Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 12

 

 

Ц.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1317 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Бд холбогдох

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Д.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Цэрэндорж овогтой Б миний бие Д.Бтай 2006 онд гэр бүл болж одоог хүртэл амьдарч байна. Д.Бтай өөрийн дагавар охин Номинг 7 настай байхад нь сууж байсан. Суусан цагаас хойш 2007 онд хүү Хурбаяр, 2014 онд хүү Б.Од төрсөн. Одоо ам бүл 5лаа амьдарч байна. Д.Бтай суусан цагаас хойш хэрүүл уруул маргаантай амьдарч ирсэн. Надад болон дагавар охинд гар хүрч зоддог. 2015 оны хавраас Б.Оюунбилэг гэгч 3 хүүхэдтэй нөхөр нь нас барсан Гок-д ажилдаг хүүхэнтэй холбоотой болсон болохыг 8 сард мэдсэн. Оюунбилэгтэй би өөрөө утасаар хүртэл ярьж үзсэн боловч өөрөө нөхрөө татаж ав танай нөхөр чинь миний хойноос өөрөө гүйгээд салдаггүй, хайртай дуртай гээд байдаг гэж хэлсэн. 8 сард зодож миний эрүү нүүрлүү цохиж эрүү мултлахаа шахсан, бас охиныг багалзуурдаж хурууг нь гэмтээсэн сорви нь ч байгаа. Охин бид 2-н дундуур орж ээжийгээ зодуулахгүй гэж өөрөө зодуулсан. 2016 оны 2 сарын 15-ны өдөр надруу дугаар нууцалсан дугаараас залгаад Бгийн эхнэрүү чи наад нөхөр шиг юмаа татаж аваач миний араас хайртай дуртай гээд гүйгээд салахгүй байна гээд залгахаар нь нөхөрүүгээ хэлээд чи нөгөө Оюунбилэг гэдэг хүүхнээсээ салаагүй байгаа юмуу гэсэн чинь чи муу одоо юу гээд хуцаад байгаа юм бэ новшоо яаж дарамтлах гээд байгаа юм бэ хүрээд ир гэхээр нь би гэрт байна гэхээр ажлын дундуур очсон чинь дайрч давшлаад сандал авч шидээд сандалаар цохиод орилоод бөөн хэрүүл болсон. Ямарч холбоогүй хүнтэй хардлаа гээд. Паарлуу хутга шидээд нөгөөдөх нь ойгоод надруу цохихоо шахсан. Тэр хутга нь хугарцан би зургийг нь дарж хадгалсан. Иймд гэрлэлтийг цуцалж, Дундын өмчид Уурхайчин багийн 3-н 7-р байрны 56 тоот 2 өрөө орон сууц, Их залуу багт хашаа байшин газрын хамт, приус маркийн ОРО-34-70 автомашин байдаг /машины гэрчилгээ над дээр байдаг боловч Б машины түлхүүр авчаад өгөхгүй гэрчилгээг авах боломжгүй байгаа / 2 өрөө байр маань Голомт банкинд барьцаанд байдаг. 16,500,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Төрийн банкины 130400406237 тоот дансанд 2,900,000 төгрөг байгаа үүний ногдох хувийг тус тус гаргуулах авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Б бид 2 хамт амьдраад 10 гаран жил болж байна. Энэ хугацаанд 2 сайхан хүүтэй болсон бөгөөд өдий болтол сайхан амьдарсаар явж байна. Хүний амьдралд сайндах муудах хэрэлдэх уралдах алдаж онох зүйл зөндөө л гарч байх юм. Миний гэр бүлийн хүний өгсөн нэхэмжлэлийн зарим зүйл нь үнэний ортойг хүлээн зөвшөөрнө. Зарим зүйл нь үнэнд нийцэхгүй байна. Жишээ нь намайг хэд хэдэн хүүхэнтэй холбоотой л гэнэ. Амьдрал дээр тийм зүйл хэзээ ч байхгүйг харуулна. Би үнэхээрийн хэд хэдэн хүнтэй явалдаад эхнэр, хүүхдүүддээ баригдаад амьдралаа алдаад үр хүүхдээ өнчрүүлээд явсан бол би тэнэг хүн биш үнэнээ хэлээд л энэ амьдралаас яваад л өгнө. Манай хүний хардалд арай дэндүү байна. Энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй үр хүүхдүүдээ өнчрүүлэхгүй ээ гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1317 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.4-д заасныг баримтлан Ц.Б,Д.Б нарын  гэрлэлтийг цуцалж,

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан  2007-06-11-нд төрсөн хүү Б.Хурбаяр, 2014-04-16-нд  төрсөн хүү Б.Од нарыг эх Ц.Бат-Эрдэнийх нь асрамжинд үлдээж,

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан хүү Б.Хурбаяр, Б.Од нарт бүс нутагт тогтоосон амьжирганы баталгаажих доод түвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /11-16 нас / суралцаж байгаа бол /18-н нас / хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг Д.Бгаар сар бүр тэжээн тэтгүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгаж,

Монгол Улсын Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4,129 дүгээр зүйлийн 129.2-д заасныг баримтлан Орхон аймаг,Баян-Өндөр сум,Уурхайчин баг,3-07-56 байршилтай, 000235919 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2101005608 дугаартай 2 өрөө орон сууцыг Ц.Б, хүү Б.Хурбаяр, хүү Б.Од нарын өмчлөлд, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу багийн 28-09 тоотод байршилтай 000063304 тоот гэрчилгээний дугаартай, Г-2101005551 тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 000090383 тоот гэрчилгээний дугаартай Ү-2101012725 тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн орон сууц, 34-70 ОРО улсын дугаартай, NHW207755275 аралын дугаартай приус маркийн суудлын автомашин, Төрийн банкны 130400406237 тоот хугацаат хадгаламж болох 2,945,000 төгрөгийг Д.Бгийн өмчлөлд үлдээж, Ц.Бэс 8.065.511 төгрөг, Д.Бгаас 8.065.511 төгрөг,нийт 16.131.022 төгрөг гаргуулан Голомт банкны Орхон аймаг дахь тооцооны төвд олгож, нэхэмжлэлийн 2,900,000 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Б давж заалдсан гомдолдоо:

Би алдаж онож явсаан би хүлээн зөвшөөрнө гэхдээ би энэ амьдралаа алдталаа алдаж яваагүй юм шүү. Хэлий ярий гэвэл зөндөө л зүйл байдаг би харин тэгж явсангүй.Одоо харин хэлэх цаг нь болж. Энэ хүн өнөөдөр 2 сайхан хүүхдэд маань санаа тавихгуй зүгээр л өдөр хоногийг өнгөрөөж байна. Том хүү маань одоо бүр хулгай хийдэг боллоо. Бага хүү маань байнга орондоо шээдэг боллоо. Тэгэхэд ямар ч арга авахгүй ажил ажил гээл явахаас өөрийг хийсэн зүйл үнэндээ алга. Дургуйгээ хүрэхлээр хүүхдүүдээ зоддог ёсөн шидээр хэлж хашгирдаг,хамаг биеийг нь эрээн болтол чимхдэг тархи толгойруу нь цохидог өөрийнхөө охиныг ийм байдалтай байлгаж байгаад явуулсан ш дэ. Одоо миний 2 хүүг яг тийм замруу оруулах гэж байна.Хүү маань хүртэл хэлдэг ээж өөрөө намайг таньд байнга худлаа хэлж зодуулдаг гэж би үгэнд нь ороол хүүгээ загнаж цохиж авч явсан байна шүү дээ. Одоо би хэзээч хүүгээ загнаж зандарч цохиж авсангүй хүү маань ойлгож байна.Энэ хүнд өнөөдөр эрх үүрэг гэж байна уу. Бүх бурууг надад тохоод зөвхөн эд хөрөнгөний хойноос хөөцөлдөж байна. Тэр найз нөхөдтэйгээ хэлж ярьж байгаа бүхнийг хараад сонсоод байхад арай л дэндүү байна.Тэр муу новшийг зайлуулцан гэж ярьж байна. Юу гэсэн үг вэ. Энэ хүнд хүн чанар гэж байна уу. Одоо бүр өөрийнхөө албан тушаалыг ашиглан хүүхдүүдийн маань нэр дээр байсан хадгаламжийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж зээлээ төлөхгүй байгаа хүмүүсийн зээлийг хүртэл төлсөн байна. Тэгээд зарим хүмүүс нь мөнгийг аваад алга ч байх шиг. Би тэгж нийх хүүхдүүдэдээ мөнгө хуримтлуулж чадаагүй ч тодорхой хэмжээгээр мөнгө хийсэн нь энэ хүний гараар ороод дууссан байна. 2 хүүхдийн хадгаламжийн дасны хуулга авах гэхлээр чадцын бол аваарай гэсэн. Бид 2 эд хөрөнгөний маргаан байхгүй л бодож байсан. Тэгсэн байрны 50 хувийг төлөх шийдвэр гарлаа. Би одоо нэгд ажилгүй болсон 2т би тэр байрны мөнгө төлөх боломж байхгүй харин ч би 5 сая төгрөг хийсэн байгаа шүү. Дансны Хуулга байгаа. Миний бие 12 сарын 01 нээс ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд одоогоор ажилгүй байна.Том хүү маань чи тэгж шүүхэд хэлсэн юм уу гэхлээр үгүй ээ ээж л тэгж хэлээрэй гэсэн гэж байгаа.өөрийнхөө аргад хүүхдээ хүртэл татан оролцуулж байдаг.Чи тэгээд аавтайгаа байх ээжтэйгээ байх юм гэхлээр аав ээжтэйгээ байна гэж байна.Том хүү маань багаасаа аавтайгаа өссөн. 2012 онд салаад явахад жил гаран хүү бид амьдраал болоол байсан. Хүн салж нийлж болноо. Харин дараа нь үлдэж байгаа үр хүүхдүүдээ бодох хэрэгтэй биздээ. Би ч гэсэн амьдрах хэрэгтэй биздээ. Би энэ хүнд ингэж хамаг зүйлээ өгчөөд намайг яаж амьдар гэж байгаан. Надад энэ амьдралд эрх үүрэг хариуцлага гэж байдиймаа. Би үүргээ биелүүлэх ёстой. Би дахин хэлий би энэ амьдралаа хэзээ ч дуусгахгүй энэ нэхэмжлэхийг хүлээн зөвшөөрөхгүй үр хүүхдээд ч өнчрүүлэхгүй ээ. Иймд би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд дахин шүүх хурлыг хийлгэх хүсэлтэй байна.

1.Байрны зээлийг төлөхгүй

2.Том хүүгээ өөрийнхөө нэр дээр авах, Хүүхдийн тэтгэвэр төлөхгүй. Өмнөх ярьсан хэлсэн зүйлүүдийг нотлох хэрэгтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Д.Бгаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Б хариуцагч Д.Б нар нь 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болж 2007 онд хүү Хурбаяр, 2014 онд хүү Од нар төрсөн, гэрлэгчид хамт амьдарсан хугацаандаа байнгын хэрүүл маргаантай гэр бүлийн хүчирхийлэлтэй байсан зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчдын гэрлэлтийг цуцалж 2 хүүхдийг эхийн асрамжинд үлдээж, дундын эд хөрөнгө, өр зээлийг хувааж шийдвэрлэсэн нь зөв байна.

Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу 2 хүүхдийн асрамжийг шийдсэн байх тул хариуцагч Д.Бгийн 1 хүүхдээ өөрийн асрамжинд авахаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

Харин шүүх нэхэмжлэгч Ц.Б нэр дээр хийгдсэн орон сууц худалдан авах зээлийн гэрээний дагуу Голомт банкинд төлөх зээлийн үлдэгдэл 16.131.022 төгрөгийг гэрлэгчдийн өр төлбөр гэж үзэж хуваахдаа нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Уг зээл нь Ц.Б нэр дээр Голомт банкинд тухайн сар бүр зохих хэмжээгээр төлөгдөж байгаа тул хариуцагч Д.Бгаас зээлийн үлдэгдэл 8.065.511 төгрөг гаргуулж, Ц.Бд олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр дугаар сарын 01-ний өдрийн 1317 дугаар шийдвэрийн 5 дахь заалтын “...Ц.Бэс 8.065.511 төгрөг, Д.Бгаас 8.065.511 төгрөг нийт 16.131.022 төгрөг гаргуулан Голомт банкны Орхон аймаг дахь тооцооны төвд олгосугай” гэснийг “...Д.Бгаас зээлийн үлдэгдэл төлбөр 8.065.511 төгрөгийг гаргуулж Ц.Бд олгосугай” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214.190 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                   Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ

 

 

 

 

 

 

 


                                     Г