| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
| Хэргийн индекс | 128/2016/0164/З |
| Дугаар | 165 |
| Огноо | 2018-03-15 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 165
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Ш.Н.
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга.
Гуравдагч этгээд: Л.Т.
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн А/350 дугаар “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн С.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Д.П, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Миний бие нь Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 641 дүгээр захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргад хандахад шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Үүний дагуу дахин шүүхэд хандаж байна. Манай гэр бүлийн хүн С.Ань 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын 10 дугаар хороо, АОС 13 гэсэн хаяг дээр 400м2 газрыг ахуйн зориулалтаар эзэмшихээр засаг даргын захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмших гэрчилгээ авсан. Энэхүү газартаа хашаа барьж манаач буулгасан. Гэтэл нөхрийн маань бие муудаж, ходоодны хорт хавдар оноштойгоор эмнэлэгт хэвтэж хагалгаа хийлгэсэн боловч амжилтгүй болж гэртээ байж байгаад 2010 оны 12 дугаар сард нас барсан. Тухайн үед эхнэр болох Ш.Н миний бие том хүү 9 дүгээр анги, дунд, хүү 6 дугаар анги, бага охин 4 сартай 3 хүүхдийн хамтаар өнчирч хоцорсон. Өрх толгойлсон эмэгтэй болж үлдээд 3 хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, ар гэрээр авч явах хэрэгтэй болсон учраас сургуулиа төгсөж ажил хийж надад тус нэмэр болох болсон. Мөн бага охин маань цэцэрлэгт орж би гадуур гарч ажил хөөцөлдөх боломжтой болоод газраа өөрийн нэр дээрээ болгох тухай газрын албанд хүсэлт гаргатал Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/350 дугаар захирамжаар газар ашиглаагүй гэж хүчингүй болгосон байсан. Газар эзэмших эрхийг хүчингүй болгоход эзэмшиж байгаа хүнд нь албан ёсоор мэдэгдэх ёстой байдаг юм байна. Гэтэл надад мэдэгдэлгүйгээр шийдвэрлэсэн.
Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/350 дугаар захирамжийг хүчингүй болгож газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэл гаргаж буй Ш.Н нь тухайн газрын эзэмшигч байсан С.А-ийн эхнэр нь юм. Тухайн газрын зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр 2015 онд газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон байгаа. Тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. С.А-ийн биеийн байдал хүнд, 2 жил хэвтрийн дэглэмтэй байж байгаад насан эцэслэсэн. Үүнтэй холбогдуулан газар өвлөх эрхийг Ш.Н авсан. Нэхэмжлэгчийн хувьд С.А-ийн газар эзэмших эрхийг гуравдагч этгээдийн хүсэлтээр хүчингүй болгосон гэж үзэж байгаа бөгөөд энэ нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тухайн газрыг 2 жил ашиглаагүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн үед тус газар дээр хашаа баригдсан байдаг. Мөн тус газар дээр гуравдагч этгээд хууль бусаар оршин суусан байдаг. Засаг даргын захирамжаар олгогдсон ямар нэг зөвшөөрөл байдаггүй. Газрыг Газрын тухайн хуульд заасан тусгай нөхцөл журмын дагуу газар эзэмшүүлэх гэрээний үндсэн дээр эзэмшиж ашиглуулах хуулийн зохицуулалт байдаг. Мөн Ш.Н нь С.А-ийн хууль ёсны өв залгамжлагч бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээ нээгдсэн байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “...Газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан;” гэж заасан байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон мэтээр тайлбарлаж байгаа нь буруу байна. Мөн өвлөх эрхээ алдсан гэж тайлбарлаад байна. Өвлөх эрхээ алдсан эсэхийг хариуцагч тогтоохгүй. Үүнтэй холбоотой нотлох баримт, өвлөх эрхийн гэрчилгээ хавтаст хэрэгт авагдсан байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг хэрэглэхдээ мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу газар эзэмшигчид заавал мэдэгдэх ёстой. Мэдэгдэж байж тус зүйл заалтыг ашиглах боломжтой. Мөн хариуцагч тал заавал газар дээрээ амьдарч байх ёстой гэж тайлбарлаад байна. Гэтэл Газрын тухай хуулиар газар эзэмшигч, өмчлөгч заавал тус газар дээрээ амьдрахыг шаардаагүй. Тухайн газар дээр хэдээс хэдэн онд хашаа барьсан байж байгаад, хэдээс хэдэн онд буулгасан гэх мэтчилэн он оноор нь авсан кадастрын зураг хавтаст байгаа. Мөн гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн зүйл огт байхгүй. Тухайн газрыг гуравдагч этгээдэд албан ёсоор эзэмшүүлж, ашиглуулахаар эрх олгосон зөвшөөрөл, захирамж хавтаст хэрэгт байдаггүй. Тийм учраас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, АОС 13 тоотод иргэн С.А-д 400 м2 газрыг ахуйн зориулалтаар 13 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар эзэмшүүлсэн байдаг.
