Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 03

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 2 дугаар баг, тоотод оршин суух, Сөнөд Доной овогт Базарын Даваахүү /РД:КМ74051011/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Ханбод сумын Засаг даргын тамгын газарт холбогдох 69 138 751 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг, нэхэмжлэгч Б.Даваахүү, түүний өмгөөлөгч Э.Наранцацрал, хариуцагч Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ундрах дэм ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 06 дугаар сард орсон хүчтэй аадар борооны улмаас сумын айлуудын жорлон, бохирын нүхний бохир ус үерийн усаар туугдан хальж, төвийн айл өрх, нийтийн эзэмшлийн талбайг хамран бохирдуулан халдварт өвчин гарах аюултай нөхцөл байдал үүссэн учир өвчнөөс урьдчилан сэргийлж, халдваргүйтгэл хийсэн ажлын хөлсний дутуу 17 984 200 төгрөгийг Ханбогд сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан өгч манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын төлөөлөгч Б.Алтангэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Ундрах дэм ХХК-ийн захирал Базарын Даваахүүгийн гаргасан нэхэмжлэлийн дагуу Ханбогд сумын ЗДТГ-аас дараах тайлбарыг гаргаж байна.

2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр сумын төвд ширүүн мөндөр, аадар бороо  орсны  улмаас  уулын  үерийн  ус  бууж,  айлын  гэр,  байгууллага, аж ахуйн

C:\Ajil\Shiidwer\№03_Даваахүү.docx

нэгжийн барилга байшин, гудамж талбай усанд автаж байгалийн гэнэтийн аюул бий болсон. Энэ үеэр сумын Засаг дарга, тамгын газрын хамт олон шөнийн бүтэн идэвхитэй ажиллаж, үерийн ус тогтож цаашаа явахгүй ус ихээр хуримтлагдаж байгаа хэсгийг хувь хүний экскэватор дайчлан ажиллуулж, далан саадыг сэтлүүлж үерийн аюулыг богино хугацаанд багасгаж арилгасан.

Үерийн улмаас айлуудын жорлон, бохирын цооногууд усаар дүүрч гудамж, нийтийн зам, талбайг бохирдуулсан тул зуны халуун дулааны улиралд элдэв төрлийн халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Сум дундын эмнэлгийн эрхлэгч Ж.Наранцэцэгтэй утсаар ярьж бохирдсон нийтийн зам талбай, гудамж, айлуудын жорлон бохирын цооногуудыг хэрхэн яаж ариутгал, халдваргүйжүүлэлт хийдэг талаар зөвлөгөө авахад аймагт Ундрах дэм гэж ариутгал, халдваргүйжилт хийдэг мэргэжлийн байгууллага байдаг гэж Даваахүү гэдэг хүний утсыг надад өгсөн.

