Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 6

 

 

                                      ........................ нарын

                                  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1435 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ........................... нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч ............................... холбогдох

“5.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч .............................. гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц................., Ц.............., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр, хариуцагч Б.Шинэбаяр, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

Нэхэмжлэгч ................................ нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Бид хоёр 2014 оны 03 дугаар сарын 08-нд Японоос 2001 онд үйлдвэрлэгдсэн Hino ranger машиныг 34 700 000 төгрөгөөр худалдан авсан. 2015 оны 09 дүгээр сарын 03-нд Улаанбаатар хот явж байхад өөдөөс ирж явсан шаланз чиргүүлтэй Норд бенз машин замын эсрэг урсгалд орж, манай машиныг шүргэснээс машины кабин засах боломжгүйгээр эвдэрсэн учраас Дарханд байгаа моторгүй Hino ranger машиныг очиж үзэж, 6 000 000 төгрөгөөр авахаар тохирч, өөрийнхөө машины моторыг тавьж сэлбэхээр болоод байж байтал Б.Шинэбаяр ирж уулзаад машины моторыг чинь авъя гэсэн. Бид мотороо 11 000 000 төгрөгөөр зарна гэж түүнд хэлсэн. Тэр Ганбаатар гэдэг жолоочийг дагуулж ирж, асааж үзүүлж, тухайн үед хойшоо харж зогссон байсан машиныг хашаан дотор хөдөлгөж урагшаа харж зогсоож үзэж, шалгасан. Манай машин цахилгаан аппартуртай. Харин Б.Шинэбаярын машин энгийн аппартуртай байсан. Тэр мотор үзсэн Ганбаатар гэдэг жолоочоор машиндаа моторыг тавиулахаар болж, тэд хоорондоо ярилцаж байсан. Б.Шинэбаяр нь бид хоёрыг гуйж, шалсаар бэлэн 9 000 000 төгрөгөөр авъя гэсэн. Түүнд бэлэн мөнгөөр бол 9 000 000 төгрөгөөр өгнө. Бэлнээр өгч чадахгүй бол 10 000 000 төгрөгөөр л зарна гэхэд 5 000 000 төгрөгийг бэлэн өгөөд гурав хоногийн дараа үлдэгдэл мөнгийг төлөхөөр болж, авахаар болсон. Гэвч моторыг ирж авах үедээ бэлнээр төлөх ёстой 5 000 000 төгрөгөө ахаас мөнгө орж ирэхээр өгье гэхээр нь мотороо ачуулаад явуулсан. Учир нь мотор ачуулахаар тухайн үед кран дуудсан байсан учир түүнд итгэж моторыг ачуулж, явуулсан. Тэр Ц.Оюунбаярын дансаар 5 000 000 төгрөгөө 4-5 хоногийн дараа шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгөө асуухаар өнөөдөр, маргааш гэж янз бүрийн шалтгаан тоочсоор маш их хугацаа өнгөрсөн. Иймд энэ хүнээс моторын үлдэгдэл үнэ 5 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ................. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Надаас моторын үнийн үлдэгдэл 5 000 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие 2015 оны 12 дугаар сарын дундуур Оюунбаттай уулзаж түүний унасан машиных нь моторыг 9 000 000 төгрөгөөр авахаар болж урьдчилгаа 5 000 000 төгрөг өгөөд эвдэрхий машинаас нь моторыг нь салгаж авсан. Өөрийнхөө машинд моторыг тавиулаад Улаанбаатар руу ачаа ачаад явсан дороо моторын улаан гэрэл асч тос гоожиж эхэлсэн. Тэгэхээр нь тэр чигээрээ нь явсаар Эрдэнэтэд ирээд Оюунбатад энэ талаар хэлж ирж үз гэсэн. Энэ 2 хамт ирж үзсэн. Миний бие нь Оюунбатад өгөх ёстой 4 000 000 төгрөгийг мотороо засч янзлуулсан сэлбэхэд зориулах шаардлагатай болоод байгаа тул мөнгө төлөхөөс татгалзаж байна. Үнэхээр мотор хэвийн байсан бол би мөнгийг төлөхөд татгалзах зүйл алга. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч .......................... шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Бид анх 9 000 000 төгрөгөөр мотор худалдах тухай ярьж тохирсон. Би 5 000 000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэж байгаа 4 000 000 төгрөгөөс моторыг янзлуулахад гарсан зардлаа хасаад өгөх боломжтой гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1435 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Б.Шинэбаяраас 4 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Оюунбат, Ц.Оюунбаяр нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч .................... 78 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ................... нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ...................р давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч ..........................р нараас би 9 000 000 төгрөгөөр тохиролцож машиных нь моторыг худалдан авсан юм. Уг моторыг би машиндаа 11 дүгээр сарын 27-ны үед тавиулсан боловч асаагүй учир хүнээр үзүүлж байгаад 12 дугаар сар гаргаж байж машинаа асааж явж үзсэн боловч болохгүй байсан. Нэхэмжлэгч нар мөнгөө нэхээд байхаар нь мотор чинь доголдоод байна гэж хэлэхэд өөрсдөө ирж үзээд моторын маслоо ихдүүлсэн байна гэж хэлсэн. Моторны тосноос нь хассан боловч моторын улаан гэрэл асаад явахгүй байсан. Гэхдээ нэхэмжлэгч нар мотороо буцааж авна гэхдээ манай машинд аваачиж байсан газар нь урсарч өг гэж байсан. Тэдний машинаас моторыг авахдаа утасыг тас татаад авчихсан тул дахин угсрах ямар ч боломжгүйг өөрсдөө ч гэсэн мэдэж л байсан. Шүүхээс шинжээч томилсон боловч шинжээч нь хаана байгаа машинаа яаж үзүүлэх талаар би мэдэхгүй байсан. Машины моторыг янзлуулахгүй бараг 6 сар болсон. Хэн ч над руу яриагүй, шүүгчийн захирамжийг ч өгөөгүй. Ингээд 2016 оны 7 дугаар сарын сүүлээр машинаа янзлуулах гэж УБ хот руу моторын улаан гэрэл нь асаалттай, тосоо хаяаад байсан тул тосоо нэмж явсаар хот орсон. Машинаа хүнээр янзлуулсаны дараа мотороо шинжээчид аваачиж өг гэж ярьсан харин би мотороо засуулчихсан шүү дээ гэж хэлсэн чинь утсаа тасалсан дахин яриагүй.

Ингээд чимээгүй явсаар шүүх хуралдаан зарласан хуралд ир гэхээр нь би очсон. Шүүх хурал 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр болсон. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нар олон хуудас нотлох баримт авчирч өгсөн. Шүүгчээс нотлох баримтыг хариуцагчид танилцуул гэхэд нарийн бичгийн дарга авчирч өгсөн, би хараад л буцааж өгсөн. Тухайн нотлох баримтуудыг уншин танилцан, судлаж, бусад баримттай харьцуулах, тухайн нотлох баримтууд юуг нотлоод байгаа, түүний эсрэг би ямар баримтууд бүрдүүлэн өгөх зэрэг ямар ч боломжгүй байсан.

Шүүх хурадааны тэмдэглэлийг уншихад ... хариуцагч намайг “би 4 сая төгрөг төлөхийг зөвшөөрнө” гэж бичсэн байсан. Би 4 сая төгрөгийг төлнө гэж зөвшөөрөөөгүй, нэхэмжлэгч нар 5 сая төгрөг өгөхөөр тохирсон гэж яриад байхаар нь 5 сая биш 4 сая төгрөг гэж бид тохирсон. Би үлдэгдэл болох 4 сая төгрөгийг төлөхдөө моторыг янзлуулахад гарсан зардалаа хасаад өгөх боломжтой гэж хэлсэн. Харин шүүхийн шийдвэрт миний хэлсэнийг үнэн зөв бичсэн байна.

Ер нь нэхэмжлэгч нарын авто машин авто ослын улмаас кабин бүрэн чихэгдээд орсныг зураг дээрээс тодорхой харагдаж байна лээ. Хүн сууж явах нөхцөлгүй тийм машиныг Баруунхараагын цагдаагийн журмын хашаанаас авчирсан гэхэд арай л үнэмшилгүи юм.

Осолд орсон машинуудын зургыг шүүх хуралдаан дээр авчирч өгсөн би тухайн машины зурагнуудыг аль нь нэхэмжлэгч нарын машин, аль нь мөргөлдсөн машин зэргийг ялгаагүй, хоёулаа л том машин харагдсан. Нэхэмжлэгч нарын машин бүр чихэгдээд орой нь хунирсан, машин шүргэлцсэн биш мөргөлдөөд унасан бололтой байна. Ийм машины мотор доголдолтой байх нь ойлгомжтой, уул мотор цахилгаан аппартур /хөдөлгүүр/-тай байсан учир гэмтэл авсан байх боломжтой. Шүүх уг машиныг өөрөөр нь унаж Эрдэнэтэд авчирсан гэсэн мэдүүлгийг няцаах нотлох баримт хэрэгт авагдаагүй гэжээ. Гэтэл нэхэмжлэгч нар уул осолд орсон машины зураг болон бусад нотлох баримтаа шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн учраас надад няцаах баримт гаргах боломж баигаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-д зааснаар “...шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай гэж шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэжээ. Шүүх тухайн нотлох баримтуудыг хүлээн авсан байтал, түүнийг шинжлэн судлах бололцоогоор хангаагүй учир надад гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нотлох баримтыг шинэчлэн судалж, няцаах баримт гаргах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ..............................нар нь хариуцагч Б.Шинэбаяраас моторны үнийн үлдэгдэл 5.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч .........................нь 2015 оны 12 дугаар сард нэхэмжлэгч нарын осолд орсон машины моторыг 9.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч 5.000.000 төгрөгийг тодорхой хугацааны дараа урьдчилан өгсөн.

Нэхэмжлэгч ........................... нар нь моторыг бэлэн мөнгөөр бол 9.000.000 төгрөгөөр, бэлэн бусаар бол 10.000.000 төгрөгөөр өгч авахаар тохиролцон 5.000.000 төгрөг гаргуулна гэж маргажээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй нотлох баримтаа шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн байх ба хариуцагч ..................... нь мотороо Улаанбаатар хотод засуулсан зардлаа хасаж үлдэх мөнгийг төлөх талаар тайлбар гаргаж маргасан байхад шүүх нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудтай хариуцагчийг танилцуулах, эсрэг тайлбар нотлох баримт гаргах эрхээр хангаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-ийг зөрчжээ.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх хариуцагч Б.Шинэбаяраас нэхэмжлэгч талаас гаргаж өгч байгаа нотлох баримттай танилцах, хариу тайлбар байгаа эсэхийг асууж тодруулаагүй шүүх хуралдааныг үргэлжлүүлж нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтыг хүлээн авах, гэрч оролцуулах хүсэлтийг хэлэлцэхээр шүүх хуралдаан түр завсарласан байх ба хүсэлтийг хангасан шүүгчийн захирамж гаргаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчдын шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлийн 4.1, 6.4-ийг зөрчсөн. Түүнчлэн хариуцагч .................... хэргийн материалтай урьдчилан танилцуулаагүй, шүүх хуралдаан болох өдөр танилцуулсан гэсэн гомдол үндэслэлтэй байх ба хэргийн материал танилцуулсан баримт огноогүй /хх-52/ Шинээ гэсэн гарын үсэг зуруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-ийг зөрчсөн.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн засах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр дугаар сарын 24-ний өдрийн 1435 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Шинэбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

                                            ШҮҮГЧИД                               Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