Гэрээ байгуулсан этгээд нь газраа 2 жил дараалан ашиглаагүй тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/350 дугаар захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.
Нэхэмжлэгч Ш.Н нь өөрийн нөхрийн эзэмшиж байсан газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй бөгөөд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар Газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүй 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгох эх зүйн зохицуулалттай. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт Улсын дээд шүүхийн 2015 оны 08 дугаар тогтоолд зааснаар гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгодог. Мөн зүйл хэсэгт заасан “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хийш хуанлийн бүтэц 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж заасан байдаг.
2008 оны 09 дүгээр сард газар эзэмших гэрээ байгуулагдаж, гэрчилгээ олгогдсон байх бөгөөд тус хугацаанаас тооцож үзэхэд 7 жил болсон байна.
Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т газар эзэмшигч нь иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан бол газар эзэмших эрх дуусгавар болно гэж зааснаас үзэхэд С.А-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь газар эзэмшигч иргэн нас барсан бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй, мэдэх боломжгүй байжээ гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.3-д зааснаар Өв залгамжлалыг хуульд зааснаар буюу гэрээслэлээр гүйцэтгэнэ, 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийн хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж нэгдүгээр үеийн өв залгамжлагч нарыг тодорхойлсон байдаг. Нэхэмжлэгчийн хувьд талийгаачийн хууль ёсны өв залгамжлагч гэж үзэхэд хүндрэлтэй юм. Учир нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2011 оны 397 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг талийгаач С.А-тэй хамтын амьдралтай байсныг тогтоосугай гэж шийдвэрлэсэн байна. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ гэж өөрөөр хэлбэл иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байхыг хуулиар шаарддаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь /цаг хугацааг ухруулан авч үзвэл/ түүний Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан нэгдүгээр үеийн өв залгамжлагч болохгүй бөгөөд мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан бусад өвлөгч болж болох юм.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т бусад өвлөгчид нь өв нээгдэхээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хүсэлтээ зохих байгууллагад нэг жилийн дотор гаргаагүй байна. Иймд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан газар эзэмших эрх дуусгавар болсон байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “нэхэмжлэл” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан байдаг. Эндээс үзэхэд нэгдүгээрт, захиргааны хууль бус акт байх, хоёрдугаарт тэрхүү актын улмаас нэхэмжлэгч иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг ойлгохоор байна. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрх дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий акт нь түүний хууль ёсны эрхийг хөндөөгүй байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа бичгээр тайлбар өгсөн байгаа. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 тоот захирамжаар тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амины орон сууцын 13 тоотод байрлах 400 метр квадрат талбайг иргэн С.А эзэмшүүлсэн. Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/350 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газрыг 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэдэг үндэслэлээр С.А-ийнгазар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч Ш.Нийн тухайн маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг Улсын Дээд шүүхийн 2015 оны 08 дугаар тогтоолоор тайлбарласан байдаг. Нэхэмжлэгч С.А өвчтэй байсан гэж тайлбарлаж байгаа боловч тухайн нөхцөл байдлыг Төрийн захиргааны байгууллагаас урьдчилан мэдэх боломжгүй. Иймд үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж ойлгохгүй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-д “...Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмшин авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч 1 жилийн дотор зохих байгууллагад хүсэлтээ гаргаагүй байна. Тэгэхээр газар эзэмших эрх нь дуусгавар болсон учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “...нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ..” гэж заасан байдаг. Гэтэл иргэн С.А-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон А/350 дугаар захирамж нь Ш.Н-ийн эрх ашгийг хөндсөн нь тодорхойгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Өвчин зовлонтой байсан ч гэсэн тухайн газрыг 7, 8 жилийн хугацаанд Ш.Н эзэмшсэн байх ёстой байсан. Гэтэл тухайн газарт амьдарч байсан зүйл байхгүй байсан учраас Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Үүнийг нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “ гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, хуучнаар Хангамж АОС-ын 13 тоот буюу одоо 2 дугаар хэсэг, Төмөр замын 131 тоот хаягтай, 800 м.кв талбай бүхий газартай, хашаа, байшинд 2010 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй амьдарч байна.
2010 оны 8 дугаар сард тухайн газарт бууж, хуульд заасан журмын дагуу газар эзэмших шийдвэр, гэрээ, гэрчилгээ гаргуулахаар Баянзүрх дүүргийн Газрын албанд хандсан. Гэтэл намайг өргөдөл өгснөөс хойш сар гаруйн дараа тухайн оны 09 дүгээр сард миний олгохыг хүссэн газрыг 2 хувааж, н.Б, н.А гэх хүмүүст олгосныг мэдсэн.
Мэдсэн даруй тухайн үед манай хороог хариуцдаг байсан газрын байцаагч Итгэл гэж хүнд “миний өргөдлийн дагуу газраа өгөхгүй байж, яагаад 2 хуваагаад өөр хүмүүст олгохоор болов” гэхэд би мэдэхгүй дарга нар өг гэсэн гэдэг хариулт өгсөн.
Ингээд миний бие 2010 оны 09 дүгээр сард дахин Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албанд газрынхаа гэрчилгээг гаргуулахаар өргөдөл өгсөн боловч 2 жил гаруй хугацаанд шийдээгүй, тодорхой хариу өгөөгүй.
2012 оны 08 дугаар сард газраа дахин баталгаажуулж, гэрчилгээ гаргуулах болон Болорчимэг нарын хүмүүст хууль бусаар газар олгосон асуудлаа эргэж харж, шийдэж өгөхийг хүссэн боловч мөн л хариу өгөөгүй. Өргөдлийг хүлээж авч, шийдсэн нь тодорхойгүй, сураггүй болсон.
2014 онд мөн л өргөдөл гаргаж, бараг жилийн дараа Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх гэсэн гарын үсэг бүхий 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2016 оны хариу хүргүүлэх тухай албан бичгээр өргөдлийн хариуг өгсөн. Удаа дараа өгсөн өргөдлүүдэд ирсэн ганц хариу нь энэ юм.
Ингэж намайг газраа авахаар 5 жил гаруй хугацаанд хөөцөлдөж байхад миний газар дээр давхацсан гэдэг н.Болорчимэг, н.Алтансүх нарын хүмүүсээс нэг нь ч тус газартаа амьдарч байгаагүй. Манай гэр бүл тухайн газарт анх буухад ямар байсан, засч тохижуулаад ямар янзтай болгосон, тэр л хэвээрээ байгаа.
Хэрвээ дээрх хүмүүст үнэхээр тухайн газрыг олгосон байдаг бол энэ хүмүүст ядаж нэг удаа газраа ирж үзэж, хашаа, хороогоо босгосон баймаар. Гэвч нэг ч хүн ирээгүй.