Уг утсаар залгаж Даваахүү гэдэг хүнтэй дээрх нөхцөл байдлаа танилцуулахад манай байгууллага очиж хийж өгье. Хир хэмжээний талбай, айл өрхийн жорлон, бохирын цооног ариутгах юм гэж асуухад үерт өртсөн зам талбай, гэр хорооллынхоо талаар хэлж өгсөн. Тэгээд үнэ өртөг нь ямар байх талаар асуухад 1 мкв талбайг 200 төгрөгөөр хийдэг юм. Бид сайн чанарын бодисоор ариутгалыг хийж өгнө гэсэн. Их газар ариутгал, халдваргүйжилт хийх учир энэ үнэ чинь өндөр байна. Өшөө бууруулаач гэхэд 120 төгрөгөөр хийе гэсэн. Тэгээд утсаар хэд хэдэн удаа ярилцаж хийлгэхээр болсон. Гэрээний загварыг и-майл хаягаар явууллаа гэсэн боловч миний и-мэйл хаягаар ирээгүй тул сүүлд Даваахүү гуай өөрөө ирэхдээ гэрээгээ авч ирсэн. Ариутгалын ажлыг сумын эмнэлэгтэй хамтарч хийхээр төлөвлөгөө гарган Засаг даргаар батлуулан ажилласан. 6-р сарын 18-ны өглөө Ундрах дэм ХХК-ний хүсүүс ирсэн. Энэ өдрөөс эхлэн үерийн усанд их өртсөн Дөрөлж, Цаг уур гэр хорооллын айлуудын хашааны газар, жорлон, бохирын цооногуудыг ариутгаж эхэлсэн. Энэ ажилд Хангүрд ХХК-ний гудамж талбай усалдаг 25 тн-ын багтаамжтай усны 46-73 УНГ автомашиныг авч ажиллуулсан боловч айлын хашаанд ариутгал хийлгэхэд хашаан дотор эргэж тойрч багтахгүй байсан тул Тамгын газрын МЭҮТ-ийн автомашиныг гаргаж, 1 тн-ийн усны сав тавьж, хүний машин угаадаг насосыг, шаланктай нь авчирч байгаль хамгаалагч Г.Үнэнбатыг 4 хоног, С.Гантөмөр, Ө.Ууганбаяр, Р.Цэндсүрэн нарыг тус бүр нэг хоног хамт ажиллуулж, ариутгал хийхэд ашигласан усны 282000 төгрөг, автомашины бензин шатанхууны зардал 136000 төгрөгийг Тамгын газраас гаргаж шийдвэрлэсэн. Нэг айлын хашааны газар дунджаар 75 мкв гээд 120 төгрөгөөр үржихэд 90000 төгрөг болж байсан тул ийм мөнгө төлөөд ариутгал хийлгүүлэх айл байхгүй тул багасгаж, хашааны газрыг 30000 төгрөг, жорлон, бохирын цооногийг 19000 төгрөг, нийт 49000 төгрөгөөр ариутгал хийлгүүлж, төлбөрийг айлуудын ихэнх нь бэлэн мөнгөөр хийсэн. Энэ компанийн хүмүүс Дөрөлж, Цаг уурын хорооллын үерийн усанд их автсан 16 айлуудын хашааны газрыг ариутгасан. Бусад айлуудын зөвхөн жорлон бохирын цооногуудаа ариутгасан.

Тус компаний ажилчин нийт 638 айлд очсон боловч 300 айл нь ариутгал хийлгүүлээгүй, 224 айл эзэнгүй байсан, 114 айлд ариутгал хийсний 72 айлын жорлон, бохирын цооногт ариутгал хөлс 1368000 төгрөг, 14 айлын хашаа, бохирын цооногт ариутгал хийж 686000 төгрөг, нийт 2054000 төгрөгийг айлуудаас бэлэн мөнгөөр тооцоо хийж авсан байна. нийт 41 айлын жорлон, бохирын цооногт, 2 айлын хашаанд 839000 төгрөгний ариутгалын ажил хийгээд төлбөрөө аваагүй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй 4, өндөр настан 1, нийт 5 айл үнэ төлбөргүй /95000 төгрөг/ хийсэн байна.

Сумын төвийн гудамж, засмал замын ариутгалыг Хангүрд ХХК-ний гудамж, талбайг усалдаг 25 тн-ын багтаамжтай усны автомашинаар 5 удаа явж ариутгал халдваргүйжилт хийсэн. Энэ ажилд эдний компаниас хийсэн ажил нь машины усны саванд дээшээ гарч 2 сав ариутгалын бодис хийхээс өөр үйлдэл огт хийгдээгүй. Энэ машин нь өөрөө усаа цацруулаад явчихдаг болохоор ариутгал хийхэд ямар ч ажиллагаа ороогүй.

Иймд Ундрах дэм ХХК-ний ажилчид нийтийн эзэмшлийн гудамж, замыг ариутгахад өөрийн биеэр өөрсдөө ариутгал халдваргүйжилт хийгээгүй тул ажлын хөлс тооцогдох үндэслэлгүй гэж үзэж байна.

Гэтэл Ундрах дэм ХХК-ний захирал Б.Даваахүү гуай нийтийн эзэмшлийн гудамж, замыг ариутгасан ажлын хөлсийг тооцож нийт 22974179 төгрөг нэхэмжлээд байгаа юм. Одоо энэ үнийн дүн нь алданги тооцоод 69 138 751 төгрөг гэсэн байна.

Харин нийтийн эзэмшлийн гудамж, замыг ариутгахад заавар зөвлөгөө өгч ажилласан хөдөлмөрийн хөлсийг Ундрах дэм ХХК-наас гаргасан цагийн бүртгэл, ажлын нэг өдрийн хөлс, илүү цагийн ажлын хөлсийг хүн нэг бүрээр тооцож олгосон болно.

Ундрах дэм ХХК-ний хийж гүйцэтгэсэн ажлын тооцоог ажилчдын 11 өдөр ажилласан ажлын хөлс, илүү цагийн хөлс 2365452 төгрөг, Хангүрд ХХК-ний жолоочийн ажлын хөлс 75000 төгрөг, ариутгал хийлгээд мөнгөө өгөөгүй 41 айлын зардал 839000 төгрөг, ариутгалын бодисны үнэ зэргийг тооцсоны үндсэн дээр 5000000 төгрөг олгох нь тус компанийн хийсэн ажилд ноогдох бодитой хөлс гэж Засаг даргатай ярилцаж шийдвэрлэсэн.

Ундрах дэм ХХК ажилчдынхаа ажлын хөлсөө бодохдоо хэвийн бус нөхцлийн нэмэгдэл, онцгой байдлын гамшгйн нөхцөлд ажилласан гэж ажлын хөлсөө 3 дахин үржүүлж үндэслэлгүй тооцоолсон байна. 2015 онд улс орон санхүүгийн хямралд орж Сангийн яам бүх гүйлгээг хяналтандаа авч зөвхөн зайлшгүй шаардлагатай зүйлд санхүүжилтийн эрхийг нээж өгч ажиллласнаар 11-р сарын 21-ний өдөр 1 сая төгрөгийг шилжүүлж, үлдсэн 4 сая төгрөгийг онд нь багтааж шилжүүлж чадаагүй. 2016 он гаргаад санхүүгийн хямралд орж сангийн яам бүх гүйлгээг хяналтандаа авч зөвхөн зайлшгүй шаардлагатай зүйлд санхүүжилтийн эрхийг нээж өгч ажилласнаар 11-р сарын 21-ний өдөр 1000000 төгрөгийг шилжүүлж, үлдсэн 4000000 төгрөгийг онд нь багтааж шилжүүлж чадаагүй.

Компанийн захирал Даваахүү гуайн хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг талаас нь хандсан асуудал бидний зүгээс огт гаргаагүй. Энэ бол тухайн хүний хувийн бодол байх.

Иймд тус компанийн гаргасан 69138751 төгрөгний нэхэмжлэлийг дараах үндэслэлээр манай Тамгын газар төлөх үндэслэлгүй байна. Үүнд:

1.Ундрах дэм ХХК-тай анх 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ариутгал халдваргүйтгэлийн ажил хийлгэх тухай гэрээ байгуулж ажилласан. Тус гэрээний гол нөхцөл нь нийтийн эзэмшлийн 191535 м2 талбай болон 16 өрхийн өмчлөлийн газарт ариутгал хийлгэж нийтийн эзэмшлийн талбайн ариутгал, халдваргүйтгэлийн зардлыг ЗДТГ-аас айл өрхийн хашаа ариутгах зардлыг иргэн өөрөө хариуцахаар гэрээ байгуулсан. Гэвч Ундрах дэм ХХК нь айлын хашааны талбайг ариутгахдаа ч, нийтийн эзэмшлийн талбайг ариутгахдаа ч тэр гэрээний үүргээ дангаар биелүүлээгүй. Айлын хашааг ариутгахад машин,  1тонн багтаамжтай сав, шүрших төхөөрөмж, шатахуун, жолооч зэргийг ЗДТГ-аас шийдвэрлэсэн. Мөн нийтийн эзэмшлийн талбайг ариутгахад зөвхөн заавар зөвлөгөө өгч, бодис найруулсан зэрэг л ажил хийсэн. Харин гол ажлыг ЗДТГ-аас хүсэлт тавьсны дагуу Хангүрд ХХК-ийн автомашинаар хийлгүүлж, холбогдох зардлуудыг ЗДТГ-аас гаргасан.

2.Бид тус компаний хийж гүйцэтгэсэн ажлыг дараах байдлаар тооцоолж санхүүжилт олгсон. Ундрах дэм ХХК-ний ажилчдын ажилласан хоногийн цалингийн тооцоог ажлын хөлс, илүү цагийн хөлсийг оруулаад тооцоход 2365452 төгрөг, дээр нь Хангүрд ХХК-ний жолоочийн ажлын хөлс 75000 төгрөг, ариутгал хийлгээд мөнгөө өгөөгүй 41 айлын зардал 839000 төгрөгийг оруулаад тооцоход нийт ажлын хөлс 3282452 төгрөг гарч байна. 72 айлын жорлон, бохирын цооногт аритгал халдваргүйжилт хийсний ажлын хөлс 1368000 төгрөг, 14 айлын хашаанд ариутгал хийж 686000 төгрөг, нийт 2054000 төгрөгийг айл өрхүүдээс бэлнээр авсан. Ингээд ЗДТГ-аас гэрээний дагуу 5 000 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд Ундрах дэм ХХК нь Ханбогд суманд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийсний хөлсөнд 7 054 000 төгрөг авсан нь хийж гүйцтгэсэн ажилд дүйцэхүц мөнгөн дүн гэж үзэж байна.

3.Тус компани нь ажлын хөлсөө гамшгийн үед ажилласнаар тооцож ажлын хөлсөө 3 дахин, 7 хоногийн амралтын өдрийг 2 дахин өсгөж бодсон нь Гамшгийн тухай хуулийн 33.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 51.1 дэх заалтуудтай нийцэхгүй байна.

4.Сумын нийтийн гудамж, замын ариутгалд Ундрах дэм ХХК-ний ажилчид зөвхөн автомашины усанд хэдэн литр ариутгалын бодис хийснээс өөр ажил хийгээгүй байж нийтийн эзэмшлийн гудамж, замын ариутгал халдваргүйжилт хийсэн ажлын хөлс гэж нэхэмжилсэн байгаа нь үндэслэлгүй зардал юм. Б.Даваахүү гуай нийтийн эзэмшлийн гудамж, замыг ариутгахад манай ажилчид заавар зөвлөгөө өгч хамт ажилласан гээд байгаа бөгөөд ажилллсан цагийн ыүртгэлийг үндэслэн олгсон ажлын хөлсөндөө энэ ажлын хөлс хамт тооцогдсон. Заавар зөвлөгөө өгсөн байж болно. Тэр нь байнга хажууд нь хэдэн цагаар суугаад зөвлөөд байх ажил биш бөгөөд ерөнхий зааварчилгаагаа өгөөд газрыг нь заагаад өгчихвөл жолооч машин хоёр ажлаа хийчихнэ. Үүнд хүн хүч гаргаад цаг зарцуулаад байх асуудал байхгүй. Хангүрд ХХК-ний усны автомашин нь усаа өөрөө цацдаг тул нийтийн эзэмшлийн гудамж, замыг ариутгахад өөр хүн ажиллаж шаардлагагүй, ажлын хөлс тооцогдох үндэслэлгүй юм.

5.Гэрээний алданги тооцно гэсэн байна.  Хугацаандаа мөнгөө төлөөгүй нь манай байгууллагаас шалтгаалаагүй бөгөөд улс орны эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас Монгол улсын Сангийн яамнаас гүйлгээ хийх эрхийг хаасантай холбоотой үүссэн асуудал бөгөөд үүнийг манай байгууллагаас шалтгаалаагүй зүйл юм.

6.Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийн айл өрх, нийтийн эзэмшлийн газарт ариутгал халдваргүйтгэлийн ажил хийх гэрээний төлбөрт өөрчлөлт оруулах тухай” гэрээг хоёр тал харилцан тохиролцож 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулснаар 2015 оны 06 дугаар сард байгуулсан гэрээний төлбөр тооцооны асуудлыг тодорхой болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шинээр байгуулсан гэрээг хоёр тал харилцан тохиролцож байгуулсан бөгөөд ямар нэгэн хууран мэхлэх, залилах үйлдэл хийгдээгүй болно.

Иймд манай байгууллага гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оны 6 сард Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд үерт автсан айлууд болон нийтийн эзэмшилийн талбайд халдваргүйжүүлэлт хийлгэхээр Сум дундын эмч Наранцэцэг, Тамгын газрын дарга Чинбат 2 хүсэлт гаргасан. Тухайн үед нийтийн эзэмшил газрыг 120 төгрөг, хувийн айлын газрын ариутгалын мөнгийг иргэдээс авахаар гэрээ байгуулж ажилласан. Ажлаа дуусгаж ажлын тайлангаа өгөөд буцсан. Санхүүгийн байдлаас болж нэмэлт гэрээ хийж 5.000.000 төгрөгийг өгсөн. Үлдсэн 17.984.200 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй учир гэрээний дагуу 0.5 хувийн алданги тооцож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 69.138.751 төгрөг нэхэмжилж байна. Энэ хугацаанд маш их өрөнд орсон бөгөөд ханилсан ханиа эмчлүүлж чадахгүй болсон. Өнөөдрийн хувьд халамжийн 64000 төгрөгөөр амьдардаг“ гэв.

Хариуцагч Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын төлөөлөгч Б.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ундрах-дэм ХХК-тай 2015 оны 6 сард халдваргүйжүүлэлт хийх гэрээ байгуулсан. Тус гэрээний гол нөхцөл нь сумын төвийн нийтийн эзэмшилийн талбай 191000 м2 талбай болон 16 өрхийн өмчлөлийн газар ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэхээр байсан. Нийтийн эзэмшилийн газар хийсэн ариутгалын зардлыг тамгын газраас санхүүжүүлнэ. Айл өрхийн газарт хийсэн ариутгалыг тухайн иргэн хариуцахаар гэрээ байгуулсан. Ингэхдээ Ундрах-дэм ХХК нь гэрээний үүргээ дангаар биелүүлээгүй бөгөөд тамгын газар бүх үйл ажиллагаанд нь оролцож дэмжлэг үзүүлж байсан. Жишээ нь ариутгал хийхэд хэрэглэсэн багаж хэрэгсэл тамгын газраас гаргаж үүрэг гүйцэтгэж оролцсон гэж үзэж байна. Ундрах дэм ХХК-ийн ажилчдын ажилласан хоногийн цалингийн тооцоог ажлын хөлс, илүү цагийн хөлсийг оруулаад 2.365.452 төгрөг, Хангүрд ХХК-ийн жолоочийн ажлын хөлс ажлын хөлс 75.000 төгрөг, ариутгал хийлгээд мөнгөө өгөөгүй 41 айлуудын хөлс 839.000 нийт 3.282.452 төгрөг өгсөн. Мөн 72 айлын жорлон бохирын цооногт ариутгал хийсний ажлын хөлс 1.368.000 төгрөг, 14 айлын хашаанд ариутгал хийсэн 686.000 төгрөг, нийт 2.054.000 төгрөгийг айлуудаас авсан байдаг. Дараа нь засаг даргын тамгын газраас гэрээ байгуулж 5.000.000 төгрөг өгсөн бөгөөд тус компани нь Ханбогд суманд ирж ажилласан ажлын хөлсөнд нийт 7.054.000 төгрөг авсан. Энэ нь ажлын хөлсөнд тохирсон мөнгөн дүн гэж үзэж байгаа. Ажлын хөлсийг гамшгийн үед ажилласан гэж ажлын хөлсийг 3 дахин нэмэгдүүлсэн мөн 7 хоногийн амралтын өдрийг 2 дахин өсгөж бодсон нь гамшгийн тухай хууль болон хөдөлмөрийн хуультай нийцэхгүй байна гэж үзэж байна. Ундрах дэм ХХК-ийн ажилчид ариутгалын бодисыг найруулж заавар зөвлөгөө өгснийг үгүйсгэхгүй байгаа боловч байнга хөдөлмөр хүч шаардсан ажил хийгдээгүй. Машин жолооч 2 ажилласан. 2016 он гаргаад 2 тал харилцан тохиролцож гэрээ хийж үүний дагуу тамгын газар 5.000.000 төгрөг өгсөн тул төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэж байна” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Даваахүү нь өвчнөөс урьдчилан сэргийлж, халдваргүйтгэл хийсэн ажлын хөлсний дутуу 17 984 200 төгрөгийг Ханбогд сумын Засаг даргын тамгын газраас гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 51 154 551 төгрөгөөр нэмэгдүүлж нийт  69 138 751 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна гэж дүгнэв. Учир нь.

Нэхэмжлэгч Б.Даваахүү нь 1мкв талбайг 120 төгрөгийн үнэтэйгээр нийт 191535 мкв талбайд ариутгал хийхээр Ханбогд сумын засаг даргын тамгын газартай харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. Тэгэхдээ нийтийн эзэмшлийн талбайг ариутгасны хөлсийг Ханбогд сумын засаг даргын тамгын газар төлөх, айл өрхийн хашааны талбай, 00-ийн устгалын бодисын үнийг иргэн хүн өөрөө хариуцаж төлөхөөр тохиролцсон байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. Нэхэмжлэгч Б.Даваахүү нь Ханбогд сумын засаг даргын тамгын газрын дарга Ц.Чинбаттай харилцан тохиролцож аадар борооноос үүссэн бохирдлыг арилгах, халдварт өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэх халдваргүйтэлийн гэрээг байгуулжээ. Гэрээгээр 191535 м2  тайлбай, нэр бүхий 16 өрхийн өмчлөлийн газрын 0.75 га тайлбагаас айлын гэр амбаар байгаа 0.5 га газрыг хасч, 0.5 га-г 0.700 м2  аар тооцож 1 м2  талбайг 120 төгрөгөөр хийхээр, нийтийн эзэмшлийн талбайн үнэ хөлсийг төрөөс, айл өрхийн хашааны талбай, 00- ийн устгалын бодисын үнийг иргэн хүн өөрөө хариуцаж төлөхөөр тохирчээ.

Гэвч нэхэмжлэгч тал нь нийтийн эзэмшлийн хэдий хэмжээний талбайд ариутгал хийсэн талаараа нотлох баримтаар нотлож чадахгүй байна. Тодруулж хэлбэл нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаарх нотлох баримтаа ирүүлээгүй, мөн үндсэн шаардлага 17 984 200 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага буюу алданги 51 154 551 төгрөг нийт  69 138 751 төгрөг нэхэмжилж байгаагаа тодорхой илэрхийлж чадахгүй байна.

Энэ нь хариуцагч Ханбогд сумын ЗДТГ-аас шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байна. Тодруулбал: “Нэг айлын хашааны газар дунджаар 750 м2  бөгөөд м2  бүрийг 120 төгрөгөөр ариутгана гэж тооцоход 90 000 төгрөг болж байсан. Ийм их мөнгө төлж ариутгал хийлгүүлэх айл байхгүй тул багасгаж, хашааны газрыг 30 000 төгрөг, бохирын цооногыг 19 000 төгрөг, нийт 49 000 төгрөгөөр ариутгал хийлгүүлэхээр Ундрах дэм ХХК-тай тохиролцож төлбөрийг ихэнх айлууд бэлэн мөнгөөр хийсэн.

Тус компаний ажилтан нийт 638 айлд очсон боловч 300 айл ариутгал хийлгүүлээгүй, 224 айл эзэнгүй байсан, 114 айлд ариутгал хийсний 72 айлын жорлон, бохирын цооногт ариутгал хийж хөлс 1 368 000/ нэг сая гурван зуун жаран найман мянга/ төгрөг, 14 айлын хашаа, бохирын цооногт ариутгал хийж 68600 төгрөг, нийт 2 054 000/ хоёр сая тавин дөрвөн мянган/ төгрөгийг айлуудаас бэлэн мөнгөөр тооцоо хийж авсан байна. Харин нийтийн эзэмшлийн гудамж, замыг ариутгахад заавар зөвөлгөө өгч ажилласан хөдөлмөрийн хөлс, илүү цагийн ажлын хөлсийг хүн нэг бүрээр тооцож олгосон болно” гэсэн /ХХ-ийн 149-162 хуудас дахь баримтууд/ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ханбогд сумын ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтангэрэлийн шүүхэд ирүүлсэн тайлбараар үгүйсгэгдэж байна.

Нэхэмжлэгч нь Б.Даваахүү нь нийт эзэмшлийн ямар хэмжээтэй талбайг хичнээн хэмжээний ямар үнэтэй бодис хэрэглэн ариутгал хийгдсэн, энэ нь ямар үнэтэй болсон талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүйг дурьдах зүйтэй. Мөн нийт ариутгал хийсний хөлсөнд 5 сая төгрөг авахаар тохиролцсон нь хариуцагч Б.Даваахүүгийн өмгөөлөгч Э.Наранцацралтын хүсэлтээр гэрчээр мэдүүлэг өгсөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын  Н.Батдэлгэрийн өгсөн тайлбар/ хх-ийн 220-222-р хуудас/, 2016 оны 01 сарын 15-ны өдөр байгуулсан “Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийн айл өрх, нийтийн эзэмшлийн газарт ариутгал халдваргүйжилтийн ажил хийх гэрээний төлбөрт өөрчлөлт оруулах тухай гэрээ” /хх-ийн 149–р хуудас/ зэрэг нотлох баримтаар  тогтоогдож байна гэж үзэв.

Мөн нэхэмжлэгч Б.Даваахүү болон түүний өмгөөлөгч Э.Наранцацрал нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэмэгдүүлсэн шаардлагынхаа талаар тайлбар гаргаагүй, ямар нэгэн нотлох баримт шинжлэн судлаагүй тул ажил гүйцэтгэх гэрээний алданги болох 51 154 551 төгрөгийн нэмэгдүүлсэн шаардлагын талаар дүгнэлт хийгээгүй болно.

Иймд  нэхэмжлэгч Б.Даваахүү нь төлөгдөөгүй үлдсэн гэх 17 984 200 төгрөг дээр алданги 51 154 551 төгрөг нийт 69 138 751 төгрөгийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЗДТГ-аас  нэхэмжлэх хууль үндэслэлгүй байна гэж дүгнэв. Хариуцагч Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЗДТГазар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн буюу Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Даваахүүтэй тохиролцсоны үндсэн дээр хөлсийг бүрэн төлсөн байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б.Даваахүүгийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газарт холбогдох 69 138 751 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №286 тоот захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА