Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 63

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Н.Насанжаргал, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд  хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 127 дугаар шийдвэртэй

“*******” ХХКомпанийн  нэхэмжлэлтэй

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газарт хариуцагдах

“17.984.200 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны  09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал, хариуцагчийн төлөөлөгч Ц.*******, нарийн бичгийн даргаар Б.Ренчиндорж нар оролцов.

            Нэхэмжлэгч “******* дэм” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 06 дугаар сард орсон хүчтэй аадар борооны улмаас сумын айлуудын жорлон, бохирын нүхний бохир ус үерийн усаар туугдан хальж, төвийн айл өрх, нийтийн эзэмшлийн талбайг хамран бохирдуулан халдварт өвчин гарах аюултай нөхцөл байдал үүссэн учир өвчнөөс урьдчилан сэргийлж, халдваргүйтгэл хийсэн ажлын хөлсний дутуу 17 984 200 төгрөгийг Ханбогд сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан өгч манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр сумын төвд ширүүн мөндөр, аадар бороо орсны улмаас уулын үерийн ус бууж, айлын гэр, байгууллага, аж ахуйн нэгжийн барилга байшин, гудамж талбай усанд автаж байгалийн гэнэтийн аюул бий болсон. Энэ үеэр сумын Засаг дарга, тамгын газрын хамт олон шөнийн бүтэн идэвхитэй ажиллаж, үерийн ус тогтож цаашаа явахгүй ус ихээр хуримтлагдаж байгаа хэсгийг хувь хүний эксковатор дайчлан ажиллуулж, далан саадыг сэтлүүлж үерийн аюулыг богино хугацаанд багасгаж арилгасан. Үерийн улмаас айлуудын жорлон, бохирын цооногууд усаар дүүрч гудамж, нийтийн зам, талбайг бохирдуулсан тул зуны халуун дулааны улиралд элдэв төрлийн халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Сум дундын эмнэлгийн эрхлэгч Ж.Наранцэцэгтэй утсаар ярьж бохирдсон нийтийн зам талбай, гудамж, айлуудын жорлон бохирын цооногуудыг хэрхэн яаж ариутгал, халдваргүйжүүлэлт хийдэг талаар зөвлөгөө авахад аймагт ******* дэм гэж ариутгал, халдваргүйжилт хийдэг мэргэжлийн байгууллага байдаг гэж ******* гэдэг хүний утсыг надад өгсөн. Уг утсаар залгаж ******* гэдэг хүнтэй дээрх нөхцөл байдлаа танилцуулахад манай байгууллага очиж хийж өгье. Хир хэмжээний талбай, айл өрхийн жорлон, бохирын цооног ариутгах юм гэж асуухад үерт өртсөн зам талбай, гэр хорооллынхоо талаар хэлж өгсөн. Тэгээд үнэ өртөг нь ямар байх талаар асуухад 1 мкв талбайг 200 төгрөгөөр хийдэг юм. Бид сайн чанарын бодисоор ариутгалыг хийж өгнө гэсэн. Их газар ариутгал, халдваргүйжилт хийх учир энэ үнэ чинь өндөр байна. Өшөө бууруулаач гэхэд 120 төгрөгөөр хийе гэсэн. Тэгээд утсаар хэд хэдэн удаа ярилцаж хийлгэхээр болсон. Гэрээний загварыг и-майл хаягаар явууллаа гэсэн боловч миний и-мэйл хаягаар ирээгүй тул сүүлд ******* гуай өөрөө гэрээг хийж ирүүлсэн. Ариутгалын ажлыг сумын эмнэлэгтэй хамтарч хийхээр төлөвлөгөө гарган Засаг даргаар батлуулан ажилласан. 6-р сарын 18-ны өглөө ******* дэм ХХК-ний хүсүүс ирсэн. Энэ өдрөөс эхлэн үерийн усанд их өртсөн Дөрөлж, Цаг уур гэр хорооллын айлуудын хашааны газар, жорлон, бохирын цооногуудыг ариутгаж эхэлсэн. Энэ ажилд ******* ХХК-ний гудамж талбай усалдаг 25 тн-ын багтаамжтай усны 46-73 УНГ автомашиныг авч ажиллуулсан боловч айлын хашаанд ариутгал хийлгэхэд хашаан дотор эргэж тойрч багтахгүй байсан тул Тамгын газрын МЭҮТ-ийн автомашиныг гаргаж, 1 тн-ийн усны сав тавьж, хүний машин угаадаг насосыг, шаланктай нь авчирч байгаль хамгаалагч Г.*******ыг 4 хоног, С.*******, Ө.*******, Р.******* нарыг тус бүр нэг хоног хамт ажиллуулж, ариутгал хийхэд ашигласан усны 282000 төгрөг, автомашины бензин шатанхууны зардал 136000 төгрөгийг Тамгын газраас гаргаж шийдвэрлэсэн. Нэг айлын хашааны газар дунджаар 75 мкв гээд 120 төгрөгөөр үржихэд 90000 төгрөг болж байсан тул ийм мөнгө төлөөд ариутгал хийлгүүлэх айл байхгүй тул багасгаж, хашааны газрыг 30000 төгрөг, жорлон, бохирын цооногийг 19000 төгрөг, нийт 49000 төгрөгөөр ариутгал хийлгүүлж, төлбөрийг айлуудын ихэнх нь бэлэн мөнгөөр хийсэн. Энэ компанийн хүмүүс Дөрөлж, Цаг уурын хорооллын үерийн усанд их автсан 16 айлуудын хашааны газрыг ариутгасан. Бусад айлуудын зөвхөн жорлон бохирын цооногуудаа ариутгасан.

            Тус компаний ажилчин нийт 638 айлд очсон боловч 300 айл нь ариутгал хийлгүүлээгүй, 224 айл эзэнгүй байсан, 114 айлд ариутгал хийсний 72 айлын жорлон, бохирын цооногт ариутгал хөлс 1368000 төгрөг, 14 айлын хашаа, бохирын цооногт ариутгал хийж 686000 төгрөг, нийт 2054000 төгрөгийг айлуудаас бэлэн мөнгөөр тооцоо хийж авсан байна. нийт 41 айлын жорлон, бохирын цооногт, 2 айлын хашаанд 839000 төгрөгний ариутгалын ажил хийгээд төлбөрөө аваагүй байна.

            Хөгжлийн бэрхшээлтэй 4, өндөр настан 1, нийт 5 айл үнэ төлбөргүй /95000 төгрөг/ хийсэн байна.

            Сумын төвийн гудамж, засмал замын ариутгалыг ******* ХХК-ний гудамж, талбайг усалдаг 25 тн-ын багтаамжтай усны автомашинаар 5 удаа явж ариутгал халдваргүйжилт хийсэн. Энэ ажилд эдний компаниас хийсэн ажил нь машины усны саванд дээшээ гарч 2 сав ариутгалын бодис хийхээс өөр үйлдэл огт хийгдээгүй. Энэ машин нь өөрөө усаа цацруулаад явчихдаг болохоор ариутгал хийхэд ямар ч ажиллагаа ороогүй. Иймд гудамж, замыг ариутгахад ажлын ямар ч хөлс тооцогдох үндэсгүй.

            Эдний компани нь энэ ажлын цалин хөлсийг тооцож нийт 22974179 төгрөг нэхэмжилсэн. Энэ мөнгө нь манай сумын Засаг даргын жилийн нөөцийн зардлаас давсан хөрөнгө тул манайх ийм зардал гаргах үндэслэлгүй гэж үзээд хийсэн ажлынх нь тооцоог ажилчдын 11 өдөр ажилласан ажлын хөлс, илүү цагийн хөлс 2365452 төгрөг, ******* ХХК-ний жолоочийн ажлын хөлс 78000 төгрөг, ариутгалын бодисны үнэ зэргийг тооцоод 5000000 төгрөг олгохоор Засаг даргатай ярилцаж шийдвэрлэсэн.

            ******* дэм ХХК ажилчдынхаа ажлын хөлсөө бодохдоо хэвийн бус нөхцлийн нэмэгдэл, онцгой байдлын гамшгйн нөхцөлд ажилласан гэж ажлын хөлсөө 3 дахин үржүүлж үндэслэлгүй тооцоолсон байна. 2015 онд улс орон санхүүгийн хямралд орж Сангийн яам бүх гүйлгээг хяналтандаа авч зөвхөн зайлшгүй шаардлагатай зүйлд санхүүжилтийн эрхийг нээж өгч ажиллласнаар 11-р сарын 21-ний өдөр 1 сая төгрөгийг шилжүүлж, үлдсэн 4 сая төгрөгийг онд нь багтааж шилжүүлж чадаагүй. Тэгээд он гараад санхүүгийн алба хуучин оны гэрээгээр мөнгө шилжүүлэх боломжгүй гэсэн тул гэрээний төлбөрт өөрчлөлт оруулах гэрээг хийж 2016 оны 2, 3-р сард 2 удаа 2 сая төгрөгийг шилжүүлж өгсөн.

            Компанийн захирал ******* гуайн хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг талаас нь хандсан асуудал бидний зүгээс огт гаргаагүй. Энэ бол тухайн хүний хувийн бодол байх.

            Иймд тус компанийн гаргасан 17984200 төгрөгний нэхэмжлэлийг дараах үндэслэлээр манай тамгын газар төлөх боломжгүй байна. Үүнд:

            1.******* дэм ХХК-ний ажилчдын ажилласан хоногийн цалингийн тооцоог ажлын хөлс, илүү цагийн хөлсийг оруулаад тооцоход 2365452 төгрөг, дээр нь ******* ХХК-ний жолоочийн ажлын хөлс 78000 төгрөг, ариутгал хийлгээд мөнгөө өгөөгүй 41 айлын зардал 839000 төгрөгийг оруулаад тооцоход нийт ажлын хөлс 3282452 төгрөг гарч байна.

            2.Эдний компани ажлын хөлсөө гамшгийн үед ажилласнаар тооцож ажлын хөлсөө 3 дахин, 7 хоногийн амралтын өдрийг 2 дахин өсгөж бодсон нь Гамшгийн тухай хуулийн 33.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 51.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж тооцсон байна.

            3.Сумын нийтийн гудамж, замын ариутгалд ******* дэм ХХК-ний ажилчид зөвхөн автомашины усанд хэдэн литр ариутгалын бодис хийснээс өөр ажил хийгээгүй байж нийтийн эзэмшлийн гудамж, замын ариутгал халдваргүйжилт хийсэн ажлын хөлс гэж нэхэмжилсэн байгаа нь үндэслэлгүй зардал байна. ******* ХХК-ний усны автомашин нь усаа өөрөө цацдаг тул нийтийн эзэмшлийн гудамж, замыг ариутгахад өөр хүн ажиллаж шаардлагагүй, ажлын хөлс тооцогдох үндэслэлгүй болно гэжээ.

            Нэхэмжлэгч Б.******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд үерт автсан айлууд болон төв талбайд халдваргүйжүүлэлт хийсэн. Машинаар хийсэн халдваргүйжүүлэлтийн хувьд 700.000 м2 талбайд халдваргүйжүүлэлт хийнэ гэсэн боловч 191.535 м2 талбайд халдваргүйжүүлэлт хийсэн. Энэ нь их газар учир гараар шүрших боломж байхгүй байсан. Тиймээс машин захиалан халдваргүйжүүлэлт хийсэн. Машинаар шүрших нь даралт бага учир зөвхөн газрын өнгөн хэсгийг норгож байсан. Иймээс 1 тн усанд 1гр бодисыг шингээж хийсэн. Ариутгалын явцад явган дагаж шалгаж, мөн жолоочийн дэргэд ажилтанаа суулгаж зааварчилгаа өгч байсан. Иймд бидний ажил мэргэжилийн ур чадвар орсон. 1см2 талбайд 1-2 гр бодисыг шингээж хийх ёстой. 1 л бодис 8800 төгрөгний үнэтэй. Гэрээгээр 1 м2-ыг 120 төгрөгөөр ариутгахаар тооцож хийсэн. 191.535 м2 талбайг 120 төгрөгөөр үржүүлэхэд 22.984.200 төгрөг болж байгаа. Үүнээс 5.000.000 төгрөгийг өгсөн. Одоо би 17.984.000 төгрөг дээр нэмж гэрээ ёсоор алданги тооцон нийт 34.349.822 төгрөг нэхэмжилж байна. Анх ярихдаа гамшиг болсон гэж ярьсан. Би гамшиг гэх ойлголтыг сайн мэдэхгүй учир гамшиг болсон гэж ойлгож байсан. Би Онцгой байдлын хэлтэс, Цаг уурын газраас гамшигийн талаарх мэдээллийг олж авсан. Гамшиг болоогүй байсан гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дашдооров анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: 2 тал тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний үүргээ биелүүлсэн. Тухайн бодсыг хүн болгон найруулдаггүй. Мэргэжилийн хүмүүс стандартад нийцүүлэн хийх ёстой учир нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Гэрээ хийхдээ гамшиг гэж заасан байдаг. Гамшиг болоогүй үерийн улмаас айлуудын бохир дүүрч нийтийн эзэмшилийн газар талбай бохирдсоний улмаас халдварт өвчин үүсч болох бодит байдал бий болсоны үндсэн дээр ариутгал хийлгэх болсон байна. Ажилчидын хөлс нэхэмжилж байгаа зүйл биш бодисны үнийг нэхэмжилж байна гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Ц.******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:: Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр богино хугацаанд хүчтэй мөндөр орсон. Үүний улмаас сумын төвийн айлуудын бохир дүүрч гудамж талбайд бохирдолд үүссэн учир халдварт болохоос урьдчилан сэргийлж халдваргүйжүүлэлт хийлгэх зохилгоор сумын эмнэлгийн эмч Наранцэцэгт санал тавьсан. Наранцэцэг эмч ******* дэм гэх тусгай ариутгал хийдэг байгууллага байдаг гээд ******* гэдэг хүний утасны дугаарыг өгсөн. *******тэй утсаар ярьж тохиролцсон. Ингээд 1 м2 талбайг 120 төгрөгөөр тохиролцож ариутгал хийлгэхээр болсон. 06 дугаар сарын 18-ны өдөр ариутгал хийх хүмүүс ирсэн. Эхний өдөр ариутгал хийхэд би хамт явж хийлцсэн . Манай ажилтан ******* 5 өдөр хамт явж ариутгал хийлцсэн. Айлын хашаан дотор ариутгал хийхэд том машин эргэж тойрч болохгүй байсан. Манай тамгын газраас мал эмнэлэгийн фермэрээр ариутгал хийж эхэлсэн. Том машинаар нийтийн эзэмшлийн гудамж талбайд ариутгал хийсэн. Нийтийн эзэмшилийн газрыг ******* дэм компани бүгдийг ариутгаагүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Айлуудын хашаа бохирыг ариутгасан. 1 айлын 00-ыг 19000, хашааг 30.000 ариутгахаар болсон. Нийт 110 айлд ариутгал хийсэн. Үүнээс 14 айлын 00, хашааг бүхэлд нь ариутгасан. Нийт 2.540.000 төгрөгний ариутгал хийсэн байдаг. Ханбогд суманд гамшиг болоогүй. Засаг даргын тамгын газраас халдварт өвчин үүсгэхгүйн тулд халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулсан. 25 тн усанд 25 л уусмалыг хийхээс өөр ажил байгаагүй. Жолооч машинаар явж ариутгал хйисэн. ******* зааварчихлгаа өгсөн. Гэхдээ бүх газраас явж зааварчилгаа өгөөгүй. Тухайн бодис нь эмийн санд байдаг. Дараа ариутгал хийх тохиолдолд өөрсдөө хийх боломжтой. Иймд 120 төгрөгөөр үнэлэх боломгүй. Засаг даргын нөөц хөрөнгөнд их хэмжээний мөнгө байдаггүй. Манай буруутай үйлдэл нь хугацаа хэтрүүлсэн явдал юм. Бүх тооцоог судлаад нийт 5.000.000 төгрөг ******* дэм компанид өгсөн гэжээ.

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 127 дугаар шийдвэрээр: Б.*******гийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газарт холбогдох 17 984 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №286 тоот захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

     Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолд болон хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбарт:  ...хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн шийдвэр гэж үзэж давж заалдах шатны шүүхэд өргөдөл бичиж байна. Уг шийдвэрт нийтийн эзэмшлийн хэдий хэмжээний талбайд ариутгал хийсэн талаар нотлох баримтаар нотолж чадахгүй байна гэжээ. Бид халдваргүйтгэсэн гудамж, талбайгаа хаягаар нь урт өргөнийг нь Ханбогд сумын газрын харилцааны мэргэжитнүүдээр хэмжээсээр нь гаргуулан 191535 м2 талбайг гаргаж өгсөн тэр баримтыг эх хувь нь ******* даргад анх нэхэмжлэлтэйгээ өгсөн. Түүний канондсон хувийг өргөдөлд хавсаргасан байгаа.

Мөн ямар үндэслэлээр 17.984.200 төгрөг нэхэмжилж байгаагаа тодорхой илэрхийлж чадахгүй байна гэжээ. Анх халдваргүйтгэлийн гэрээ байгуулан ажиллахдаа манайх урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийн үнээ нийтийн эзэмшлийн талбайд 69 хувиар бууруулан 1 м2 талбайг 120 төгрөгөөр хийхээр тохирсон. Мөн нийтийн эзэмшлийн талбайн үйлчилгээний хөлсийг төр хариуцахаар гэрээгээр тохирсон. Анх нэхэмжилсэн 22.984.200 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг нь шилжүүлсэн тул 17.984.200 төгрөг үлдсэн мөнгөө нэхэмжилсэн.

Ажлын хөлсийг 3 дахин нэхэмжилсэн нэхэмжлэл байхгүй. ...Шийдвэрт дурдсанаар том машинаар шүрших нь даралт бага учир зөвхөн газрын өнгөн хэсгийг норгож байсан гэж намайг ярьсан мэтээр бичсэн байна. Шүүхийн шийдвэрт Сөнөд Доной овогтой Базарын ******* РД: 74051011, Даланзадгадын 2-р баг гэж бичсэн байна. Эндээс үзэхэд ер нь миний энэ нэхэмжлэлд яаж ямар өнцгөөс хандсан нь илт байгаа тул би давж заалдах үндэстэй гэж бодож байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.*******ын гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ... Сумын нийтийн эзэмшлийн гудамж, засмал замын ариутгалыг “*******” ХХК-ний гудамж талбайг усалдаг 25тн-ын багтаамжтай усны автомашинаар 5 удаа явж ариутгал, халдваргүйжилт хийсэн. Энэ ажилд тус компаниас ажилчдын хийсэн ажил нь машин дээр гарч усны саванд 2 сав ариутгалын бодис хийх, гудамж, замаар явж ариутгалын хийхэд заавар зөвлөгөө өгч ажилласанаас өөр үйлдэл огт хийгдээгүй. Иймд “******* дэм” ХХК-ний ажилчид нийтийн эзэмшлийн гудамж, замыг ариутгахад өөрийн биеэр, өөрсдөө ариутгал халдваргүйжилт хийгээгүй тул ажлын хөлс тооцогдох үндэсгүй. Гэтэл “******* дэм” ХХК-ний захирал Б.******* гуай нийтийн эзэмшлийн гудамж, замыг ариутгасан ажпын хөлс болох 22.974.179  төгрөгийг авах ёстой гэж нэхэмжпээд байгаа юм. Харин нийтийн эзэмшлийн гудамж, замыг ариутгахад заавар зөвлөгөө өгч ажилласан гээд байгаа тэр ажпын хөлсийг “******* дэм” ХХК-ний захирал Б.******* гуайн гаргаж өгсөн цагийн бүртгэл, ажлын нэг өдрийн хөлс, илүү цагийн ажпын хөлсийг хүн нэг бүрээр тооцож олгосон болно.

Ийм хэмжээний ажлын хөлс сумын Засаг даргын тамгын газраас олгох үндэслэлгүй гэж үзээд хийсэн ажпынх нь тооцоог ажилчдын 11 өдөр ажилласан ажлын хөлс, илүү цагийн хөлс 2363581 төгрөг, “*******” ХХК-ний жолоочийн ажлын хөлс 75000  төгрөг, ариутгал хийлгээд мөнгөө өгөөгүй 41 айлын зардал 839000  төгрөг, нийтийн гудамж, замыг ариутгасан ариутгалын бодисны үнэ зэрэг бусад зардлыг тооцоод ЗДТГ-аас нийт 5000000 төгрөг олгохоор Засаг даргатай ярилцаж шийдвэрлэсэн. “******* дэм” ХХК ажилчдынхаа ажлын хөлсөө бодохдоо хэвийн бус нөхцлийн нэмэгдэл, онцгой байдлын гамшгийн нөхцөлд ажилласан гэж ажлын хөлсөө 3 дахин үржүүлж үндэслэлгүй тооцоолсон байна. 2015 онд улс орон санхүүгийн хямралд орж Сангийн яам бүх гүйлгээг хяналтандаа авч, зөвхөн зайлшгүй шаардлагатай ажилчдын цалин, урсгал зардлаас бусад зардлын санхүүжилтийн эрхийг нээж өгөхгүй байсан тул 2015 оны 11-р сарын 21 -ний өдөр 1000000 /нэг сая/ төгрөгийг шилжүүлж, үлдсэн 4000000 төгрөгийг онд нь багтааж шилжүүлж чадаагүй. Тэгээд он гаргаад санхүүгийн алба хуучин оны гэрээгээр мөнгө шилжүүлэх боломжгүй гэсэн тул гэрээний төлбөрт өөрчлөлт оруулах гэрээг хийж, хоёр тал гарын үсгээр баталгажуулсны дагуу 2016 оны 2, 3-р сард 2 удаа 2000000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Компанийн захирал ******* гуайн хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг талаас нь хандсан асуудал бидний зүгээс огт гаргаагүй. Энэ бол тухайн хүний хувийн бодол байх. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн хэмжээ зургийг өөрчилсөн байна гэсэн байна Үүнийг огт өөрчлөөгүй. Иймд тус компанийн гаргасан 17984200 төгрөгний нэхэмжпэлийг дараах үндэслэлээр манай Тамгын газар төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Үүнд:

1.******* дэм ХХК-ний ажилчдын ажилласан хоногийн цагийн бүртгэл, нэг өдрийн ажлын хөлс, илүү цагийн хөлсийг оруулаад тооцоход төгрөг, дээр нь “*******” ХХК-ний жолоочийн ажлын хөлс 75000 /далан таван мянган/ төгрөг, ариутгал хийлгээд мөнгөө өгөөгүй 41 айлын зардал 839000 төгрөгийг оруулаад тооцоход нийт ажлын хөлс 3277581 төгрөгний цалин хөлсний тооцоо гарч байна.

2.  72 айлын жорлон, бохирын цооногт ариутгал, халдваргүйжилт хийсний ажпын хөлс 1368000 төгрөг, 14 айлын хашаанд ариутгал хийж 686000 төгрөг, нийт 2054000 төгрөгийг айлуудаас бэлэн мөнгөөр тооцоо хийж авсан байна.

3.  “******* дэм” ХХК энэ ажпыг хийснээр нийт 7054000 төгрөгний ажпын хөлс тооцож авсан байна.

4.  Эдний компани ажлын хөлсөө гамшгийн үед ажилласнаар тооцож ажлын хөлсөө 3 дахин, 7 хоногийн амралтын өдрийг 2 дахин өсгөж бодсон нь Гамшгийн тухай хуулийн 33.3, Хөдөлмөрийн хуулийн 51.1 дахь заалтуудыг тус тус зөрчиж тооцсон байна.

5.  Сумын нийтийн эзэмшлийн гудамж, замын ариутгалд “******* дэм ХХК”-ний ажилчид зөвхөн автомашины усанд хэдэн литр ариутгалын бодис хийх, заавар зөвлөгөө өгснөөс өөр ажил хийгээгүй байж нийтийн эзэмшлийн гудамж, замын ариутгал халдваргүйжилт хийсэн ажлын хөлс гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй зардал байна. ******* гуай нийтийн эзэмшлийн гудамж замыг ариутгахад манай ажилчид заавар зөвлөгөө өгч хамт ажилласан гээд байгаа тэр ажпын хөлс нь ажилласан цагийн бүртгэл, ажпын хөлсөндөө орж тооцогдсон “*******” ХХК-ний усны автомашин нь усаа өөрөө цацдаг тул нийтийн эзэмшлийн гудамж, замыг ариутгахад өөр хүн ажиллах шаардлагагүй учир ажлын хөлс тооцогдох үндэслэлгүй болно.

6. Гэрээний алданги тооцоно гэсэн байна Энэ нь манай Тамгын газраас шалтгаалаагүй улсын эзийн засгийн хүндрэлийн улмаас Сангийн яам санхүүжилтийн эрхийг хязгаарласантай холбоотой мөнгийг хугацаандаа өгч чадаагүй удааширсан гэжээ.

Давж заалдах  шатны шүүх хуралдаанд оролцсон  нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.*******гийн гаргасан тайлбарт: Гэрээний тухайд бол анх ажил гүйцэтгэхэд хийсэн манай талын санаачлагааар хийсэн гэрээ байгаа. Тэгээд нэмэлт гэрээг мөнгө шилжүүлэхээс манай гэрээнд өөрчлөлт байхгүй тул зөвшөөрсөн. Хавар нягтлан нь надад энэ гэрээ бол миний хавтаст хэрэгт байх гэрээ юм. Үүнээс бусдаар бол таны ариутгалын гэрээг өөрчилсөн гэрээ биш гэж хэлээд гуйсаар байгаад явсан. Гэтэл одоо болохоор ариутгалын гэрээг хийсэн гэрээ болж хавтаст хэрэгт авагдсан. Үүнийг бол би хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх хийсэн гэрээгээрээ явах ёстой гэж үзэж байна. Дараагийн дугаарт машинаар ажил гүйцэтгэсэн тул түүнийг ажил гүйцэтгэсэнд тооцохгүй гэж байна. Энэ дээр бол машин өөрөө яваад байдаггүй бүх зүйлийг мэргэжлийн хүнээр заавар авч хийлгэдэг. Үүнийг жолооч хүртэл тодорхойлж өгсөн. Гамшгийн үеийн хөлс нэхсэн гэж байна. Энэ нь манай ариутгалын хөлсийг 72.88 хувиар бууруулсан байгаа учир энэ ажлын хөлсийг гамшигийн үеийн байдлаас биш хамгийн доогуур бодсон. 3 дахин нэмж бодсон зүйл байхгүй. Би бол тохирсон үнэнд нэхэмжлэлээ гаргасан гэж бодож байна гэв.

Давж заалдах  шатны шүүх хуралдаанд оролцсон  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Наранцацралын гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын бүхэлд нь дэмжиж байна. Анх 2 талаас гэрээг тохиролцож байгуулсан. Гүйцэтгэгч талаас гэрээний үүргийг биелүүлсэн байдаг. Тусгай зөвшөөрөлтэй компани ажлыг хийх ёстой байсан үүний дагуу хийж гүйцэтгэсэн. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгчийн ургийн овог, регистрийн дугаар буруу бичигдсэн. 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байхад шүүх нэмэгдүүлсэн шаардлагыг шийдээгүй нь оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна  гэв.

Давж заалдах  шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн төлөөлөгч Ц.*******ын гаргасан тайлбарт: Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр богино хугацаанд хүчтэй мөндөр орсон. Үүний улмаас сумын төвийн айлуудын бохир дүүрч гудамж талбайд бохирдолд үүссэн учир халдварт болохоос урьдчилан сэргийлж халдваргүйжүүлэлт хийлгэх зохилгоор сумын эмнэлгийн эмч Наранцэцэгт санал тавьсан. Наранцэцэг эмч ******* дэм гэх тусгай ариутгал хийдэг байгууллага байдаг гээд ******* гэдэг хүний утасны дугаарыг өгсөн. *******тэй утсаар ярьж тохиролцсон. Тэгээд үнэ нь жоохон өндөр байсан тул харилцан тохиролцож үнийн дүнг бууруулсан. Ингээд ариутгалын ажлыг 11 хоногт хийсэн. Зам талбайн хувьд бол манайхаас машин гаргаж өгсөн. Мөн жолоочийн хөлс 75.000 төгрөгийг манайх гаргаж өгсөн. Мэргэжлийн зөвлөгөө өгч ажилласан гэж байна энэ дээр бол зөвлөгөө өгч байсан. Бүх ажилчдын цалин хөлсийг бодоход 2.363.581 төгрөг гарсан. Дээр нь ариутгалын зардлыг нэмээд нийт 5.000.000 төгрөг өгөхөд болно гэж үзсэн. *******гийн гол нэхэмжилж байгаа зүйл нь нийтийн эзэмшилийн талбайг ариутгасан мөнгийг нэхэмжилдэг. Энэ дээр хүний гар оролцосн зүйл гэвэл 25 тонны машин дээр гарч ариутгалын бодис хийсэн. Өөр хүний гар орсон зүйл байхгүй. Зөвлөгөө өгч байсан хүний ажлын хөлс бодогдсон. Бид нар тэгж 22.000.000 төгрөг гаргах боломж байхгүй. Засаг даргын нөөцөд ч тийм мөнгө байхгүй. Энэ хүнийг хохиролгүй болгоход би 5.000.000 төгрөг тооцож өгсөн гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх “нотлох баримтыг  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь  үнэлнэ” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу   хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэл бүхий  дүгнэлт хийгээгүй зохигчдын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг тодорхойлж чадаагүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлагад нийцсэнгүй.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан журмын дагуу хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлд хязгаарлалгүй  хэргийг бүхэлд нь хянан хэлэлцсэн болно.

            Нэхэмжлэгч “******* дэм” ХХК-ний захирал Б.*******  хариуцагч Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын Тамгын газарт хариуцуулан нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-т заасан “мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд  нэхэмжилж байгаа мөнгөний дүнгээр” гэж зааснаар анхан шатны шүүхэд анх 17.984.200 төгрөгний шаардлага, хуралдааны хэлэлцүүлэгт нэмэгдүүлж 16.365.622 төгрөгний  шаардлага, нийт 34.349.822 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагуудын  үнийг тодорхойлсон гэж үзэхээр байгаа боловч нэхэмжлэгч “******* дэм” ХХК-ний захирал Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнийгээ дэмжсэн тайлбарууддаа нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцсэн нотлох баримтад тулгуурлан тодорхой, ойлгомжтой байдлаар тооцон гаргаж чадаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, хэргийн бодит нөхцөл байдал бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх  маргааны үйл баримтад үндэслэл муутай дүгнэлт хийж шийдвэрэсэн байна гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг  шүүхэд эхээр нь, хэрэв  эхийг өгөх боломжгүй  бол  нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн, хуулийн 44.4-т “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын  архивын “хуулбар үнэн”  гэсэн тэмдэг  дарж баталгаажуулна” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй баримтуудыг  хэрэгт хавсарган, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна. Тухайлбал, хэргийн 8, 11, 27-69/төрийн сан мэргэжилтэн 219 гэсэн бичвэртэй хуулбар/ дахь нотлох баримтууд авагдсан байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  хариуцагчийг төлөөлж Ханбогд сумын Засаг даргын  Тамгын газрын  дарга Ц.******* нь оролцохдоо Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан итгэмжлэлээр оролцоогүй, энэ тухай баримтгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд түүнийг хариуцагч талыг “төлөөлж” гэж дурдсан зэргийг шүүх анхаарсангүй.

            Анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 28-ны өдрийн хэргийг хянан шийдвэрлэх хуралдааны явцад  дор дурдсан зөрчил гаргасан байна. Үүнд:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  зохигчдоос 17 хуудас бүхий нотлох баримтыг гаргаж өгсөн нэхэмжлэгч  тал нэхэмжлэлийн шаардлагаа 16.365.622 төгрөгөөр ихэсгэсэн байдаг. Шүүх зохигчдоос энэхүү ажиллагаатай холбогдуулан, тодруулбал: гаргасан нотлох баримтыг  эсрэг талд танилцуулах, түүний талаар талуудаас нэмж тайлбар гаргах,   нэхэмжлэгчийн  нэмэгдүүлсэн  шаардлагыг хэрхэх, талууд энэ ажиллагаатай холбоотой эрх, үүргээ хэрэгжүүлэх эсэх, уг шаардлагын талаарх журамд заасан хийгдвэл зохих ажиллагааг явуулаагүй, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломжоор  хангах үүргээ анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй байна.

            Хуралдааны хэлэлцүүлэгт  гэрч *******ыг /хх-88/ оролцуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-т заасан журмыг зөрчсөн зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргажээ.

            Иймд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн  алдааг  давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  зөвтгөн засах эрх зүйн боломжгүй тул дээр дурдсан үндэслэлээр Өмнөговь аймгийн Ханбогд  суман дахь сум дундын шүүхийн 127 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах  үндэстэй байна гэж дүгнэв.   

            Нэхэмжлэгч “******* дэм” ХХК-ний захирал Б.*******гийн  давж заалдах гомдлын талаар  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул түүнд дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5, 168 дугаар зүйлийн  168.1.1, 168.1.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн  Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 127 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “******* дэм” ХХК-ний захирал Б.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Ханбогд сумын Засаг даргын Тамгын газарт хариуцагдах хэргийг мөн шүүхэд нь буцаасугай.

2. Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын  тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              П.ДОЛГОРМАА

                                 ШҮҮГЧИД                                             Ц.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                     Н.НАСАНЖАРГАЛ