Энэ байдал нь н.Б, н.А нар нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг үндэслэлээр дээрх хүмүүсийн газрын хүчингүй болгосон. Гэхдээ зөвхөн С.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Учир нь н.Б нь газраа бусдад барьцаалсан, зээлийн барьцаалбартай байгаа юм байна гэж газрын албанаас хэлж байсан.
Дээрх асуудлыг мэдэж байгаа учир нь миний бие өнгөрсөн хугацаанд газраа олж авахын тулд уйгагүй хөөцөлдөж байсны үр дүн. Мөн эдгээр хүмүүс нь тухайн газартаа амьдардаггүй гэсэн асуудлыг миний бие хөндөж, Газрын албаныханд удаа дараа асуудлыг тавьсны хүчинд шийдэгдсэн асуудал.
Гэтэл С.А агсны дүү гэх Ш.Н гэж хүн 03 дугаар сарын аравдаар буюу Цэргийн баярын үеэр манай гэрт хүмүүс дагуулж ирж, биднийг хэл амаар доромжилж, биднийг газраа чөлөөлж, хурдан нүүхийг шаардсан. Ингэж миний бие болоод манай гэр бүлийнхэн бидний газар шүүх дээр маргаантай байгааг мэдлээ.
Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд Л.Т миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэж үзэж байна. ” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Иргэн Ш.Нийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж гаргасан байгаа учир бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ш.Н анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Гэр бүлийн хүн болох С.А агсан маргаан бүхий газрыг эзэмшиж байсан бөгөөд 2010 оны 12 дугаар сард нас барж, би хүүхдүүдийн хамт үлдсэн. Хүүхдүүд минь өнчин бага насны байсан учир хүүхдүүдээ асарч, хүмүүжүүлэх шаардлагатай байсан.” гэсэн бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А356 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байдаг. Үүнд нэгт хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хугацаандаа гаргасан гэж хэлж байна. Гэвч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар няцаагдаж байна гэж үзэж байна. Ш.Н анх 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байдаг. 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 641 дугаар шүүгчийн захирамжаар тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасныг 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1599 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн. Гэтэл нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан эсэх асуудал эргэлзээтэй байгаа. Ш.Н анх энэ асуудалтай холбогдуулаад 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Газрын харилцааны албанд өргөдөл гаргасан байдаг. Өргөдлийг нь хүлээж аваад Баянзүрх дүүргийн Газрын албанаас 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хариу мэдэгдэл өгсөн байгаа. Энэ мэдэгдэл нь “Таны өвлөх эрхийн гэрчилгээний дагуу нэр дээрээ шилжүүлж авах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болно.” гэсэн утга бүхий мэдэгдэл байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д тухайн Захиргааны акт хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй талаар хуульчилсан байгаа. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд “...Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.” гэж заасан байдаг. Үүний дагуу 94 дүгээр зүйлийн 94.1-д “...Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.” гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэгч Ш.Н эдгээр хуулийн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэж байгаа. Учир нь Баянзүрх дүүргийн Газрын албанаас 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хариу мэдэгдэл өгсөн байхад 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр буюу 4 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа учир шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол нэхэмжлэгч үүнтэйгээ холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх байсан байх. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхэд энэ талаараа нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Мөн Ш.Нийн дурдаад байгаа шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаан биш. Хуульд заасан журмыг зөрчиж нэхэмжлэл гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн хувьд өөрт нь давуу байдал олгох, хууль мэдэхгүй байсан нь тухайн эрхийг нь сэргээх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Ш.Н Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн А/350 дугаар “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн С.А холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч 2001-2010 онд С.А-тэй хамтын амьдралтай байх хугацаанд буюу 2008 онд Дүүргийн Засаг даргын захирамжаар маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй байсныг өвлөх эрхийн дагуу газар эзэмших эрхийг шилжүүлж авах эрхтэй бөгөөд 2010 онд нөхөр С.А нас барж, 2016 он хүртэл үр хүүхдээ асрах, ар гэрээ авч явах хүндэтгэх шалтгаануудыг харгалзалгүй 2015 оны 07 дугаар сард газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус гэж маргажээ.
Нэхэмжлэгч Ш.Н газар эзэмшигч С.А-ийн өв залгамжлагч түүний төрсөн охин А.Номинжаргалын асран хамгаалагчийн хувьд маргаан бүхий газрын хууль ёсны эзэмших эрх хөндөгдсөн эсэх асуудлаар шүүхэд эрхээ хамгаалуулахаар хандах эрхтэй бөгөөд маргаан бүхий газрыг шилжүүлэн авах тухай хүсэлтийг 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дүүргийн Засаг дарга, түүний газрын албанд гаргаж, мөн оны 10 дугаар сарын 21-ны өдөр боломжгүй тухай хариу авсан хэдий ч урьдчилан шийдвэрлүүлэхээр 2018 оны 01 дүгээр сард Нийслэлийн Засаг даргад хандсанаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хангамжийн АОС-13 тоотод иргэн С.А-д 400 м кв газрыг ахуйн зориулалтаар 13 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.
Газар эзэмшигч тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/350 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр хууль зөрчөөгүй.
Учир нь хариуцагчийн дээрх шийдвэр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.”, Улсын Дээд Шүүхийн 2015 оны “Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолд “....зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно.” гэж тус тус зохицуулсантай нийцсэн гэж дүгнэв.
Газар эзэмшигч өрхийн тэргүүн хүнд өвчний улмаас 2010 онд нас барж, сургуулийн болон өмнөх насны 3 хүүхдийн хамт өрх толгойлж үлдсэн нэхэмжлэгчийн хувьд газар эзэмших эрхийг шилжүүлж авах, тухайн газраа зориулалтын дагуу ашиглах талаар тодорхой хугацаанд хүндэтгэх шалтгаантай байсан байж болох боловч 2015 оны 09 дүгээр сар хүртлэх 5 жил, газар эзэмших гэрээ байгуулагдаж, гэрчилгээ олгосноос хойшхи 7 жилийн хугацааг бүхэлдээ хүндэтгэх шалтгаантай байсан гэж дүгнэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч газар эзэмших талаар хуулинд заасан дээрх нөхцөл, шаардлагыг хэрэгжүүлээгүй буруутай.
Тодруулбал нэхэмжлэгч маргаан бүхий газраа зориулалтын дагуу ашиглахаар хамгаалаагүй,ямар хаягтай талаар мэдэхгүй энд амьдарч байгаагүй талаар тайлбарласан нь шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хийсэн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан байна.
Хэдийгээр газар эзэмшигч тухайн газар дээр байнга оршин суух шаардлагагүй ч хуулинд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтаар ашиглах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.
Түүнчлэн энэ хэргийн гуравдагч этгээд маргаан бүхий газарт 2010 оноос амьдарч, тухайн газрыг эзэмших хүсэлтийг удаа дараа дүүргийн газрын албанд гаргасан хэдий ч бусдын газартай давхцалтай гэх үндэслэлээр шийдвэрлэхгүй өдий хүрсэн нь энэ газрын шударга эзэмшигч гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Учир нь гуравдагч этгээд Т-т газар эзэмшүүлсэн эрх бүхий захиргааны байгууллагын шийдвэр байхгүй байгаа нь түүний газар эзэмших талаарх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.
Мөн гуравдагч этгээд нь газар эзэмшихтэй холбоотой захиргааны байгууллагын хууль бус акт, үйлдэл, эс үйлдэхүйн талаар бие даасан шаардлага гаргаагүй болно.
Нөгөө талаар хариуцагч газар эзэмших эрх, газар эзэмшүүлсэн гэрчилгээг хүчингүй болгосон талаараа нэхэмжлэгчид мэдэгдээгүй хэдий ч энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн А/350 дугаар “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн С.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгох Ш.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР