Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 857

 

 Д.Гт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор У.Солонго,

хохирогч Б.О,

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч П.А,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Б.Батаа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч П.А, хохирогч Б.О нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Гт холбогдох 201726011136 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

          Б овогт Д.Г, 1968 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагч Б.Оийн хамт ............................. оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .........................../,

          Д.Г нь 2017 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 41-1а тоотод хамтран амьдрагч Б.Оийг “чи өөр газар очиж хоносон байна” гэж хардаж, маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Д.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Д.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Г урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Д.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Хохирогч Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэг гарсан гэх шөнө би охин руугаа залгаж дуудсан ба охин маань маргааш өглөө нь манайд ирж цагдаа дууд гэхээр нь бид хамтдаа цагдаагийн байгууллага дээр очсон. Миний гэмтэл авсан гол шалтгаан нь миний буруутай үйлдлээс болж хоорондоо маргалдаж, би Д.Гийн нүүр лүү цохиж, үснээс нь зулгааж, хамраас нь цус гаргасан. Гэтэл Д.Г уурлаад миний гар, хөл рүү цохисон. Тэгэхэд би үснээс нь зулгаагаад маажсан. Гэтэл Д.Г хажуудаа байсан халуун тогоог аваад далайхаар нь тогоог нь гарнаас нь салгах гэж булаацалдаад бид давхралдаж унасан. Үүнээс болж миний биед гэмтэл учирсан. Миний нөхөр надад санаатайгаар хүнд гэмтэл учруулсан зүйл байхгүй. Энэ талаар удаа дараа мэдүүлэгтээ хэлж, хүсэлт гаргаж байсан ба анхан шатны шүүх хуралдаан дээр мөн ярьсан байгаа. Өөрийн гэм буруутай үйлдлээсээ болж нөхрөө бусдад хүнд гэмтэл санаатай учруулсан хэргээр ял эдлүүлэх гэж байгаад үнэхээр хэцүү байна. Нөхөр бид хоёр нийтийн түрээсийн байраар 5 жил гаран хугацаанд амьдарч байгаа. Одоогоор нөхөр маань байхгүй учир би айлаар хоног төөрүүлж явна. Хэрэг болдог орой би ажлаа тараад орохдоо архи авч өгөөгүй бол ийм хэрэг болохгүй байсан. Мөн би хүнээс үг сонсож чадахгүй, нөхрийнхөө анхааруулж хэлсэн үгийг нь хэрүүл болгож, үснээс нь зулгааж, хамраас нь цус гаргаж, нүүрийг нь маажих зэргээр элдэв авир гаргаснаас болсон. Иймд миний нөхөр Д.Г нь миний биед санаатайгаар хүнд гэмтэл учруулаагүй тул зүйл ангийг нь өөрчилж түүнд оногдуулах ялыг тэнсэж өгнө үү. Миний хувьд эр нөхөртэйгөө халуун ам бүлээрээ амьдрах хүсэлтэй байна...” гэв.

Шүүгдэгч Д.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэг гарсан гэх шөнө эхнэр охин руугаа залгаж дуудсан ба охин нь маргааш өглөө нь ирээд цагдаа дууд гэхээр нь бид хамтдаа цагдаагийн байгууллага дээр очиж, охин нь өргөдөл өгч, би байцаалт өгсөн. Өөрөөр хэлбэл би өөрийн санаачилгаар хуулийн байгууллагад шалгуулсан. Миний эхнэрийн гэмтэл авсан гол шалтгаан нь эхнэрийн буруутай үйлдлээс болсон ба бид хоорондоо маргалдаад эхнэр миний нүүр лүү цохиж, үснээс зулгаагаад байхаар нь хоёр гар луу нь цохиход болихгүй байсан ба би айлгах гээд халуун тогоо аваад далайсан чинь тогоог булаацалдаад бид давхралдаж унасан. Миний тогоо авч далайснаас болж эхнэр маань хүнд гэмтэл авсан тул би энэ үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байна. Эхнэр маань удаа дараа цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг болоод шүүх хуралдаан дээр ч гэсэн намайг буруугүй гэж мэдүүлж байсныг дурдмаар байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгч маань надад оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж өгөхийг хүсэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй учир энэ зүйл заалтыг хэрэглэх боломжгүй байна гэсэн. Миний хэргийг хуучин хуулиар шийдвэрлэсэн бол оногдуулсан хорих ялаас доогуур ял оногдуулах боломж байсан гэж үзэж байна. Би өөрийн буруу үйлдлээсээ болж гэмт хэрэгт холбогдсондоо, 89 настай эхдээ ч зүрхлэн хэлж чадахгүй эмзэглэн шаналж, буруу үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байна.

Иймд миний буруутай үйлдлээс болж эхнэр маань хүнд гэмтэл авсан гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч П.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас харахад Д.Г нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх баримт хэрэгт цуглаагүй байхад шүүхээс анх цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн хохирогчийн хүүхдийн өргөдөл, мэдүүлгээр хийсвэр дүгнэлт хийсэн. Харин хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээс болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас харахад Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан байх нөхцөл байдал харагдаж байна. Энэ байдал нь хавтаст хэргийн 39-40, 41-42, 45, 54-55 дугаар хуудсанд байгаа нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Хохирогчийн гэмтэл авсан гол шалтгаан нь хохирогчийн буруутай үйлдлээс болж хоорондоо маргалдан ноцолдож халуун тогоо гэх зүйлийг булаацалдан түүн дээрээ давхарлалдаж унаснаас үүдэлтэй юм. Эргэлзээ бүхий байдал тогтоогдвол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг шүүхээс хэрэглээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан гэж үзэж байна. Иймд хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шийдвэрлэж, өөрчлөн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Энэхүү гомдолдоо Д.Гийн хувийн байдлуудыг тодруулж авсан гэрчийн мэдүүлгүүд хуулийн шаардлага хангаагүй буюу хууль зөрчсөн байгааг дурдаж байна. Ингэснээр шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн гэж дүгнэж байна...” гэв.

Прокурор У.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Гт холбогдох эрүүгийн хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Хохирогчийн биед олон тооны хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл үүссэн. Гэмт хэрэг гарсны маргааш өглөө 09 цагт охин нь хэргийн газарт очиход ээжийнх нь нүүрнээс бусад бие хөхрөлттэй байсан, нүүрээ хаасан учраас нүүрэндээ гэмтэл аваагүй гэж ээж нь хэлсэн гэдэг. Гэмт хэрэг гардаг шөнө 04 цагт хохирогч охин руугаа яриад “Д.Г агсам тавиад байна” гэхэд цаана нь Д.Г орилоод байсан. Гэтэл утас нь тасраад холбогдохгүй болсон. Маргааш өглөө 9 цагт гэрт нь очиход хохирогч “ Д.Г миний утсыг аваад шидээд эвдэлчихсэн” гэдэг зүйл ярьсан байдаг. Хууль сануулж өгсөн хохирогчийн мэдүүлэг дээр “намайг хөл гар луу цохиж, унагааж байгаад хавирга руу хоёроос гурван удаа өшиглөсөн” гэж мэдүүлдэг. Өнөөдөр нэг удаагийн уналтаар энэ бүх гэмтлийг авсан мэт зүйл ярьж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр шинжээч эмч Цэцэгмаа оролцож “гадны олон удаагийн үйлчлэлээр үүсэх гэмтлүүд” гэдэг талаар хангалттай тайлбарлаж өгсөн. Хоёр удаагийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтлүүд нь мохой зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ гэж тайлбарласан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад Д.Г нь санаатайгаар бусдын бие махбодид хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй. Өмгөөлөгч хууль сануулж мэдүүлэг аваагүй гэж байна. Гэрчийн мэдүүлгүүдийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолд дээр дүгнэлт хийгээд нотлох баримтаас хасахаар тооцсон. Зарим гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтаас хассан ч бусад бичгийн нотлох баримтаар тухайн хэрэг нь хангалттай тогтоогдож байна. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байгаа боловч шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй үйлдэлд анхан шатны шүүх тохирсон ял оногдуулсан гэж үзэж байна. Давж заалдах  гомдолдоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж байгаа боловч санаатайгаар хохирогчид гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Тогооноос болж давхралдаж унасан юм шиг зүйл ярьж байна. Өшиглөсөн үйлдэл, олон тооны гэмтэл шархыг учруулсан үйлдэлээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.Г нь 2017 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 41-1а тоотод хамтран амьдрагч Б.Оийг “чи өөр газар очиж хоносон байна” гэж хардаж, маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Оийн “... 2017 оны 5 дугаар сарын 26-ны орой ажлаа тараад гэртээ ирээд хамтран амьдрагч Д.Гтэй 0.75 литрийн, Хараа нэртэй архи хувааж уусан. Тэгээд хоёулаа согтсон. Тухайн өдрийн урд өдөр нь би ажлаа тараад гэртээ ирэлгүй, шууд охиныхоо гэрт хоночихсон. Гэтэл тэр орой хоёулаа согтсон байсан учир Д.Г надаас “чи урьд шөнө хаана очиж хоносон бэ” гэж хардаад асуухаар нь би “охиныхоо гэрт очиж хоносон” гэж хэлсэн чинь “чи охиныхоо гэрт очиж хоновол заавал над руу өөрөө юм уу, охиноороо хэлүүлдэг биз дээ, чи өөр газарт очиж хоносон байна” гээд хардаад байхаар нь би согтуу байсан учир урдаас нь хэрэлдэж, хэл амаар нилээн доромжилсон. Тэгсэн чинь Д.Г уурлаад миний зүүн гарын шууны хэсэгт гараараа цохиод авахаар нь би улам уурлаад өөдөөс нь хэрэлдээд байсан чинь гэрт байсан халуун тогоо авч шидэх гээд далайхаар нь нөгөөхийг нь булааж авах гэж байгаад давхарлалдаж унасан ба босож ирээд намайг дахин хоёр гар луу цохиод байсан. Намайг өөдөөс нь хэрэлдээд байсан чинь индүү аваад урдаас хэрэлдлээ гээд над руу шидсэн. Харин индүү нь намайг оноогүй. Тэгээд дараа нь зүүн талын хавирганы доод хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Хэсэг ноцолдож байгаад Д.Г гарч яваад нилээн удсан ба би энэ үед унтчихсан байсан. Өглөө үүрээр 4-5 цагийн үед Д.Г орж ирээд унтсан. Бид дахин хоорондоо зодолдоогүй. Нэг мэдсэн өглөө болоод манай охин Д , нөхөр -ийн хамт орж ирээд бид хоёрыг сэрээгээд “бос, хаягаа хэл, цагдаа дуудна” гээд Д.Гээс хаягийг нь асуугаад цагдаад дуудлага өгөхөд цагдаа “ойрхон бол наад хүнээ аваад ир” гэхээр нь хүргэний машинаар цагдаагийн газар луу явсан...” /хх-8-10/,

Гэрч Ж.Д-гийн “... Би 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ТЭЦ 4-2 тоот өөрийн гэртээ байж байтал 04 цагийн үед, үүрээр эх О  залгаад “Д.Г архи уугаад агсам тавиад байна” гэсэн. Утсаар ярьж байхад цаана нь Д.Г орилоод байсан. Надтай утсаар ярьж байтал гэнэт утас нь холбогдох боломжгүй болсон. Дараа нь ээж О-ээс яагаад утас нь гэнэт тасарсан талаар асуухад Д.Г утсыг нь аваад шидчихсэн гэсэн. Утсаар ярьж байхад ямар учраас зодож цохиж байгаа талаар хэлээгүй. Д.Гийг архи уугаад агсам тавиад байна гэж хэлсэн. Тэгээд би 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 09 цагийн үед эх Оюунгэрэл болон Д.Г нарын амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 41-1а тоотод очсон. Намайг очиход ээж болон Д.Г нар унтаж байсан. Гэр доторх байдлыг харахад үүдний коридор хэсэгт цус дусалсан байдалтай, ус буцалгагч, цахилгаан тогоо хоёр эвдэрээд хэрэглэх аргагүй болсон байсан. Тэгээд тэр хоёрыг сэрээгээд ээжийн биеийг хартал бие нь энэ тэндээ хөхөрсөн, баруун гарын алга нь зүсэгдсэн шархтай байсан. Ээжээс болсон явдлын талаар асуухад нүүрээ хамгаалж байсан учир нүүрэндээ бэртэл гэмтэл аваагүй гэж байсан. Тэгээд цагдаа дуудсан. Ээжийг эмнэлэгт үзүүлэхэд эмч “8, 9 дүгээр хавирга хугаралтай, уушги няцралттай, битүү гэмтлүүдтэй байна” гэж хэлсэн...” /хх- 46-48/,

Д.Гийн яллагдагчаар өгсөн “... 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянголын 41-1а тоот гэртээ байж байтал 21 цагийн үед О ажлаа тараад ирсэн. Маргааш нь амралтын өдөр байсан тул бид хоёр 1 шил, 0.75 литрийн Ерөөл нэртэй архи авч уусан. Авсан архиа гэртээ хувааж уусан ба би О-ээс “өнгөрсөн шөнө хаана хоносон” талаар асуухад О уурлаж, хэрүүл маргаан үүссэн. Бид 2 нилээн согтсон байсан. хэрэлдэж байгаад барьцалдаж аваад зууралдсан. Тэгээд О миний үснээс зулгаагаад арагшаа татаад байсан. Тэгэж байгаад Оюунгэрэл бүдэрч унасан. О  унахдаа цахилгаан тогоон дээр унасан би дээрээс нь дараад унасан. Тэгээд О-ийг татаж босгоод, юу болсон талаар асуугаад дахин зодоон хийлгүй унтсан...” /хх-38-40/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Б.Оийн биед зүүн уушгины дээд дэлбэнгийн доод хэсгийн няцрал, цээжний зүүн хөндийд хий хуралт, зүүн талын 9, 10 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, уушгины авчийлт, зүүн хацар, шанаа, зүүн чих, зүүн бугалга, баруун алга, зүүн тохой, зүүн шуунд зулгаралт, хоёр бугалга, зүүн суганы ар, зүүн дал, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн уушгины дээд дэлбэнгийн доод хэсгийн няцрал, цээжний зүүн хөндийд хий хуралт уушгины авчийлт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т  зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн талын 9, 10 дугаар хавирганы зөрүүтэй хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 898 тоот шинжээчийн дүгнэлт /хх-51-52/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Д.Гт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

  Шүүгдэгч Д.Г нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед буюу 2017 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө дээрх гэмт хэргийг үйлдсэн. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинж нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хамаарах тул шүүгдэгчид илүү ашигтай байдлаар шийдвэрлэх зарчмыг баримтлан хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь зөв байна.

Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Д.Гийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь “... халуун тогоон дээр давхралдаж унахдаа хохирогч Б.Оийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан ...” гэх давж заалдах гомдол гаргасан боловч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд хохирогч Б.Оийн “... халуун тогоо бариад миний зүүн хавирга руу 2-3 удаа цохисон ба дахин индүү барьж дайраад над руу шидсэн боловч оноогүй, мөн хутга бариад өөрийгөө ална гээд байхаар нь ноцолдож байгаад хутгыг нь авсан. Мөн гараараа толгой руу нэг удаа цохисон ...” гэх /хх-6/, гэрч Ж.Д-гийн “... үүдний коридор хэсэгт цус дусалсан байдалтай, ус буцалгагч, цахилгаан тогоо хоёр хэрэглэх аргагүй эвдэрсэн байсан. Ээжийн биеийг хартал энд тэндээ хөхөрсөн, гарын алга зүсэгдсэн шархтай байсан...” гэх мэдүүлгүүд /хх-59-60/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой...” гэх 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 898 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-51-52/, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн “...Б.Оийн биед учирсан гэмтлүүд нь нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-115/ зэрэг баримтуудаар Д.Г нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэсэн давж заалдах гомдол үгүйсгэгдэж байна.   

Иймд шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч П.А, хохирогч Б.О нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр оногдуулсан ялыг хөнгөрүүлэх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, хэргийн зүйлчлэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй байх тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч П.А, хохирогч Б.О нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                                    ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН