгтэй, хүргэн гэх эрэгтэй хүний хамт мөн дээрх тээврийн хэрэгслүүдийг худалдан авах хүн Д.И гэх хүн, мөн 30 орчим насны эрэгтэй хүний хамт орж ирээд гурван тээврийн хэрэгслийн итгэмжлэл дээр Ш.Т болон Д.И нарын хооронд 76-19 УНС, 76-26 УНС, 76-40 УНС улсын дугаартай "Beiben truck” загварын тээврийн хэрэгслүүдийг худалдах, худалдан авах гэрээг 1961, 1962, 1963 бүртгэлийн дугаартай бүртгэж, нотариатаар гэрчилсэн. Иргэн Ш.Таас Д.И гэх залуу нь тээврийн хэрэгсэл тус бүрийг 15.000.000 төгрөгөөр, нийт 45.000.000 төгрөгөөр худалдан авахаар болж, худалдах, худалдан авах гэрээ хийлгээд гарсан. Би худалдах, худалдан авах гэрээ хийхдээ худалдагч болон худалдан авагч талуудаас “төлбөрийг нь өгсөн үү” гэж асуудаг, тухайн үед талуудаас асуухад худалдан авагч тал болох Д. Д.И нь “мөнгийг нь өгнөө” гэж хэлсэн. Тэгээд Ш.Тийн зөвшөөрснөөр худалдах, худалдан авах гэрээг нотариатаар гэрчилсэн. Миний хажууд гэрээ хийж байх үед тээврийн хэрэгслийг худалдан авах төлбөрийг өгөөгүй. Ш.Т гэх хүний хүргэн хүү болон худалдан авагч Д.И нар хоорондоо бие биенээ таньдаг хүмүүс шиг харилцаатай байсан. Ш.Т нь хүргэнтэйгээ явж байна гэсэн болохоор нь би итгэлтэй хүнтэй явж байна гэж бодоод гэрээг гэрчилсэн. Д.И нь худалдан авч буй 76-19 УНС, 76-26 УНС, 76-40 УНС улсын дугаартай "Beiben truck" загварын тээврийн хэрэгслүүдийн үнийн дүнг 15.000.000 төгрөгөөс доогуур, багаар үнэлж худалдан авах гэрээ нь дээр үнийг тусгуулах гээд байсан шиг санагдаж байна. Тэгээд хоорондоо ярилцаж байгаад 15.000.000 төгрөгөөр худалдахаар гэрээнд тусгасан. ..." /1 дүгээр хавтас, 79-80 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Болдбаатарын: "...Би 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр өөрийн танил Ө.Өнөржаргал гэх залуутай Хан-Уул дүүргийн Оргил худалдааны төвд байрлах ресторанд уулзаад байж байхад Д.И гэгч Ө.Өнөржаргалын найз нь бүдүүн залуугийн хамт ирсэн. Би Ө.Өнөржаргалд Д.Иын дэргэд “3 ачааны машин байгаа юм. Манай дүү Б.Ганцогт АНУ-руу сургуульд сурахаар болсон, мөнгө хэрэгтэй байгаа, зарах хэрэгтэй байна” гэж хэлээд сууж байхад Д.И хажууд сууж байсан, тэгээд л ресторанаас гараад салаад явцгаасан. ... 2015 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн орчим Д.И гэдэг залуу над руу залгаад “ахаа та 3 тээврийн хэрэгслээ зарна гэдэг чинь хэвээрээ юу” гэсэн. 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр орчим ирээд Ө.Өнөржаргал руу юм асуух гээд залгах үед Ө.Өнөржаргал “манай найз Д.И нь танай ах хүнтэй наймаа яриулчихаад алга болчихлоо гээд байна, та утас руу нь залгачих” гээд надад 9903 дугаарын утас өгөхөөр нь залгаад Д.Итай ярихад “хүнтэй юм яриулчихаад ярьсандаа бай л дaa” гээд ууртай өнгө аястай ярихаар нь “за тэгээд авах хүн чинь хаана үзэх юм бэ” гэхэд Д.И “3 тээврийн хэрэгслүүдээ хотын төв рүү оруулж ирээд асааж үзүүлж байгаад болно, та завгүй байгаа бол би Ө. Өнөржаргалтай цуг очоод үзье. Та одоо машин байгаа хашааныхаа хүнтэй ярьчихаад над руу ярь" гэсэн. 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Д.И над руу залгаад мөнгийг нь бэлэн болгочихлоо машинаа шилжүүл гэсэн. Хадам ээжийн гэрээс гараад бид хоёр Д. Д.Ит итгээд түүний хэлсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт нотариатын газарт очсон. Д.И “асуудал байхгүй ээ, одоо гараад өгчих юм” гэж нотариат залууд хэлээд гэрээ байгуулсан. Эмээг хүргэж өгчихөөд миний хэлсэн газар хүрээд ир, таныг утсаар дуудъя, найз дээрээ очоод мөнгөө бэлдээд байж байя” гэж хэлсэн. Хадам ээжийг гэрт нь хүргэж өгсний дараа Д.И луу залгасан чинь “за ахаа одоо мөнгөө бэлдэж байна, жаахан байж бай” гэсэн. 23 цагийн үед залгасан чинь 1 эмэгтэй авснаа “Д.И энд мөнгө төгрөг тоолж байна, эргээд залгая гэнээ” гээд тасалсан. Эргээд дахиад залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. “Циркийн тэнд уулзъя” гэснээ намайг хуураад алга болсон. Д.И надад хэлэхдээ найздаа 54.000.000 төгрөгөөр зарахаар боллоо гэж хэлсэн. ..." /1 дүгээр хавтас, 94-95 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Алтансүхийн “...Талийгаачийн ээж Ш.Т 2015 оны 12 дугаар сарын эхний долоо хоногт яриад “миний хүү Н.Ганцогтын нэр дээрх 76-26 УНС, 76-19 УНС, 76-40 УНС машинуудыг хүн худалдаж авахаар болсон. Миний хүү машинуудыг асаагаад гаргаад хүлээлгээд өгчихөөрэй” гэж хэлэхээр нь 99119894 дугаарын утастай Д.И болон хамт явж байсан 43-45 орчим насны махлаг хүүхэн, 37 орчим насны залуугийн хамт хашаанд ирэхэд хүлээлгэж өгөөд хашаанаас жолооч Н.Машбат, Н.Мөнхжаргал нараар бариулаад хүлээлгэж өгөөд хүлээлцсэн талаар тэмдэглэл хөтөлж Ш.Тт хэлсэн. 76-26 УНС, 76-19 УНС, 76-40 УНС тээврийн хэрэгслүүд нь 2012 онд үйлдвэрлэгдсэн машинууд, 2013 оны 4 дүгээр сард Монгол Улсад орж ирсэн. Тээврийн хэрэгслүүдийг ямар байдалтай хүлээлцсэн талаар тэмдэглэлд тусгасан байгаа. 76-26 УНС, 76-19 УНС, 76-40 УНС тээврийн хэрэгслүүд нь миний өөрийн эзэмшлийн аж ахуйн хашаа болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, баруун түрүү 12 дугаар гудамжны 13 тоот хашаанд байсан. ...” /1 дүгээр хавтас, 92-93 дугаар хуудас/,

 

Гэрч Ө.Өнөржаргалын “...Хан-Уул дүүргийн Оргил төвд байх ресторанд Т.Болдбаатартай Д.И нь Төрөөгийн хамт уулзаад хамт хоол идэж байхдаа Т.Болдбаатар “ачааны 3 машин зарах хэрэгтэй байна, та нарт таньдаг хүн байна уу” гээд бид нарын хооронд ярьж байхад Д.И “би таньдаг хүнээсээ асууж байгаад зараад, эсхүл барьцаанд тавиад өгнө” гэж хэлээд бид нар салаад явсан. Ингээд уулзсан өдрөөс хойш 2015 оны 12 дугаар сарын эхээр Т.Болдбаатар над руу яриад Д.И 3 автомашиныг зарах, эсхүл барьцаанд тавиад өгнө гэж байна, ахын дүү Д.Итай хамт яваад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны ойролцоо байгаа хашаанаас зарах 3 автомашиныг зургийг нь дараад эсхүл асаагаад хот руу оруулаад ирээч гэхээр нь би Д.И, мөн Хишигсүрэн нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны ойролцоо машин байгаа гэх газрыг Т.Болдбаатараар заалгаад очсон. ... 2-3 хоногийн дараа Д.И нь над руу яриад би Т.Болдбаатар ах руу ярилаа, машинуудыг зарах эсхүл барьцанд тавих гэхээр мөнгө бүтэхгүй байна. Тэгээд Болдбаатар ах бид 2 хоорондоо яриад 3 тээврийн хэрэгслийг миний нэр лүү шилжүүлэхээр болсон, миний нэр лүү шилжүүлж байж зарж өгөхгүй бол болохгүй юм байна” гэж ярьсан. ...Маргааш нь Д.Итай хотын төвд уулзаад өнөөдөр над руу шилжүүлэх гэж байгаа, Болдбаатар болон түүний хадам ээжтэй хамт уулзъя гээд би Д.И, Хишигсүрэн нартай нотариатын газарт очсон. Машиныг Д.Иын нэр лүү шилжүүлж байх үед нь би Болдбаатарын хамт АТМ орж нотариатын мөнгө аваад дэлгүүр орж, ус аваад буцаад нотариатын газар луу ороход Болдбаатарын хадам ээж ганцаараа сууж байхаар нь Болдбаатар “би ээжийгээ хүргэж өгчихөөд яръя” гэж хэлээд салаад би машинд суухад Хишигсүрэн, Д.И нар сууж байсан. Би тэр үед Болдбаатарын хадам ээжийн нэр дээр зарах гэж байгаа гэх 3 машин байдгийг мэдсэн. ...” /1 дүгээр хавтас, 96-98 дугаар хуудас/,

 

Гэрч П.Төртөгсийн “...Би 2015 оны 7 дугаар сард Жаргалсайхан гэх хүнээс 36-42 УБО улсын дугаартай “Ланд Круйзер 200” загварын тээврийн хэрэгслийг худалдан авсан. ...2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн орчим Д.И залгаад “За хөгшөөн миний мөнгө бүрдэхгүй байна. Заавал ломбард гэж явдал удахаар хоорондоо тохиролцоод машинаа зарах юм байна уу” гэхээр нь би “чи өнөөдөр явдаг ломбардтай гэрээ хийгээд надаас бэлэн мөнгөөр авна гэвэл би машинаа зарна” гэж хэлэхэд Д.И “за за тэгвэл яръя” гэж хэлээд утсаа тасалсан. ... Д.И “би машиныг чинь авмаар байна. Сайхан машин байна. Хоёулаа тохиролцъё. Би чиний машиныг заавал ломбарданд тавьж мөнгийг чинь өгөх гээд яахав. Чиний машиныг аваад би 4 шинэ дугуй авна, шинэ гэрэл авч тавина, чи машинаа зарах үнээсээ жаахан татчих, надад бэлэн 44.000.000 төгрөг бэлэн байна. Үлдсэн мөнгийг чинь удаахгүй өгнө” гэхэд хамт явж байсан 43 орчим насны бор царайтай махлаг хүүхэн нь “манай мөнгө удахгүй 5 дахь өдөр гэхэд бэлэн болно. Та 2 хоорондоо өгч авалцсан бичиг хийж болохгүй юм уу. Мөнгийг чинь удаахгүй өгөх юм чинь” гэж хэлэхээр нь “Би мөнгөний юм хэцүү юм чинь машинаа 54.000.000 төгрөгөөр зарна. Чи надад одоо 44.000.000 төгрөө өгчих. Үлдсэн 10.000.000 төгрөгийг нь хугацаатай зээлийн гэрээ хийж байж өгнө” гэж хэлэхэд Д.И нь зөвшөөрөөд надад 44.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэн 10.000.000 төгрөгийг нь 14 хоногийн хугацаатай Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад миний машиныг авсан. ...” /1 дүгээр хавтас, 99-101 дүгээр хуудас/,

 

Гэрч Э.Отгоогийн “...2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр би эгч Ю.Эийн лангуун дээр түр ороод гарах гэж байтал нэг ах орж ирээд “Ю.Э эгчээ “Ай фонэ 6” загварын 64 гб-ын багтаамжтай гар утсаа өгчих, доошоо яваад хүнд үзүүлчД.Ид ориг үгүйг нь шалгуулаад өгье гэсэн. Тэр үед Ю.Э эгч намайг дагаж явчихаад ир гэхээр нь нөгөө ахыг дагаад лангуунаас гараад доошоо хоёр давхар луу явсан чинь гар утас авсан ах хоёр давхарт очоод хүмүүсийн дунд ороод алга болчихсон. Би хоёр давхраар нилээн хайж явсан боловч олдоогүй. ...” /1 дүгээр хавтас, 114-115 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Хойлогдоржийн “...2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр над руу 99119894 дугаарын утсаар 23 цагийн орчим "юу байна хөгшөөн чамд мөнгө байна уу, найз нь өөрийнхөө “Ланд 200” загварын машиныг мөнгөний хэрэг болчихоод 10.000.000 төгрөгийн барьцаанд тавих гэсэн юм" гэж яриад намайг таньдаг хүн шиг яриад танимхайраад байхаар нь би “мэдэхгүй ээ Д.И” гэтэл "би Теди дээр зогсдог ш дээ" гэхээр нь би түүнийг санахгүй хэрнээ намайг таниад байхаар нь түүнд надад мөнгө алгаа би хүнээс асуугаад хариу хэлье" гэж хэлээд өөрийн найз С.Хд "Ланд крузер 200” загварын машиныг 10.000.000 төгрөгийн барьцаанд тавъя гэнээ гэж хүн хэлж байна" гэж хэлэхэд С.Х машиныг үзье гэж хэлэхээр нь би Д.И гэгч залууд С.Хы дугаарыг өгсөн. Тэгээд би тэр хоёрыг холбож өгсөн. ...” /2 дугаар хавтас, 244-245 дугаар хуудас/,

 

Д.Иын яллагдагчаар өгсөн “... Баянзүрх дүүргийн Монгол кино үйлдвэрийн урд байх нотариатын газар Болдбаатартай уулзаж тээврийн хэрэгслүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэх гэж уулзахад Болдбаатар нь настай эмэгтэй хүний хамт ирээд миний нэр лүү 3 тээврийн хэрэгслийг шилжүүлэхэд нь Болдбаатараас “энэ 3 машин таны нэр дээр байдаггүй юм уу” гэхэд “эдгээр машинууд нь миний мэдлийн машинууд, энэ хөгшин манай хадам” гэхэд нотариат нь “2 тал худалдах, худалдан авах гэрээ хийхэд мөнгөө өгсний дараа гэрээ хийдэг юм. Хоорондоо мөнгөө өгөлцөж, авалцсан биз дээ” гэхэд Болдбаатар болон хамт явж байсан хөгшин “гэрээ хийхэд татгалзах зүйлгүй” гэж хэлээд миний нэр лүү 3 тээврийн хэрэгслийг шилжүүлсэн. ... Би 2015 оны 12 дугаар сарын сүүлээр Сайн ломбарданд 54.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. ...” /1 дүгээр хавтас, 145-147 дугаар хуудас/,

 

 Мөн түүний өгсөн “...2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Тэди дээр гар утасны наймаа хийдэг Ю.Э гэх хүнээс “Ай фоне 6” загварын гар утас зараад өгье, гэхдээ гар утасны үндсэн мөнгө 1.400.000 төгрөгийн 20 хувь 400.000 төгрөгийг нь эхлээд өгөөд гар утасыг авна гэж хэлээд лангуун дээрээс нь авч гараад өөрийн танил Оогий гэх Их дэлгүүрийн ойролцоо байр хөлсөлж эхнэр, хүүхдийн хамт амьдардаг хүнд зүгээр өгсөн. ...” /2 дугаар хавтас, 201-202 дугаар хуудас/,

 

Мөн түүний өгсөн “...Би С.Х гэх хүнийг танина. Ц.Хойлогдоржоос “мөнгө зээлүүлэх хүн байна уу” гэхэд Хойлогдорж надад С.Хыг холбож өгөөд 2016 оны 3 дугаар сарын 21-ний орой би С.Хтай утсаар яриад түүнтэй 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр уулзахаар болоод 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн эзэмшилд байсан 91-11 УНВ улсын дугаартай “Тоёота Ланд крузер 200” загварын автомашиныг Р.Мөнх-Оргилд 20.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, түүний нэр дээр шилжүүлж машинаа өөрөө унаж яваад, С.Х гэх хүнээс 2016 оны 3 дугаар сарын 22-нд 17.000.000 төгрөгийг бэлнээр удаахгүй өгнө гэж хэлээд, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан юм. Тэгээд би С.Хаас авсан мөнгөний барьцаанд Мөнх-Оргилын нэр дээрх 91-11 УНВ улсын дугаартай “Тоёота Ланд крузер 200” евро загварын машиныг барьцаанд үлдээсэн. Би С.Хаас авсан мөнгөө өгч чадаагүйгээс болж Мөнх-Оргилын нэр дээрх 91-11 УНВ улсын дугаартай “Тоёота Ланд крузер 200” загварын машиныг авч чадалгүй өнөөдрийг хүрсэн. ...” /2 дугаар хавтас, 248-249 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

 

Автомашин худалдах, худалдан авах гэрээ /1 дүгээр хавтас, 200, 213, 218 дугаар хуудас/,

 

Автомашин худалдах, худалдан авах гэрээ /2 дугаар хавтас, 113-118 дугаар хуудас/,

 

Барьцаат зээлийн гэрээ /2 дугаар хавтас, 101-102 дугаар хуудас/,

 

Автомашин худалдах, худалдан авах гэрээ /2 дугаар хавтас, 143 дугаар хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтас, 205 дугаар хуудас/,

 

Автомашины үнэлгээ /3 дугаар хавтас, 233-235, 239-241, 245-247 дугаар хуудас/,

 

Автомашины үнэлгээ /4 дүгээр хавтас, 1-3 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Прокуророос “Д.Иыг 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нотариатын газарт иргэн Ш.Тийн эзэмшлийн 76-26 УНС, 76-40 УНС, 76-19УНС улсын дугаартай ачааны зориулалттай “Beiben” загварын тээврийн хэрэгслүүдийг 45.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, улмаар худалдах, худалдан авах гэрээ байгуулан уг тээврийн хэрэгслүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Тайгын булаг авто” ХХК-д 54.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж хууран мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж Ш.Тт 100.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан” гэж яллах дүгнэлт үйлджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, Д.И нь 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “45.000.000 төгрөгийг бэлнээр өгнө, мөнгө байгаа” гэж Ш.Тт худал хэлж, түүний эзэмшилд /захиран зарцуулах эрх үүссэн/ байсан 76-26 УНС, 76-40 УНС, 76-19УНС улсын дугаартай ачааны зориулалттай “Beiben” загварын тээврийн хэрэгслүүдийг 45.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, улмаар худалдах, худалдан авах гэрээ байгуулан уг тээврийн хэрэгслүүдийг өөрийн нэр дээр шилжүүлснийхээ дараа Ш.Тийн хүргэн Болдбаатарт “таныг утсаар дуудъя, найз дээрээ очоод мөнгөө бэлдээд байж байя” гэж яваад Ш.Тт ямар нэг төлбөр төлөөгүй үйл баримт тогтоогдож байна.

 

Д.И нь дээрх гурван автомашиныг худалдан авах төлбөрийн чадваргүй байсан болох нь тогтоогдсон байх бөгөөд тэрээр “45.000.000 төгрөгийг бэлнээр өгнө, мөнгө байгаа”, “таныг утсаар дуудъя, найз дээрээ очоод мөнгөө бэлдээд байж байя” гэх зэргээр худал хэлж, хууран мэхлэх аргаар бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлджээ.

 

Прокуророос Ш.Тийг залилан мэхлэсэн гэмт хэргийн хохирлын хэмжээг 100.000.000 төгрөг гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь, хохирогч Ш.Т нь Д.Ит 3 машинаа худалдахаар ярихдаа зах зээлийн үнээр тооцоогүй, зөвхөн өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн 45.000.000 төгрөгөөр өгөхөөр болсон байх бөгөөд Д.Иаас бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийхгүйгээр түүнд 45.000.000 төгрөгийг өгсөн тохиолдолд тэдний хоорондох иргэний эрх зүйн харилцаа дуусгавар болохоор байжээ.

 

Иймд, Д.Иын хууран мэхлэх арга хэрэглэж, худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлийг иргэний эрх зүйн шинжтэй харилцаа гэж үзэхгүй.

 

Харин ачааны зориулалттай “Beiben” загварын тээврийн хэрэгслүүдийг зах зээлийн үнээр үнэлэхэд 100.000.000 төгрөг болсон байх бөгөөд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй Ш.Тийн хохирлын хэмжээг 100.000.000 төгрөг гэж үзсэнийг буруу гэж үзэв.

 

Иймд Д.Иын Ш.Тийг залилсан гэмт хэргийн хохирлын хэмжээг 45.000.000 төгрөгөөр тогтоов.

 

Д.И нь Ш.Таас залилан мэхлэж авсан ачааны зориулалттай “Beiben” загварын тээврийн хэрэгслүүдийг “Тайгын булаг авто” ХХК-д барьцаанд тавьж, 54.000.000 төгрөгийн зээл авсан байна.

 

Д.Ит холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсний дараа иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг авто” ХХК нь Ш.Тт 38.000.000 төгрөг өгч, Ш.Т нь “хохирол төлбөр бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, 2197 ХОҮ, 1081 АРХ, 4981 АРХ дугаартай, ачааны зориулалттай “Beiben” загварын тээврийн хэрэгслүүдийг “Тайгын булаг авто” ХХК-д хэвээр үлдээж өгнө үү” гэсэн хүсэлтийг анхан шатны шүүхэд гарган өгчээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар “Тайгын булаг авто” ХХК нь Д.Ит 54.000.000 төгрөг, хохирогч Ш.Тт 38.000.000 төгрөг, нийт 92.000.000 төгрөгийг зарцуулсан байх бөгөөд энэ мөнгөө 2197 ХОҮ, 1081 АРХ, 4981 АРХ дугаартай, ачааны зориулалттай “Beiben” загварын тээврийн хэрэгслүүдийг зах зээлийн ханшаар худалдан борлуулж, олж авах боломжтой болох нь дээрх автомашинуудыг үнэлсэн үнэлгээгээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

“Вендо” хөрөнгийн үнэлгээний компаниас 49-81 АРХ улсын дугаартай “Beiben” загварын автомашиныг 33.000.000 төгрөгөөр /3 дугаар хавтас, 233-235 дугаар хуудас/, 10-81 АРХ улсын дугаартай “Beiben” загварын автомашиныг 33.000.000 төгрөгөөр /3 дугаар хавтас, 239-241 дүгээр хуудас/, 21-97 ХОҮ улсын дугаартай “Beiben” загварын автомашиныг 34.000.000 төгрөгөөр /3 дугаар хавтас, 245-247 дугаар хуудас/ тус тус үнэлж, 3 автомашин нийтдээ 100.000.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдож, иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг авто” ХХК-ийн нэхэмжилж буй 92.000.000 төгрөгийн үнийн дүнгээс “Beiben” загварын 3 автомашинуудын үнэлгээ давсан байх тул тус автомашинуудыг “Тайгын булаг авто” ХХК-д олгосноор нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой гэж үзэв. 

 

“Тайгын булаг авто” ХХК нь Д.Ит холбогдох эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон бөгөөд өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүрэг хүлээсэн боловч дээрх тээврийн хэрэгслүүдийн зах зээлийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн нотлох баримтыг гаргаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлээгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтыг өөрчлөхдөө, анхан шатны шүүхээр шинжлэн судалсан нотлох баримтад болон хэлэлцсэн асуудалд үндэслэж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор авч үзсэн болно.

 

 

Энэ хэрэгт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Д.Иын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, хуульд заасан торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 511 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг авто” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жадамбаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.