Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 853

 

  

 

 

 

 

 

 

 

 

        А.Э, М.Т, Н.П,

      Д.Ж, Ц.Я нарт холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                      

            прокурор Ж.Батхуяг,

шүүгдэгч А.Эгийн өмгөөлөгч Ц.Дарьжав,

шүүгдэгч М.Тгийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

шүүгдэгч Н.Пийн өмгөөлөгч Н.Мандах,

шүүгдэгч Д.Жын өмгөөлөгч Д.Бат-Оргил,

шүүгдэгч Ц.Яы өмгөөлөгч С.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 977 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Батхуягийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн А.Э, М.Т, Н.П, Д.Ж, Ц.Я нарт холбогдох 201601000215 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.          

1. Боржигон овгийн Алтанхүүгийн А.Э, Дархан-Уул аймагт 1970 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 5; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хорооллын 12 дугаар байрны 40 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: МБ70082052/;

            2. Цэмбэнийхэн овгийн Мягмарын М.Т, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1976 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 5; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хорооллын 22-98 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 421-89 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: РЮ76011310/;

 

            3. Боржигон овгийн Норовсамбуугийн Н.П, Улаанбаатар хотод 1991 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль, татварын эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 5; эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн 24а байрны 105 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УШ91112852/;

 

            4. Манжаа овгийн Дөшийн Д.Ж, Говь-Алтай аймгийн Дарви суманд 1980 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Зам тээврийн яамны тээврийн хяналт, бүртгэлийн газрын мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын Эрхүүгийн 39-18 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ДД80082716/;

 

5. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лин овгийн Ц.Я /Lin CayYan/, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ордос хотод 1978 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “ММК” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3; хүүхдүүдийн хамт амьдардаг, Монгол Улсад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамжны 54-56 тоотод оршин суух хаягтай, /гадаад паспортны дугаар: Е-13867527/;

 

А.Э, М.Т нар Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчаар ажиллаж байхдаа урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “ММК” ХХК-д явуулсан татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд тавигдах нөхөн татвар, торгууль, алданги нийлсэн нийт 18.357.972 төгрөгийн татварын өр төлбөрийг бууруулахыг хүссэн хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8 дахь заалтад “татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийх, татвар хураахдаа Монгол Улсын татварын болон бусад хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөх” гэснийг, татварын улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод “Татвар төлөгчдийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд хариуцлага хүлээлгэн, Монгол Улсын татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдүүлэх” гэснийг гүйцэтгэхгүй байхаар урьдчилан амалж, зөрчлөөр илэрсэн төлбөрийн хэмжээг 6.003.017 төгрөг болгон бууруулан акт тавьсны төлөө иргэн Ж.Шагаахүүгээр зуучлуулан БНХАУ-ын иргэн Ц.Яаас тус бүр 1.500.000 төгрөгийн хээл хахууль авсан,

 

Н.П нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах байцаагчаар ажиллаж байхдаа 2016 оны 9 дүгээр сард “Ордос минкай” ХХК-ийн 19 чиргүүл, чирэгчид ногдох 2013, 2014, 2015 онуудын автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн нөхөн татвар алданги, торгууль нийлсэн нийт 68.495.639 төгрөгийн татварын өр төлбөрийг бууруулах гэсэн хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8 дахь заалтад “татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийх, татвар хураахдаа Монгол Улсын татварын болон бусад хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөх” гэснийг, татварын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод “Өөрийн хариуцсан хорооны татвар төлөгчийн талаарх судалгааг хийж бүртгэгдээгүй татвар төлөгчдийг илрүүлэн, татварт хамруулах, татвар төлөгчийн баазыг өргөтгөх” гэснийг гүйцэтгэхгүй байхаар урьдчилан амлаж, БНХАУ-ын иргэн Ц.Яаас иргэн Ц.Бямбажаваар зуучлуулан 6.000.000 төгрөгийн хээл хахууль авсан,

 

Б.Д.Ж нь Зам тээврийн яамны тээврийн хяналт, бүртгэлийн газрын мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2014 оны 4 дүгээр сард “Ордос минкай” ХХК-ийн нэр дээр Монгол Улсын хилээр орж ирсэн 112 тоннын даац бүхий 18 ширхэг чиргүүлийн даацын хэмжээг 40 тонн болгон бууруулж тээврийн хэрэгслийн гэрчилгээ гарган өгч, татвараас зайлсхийх гэсэн хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 2.1-д “Импортоор оруулж ирсэн шинэ автотээврийн хэрэгслийн техникийн паспорт, үйлдвэрлэгчийн дагалдах бичгийг үндэслэн автотээврийн хэрэгслийг шинээр бүртгэж, улсын дугаар, гэрчилгээ олгоно” гэснийг, мөн ажил байрны тодорхойлолтод “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журмын дагуу Монгол Улсад импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн материалыг журамд заасан бүрдүүлэлт хийлгэн хянаж хүлээж авах, бүртгэлд оруулж, улсын дугаар, гэрчилгээ олгох, материалыг скайнердан цахим бүртгэлд хадгалах, стандартын дагуу архивлан, архивт хүлээлгэн өгөх” гэснийг гүйцэтгэхгүй байхаар урьдчилан амлаж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Автотээврийн оношлогооны төвийн байрны гадаа 2.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 39 дүгээр байрны гадаа 3.000.000 төгрөг буюу нийт 5.000.000 төгрөгийг иргэн Б.Баянмөнхөөр зуучлуулан БНХАУ-ын иргэн Ц.Яаас үргэлжилсэн үйлдлээр хээл хахуульд авсан,

 

Ц.Я нь 2014 оны 10 дугаар сарын 29, 11 дүгээр сарын 3-ны өдөр “Ордос минкай” ХХК-ийн 18 ширхэг чиргүүлийн даацын хэмжээг бууруулж, татвараас зайлсхийх зорилгоор Зам тээврийн яамны тээврийн хяналт, бүртгэлийн газрын мэргэжилтэн Б.Д.Жт иргэн Б.Баянмөнхөөр зуучлуулан 5.000.000 төгрөгийг, давтан үйлдлээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “ММК” ХХК-д явуулсан Баянгол дүүргийн татварын хэлтсийн шалгалтаар илэрсэн зөрчилд тавигдсан нөхөн татвар, торгууль, алданги нийлсэн нийт 18.357.972 төгрөгийн татварын өр төлбөрийг бууруулах зорилгоор Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Э, М.Т нарт иргэн Ж.Шагаахүүгээр зуучлуулан 3.000.000 төгрөгийг, мөн давтан үйлдлээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 9 дүгээр сард ”Ордос минкай” ХХК-ийн 19 чиргүүл, чирэгчид ногдох 2013, 2014, 2015 онуудын автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн нөхөн татвар, алданги, торгууль нийлсэн нийт 68.495.639 төгрөгийн татварын өр төлбөрийг бууруулах зорилгоор Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах байцаагч Н.Пид иргэн Ц.Бямбажаваар зуучлуулан 6.000.000 төгрөгийн хээл хахуулийг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Нийслэлийн прокурорын газраас:

А.Э, М.Т нарын үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, төрийн албан тушаал эрхлэх эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг үндэслэн оногдуулах ялыг тус тус 1 жилийн хугацаагаар тэнсэх,

            Н.П, Д.Ж нарын үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, төрийн албан тушаал эрхлэх эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн оногдуулах ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэх,

            Ц.Яы үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, Арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, холбогдох хэргүүдийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэж заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байна.

Дээрх хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т “Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргана”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”, мөн зүйлийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус заажээ.

“ММК” ХХК нь 2011-ээс 2015 онуудад 25 тээврийн хэрэгсэлд ногдох 11.842.980 нөхөн татвар, 3.552.894 төгрөгийн торгууль, 2.962.098.2 төгрөгийн нийт 18.357.972.2 төгрөгийн төлбөр төлөхөөр байхад А.Э, М.Т нар тус компаний 14 тээврийн хэрэгсэлд 3.741.000 төгрөгийн нөхөн татвар, 1.122.300 төгрөгийн торгууль, 1.139.717.40 төгрөгийн алданги нийт 6.003.017.40 төгрөг төлүүлэхээр акт тогтоож, 11 тээврийн хэрэгсэлд 8.101.980 төгрөгийн нөхөн татвар, 2.430.594 төгрөгийн торгууль, 1.822.380.8 төгрөгийн алданги, нийт 12.354.954.8 төгрөг дутуу ногдуулсан,

“Ордос Минкай” ХХК-ийн 19 чиргүүл, чирэгчид ногдох 2013, 2014, 2015 онуудын автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн 15.180.600 төгрөгийн албан татвар буюу нөхөн татвар алданги, торгуульд нийт 68.495.639 төгрөгийн татвар төлбөр төлөх байтал Н.П төлбөр ногдуулаагүй нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /1-р хх-79/,

Д.Ж нь 2014 оны 4 дүгээр сард “Ордос минкай” ХХК-ийн нэр дээр Монгол Улсын хилээр орж ирсэн 112 тоннын даац бүхий 18 ширхэг чиргүүлийн даацын хэмжээг 40 тоннын даацын хэмжээтэй гэж бууруулан тээврийн хэрэгслийн гэрчилгээ гарган өгснөөс тус компани хэдэн төгрөгийн татварын төлбөрөөс зайлсхийсэн, улсад учруулсан хохирлыг шалгаагүй, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй тул хуулийн дээрх шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй. 

М.Т, А.Э, Д.Ж Н.П нар нь гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө Авлигатай тэмцэх газрын дансанд байршуулсныг Нийслэлийн прокурорын 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн хүсэлт шийдвэрлэсэн 81, 83, 84, 85, 86 тоот тогтоолд “... уг хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөж, 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасан шаардлага бүрэн хангагдсан” гэж дүгнэсэн нь буруу байна.

Иймд хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй,  прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцаан, шүүгдэгч А.Э, М.Т, Н.П, Д.Ж, Ц.Я нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ж.Батхуяг бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгчийн дээрх шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтад нийцээгүй байх тул дараах үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив. Үүнд:

Д.Ж нь 2014 оны 4 дүгээр сард “Ордос минкай” ХХК-ийн нэр дээр Монгол Улсын хилээр орж ирсэн 112 тоннын даац бүхий 18 ширхэг чиргүүлийн даацын хэмжээг 40 тоннын даацын хэмжээтэй гэж бууруулан тээврийн хэрэгслийн гэрчилгээ гарган өгснөөс тус компани хэдэн төгрөгийн татвараас зайлсхийсэн, улсад учруулсан хохирлыг шалгаагүй, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй тул хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй гэжээ.

Гэтэл Д.Ж нь Зам тээврийн яамны тээврийн хяналт, бүртгэлийн газрын мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Монгол Улсад импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн материалыг журамд заасан бүрдүүлэлт хийлгэн хянаж хүлээн авах, бүртгэлд оруулж, улсын дугаар, гэрчилгээ олгох үүрэг бүхий төрийн алба хаагч юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтаар тэрээр 112 тоннын даац бүхий 18 ширхэг чиргүүлийн даацын хэмжээг 40 тоннын даацын хэмжээтэй гэж бууруулан тээврийн хэрэгслийн гэрчилгээг гарган өгч, татвараас зайлсхийх нөхцөл боломжийг бүрдүүлсэн нь тогтоогдсон.

“Ордос минкай” ХХК-ийн 19 чиргүүл, чирэгчид ногдох 2013, 2014, 2015 онуудын автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн 15.180.600 төгрөгийн албан татвар буюу нөхөн татвар алданги, торгуульд нийт 68.495.639 төгрөгийн татвар, төлбөр төлөх байтал татварын байцаагч Н.П төлбөр ногдуулаагүй, мөн “ММК” ХХК нь 2011-ээс 2015 онуудад 25 тээврийн хэрэгсэлд ногдох 11.842.980 нөхөн татвар, 3.552.894 төгрөгийн торгууль, 2.962.098,2 төгрөгийн алданги, нийт 18.357.972.2 төгрөгийн төлбөр төлөхөөр байхад татварын байцаагч А.Э, М.Т нар тус компанийн 14 тээврийн хэрэгсэлд 3.741.000 төгрөгийн нөхөн татвар, 1.122.300 төгрөгийн торгууль, 1.139.717,40 төгрөгийн алдангид нийт 6.003.017,40 төгрөг төлүүлэхээр акт тогтоож, 11 тээврийн хэрэгсэлд 8.101.980 төгрөгийн нөхөн татвар, 2.430.594 төгрөгийн торгууль, 1.822.380,8 төгрөгийн алданги, нийт 12.354.954,8 төгрөг дутуу ногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх хуулийн шаардлага хангагдаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь Д.Жын гаргаж өгсөн авто тээврийн хэрэгслийн гэрчилгээний улмаас татварын албанд татварын зөрүү үүсэх нөхцөл байдал бүрдсэн боловч энэ нь зөвхөн тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр чиргүүлийн даацын хэмжээ 40 тонн болгож өөрчилснөөс гааль болон татварын байгууллагын цахим мэдээллийн санд чиргүүлийн даацын хэмжээ 112 тонн хэвээрээ байсан. Мөн “Ордос минкай” ХХК-ийн 15.180.600 төгрөгийн, “ММК” ХХК-ийн 11.842.980 төгрөгийн татвар, нөхөн татвар нь татварын мэдээллийн санд бүртгэгдсэн буюу 112 тоннын даацтай авто тээврийн хэрэгсэлд тавигдсан татвар, нөхөн татвар болох нь Татварын Ерөнхий газрын хяналт, шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагчдын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг.

“Ордос минкай” ХХК болон “ММК” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Ц.Я /Lin Vai Үа/-ны татвар төлөхөөс зайлсхийсэн дээрх үйлдэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй буюу учруулсан гэм хор хохирлын их хэмжээнд хүрээгүй тул түүний татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр прокуророос 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 218 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгож, харин түүний бусдад хахууль өгсөн, М.Т, А.Э, Д.Ж, Н.П нарын хахууль авсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шилжүүлсэн байхад шүүгч нь прокурорын энэ шийдвэрт дүгнэлт хийгээгүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй гэж үзэж байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 977 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн.” гэв.

           

Шүүгдэгч А.Эгийн өмгөөлөгч Ц.Дарьжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Э нь хэрэг шалгагдаж эхлэсэн үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрч хахуульд авсан 1.500.000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын дансанд шилжүүлсэн байгаа. Зүйлчлэлийн хувьд хөрөнгө орлогын мэдүүлэг хөтөлдөг, хөтөлдөггүй асуудалд татварын байцаагч нарт ямар асуудал байдаг вэ гэхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 5 жил хүртэл хорих ялтай. 2015 оны Эрүүгийн хуулиар 2-оос 8 жилийн хорих ялтай болсон. Үүнийг ял хөнгөрсөн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль гэдэг утгаараа шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлтээ өгсөн. Шүүх хохирол төлбөр төлөгдсөн эсэх нь тодорхойгүй гэж дүгнэлт хийн хэргийг прокурорт буцаасан. Өмгөөлөгчийн зүгээс хохирол, хууль бусаар олсон орлого гэдэг нь хоёр тусдаа ойлголт. Хууль бусаар олсон орлогоо төлсөн. Хохирлын асуудал нь 25 автомашин байхад 14 автомашинаар тооцож татварыг бууруулсан 11 автомашин зөрүүтэй гэдэг асуудлыг шүүх үзсэн. Зөрүүгийн талаар компаний бичиг баримт нь хэргийн материалд байгаа. Ийм учраас хохирол бүрэн арилсан гэж үзэж байна. Хэргийг буцаасан шүүгчийн захирамж үндэслэл муутай. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

 

Шүүгдэгч М.Тгийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. М.Тд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, шалгавал зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн. Хууль бусаар олсон орлогоо тэрээр төлсөн, хохирол төлбөрийн асуудал байхгүй. Ц.Яы бууруулсан гэх 18.000.000 төгрөгийн татварын зөрчлөө арилгасан талаар баримт нь хавтаст хэрэгт байгаа. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад заасан шаардлагыг М.Тгийн хувьд бүрэн хангасан байгаа. М.Т болон өмгөөлөгч миний бие Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтээ албан ёсоор гаргасан. Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх хуулийн үндэслэл хангагдсан. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай магадлал гаргаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Н.Пийн өмгөөлөгч Н.Мандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Миний үйлчлүүлэгчийн хууль бус орлого нь хураагдаж, улсын дансанд байршуулсан. Холбогдох татвар бууруулсан гэх асуудлыг С.Оюунцэцэг өмгөөлөгч оролцож байгаа учраас тайлбарлах байх.” гэв.

 

Шүүгдэгч Д.Жын өмгөөлөгч Д.Бат-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамжид Д.Жын тээврийн хэрэгслийн гэрчилгээг 40 тонн болгож бичсэнээс болж ямар хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, ямар хэмжээний хохирол учирсан бэ гэдэг асуудал байгаа. Д.Жын хувьд 18 ширхэг чиргүүлийн гэрчилгээнд зөвхөн 40 тонн гэж бичсэн. Түүнээс тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн сан, гаалийн бүртгэлийн мэдээллийн сан, татварын мэдээллийн сан зэрэг цахим сангуудад ямар нэгэн өөрчлөлт хийгээгүй, тэдгээрт 112 тонн гэсэн бодит байдлаар бичигдсэн байдаг. Д.Ж нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээсэн. Хууль бусаар олсон орлогыг Авлигатай тэмцэх газрын дансанд тушаасан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ прокурорт бичгээр гаргаж, прокуророос санал болгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа тул хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэв.

 

Шүүгдэгч Ц.Яы өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хавтаст хэргийн 99 дүгээр талд 68.495.639 төгрөгийн татвар “Ордос минкай” ХХК-д тавигдсаныг төлсөн. “Ордос минкай” ХХК-ийн толгой компани нь БНХАУ-ын Ордос хотод байрладаг. Тухайн компаниас Гэрэл гэх төлөөлөгч Монгол Улсад “Ордос минкай” ХХК-ийг татан буулгах ажлаар ирээд төлөгдөх ёстой байсан 100 гаруй сая төгрөгийн татварыг төлсөн. Тухайн төлсөн баримтыг би тэмдэглэж аваагүй тул хавтаст хэргийн хэддүгээр талд байгааг нь санахгүй байна. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татсаныг нь хэрэгсэхгүй болгосон тул татварын тухай асуудал яригдахгүй, хэрэгсэхгүй болсон гэдэг үндэслэлээр ач холбогдол өгөөгүй. Ямар ч байсан 68.000.000 төгрөгийг “Ордос минкай” ХХК-ийн биет төлөөлөгч Гэрэл гэдэг хүн бүрэн төлж барагдуулсан.” гэв.

 

ХЯНАВАЛ:

            М.А.Э, М.Т, Н.П, Д.Ж, Ц.Я нарт холбогдох хэргийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй” гэж үзэн прокурорт буцааж шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан байна.

 

БНХАУ-ын иргэн Ц.Я нь татвараас зайлсхийх зорилгоор тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтэн, татварын байцаагч нарт хахууль өгчээ. Нэр бүхий яллагдагч нарын хахууль өгсөн, авсан үйлдлүүдийн үр дүнд улсад төлөгдөх ёстой татвар төлөгдөөгүй байхад прокурор татварын улсын байцаагчийн акт, шинээчийн дүгнэлт /1-р хх 79, 5-р хх 94/-ээр тогтоогдсон нөхөн татвар, хүү, алдангийг төлж улсыг хохиролгүй болгосон эсэхэд хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр санал гаргаж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нөгөөтэйгүүр прокуророос А.Э, М.Т, Н.П, Д.Ж нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын дагуу хорих ялыг тэнсэх санал гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхдээ хуулиудын өрсөлдөх хэм хэмжээнүүдээс яллагдагч, шүүгдэгчид ашигтай хуулийг сонгож хэрэглэх ба харин зөрчилтэй хэм хэмжээнүүдийн хувьд хууль буцаан хэрэглэх зарчим үйлчлэхгүй.

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн...”-д тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор заасан. Өөрөөр хэлбэл энэ зүйл, хэсэг, заалтад “... энэ хуулийн ...” гэж шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг тодорхойлон заагаад тухайн хуулиар тогтоосон хорих ялын хэмжээг хэрэглэхээр хуульчилжээ.

 

Гэтэл прокуророос дээрх хуулийн зохицуулалтыг 2002 оны Эрүүгийн хуулиар тогтоосон хорих ялд хэрэглэх боломжтой эсэхэд тодорхой хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “Ордос минкай” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгахад 2013, 2014, 2015 онуудын нийт 68.495.639 төгрөгийн зөрчил илэрч Татварын улсын байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 230013952 тоот акт тавигджээ. /5-р хх 96/

 

Уг хяналт, шалгалт хийгдэхээс өмнө “Ордос минкай” ХХК татварыг багаар тогтоолгохын тулд 112 тоннын даацтай чиргүүлнүүдийн татварын бүртгэлийг 40 тонн болгон өөрчилж бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын байцаагч Н.Пид 2016 оны 9 дүгээр сард 6.000.000 төгрөгийн, чиргүүлнүүдийн даацын хэмжээг 40 тонн болгон бууруулж тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулахаар 2014 оны 4 дүгээр сард Зам тээврийн яамны тээврийн хяналт, бүртгэлийн газрын мэргэжилтэн Б.Д.Жт 5.000.000 төгрөгийн хахууль өгснөөр татварын хэмжээг бууруулах бодитой үйлдэл хийсэн байх тул татвараас зайлсхийх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах нь зүйтэй.

 

            Шинжээчийн дүгнэлт болон татварын улсын байцаагчийн акт /1-р хх 79, 5-р хх 94/ зэргээс үзэхэд “Ордос минкай” ХХК-ийн 58,997,450 төгрөгийн татварын зөрчил нь автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараас гадна нэмэгдсэн өртөгийн албан татвараас бүрдэж байх тул нэр бүхий яллагдагч нар нэмэгдсэн өртөгийн албан татвар төлөөгүйд ямар гэм буруутайг нотолж, тогтоох шаардлагатай.

 

            Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа энэ магадлалд заасан асуудлуудыг нэмж шалгах нь зүйтэй.

 

            Харин Н.П, Д.Ж нарын үйлдлээс улсад учирсан хохирлыг тогтоох шаардлагагүй гэсэн улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 977 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН