Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2021/0506

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 8 дугаар шийдвэртэй, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Засаг дарга, Ханбогд сумын Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 8 дугаар шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 32 дугаар зүйлийн 32.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасныг тус тус баримтлан “А” ХХК-аас Өмнөговь аймгийн Засаг дарга, тус аймгийн Ханбогд сумын Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1311 дүгээр захирамжийн “А” ХХК-ийн газартай давхцаж буй 8 га газрыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд “И Х” ХХК-аас Өмнөговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/42 захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нар тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо:

“...Шүүх шийдвэртээ “... маргаан бүхий газар дээр анх газар эзэмших хүсэлт гаргаж, нүүрс ачиж буулгах зориулалттай төсөл сонгон шалгаруулалтаар уг газрыг эзэмшсэн...” гэж тайлбарлан маргах боловч шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасны дагуу Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гаргуулан авсан газрын хувийн хэрэгт7 газар эзэмших хүсэлт болон төсөл сонгон шалгаруулалттай холбогдох баримт байхгүй, нэхэмжлэгч өөрөө энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М тухайн газрыг төсөл сонгон шалгаруулалтаар бус шууд захирамж гарган олгосон гэдэг тайлбар гаргасан болно” гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч “А” ХХК нь анх газрыг хууль тогтоомж, дүрэм журмын дагуу өргөдөл, хүсэлт гарган газрыг дуудлага худалдаагаар сонгон шалгаруулалтаар авч байсан. Гэхдээ нэхэмжлэлийн маргаан нь 2012 оны А42 захирамж нь газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг зөрчсөн захиргааны шийдвэр байсан гэж маргаагүй тул нэхэмжлэгч хууль ёсны дагуу газраа авсан учраас өөрийн хууль ёсны ашиг хэрхэн зөрчигдсөнд үндэслэж нотлох баримтаа цуглуулсан. Гэвч шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгөх боломжгүй нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргасан. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ нотлох баримтуудаа цуглуулж шийдвэр гаргах үүрэгтэй байсан. Хариуцагч төрийн байгууллага архив, бичиг хэргийн баримтуудаа шүүхэд дутуу гаргаж өгсөн нь хууль бус үйлдэл. Үүнийг шүүх үнэлж хариуцагчийн гаргаж өгсөн материалын хүрээнд хариуцагчийн тайлбарт тулгуурлаж шийдвэрийг гаргасан. Бид хуулийн дагуу газар эзэмших эрхтэй болсон. Энэ талаар баримтуудыг гаргаж өгнө. Өмнөговь аймгийн засаг даргын А/42 тоот захирамжаар нийт 20 иргэн, хуулийн этгээд газар эзэмших эрхтэй болсон. Одоогоор А ХХК нь газраа бусдад алдсан, бусад аж ахуйн нэгжүүд нь газраа эзэмшиж ашиглаад явж байгаа. А/42 тоот захирамж нь хууль бус Газрын тухай хуулийг зөрчсөн шийдвэр юм бол бусад 19 хуулийн этгээдийн газар эзэмших эрх нь хууль бус байна. Иймээс хэтэрхий нэг талыг эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасан. Гуравдагч этгээд болох И Х ХХК нь мөн адил Газрын тухай хуулийг зөрчсөн зөвхөн нэг хүсэлтээр газрыг эзэмших эрхтэй болсон. Үүнийг шүүх үнэлсэнгүй.

Шүүх шийдвэртээ гуравдагч этгээд И Х ХХК нь маргаан бүхий газарт гаалийн хяналтын бүс дэх 3800 м.кв барилга байгууламж барин, газрын төлөв байдал, чанарын хяналт баталгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ зэргийг хийлгэж, үйл ажиллагаа явуулж байгаа нь шүүхийн үзлэг нотлох баримтуудаар тогтоогдож байгааг тэмдэглэв гэжээ.

Шүүх үзлэг хийхдээ талуудыг оролцуулаагүй байлцуулаагүй. Шүүх хурал дээр хүртэл даргалагч шүүгч Ч.Баярмаа нь үзлэг хийж байх үед И Х ХХК-ийн захирал Б нь маш сайн тайлбарласан гэж хэлсэн. Маш сайн тайлбарласан гэдэг нь юуг тэгж их тайлбарлаж хэлсэн нь анхаарал татаж байна. Энэ тайлбарласан байдал нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх магадлалтай. Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтыг үзэхэд И Х ХХК нь зөвхөн гал тогоо оффисын барилгын зураг төслийг боловсруулах гэрээг 35 сая төгрөгөөр хийсэн бусад хөрөнгө орлуулалтыг Д Ө ХХК, И Г Ж ХХК, А М ХХК, Э Б ХХК-уудын хөрөнгө болох нь нотлох баримтаар нотлогдож байна. Мөн эдгээр барилгууд нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй сэндвичэн материалаар хийгдсэн буулгаад ачаад явахад бэлэн хөдлөх хөрөнгө, 3 тэрбум төгрөгөөр барьсныг нотлох санхүүгийн баримт байхгүй бусад компанийн хөрөнгө гэдэг нь баримтаар харагдаж байна. Иймээс шүүх шийдвэр гаргахдаа хуулийн этгээдийн хөрөнгө чинээ, эрх хэмжээгээр ялгаварлаж үзлэг хийж, хийсэн үзлэгтээ тулгуурлаж шийдвэр гаргасан. Шүүх хуралд гуравдагч этгээд болох И Х ХХК-ийн захирал Н.Б нь оролцсон. Шүүх хуралд оролцож байгаа байдлыг шүүх бүрэлдэхүүн болон хэргийн оролцогч нар бүгд харж байсан. Машинаараа тэнэж шүүхийг үл тоосон байдлыг харахад үзлэг хийж байхдаа хэрхэн сайн тайлбарласан болох нь харагдаж байсан.

Шүүх шийдвэртээ “А” ХХК болон “И Х” ХХК-ууд нь газар эзэмшихээр гаргасан хүсэлтүүд нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасан шаардлагыг хангаагүй, дуудлага худалдаа сонгон шалгаруулалтын зарчмаар олгогдоогүй, Ханбогд сумын Засаг даргын бүрэн эрхийн асуудлаар Өмнөговь аймгийн Засаг дарга шийдвэр гаргаж газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуульд заасан журам шаардлагад үл нийцнэ гэжээ. Шүүх шийдвэр гаргахдаа “А” ХХК-ийн хувьд анх газар эзэмшихдээ гаргаж өгч байсан нотлох баримтыг дутуу цуглуулсан. Төрийн байгууллагын архивд байгаа материалыг бүхэлд нь татаж авч нотлох баримтаар бэхжүүлэх ёстой байсан. Гэвч энэ үүргээ зөрчин хариуцагчийн гаргасан материал болон тайлбарт тулгуурлаж Газрын тухай хуулийг зөрчиж газар эзэмшиж гэж дүгнэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн процессыг зөрчсөн бас ойлгомжгүй шийдвэр гаргалаа гэж байна.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “А” ХХК-иас “Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1311 дүгээр захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсэг, Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжийн “И Х” ХХК-д холбогдох хэсгийн “А” ХХК-ийн газартай давхцаж буй 8 га газрыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Өмнөговь аймгийн Засаг, Ханбогд сумын Засаг даргад тус тус холбогдуулан гаргажээ.

Анх Өмнөговь аймгийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/42 дугаар захирамжаар[1] нэхэмжлэгч “А” ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах 4608007106 нэгж талбарын дугаартай 10 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмших эрхийг олгож, гэрчилгээ олгож, газар эзэмших гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгчээс “А/1311 дүгээр захирамж нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулах хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн сөрөг нөлөөлөл бүхий акт, хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой, уг актыг хариуцагчаас мэдэгдээгүй, тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй, гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн аль үндэслэлийг баримтлан шийдвэрлэсэн нь тодорхойгүй, Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрх дуусгавар болох, гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй байсан” гэж, хариуцагчаас “сумын Засаг даргад хуулиар олгосон бүрэн эрхэд нэхэмжлэгчид газар эзэмших олгосон аймгийн Засаг даргын шийдвэр халдсан байсан, нэхэмжлэгч нь 2012-2017 он хүртэлх хугацаанд эзэмшиж буй газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, газраа 2 жил дараалан ашиглаагүй газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн” гэж тус тус маргажээ.

Мөн гуравдагч этгээдээс “И Х” ХХК-иас Өмнөговь аймгийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/42 захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг гаргасан байна.

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.”, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж заажээ.

Маргаан бүхий Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1311 дүгээр захирамж[2] нь газрыг сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу Ханбогд сумын Засаг дарга шийдвэрлэх асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасныг зөрчсөн тул өмнө нь гаргасан өөрийн шийдвэрийг хүчингүй болгосон агуулгатай гэдэг нь хариуцагчийн тайлбар, уг захирамжийн 2 дахь хэсгийн “...газруудыг сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалтын дагуу шийдвэрлэхийг Ханбогд сумын Засаг даргад үүрэг болгосугай.” гэх үндэслэлээр тогтоогдож байна.

Иймээс нэхэмжлэгчийн “А/1311 захирамж Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн аль заалтыг баримталсан нь ойлгомжгүй, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасан захиргааны акт эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэснийг зөрчсөн” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу Өмнөговь аймгийн Засаг даргад Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д заасан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, сумын Засаг даргын эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр өмнөх шийдвэрээ хүчингүй болгох эрхийг хуулиар түүнд олгосон тул маргаан бүхий А/1311 захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “"газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” ойлгохоор,  35.1.1-д “Газар эзэмшигч нь гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрхтэй”, 35.3.1-д “Газар эзэмшигч нь газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч компанийн хувьд газар эзэмшиж эхэлсэн 2012 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон А/1311 дүгээр захирамж гарсан 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 5 жил гаруйн хугацаанд маргаан бүхий газрыг зориулалтын дагуу эзэмшээгүй, өөрийн эзэмшилдээ байлгаагүй, гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч компани газар эзэмших эрхээ бодитойгоор хэрэгжүүлж, тус компанид эдийн болон мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх аливаа эрх зүйн үр дагавар маргаан бүхий газрын эзэмшлээс шалтгаалж үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн харилцааг дуусгавар болгосон маргаан бүхий А/1311 захирамжийн улмаас нэхэмжлэгч компанийн хууль ёсны итгэл хамгаалагдах, цаашлаад А/1311 захирамж хууль бус бөгөөд нэхэмжлэгч “А” ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч компанийн “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл болон 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрх дуусгавар болох, гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдээгүй, гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, тус компанийн итгэл хамгаалагдах ёстой” гэсэн агуулга бүхий тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн хамаарна” гэж заажээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжаар[3] гуравдагч этгээд “И Х” ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах 4601008725 нэгж талбарын дугаартай 10 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмших эрх, гэрчилгээ олгож, газар эзэмших гэрээ байгуулжээ.

Маргаан бүхий А/24 дүгээр захирамжаар гуравдагч этгээд “И Х” ХХК-д газар эзэмших эрх олгохдоо хариуцагчаас гуравдагч этгээдийн газар эзэмших хүсэлт нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасан шаардлагыг хангаагүй байхад хүлээн авсан, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу газар эзэмшүүлэх асуудлыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлээгүй зэрэг зөрчлийг гаргасан гэдэг нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Гэвч гуравдагч этгээд компанид газар эзэмших эрх олгосон А/24 захирамжийн улмаас уг захирамж гарахаас өмнө газар эзэмших эрх нь дуусгавар болсон нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй гэж үзэх үндэслэлгүй.

Тодруулбал, А/24 дүгээр захирамж гарах үед нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн харилцаа дуусгавар болсон, нэхэмжлэгч газар эзэмших эрхгүй байсан тул А/24 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 33.1.1-д заасантай нийцээгүй боловч уг захирамжийн улмаас нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүх дүгнэх нь хуульд нийцэхгүй бөгөөд уг захирамжийг хуульд нийцээгүй гэж шүүх дүгнэснээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сэргэхгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн гуравдагч этгээд компанид газар эзэмших эрх олгохоос өмнө нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрх хүчингүй болсон байсан тул хариуцагчаас маргаан бүхий А/24 дүгээр захирамжаар гуравдагч этгээдэд 10 га газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчиж нэхэмжлэгчийн эзэмшлийн 8 га газартай давхцуулан олгосон гэж үзэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн “гуравдагч этгээд болох И Х ХХК нь мөн адил Газрын тухай хуулийг зөрчсөн зөвхөн нэг хүсэлтээр газрыг эзэмших эрхтэй болсон. Үүнийг шүүх үнэлсэнгүй.” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

3. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч “А” ХХК болон гуравдагч этгээд “И Х” ХХК-аас анх газар эзэмшихээр гаргасан хүсэлт, холбогдох хавсралт баримтууд, дуудлага худалдаа сонгон шалгаруулалтаар авсан нөхцөл байдлын талаар нотлох баримт цуглуулахаар удаа дараа хариуцагч байгууллагад албан бичгээр[4] хандаж хариуг авсан, баримт бичгийн үзлэг[5] хийсэн, хариуцагчаас энэ талаар тодорхой тайлбарласан нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Иймээс нэхэмжлэгчийн “Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ нотлох баримтуудаа цуглуулж шийдвэр гаргах үүрэгтэй байсан. Шүүх шийдвэр гаргахдаа “А” ХХК-ны хувьд анх газар эзэмшихдээ гаргаж өгч байсан нотлох баримтыг дутуу цуглуулсан. Төрийн байгууллагын архивд байгаа материалыг бүхэлд нь татаж авч нотлох баримтаар бэхжүүлэх ёстой байсан. Гэвч энэ үүргээ зөрчин хариуцагчийн гаргасан материал болон тайлбарт тулгуурлаж Газрын тухай хуулийг зөрчиж гэж дүгнэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн процессыг зөрчсөн бас ойлгомжгүй шийдвэр гаргалаа” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.” гэж заасны дагуу анхан шатны шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхдээ талуудыг оролцуулаагүй үндэслэлээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч талын “шүүх үзлэг хийхдээ талуудыг оролцуулаагүй байлцуулаагүй.” гэсэн давж заалдах гомдолыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 5 1 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч С.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                     А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 9 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтас 79 дэх тал

[3] Хэргийн 1-р хавтас 84 дэх тал

[4] Хэргийн 1-р хавтас 75, 76, 99, 111-116, 210-211, 2-р хавтас 131, 134-138, 3-р хавтас 36-65 дахь тал

[5] Хэргийн 2-р хавтас 30-95 дахь тал