Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2021/0482

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу Б.Б-ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаар шийдвэрээр:

“...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/09, Түр томилон ажиллуулах тухай Б/11 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Б.Б-ыг Завханмандал сумын Олонбулаг багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Завханмандал сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгч Б.Б-ын ажилгүй байсан 58 хоногийн цалинтай тэнцэх 2.468.654 төгрөгийн олговроос зохих нийгмийн  болон  эрүүл  мэндийн  даатгалын  шимтгэлийг нөхөн төлж нэхэмжлэгчид олгож ...” шийдвэрлэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Завханмандал сумын Засаг дарга Г.М давж заалдах гомдолдоо:

“...Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай шийдвэрийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гардаж аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Б.Б-ыг Завханмандал сумын Олонбулаг багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Б.Б нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Завханмандал сумын Олонбулаг багийн Засаг даргаар томилогдож 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай захирамжаар чөлөөлөгдсөн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2-т “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно”, гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д " .... баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй” гэж хуульчилсан улс төрийн албан тушаал юм.

Мөн өвөл, хавар буюу цаг хэцүү үед багийнхаа айл өрхөөрөө ороогүй, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй төрийн ажлыг цалгардуулж сул цалин авч ажлын тайлан ирүүлээгүй нь хамтарч хамтарч ажиллах боломжгүй байдал нь ажлаас чөлөөлөх үндэс болсон юм.

Улс орон даяар үүссэн корона вирус халдварт өвчний улмаас хууль тогтоомжинд зааснаар багийн иргэдийн нийтийн хурлыг хуралдуулах боломжгүй нөхцөл байдал үүсч Завхан аймгийн Завханмандал сумын Олонбулаг багийн Засаг дарга Б.Б-ын бүрэн эрхийн хугацаа дууссан учир ажлаас чөлөөлсөн нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд нийцэж байгаа гэж үзэн гомдол гаргаж байна.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн, шийдэл үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б-ыг Завханмандал сумын Олонбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Олонбулаг багийн Засаг даргад томилуулахаар Завханмандал сумын Засаг даргад санал болгосны дагуу Завханмандал сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар Олонбулаг багийн Засаг даргаар томилсон байна.  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “...баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох ...” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын Завханмандал сумын Олонбулаг багийн Засаг даргаар ажиллах бүрэн эрхийн хугацаа 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болно гэж үзээд хариуцагч Завханмандал сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Баасанхүү овогтой Балжиннямыг Олонбулаг багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Б/09 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 29 дүгээр зүйлийн 29.2, 32 дугаар зүйлийн 32.1, 38 дугаар зүйлийн 38.1, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д заасныг тус тус үндэслэн Б.Б-ыг тус өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрийн Б/11 дүгээр захирамжаар Олонбулаг багийн Засаг даргаар Н.У-ыг түр томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч багийн иргэдийн нийтийн хурлаас Б.Б-ыг ажлаас чөлөөлөх болон гуравдагч этгээд Н.Ууганбаатар нарыг томилох талаар аливаа тогтоол гараагүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасан үндэслэл байхгүй хэмээн тайлбарлан Завханмандал сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/09, Б/11 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ.” гэж зааснаар багийн Засаг даргыг чөлөөлөх тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэх боловч тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэсэн байх хуулийн шаардлагыг тусгайлан зохицуулсан.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Завханмандал сумын Олонбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлаас 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01 болон 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01 албан бичгээр “2021 онд Олонбулаг багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаагүй болно” гэсэн лавлагаа бүхий тодорхойлолт гаргасан ба хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа Олонбулаг багийн иргэдийн Нийтийн Хуралд хандаагүй, тус Хурлаас энэхүү асуудлаар аливаа тогтоол, шийдвэрийг хүргүүлээгүй байх тул маргаан бүхий актууд нь хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.

Мөн хариуцагчаас маргаан бүхий актад үндэслэл болгож буй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө.” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Б нь үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй, төрийн ажил цалгардуулсан тул ажлаас чөлөөлсөн гэж хариу тайлбар болон давж заалдах гомдолдоо тайлбарлах боловч дээрх хуулийн заалт нь зөвхөн өөрийн биеэр чөлөөлөгдөх хүсэлт өгөх тохиодолд Засаг даргыг дээд шатны Засаг дарга бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө ажлаас чөлөөлөх агуулгаар ойлгогдох тул энэ тохиолдолд хамаарахгүй.

Үүнээс гадна хариуцагчаас давж заалдах гомдолдоо Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д “... Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж зааснаар иргэдийн Нийтийн Хурал хуралдах боломжгүй байсан хэмээн тайлбарлаж байна.

Гэсэн хэдий ч энэ тохиолдолд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.” гэж зааснаар Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх засаг төрийн төлөөлөгчийн хувьд нутгийн өөрийн удирдлагад тухайн багийн иргэдийн оролцоо болон Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах үүднээс нутгийн өөрөө удирдах байгууллага буюу иргэдийн Нийтийн Хурлын саналыг зайлшгүй авсан байх шаардлагатай.

Иймд маргаан бүхий Завханмандал сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/09 дүгээр захирамж нь баримталсан хуулийн хувьд нэхэмжлэгч Б.Б-ыг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсны улмаас эсхүл хугацаанаасаа өмнө үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байгаа аль тохиолдлын улмаас шийдвэр гаргаж байгаа нь ойлгомжгүй байхын зэрэгцээ хуульд тусгайлан заасан иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн шийдвэр гаргах шаардлагыг хангаагүй байна.

Мөн Завханмандал сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн “Нараа овогтой Ууганбаатарыг Олонбулаг багийн Засаг даргаар түр томилон ажиллуулах тухай” Б/11 дүгээр захирамжийн хувьд тухайн актыг гаргахад үндэслэл болсон буюу Б.Б-ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн Б/09 дүгээр захирамж хууль бус болох нь тогтоогдож, дээр дүгнэсэнчлэн хүчингүй болгож байгаа тохиолдолд уг шийдвэрийг мөн хүчингүй болгох үндэслэл болно.

Дээрхээс нэгтгэн үзвэл анхан шатны шүүх тус захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Харин хариуцагч Завханмандал сумын Засаг дарга дээрх шийдвэрүүдийг гаргахдаа Завханмандал сумын Олонбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан саналд үндэслэн гаргах ёстой бөгөөд нэхэмжлэгч Б.Б-ын Олонбулаг багийн Засаг даргын бүрэн эрхийн 4 жилийн хугацааг хуульд зааснаар дууссанд тооцох биш, дараагийн багийн Засаг даргыг томилоход энэхүү шаардлагыг хангуулах шаардлагатай байгааг дурдах нь зүйтэй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн  захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                Д.ОЮУМАА