Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 07

 

 

О.Уранбилэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний шүүх хуралдаанаар 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 143/ШШ2016/00587 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч О.Уранбилэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Оч-Амарбатад холбогдох,

“Гэрлэлт цуцлуулж, таван хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоолгох тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.Оч-Амарбатын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Уранбилэг

Хариуцагч Д.Оч-Амарбат

Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

Нэхэмжлэгч О.Уранбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Д.Оч-Амарбаттай 2001 онд танилцан гэр бүл болж 2003 оны 06 сарын 02-нд хүү О.Зулхүү, 2005 оны 12 сарын 13-нд хүү О.Тэнгэрлэг-Ирээдүй, 2007 оны 08 сарын 23-нд хүү О.Дарханбазар, 2009 оны 03 сарын 13-нд хүү О.Ижилчандмань, 2012 оны 06 сарын 11-нд хүү О.Отгонхишиг нар төрсөн. Одоо О.Зулхүү 13 настай, О.Тэнгэрлэг-Ирээдүй 11 настай, О.Дарханбазар 9 настай, О.Ижилчандмань 7 настай, О.Отгонхишиг 4 настай. Д.Оч-Амарбат бид хоёр ханилаад 15 жил болох хугацаанд удаа дараа намайг зодож, гичий гэхчлэн үг хэлээр доромжилж, хүүхдүүддээ уураа гарган өшиглөж, авч шиддэг, надтай сууснаас хойш Цэенням гэх бүсгүйг жирэмслүүлж 2002 оны 09 сарын 14-нд хүү Түвшинсүлд нь төрснийг би саяхан мэдсэн, өөрөө ч хэлсэн. Сүүлийн 2 жил нууц амрагтай болж Баяндалай сумын харьяат Тогтохын Байгаль гэгч эмэгтэйтэй сүүлэрч ааш зан нь эрс эвдэрч байгаа, намайг гэрээсээ хөөж доромжлон хүнтэй мэндлэх төдийд л хардаж доромжлох болсон. Иймд амар тайван амьдрах нөхцөл бүрэлдэхгүй байсаар 2016 оны 01 сарын 08-нд чиний хэрэгцээ дууссан зайлахгүй, юу гичий минь гэж гэрээсээ хөөсөн боловч би 2016 оны 02 сарын 04-нд гэрээсээ гарч тусдаа амьдарсаар 6 сар болж байна. Бага хүү О.Отгонхишиг маань 2015 оны 01 сарын 17-нд цусны өвчтэй нь илэрч перембозит оноштой халамж асаргаанд орсон. Эх хүний хувьд өөрийнхөө асрамжинд авч асран хамгаалагч нь болсон учир заавал өөр дээрээ авах шаардлагатай байна. Ийм учир Д.Оч-Амарбатаас гэрлэлтээ цуцлуулж, 5 хүүгээ өөрийн асрамжид авч, таван хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Д.Оч-Амарбат нь одоог хүртэл гэртээ ганцаар амьдарч би 6 сарын турш 5 хүүтэйгээ хамт тусдаа өрх толгойлон амьдарсаар өдийг хүрсэн боловч энэ хугацаанд бидэнд юу дутагдаж байна, хоол хүнс хэрэгтэй байна уу? гэж огт анхаарал тавилгүй өдийг хүрсэн. 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд би нэхэмжлэл гаргасан боловч 2 сарын эвлэрэх хугацаа өгсөн. Бид 2 хэл амаа ололцоод эвлэрлийн гэрээ байгуулсан боловч 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хойш манайд ирж амьдраагүй, харж үзэлгүй өдийг хүрсэн тул дахин нэхэмжлэл гаргаж байна. Д.Оч-Амарбат бид хоёрын 2003 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 037 дугаартай гэрлэлтийн гэрчилгээг цуцалж, 5 хүүхдийг минь миний асрамжид үлдээн, Д.Оч-Амарбатаас 5 хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Оч-Амарбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие О.Уранбилэгтэй амьдрал холбоод 15 жил болсон. Энэ хугацаанд 5 хүүхдийн аав, ээж болсон. Бид 2 2016 оны 02 дугаар сараас 10 дугаар сарыг хүртэл тусдаа амьдарч байгаа. Уранбилэг 5 хүүхдээ бодоод эвлэрэх талаар зөндөө ярьж уулзалдсан боловч тодорхой шийдэлд хүрээгүй. Намайг хүн гэж хүлээж аваагүй. Би энэ удаад Уранбилэгийн салах хүсэлтийг хүлээж авлаа. Харин таван хүүхдээ өгч чадахгүй. Хуулийн байгууллага нэг талыг барилгүй тэгш хандах байлгүй гэж бодож байна. Намайг харж ханддаггүй гэж худал. Би нэгдүгээр ангийнхаа хүүгийн 1 дүгээр анги төгсөлтийн хувцас, шаардлагатай зүйлийг авч өгсөн. Уранбилэгт хүртэл хүзүүний зүүлт авч өгсөн. 5 дугаар ангийн хүүгийнхээ төгсөлтийн хуримтлалын мөнгө бүгдийг би гаргасан. Саяхан гэрийнх нь хаалга үүдийг сольж өгсөн. Өөрийн хийсэн хаалгаа өөрийн гараар тааруулж барьж өгсөн. Энэ болгон харж хандаагүйн илрэл үү. Би хүүхдүүдтэйгээ очиж уулзья гэх болгонд мөнгөтэй л ирээрэй гэдэг. Миний хүүхдүүдэд аавын хайраас илүү мөнгийг илүүд үздэг нь үнэхээр харамсалтай. Тэр хүүхдүүдэд аавын хайр халамж илүү баймаар. Надаас 5 хүүхдийн тэтгэлэг тогтоолгож авна гэж байна. Үнэндээ би тодорхой байнгын ажил хийдэггүй. Захиалгаар мод, мужааны ажил хийдэг хүн. Мөнгө янз бүр л орж ирдэг. Шаардлагатай үед нь мөнгө төгрөг өгөөд уулзаж, учраад явж чадна. Байнга сар бүр мөнгө өгөх боломж надад байхгүй. Байнгын ажилтай тогтмол цалин хөлс авдаг бол болно л доо. Хүүхдээ, хань ижлээ бодоод янз бүрээр эвлэрэх тал дээр ярилцсан. Би хүүхдүүдээ л бодож байна. Уранбилэгийн салах саналыг би зөвшөөрч байна. Харин таван хүүхдийг минь бид хоёрт аав, ээж гэдэг хариуцлагыг бодож адил хандахыг хүсэж байна.” гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрт: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч О.Уранбилэг, хариуцагч Д.Оч-Амарбат нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2003 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү О.Зулхүү, 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү О.Тэнгэрлэг-Ирээдүй, 2007 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү О.Дарханбазар, 2009 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү О.Ижилчандмань, 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү О.Отгонхишиг нарыг эх О.Уранбилэгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5 дугаар  баг, Зүүнсайханы 6 дугаар гудамжны 11 тоотод оршин суух Цэмбэл овгийн Дамдинсүрэнгийн Оч-Амарбат /РД:КЮ77093018/-аас 2007 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү О.Дарханбазар, 2009 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү О.Ижилчандмань, 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү О.Отгонхишиг нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,  11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хариуцагч Д.Оч-Амарбатаас 2003 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү О.Зулхүү, 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү О.Тэнгэрлэг-Ирээдүй  нарт 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Д.Оч-Амарбат нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Оч-Амарбат нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Бид ханилаад 15 жил болсон бөгөөд энэ хугацаанд аав, ээждээ адилхан дасаж бүгдийг аавын хайраар хайрлан бусдын адил өсгөн хүмүүжүүлж өдий хүргэсэн. Энэ хугацаанд бид хамтдаа хөдөлмөрлөж, хүүхдүүдээ хамтдаа хүмүүжүүлж, анхаарал халамж тавьж байсан. О.Уранбилэг нь хүүхдээ загнаж, зандрах цохиод авах үе зөндөө л байсан. 12 дугаар сарын 31-ний өдөр миний бага хүү над дээр байсан бөгөөд шөнийн 23 цагийн үед ирж элдвээр аашилж байгаад 5 настай хүүгээ гэрлүүгээ харь гэж хөөж явуулсан. Хэрэв тэр шөнө ямар нэгэн байдлаар гэмтэж, бэртэж, төөрч нохой гахайд уруулсан байвал яах вэ. О.Уранбиэлгийн асрамжинд 5 хүүхдээ үлдээхийг эсэргүүцэж байна. Бид тусдаа байсан 10 сарын хугацааны 5 сард нь хүү Тэнгэрлэг-Ирээдүй маань хамтдаа байсан. Хүүхдүүд маань хичээлээ тараад аав дээрээ ирэхлээр ээж нь ирээд аваад явдаг. Мөн хүүхдүүддээ авч өгсөн бэлгийг талаар нэг цацаж, өгсөн мөнгө төгрөгийг урж тасдаад хаясанд гомдолтой байна. Надтай ер нь уулзуулах дургүй байдаг. Хүүхдүүдийн маань эрхийг хязгаарлаж байна. Иймд О.Уранбилэгийн асрамжинд бүх хүүхдүүдийг үлдээхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэнгэрлэг-Ирээдүйг өөрийн асрамжиндаа үлдээж өгөхийг хүсч байна. Би өөр дээрээ ирсэн хүү нараа зөв сайхан хүмүүжилтэй хүн болгон өсгөх болно гэжээ.

Нэхэмжлэгч О.Уранбилэг давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

“...Д.Оч-Амарбат нь удаа дараа гэр бүлээ хуурч мэхлэн, намайг гар барьж мэндлэх төдийд л хардаж, сэрдэж, янхан банзал, гэчий гэх мэтчилэн үг хэлээр доромжилдог байсан. Одоогоор Зүүн сайхан 5-23 тоотод аав, ээжийнхээ хашаанд ам бүл 6-уул өрх толгойлон амьдарч байна. Д.Оч-Амарбат нь салснаасаа хойш хүү нараа эргэж тойрохгүй, өдий болтол нэг ч хүүдээ өвлийн гутал, куртка авч өгөөгүй, түлээ нүүрс ч авч өгөлгүй өдийг хүрсэн. Биднийг юу дутагдаж байна гэж огт асууж байгаагүй. Ийм байж давж заалдах гомдол гаргаж хүүгээ өөр дээрээ авах талаар маргаж байгааг би эсэргүүцэж байна гэжээ.

                                                                                 ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн хэрэглэвэл зохих зүйл, хэсгийг зөв хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулж, зөвтгөх боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч О.Уранбилэг нь гэрлэлт цуцлуулах, 5 хүүхдэд тэтгэлэг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. /хэргийн 01,02 дугаар тал/

О.Уранбилэг, Д.Оч-Амарбат нарын хооронд үүссэн гэр бүлийн холбогдолтой маргааныг шүүх хүлээн авахаас өмнө болон шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүгч эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж байсан нь эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл, шүүгчийн захирамжаар нотлогдож байна./хэргийн 13, 53-55,48-49 дүгээр тал/

Анхан шатны шүүх өрхийн эмнэлгийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулж,  хүүхдийн насны онцлог, зохигчид эвлэрүүлэн зуучлагчид хандсан хугацаанд маргааны талаар эвлэрээгүй, цаашид хүүхдийн хүмүүжилд хохирол учирч болзошгүй нөхцөл байдлуудыг харгалзан дүгнэж О.Уранбилэг, Д.Оч-Амарбат нарын гэрлэлтийг цуцалж, 5 хүүхдийг эхийн асрамжинд үлдээн, эцгээс нь тэтгэлэг гаргуулан тэтгүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Энэ үүрэг нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасны дагуу эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд ч хэвээр үлдэнэ. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хүүхдүүдийн асрамжийг өөрчлүүлэхээр шаардлага дахин гаргахад, зохигчид тухайн асуудлаар тохиролцоход саад болохгүй юм.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглох тул  нэхэмжлэгч О.Уранбилэг нь хариуцагч Д.Оч-Амарбатыг Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхэд, түүнчлэн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасан эцэг эхээсээ буюу хэн нэгнээс  нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх эрхээ эдлэхэд нь хүүхдүүдэд саад учруулахгүй байх үүрэгтэй.

Иймд  2005 оны 12 дугаар сарын 13-нд төрсөн хүү А.Тэнгэрлэг-Ирээдүйг өөрийн асрамжиндаа үлдээж өгөхийг хүссэн хариуцагч Д.Оч-Амарбатын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зүйл хэсгийг буруу хэрэглэсэн, мөн зарим зүйл, хэсгийг огт хэрэглээгүй, найруулгын зарим алдаа гаргасан, улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хуваарилахдаа буруу тооцсон байгааг   зөвтгөж шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг орууллаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 143/ШШ2016/00587 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “ ...14.1-т...”  гэснийг “14.6-д ” гэж,  2 , 3 дугаар заалтын “...баталгаажих ...” гэснийг “... доод ...” гэж, 8 дугаар заалтыг бүхэлд нь “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 –т зааснаар  хариуцагч Д.Оч-Амарбатаас 211332 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.” гэж өөрчилж, 5 дугаар заалтын “Д.Оч-Амарбат нь...” гэсний өмнө “Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар” гэж, 9 дүгээр заалтын “Нэхэмжлэгч...” гэсний өмнө “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар...” гэж нэмж, 10 дугаар заалтын дугаарыг “11” гэж дугаарлан, 10 дугаар заалт болгон “10. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6, -т зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхэд Д.Оч-Амарбатад,  Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар тусдаа амьдрах үед эцэг Д.Оч-Амарбат болон хүүхдүүд хоорондоо байнгын харилцаатай байхад саад учруулахгүй байхыг  О.Уранбилэгт даалгасугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Д.Оч-Амарбатын давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70200 төгрөгийг Хаан банкны Өмнөговь аймаг дахь салбар, Татварын хэлтсийн  5585042119 тоот дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.БЯМБАЖАВ

                                                               ШҮҮГЧИД                                     Ц.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                                      Н.НАСАНЖАРГАЛ