Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 00246

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1979 онд төрсөн, 38 настай, эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг 3-23-105 тоотод оршин суух, Тайж нар овгийн Чинбатын Булганчимэгийн /регистрийн дугаар ТГ79020961/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, Булган аймгийн Орхон сум, 2-р баг, Халиун гэх газар оршин суух Ханджав овгийн Цэндсүрэнгийн Батсайхан /регистрийн дугаар ГЖ 57021013/,

Хариуцагч: 1956 онд төрсөн, 59 настай, эмэгтэй, Булган аймгийн Орхон сум, 2-р баг, Халиун гэх газар оршин суух, Боролдой овгийн Бат-Очирын Сайнбилэг /регистрийн дугаар ГЖ56090705/ нарт холбогдох

Үрчлэлт хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Булганчимэг, хариуцагч Ц.Батсайхан, Б.Сайнбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Булганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2009 онд өөрийн хүсэлтээр өөрийн төрсөн охин болох 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн Энхсаранг төрсөн эцэг эх болох Батсайхан, Сайнбилэг нарт үрчлүүлсэн. Одоо миний бие өөрийн охин Энхсаранг өөрөөрөө овоглох хүсэлтэй байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ц.Батсайхан, Б.Сайнбилэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охин Ч.Булганчимэг маань хүүхдээ төрүүлсний дараа хүүхдэд төрсний гэрчилгээ авах хугацаа болсон учраас Ц.Батсайханаар овоглон гэрчилгээ авахын тулд үрчлэлт хийлгэсэн.Охин Энхсаран Ц.Батсайханаар овоглодог боловч ээж Ч.Булганчимэгийнхээ асрамжид байдаг” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Булганчимэг нь хариуцагч Ц.Батсайхан, Б.Сайнбилэг нарт холбогдуулж 2008 онд төрсөн охин Б.Эрхсаранг Ц.Батсайхан, Б.Сайнбилэг нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ч.Булганчимэг нь 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдөр охин Б.Эрхсаранг төрүүлж, өөрийн төрсөн эцэг, эх болох Ц.Батсайхан, Б.Сайнбилэг нарт үрчлүүлсэн, үрчлэсний дараа Эрхсаранг Ц.Батсайхан өөрөөрөө овоглон төрсний гэрчилгээ авсан болох нь зохигчдын тайлбар, №0227767 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, 06 тоот үрчлэлтийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Ч.Булганчимэг нь охин Б.Эрхсаранг төрүүлсэн эх нь учраас тэрээр үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар хүсэлт гаргах эрхтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, 60-с дээш настай этгээдэд үрчлүүлсэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээдэд хүүхэд үрчлүүлсэн зэрэг нь үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэл болдог.

Ч.Булганчимэгийн охин Б.Эрхсарангийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах гэж буй үндэслэл нь дээрхи нөхцөлд хамаарахгүй байгаа боловч Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасан.

Нэхэмжлэгч нь “...охин Б.Эрхсаранг өөрөөрөө овоглох хүсэлтэй байгаа учраас түүний үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байгаа” гэсэн үндэслэл нь дээрхи бусад үндэслэлд хамаарах боломжтой, түүнчлэн Б.Эрхсаран нь эх Ч.Булганчимэгийн асрамжид байж, Орхон аймгийн лаборатори 8 дугаар сургуулийн 3 а ангид сурч байгаа нь зохигчдын тайлбар, сургалтын менежерийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

            Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тул охин Б.Эрхсарангийн асран хүмүүжүүлэх эрхийг эх Ч.Булганчимэгт шилжүүлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулахгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХнь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг баримтлан 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн Б.Эрхсаранг Ц.Батсайхан, Б.Сайнбилэг нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар Б.Эрхсаранг төрүүлсэн эх Ч.Булганчимэгийн асрамжинд байлгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж гаргуулахгүй гэснийг дурьдсугай.

      4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                           Р.ҮҮРИЙНТУЯА